Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 27

Энэ 7 хоногт Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах юм. Үүнтэй холбогдуулж ЭМЯ, НЭМҮТ-ийн удирдлагууд, эмч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад тамхи, ялангуяа шинэ төрлийн электрон болон халаадаг тамхины хэрэглээ өсч, түүний импорт нэмэгдэж байгаа бөгөөд хяналтгүй зарагдаж байна.

13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн тоон үзүүлэлт бий.

Электрон тамхи нь донтолт үүсгэдэг никотин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хром, никель, хар тугалга гэх мэт хүнд металлууд, хавдар үүсгэгч формальдегид, ацетальдегид, акролеин зэрэг хортой бодисуудыг агуулдаг.

ДЭМБ-ын тайланд "Электрон тамхи нь тамхинаас гаргах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байааг анхаарах шаардлагатай" гэж тусгасан.

Электрон тамхи татах нь янжуур тамхинд орох магадлалыг 7 дахин, хар тамхи хэрэглэх магадлалыг 2 дахин нэмэгдүүлж донтох эмгэг үүсгэдэг талаар судалгаанууд байна. Иймд хүүхэд залуучуудаа тамхинаас урьдчилан сэргийлэх нь хар тамхи зэрэг бусад мансууруулах бодист өртөх эрсдэлийг бууруулах суурь хамгаалалт болно.

Цаг бусын нас баралт, чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх 20 эрсдэлт хүчин зүйлийн 3-рт тамхидалт ордог.

Манай улсад тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэх болсон.

Уушгины хорт хавдрын 90-95 хувь, уушгины архаг өвчнүүдийн 80-85 хувь, Зүрхний шигдээс болон тархины харвалтын шалтгаант нас баралтын 20-25 хувь нь тамхитай холбоотой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top