Тамхины хяналтын тухай хуульд сүүдэр сарниж, гэрэл гийлээ

Автор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Тамхины хяналтын тухай хууль жил дамнан, жил даван байж Монголын парламентаар батлагдлаа. 126 гишүүнтэй болсон энэ парламентын хийж чадсан гэж бахархах цөөхөн үнэ цэнтэй хуулиудын нэг бол яах аргагүй Тамхины хяналтын тухай хууль болно. Өнгөрсөн гурав дөрвөн парламентын турш гар хүрч чадаагүй байсан, чадаагүй гэхээсээ гар хүргэдэггүй байсан энэ хуулиар электрон тамхийг тамхи гэж тооцон, татвар ногдуулан, бусад тамхитай адил хуулийн орчин үйлчлэх гэж байгаагаараа хамгийн чухал юм. Өнгөрсөн жилийн байдлаар буюу хуулийн төслийг өргөн барьж байх үед электрон тамхийг хууль тогтоомжоор зохицуулсан орны тоо 82, худалдахыг хориглосон улсын тоо 46, амт үнэрийг хориглосон улсын тоо 20 байсан бол одоо энэ үзүүлэлт улам бүр нэмэгдсээр байна. Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж байсан үеэс хойш өнөөдрийг хүртэлх хэдхэн сарын хугацаанд арав гаруй улс электрон тамхин дээр зохицуулалт хийж, хуулиа чангатгажээ.

Дэлхий даяараа үр хүүхэд, иргэдийнхээ төлөө яаралтай алхам хийсээр байхад монголчууд тамхины компаниудын лоббид өртөн энэ  хууль батлах үйл явцыг багагүй барьж, хамгийн сүүлд гэхэд хаврын чуулганы сүүлийн өдрүүдэд зориуд эцсийн санал хураалтыг хойшлуулснаар намрын чуулган хүргэж сая баталж байна.

Хэдийгээр хуулийг УИХ-ын олонхиор шийддэг ч хууль санаачлагч О.Номинчимэгийн шаргуу зүтгэл байж энэ хууль батлагдсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Маш их мөнгө эргэлддэг салбарыг зохицуулах хууль батална гэж асар их хүчин чармайлт гардгийг О.Номинчимэг гишүүний туулсан замналаас харж болно. Хууль өргөн барьсан цагаас нь хойш түүнийг тамхины лоббичин гэсэн нэр зүүлгэж эхэлсэн. Электрон тамхиныхан янжуур тамхины лоббиг хийж, тэдэнд үйлчилж байна гэж төлбөрт пэйжүүдээр доромжилж эхэлсэн. Түүнд нь итгэсэн хүмүүс ч байгаа байх. Яг хуулийн төсөл нь гараад ирэхээр янжуурынхны татварыг ч нэмсэн, электрон тамхиныхны тааламжит орчинг хязгаарласан байсан. Сүүлдээ олон нийт ойлгодог болж, угаасаа дэлхий даяар янжуур тамхины компаниуд ирээдүйн хэрэглэгчээ бэлдэж электрон тамхи охин компаниудаараа зардаг болсон гэдгийг мэддэг болсон учраас тэд өөр арга хайх болсон.

Ажлын хэсгийг хуралдуулахгүй, ажлын хэсгийн ахлагчид ч солигдож, бас зорилготой үйлчлэх хүмүүсийг ч гаргаж ирсээр байсан. Хамгийн гол нь монголчууд юмны наад цаадахыг ойлгодог хүмүүс юм. Тамхичид нь ч татвар нэмэгдэх нь зөв, цөөхөн монголчуудын эрүүл мэнд чухал гэж үзэж байсан учраас тамхины компаниудын хүчтэй лоббиг давж энэ хууль батлагдаж чадлаа. О.Номинчимэг ч хуулиа энгэртээ тэвэрч зүтгэсээр байгаад ард нь гарч давлаа.

