Гэр хорооллын эмийн санд ханиадны эм, бэлдмэл хомсоджээ

2021 оны 12 сарын 03

-Дөрөв хүртэлх насны хүүхдүүд томуу төст өвчнөөр хамгийн их өвдсөн байна-

Манай улсад хүйтний улирал эхэлснээр томуу, томуу төст өвчин нэмэгддэг билээ. Цар тахлын улмаас хөл хорионд орсон сүүлийн хоёр жилийн хугацаанд энэхүү өвчний тохиолдлууд буураад байсан юм. Гэсэн ч хөл хорио дууссантай зэрэгцэн томуу, томуу төст өвчний тохиолдлууд аравдугаар сараас хойш өссөн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс мэдээлсэн. Тодруулбал, дөрөв хүртэлх насны хүүхдүүд дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдлууд нэмэгджээ. Өрхийн эмнэлэг болон Эх нялхсын эмнэлэг олны хөлд дарагдахтай зэрэгцэн эмийн сангаар үйлчлүүлэх иргэдийн цуваа ч тасрахгүй байгаа юм. Энэ удаагийн өдрийн сурвалжилгыг гэр хорооллын эмийн сан болон эм ханган нийлүүлэх төвүүдээс бэлтгэлээ.

ТЕРАФЛЮ, ТАЙЛОЛ ХОТ, ЭРГОФЕРОН, АНАФЕРОН ХОМСОДСОН БОЛ АЛКАФИН ТАСАРСАН БАЙНА

Томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд эмчид үзүүлэхээс урьтаж гэрээр өөрийгөө эмчилдэг. Хөнгөн хэлбэрийн ханиадны шинж тэмдэг илэрсэн үед жоргүй олгодог эм, бэлдмэл, сиропыг олноор ашигладаг юм. Хэтрүүлэн хэрэглэхэд хортой ч эмчийн жор шаардлагагүй учраас ханиад, томууны шинж тэмдэг илрэх үед шууд хэрэглэх боломжтой. Тэгвэл энэхүү жоргүй олгодог эм бэлдмэл зарим эмийн санд хомсодсон бол нөөц нь дууссан эмийн сангууд ч байв.

Эмийн санч Л.Баярмаа “Манай эмийн сан Баянзүрх дүүрэгт харьяатай. Гэр хороололд байрладаг болохоор өвлийн үед үйлчлүүлэгч тасрахгүй. Тэр дундаа гэр хорооллын айл өрхүүд жоргүй эм бэлдмэлийг өвлийн цагт ихээр авдаг. Толгой өвдөх, хоолой ирвэгнэх, нус гоожих гэх мэт анхан шатны шинж тэмдгүүд илэрсэн үед найруулж уух бэлдмэл, сироп хамгийн их зарагддаг юм. Гэвч нөөц маань хэдийн дууссан” гэв.

Мөн Чингэлтэй дүүргийн гэр хороолол дунд байрлах эмийн сангуудаар орсон юм. Жоргүй олгох вирусний эсрэг эмийн нөөц дууссан эмийн сангууд олон байлаа. Гаднаа эмийн сан хэмээн бичсэн хаягтай цагаан байр руу оров. Эргэн тойрондоо л хамгийн их ханиад, томуу, вирусний эмийн нөөцтэй эмийн сан гэнэ. Эмийн сан болон миний нэрийг битгий гаргаарай хэмээн нэгэн ахимаг насны эрэгтэй нөөцийнхөө талаар багахан ярилцлаа.

Тэрбээр “Манай энэ хавьд хэд хэдэн эмийн хомсдол үүссэн. Терафлю, Тайлол хот, Эргоферон, Анаферон зэрэг эм бэлдмэл ихэнх эмийн санд байхгүй. Манай эмийн сан байгаа цөөн нөөцөө гаргаж зарж байна. Эмийн санчид тасалдсан гэж ярьж л байгаа. Гэхдээ төвөөр байрлах эмийн сангуудад нөөц хангалттай байгаа гэсэн. Шаардлагатай нөхцөлд иргэд хотын төв рүү зорьж очин эм, бэлдмэл авах хэрэгцээ үүсээд байна. Хомсдолтой эм, бэлдмэл байгаа бол хилээр шуурхай татан аваасай хэмээн хүсэж байна” гэлээ.

