Мексикийн парламентын дээд танхим болох Сенат тус улсад электрон тамхи, нийлэг мансууруулах бодис, тэдгээрийг бүтээхэд ашигладаг эд хэсгүүдийг үйлдвэрлэх, түгээхийг хориглох тухай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг дэмжин баталсан байна.
“Электрон тамхины төхөөрөмж үйлдвэрлэх, фентанил бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой үйл ажиллагааг хориглох, зөрчсөн тохиолдолд шийтгэл ногдуулах тухай үндсэн хуулийн шинэчлэлийг Сенатын бүгд хуралдаанд оролцсон 110 гишүүн дэмжин баталлаа” гэж Мексикийн парламентын дээд танхимаас тараасан мэдэгдэлд тэмдэглэжээ. Уг хуулийн төслийг Сенатын 5 гишүүн эсэргүүцэж, 2 гишүүн түдгэлзсэн байна. Ингэснээр Мексикийн үндсэн хуулийн 4 болон 5 дугаар зүйлд өөрчлөлт орох юм байна. Энэ хуулиар электрон тамхи, түүний төхөөрөмжтэй холбоотой аливаа үйл ажиллагааг хориглож байгаа ажээ. Мөн хортой бодисууд үйлдвэрлэх, түгээх, фентанил болон бусад нийлэг мансууруулах бодис хууль бусаар ашиглах, худалдаалахыг хориглосон байна.
Сэтгэгдэл ( 0 )