Электрон тамхи хүний генийн үйл ажиллагааг алдагдуулдаг

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Ахмад Бесарантиа тэргүүтэй эрдэмтэд электрон тамхи нь энгийн утаат тамхины нэгэн адил уушгины эс дэх бодисын солилцоотой холбоотой генийн үйл ажиллагааг алдагдуулдаг болохыг тогтоожээ.

“Nature Communications” сэтгүүлд бичсэнээр, электрон тамхи үйлдвэрлэгчид энгийн тамхинаас илүү аюулгүй гэж сурталчилдаг. Гэвч сүүлийн үед хийж буй хараат бус судалгаанууд вейп буюу электрон тамхи нь тийм ч аюулгүй биш болохыг харуулж байна. Электрон тамхины ууранд хүний генд нөлөөлж, хорт хавдар үүсгэдэг хортой бодисууд байдаг байна. Эдгээр бодис нь уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, судасны ханыг гэмтээдэг аж.

Ахмад Бесарантиа тэргүүтэй эрдэмтэд энгийн тамхинаас электрон тамхины хэрэглээнд шилжсэн болон зөвхөн электрон тамхи татсан хүмүүсийг судалгаанд хамруулжээ. Судлаачид 80 оролцогчдын уушгины болон бусад эрхтний эсийг судлахад энгийн болон электрон тамхи татдаг хүмүүсийн митохондрийн үйл ажиллагаатай холбоотой генийн ажиллагаа ноцтой алдагдсан болохыг тогтоожээ. Үүнээс гадна үрэвслийн эсрэг молекул үүсгэдэг мөн төрөлхийн дархлааны үйл ажиллагаанд нөлөөлдөг ДНХ-ийн хэсэгт өөрчлөлт гардаг байна. Ийм шинж тэмдэг энгийн тамхинаас электрон тамхи руу шилжсэн болон энгийн утаат тамхи хэзээ ч татаж байгаагүй ч электрон тамхи татдаг хүмүүст ижил илэрчээ. Митохондрийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас уушгины эсийг үрэвсүүлдэг молекулууд бий болдог байна. Ингэснээр уушги муудаад зогсохгүй зүрх, судасны тогтолцоонд сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж Бесарантиа тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл электрон тамхи нь уушгины эсэд энгийн утаат тамхины нэгэн адил сөрөг нөлөө үзүүлдэг гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Top