Хуулийг батлуулахгүй барьж чадсан зуны хэдхэн сар маш их хэмжээний тамхи оруулж ирсэн нь гаалийн үзүүлэлтээс харагдаж байгаа. Гэхдээ ямар ч байсан Тамхины хяналтын тухай хуулинд өөрчлөлт орсноор сургууль дээр хүүхдүүд замбараагүй электрон тамхи хэрэглэж, дотоод орчинд хэн дуртай нь утаа гаргаж бусдыг хордуулан, элдэв гоё амттанаар хүүхдүүдийг никотинд донтуулж дараагийн тамхичдыг бэлтгэдэг замбараагүй байдлыг хязгаарлах боллоо.

Тамхины Хяналтын тухай хууль батлагдлаа. С.Бямбацогт даргатай, УИХ-ын 126 гишүүнтэй энэ парламент олон жил хөндөж чадахгүй ирсэн энэ хуулийг баталж, хамгийн гол нь дэлхий даяараа яаралтай зохицуулалтад орчихоод байхад манайд зохицуулдаггүй байсан электрон тамхины хэрэглээг хуульчилж чадсанаараа түүхэнд үлдэнэ. Гэхдээ чин үнэнийг хэлэхэд галтай, хэл амтай гэхдээ нийт иргэдийн эрүүл мэндийн төлөө бодлого гаргасан хуулийн ард эмэгтэй хүн л байдаг. 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтөд Л.Эрдэнэчимэгийн оруулсан хэдхэн заалт маш олон асуудлыг шийдэж байсан бол түүнээс 14 жилийн дараа О.Номинчимэг бүхэл бүтэн электрон тамхины зохицуулалтыг тусгаж чадсанаараа нэр нь үлдэх болно.

Хуулийг өргөн бариад 13-14 сар өнгөрч байж арайхийн нэг батлагдаж байна.

Маш их хэмжээний мөнгөн дүн эргэлддэг, хэд дахин ашигтай ажилладаг вэйпийг тамхи тамхин бүтээгдэхүүнд тооцох болсноор улсын орлого ч нэмэгдэнэ, хамгийн гол нь үр хүүхдүүдийнхээ ирээдүйг хамгаалсан төрийн том бодлого болж чадаж байна. Гэхдээ мөнгөтэй компаниуд тэр дундаа тамхины компаниудын лобби төрийн бодлогод яаж нөлөөлж чаддагийг энэ хууль олон нийтэд тод харууллаа. Хуулийг өргөн бариад 13-14 сар өнгөрч байж арайхийн нэг батлагдаж байна. Хуулиа өргөн барьж, хэлэлцүүлэхээр шийдсэнээсээ хойш бараг хагас жил өнгөрч байж хэлэлцүүлж эхэлсэн. Тэр болтол ажлын хэсгийнх нь ирцийг бүрдүүлэхгүй, урагш ахиулахгүйгээр хойшлуулж чадаж байсныг бүгд харсан. Хууль санаачлагч нь өөрөө ажлын хэсэгт орохыг хуулиар хязгаарладаг учраас О.Номинчимэг гишүүн ажлын хэсгийг санаатайгаар хуралдуулахгүй байгааг, эрх ашиг үйлчлээд байна гэж хардсан гишүүдээ нэр заан ил гаргаж эхэлсэн. Ингэснийхээ хүчинд өнөөдөр энэ хуулийн ард гарч байна. Олон хүний дарамт, төлбөрт пэйжүүдийн гүтгэлэг тогтмол байсан ч айж хойш суугаагүйд баярлалаа, О.Номинчимэг гишүүнээ. Ерөнхий боловсролын сургуулиудаар явж, хүүхдүүдтэй уулзан, багш эмч салбарынхантай уулзан, мэргэжлийн хүмүүстэй нягт хамтран ажиллаж байсан учраас олон нийтэд хуулийнхаа мөн чанарыг таниулж чадлаа. Одоо боловсрол, эрүүл мэндийн салбарынхан хуулийн хүрээнд ажиллах боломжтой болж, өдөр бүр хүүхдүүдийнхээ халаасыг ухан санаа зовдог байсан эцэг эхчүүд бага ч гэсэн тайвшрах боломжтой боллоо.

 

Жич: Энэхүү нийтлэл редакцын бус нийтлэл болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top