"Хангарьд" баг Монголын хоккейн лигийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Өнөөдөр Монголын хоккейн лигийн медалийн төлөө тоглолтууд “Степпе арена” мөсөн ордонд явагдлаа.  

Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын тоглолтууд энэ сарын 21-нд эхэлж, алтан медалийн төлөө оролцох багууд тодорсон билээ. “Хангарьд” баг “Багануур”-ыг хоёр тоглолтод 12:3, 9:0 буулган, финалд шалгарсан бол “Шарын гол” баг “Отгон од- Бласт” багийг 3:0, 4:3 ялсан.

Өнөөдөр 15.00 цагаас хүрэл медалийн төлөө “Багануур”, “Отгон од- Бласт” багууд өрсөлдөж, “Отгон од- Бласт” баг 7:6 ялан, хүрэл медалийн эзэн болсон.

Орой 18.00 цагаас алтан медалийн төлөө Хангарьд, Шарын гол багууд өрсөлдлөө.
 

Эхний үед хоёр багийн хаалгач нар гялалзаж, ирсэн шайб болгоныг хаасаар 0:0 өндөрлөлөө. Алс, ойр, дунд ямар ч зайнаас цохисон тэд хана мэт найдвартай байлаа.

Харин хоёрдугаар үед хэн хэн нь хаалгандаа гоол алдсан. Шарын голын баг илүүрхэн дайрч, хэд хэдэн удаа ганц хамгаалагчийн эсрэг гурвуулаа гараад ч гоол хийж чадсангүй. Хариуд нь Эрдэнэтийн багийнхан сөрөг довтолгоо хийж, А.Ганбаяр тооны харьцааг нээлээ. Удалгүй мөн л эрдэнэтчүүд уран сайхан комбинац “урлан бүтээж”, Б.Цэрэнбалжир тоог 2:0 болголоо.

Үе дуусахаас 4 минутын өмнө Хангарьд багийн хамгаалагч нар хаалганыхаа өмнө алдаа гаргаснаар гоол алдаж, 2:1 болсон. Энэ нь Шарын голд эрч хүч өгсөн мөч байлаа. Удалгүй Шарын гол багийн ахлагч эсрэг баг дутуу хүнтэй байгааг ашиглан, гоол оруулснаар 2:2 болгон тэнцүүлж чадлаа. Хоёрдугаар үе дуусахад 1 секунд дутуу байхад Г.Мөнхтулга гоол оруулснаар 0:2 ялагдаж явсан тоглолтыг 3:2 болгон Шарын гол тэргүүлж эхэллээ.   

Гуравдугаар үеийн эхний минутад Н.Мишигсүрэн баруун жигүүрээс довтлон, гоол хийснээр тооны харьцаа 3:3 тэнцлээ. Багууд үеийн сүүл, эхний минутад их гоол алдаж байна.
Шарын гол дайрч, Хангарьд сөрөг довтолгоо хийсээр шийдвэрлэх үеийн 12 дахь минутад Б.Цэрэнбалжир хурдан довтолгооноор гоол оруулснаар тоо 4:3 Эрдэнэтийн баг давамгайлж эхэлсэн.

Шарын гол баг тоог тэнцүүлэх гэж дайрсаар дахин сөрөг довтолгоо алдлаа. Тоглолт дуусахад 4 минут үлдсэн байхад Б.Цэрэнбалжир дахин гоол хийснээр тоо 5:3 болж, Хангарьд хоёр гоолын зөрүүтэй болж, түрүүлэхэд ойртож ирсэн. Тэрээр энэ өдөр хет-трик хийж байна. Харин Гэрэлт бүх гоолд оролцож, таван оновчтой дамжуулалт өгчээ.

Ингээд сүүлийн 2 дахь минутад П.Батзаяа гоол оруулж, тоог 6:3 болгосноор тоглолтын хувь заяа шийдэгдлээ. Сүүлийн хоёр минут амжилттай хамгаалсанаар Эрдэнэтийн Хангарьд баг ялалт байгуулж, Монголын хоккейн лигийн 6 дахь цомоо өргөлөө.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nike Nike(91.114.139.76) 2021 оны 11 сарын 28

Mongoliin kokkei gej vhsen ats bdgiin

1  |  0
Top