ХАНИАД ТОМУУНЫ ҮЕД ХЭРЭГЛЭДЭГ ЭМ, БЭЛДМЭЛИЙГ ОРЛУУЛАН ХЭРЭГЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ ГЭВ

Эмийн сангуудаар ээлж дараалан орж, хомсодсон эм бэлдмэл, болон эмийн үнийг судалж явахдаа хэд хэдэн иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн Ч.Бурмаа “Ач охин маань бага ангийн сурагч. Хоолой нь өвдсөн болохоор терафлю эсвэл тайлол хот авах санаатай хэд хэдэн эмийн сан орлоо. Олдсонгүй ээ. Орлуулж хэрэглэж болох антифлю гээд хүүхдэд найруулж өгөх боломжтой бэлдмэл байдаг юм байна. Түүнийг авлаа. Мөн жоохон ханиалгаад байгаа болохоор АЦЦ, анаферон эмүүдийг ч авсан. Анаферон эмийг олох гэж хорооныхоо бүх эмийн сангийн хаалгыг татлаа. Өөртөө колкос гээд найруулж уух бэлдмэл авсан. Тайлол хот гэх мэтийн бэлдмэлээ орлож болох юм гэнэ. Нийт 30-40 мянган төгрөгийн зарлага гарсан. Хэрвээ хурдан эдгээхгүй бол энэ ханиад хатгаа болж хүндэрвэл эмийн мөнгийг нь хүчрэхгүй байх даа” хэмээсэн юм.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэн Б.Бат-Эрдэнэ “СУИС-ийн ойр орчим чинь хотын төвд тооцогдоно. Гэтэл амоксициллин, флемоксин солютаб, амоксиклав зэрэг эмийг гурван эмийн сангаар хайлаа. Одоо дөрөв дэх эмийн сан руу явж байна. Эмчээс жор бичүүлсэн юм л даа. Хоолойн үрэвсэл, вирусний эсрэг эм бололтой. Эмч маань жорын эм олдохгүй бол өөр эм, бэлдмэлээр орлуулан хэрэглэхээс өөр аргагүй гэсэн.Ханиад гадуур их байгаа бололтой” гэв.

Тиймээс эм ханган нийлүүлэх төвүүдийг зорьж Бөмбөгөр рүү зүглэсэн юм. Замын хоёр талд эгнэн байрлах эм ханган нийлүүлэх төвүүдээс зарим эмийн үнэ ханш болон хомсдож, тасалдсан гэх эмүүдийн талаар тодрууллаа. Эм ханган нийлүүлэх төв болон өөрийнх нь нэрийг нууцалж өгөхийг эмийн санч хүссэн юм. Гэр хороололд тасарсан болон хомсодсон эм, бэлдмэлүүдийн зарим нь эм ханган нийлүүлэх төвүүдэд байхгүй ажээ.

Тэрбээр “Вирусний эсрэг эм эрэлттэй байгаа болохоор энэ хавиас зарим эм олдохгүй. Эмийн хэмжээнээс хамаараад нөөцөд байгаа эсэх нь тодорхой болдог. Ерөнхийдөө харилцан адилгүй нөөцтэй гэж үзэж болно. Бид нөөцийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй. Гэхдээ хоолойн үрэвслийн эм, ханиад томуугийн үед хэрэглэдэг бэлдмэлийн нөөцүүд багассан гэж хэлж болно. Алкафин эмийн хувьд ханиад, томуугийн үед хамгийн эрэлттэй байдаг эмүүдийн нэг. Гэхдээ тасраад сар гаруй болж байна. Тайлол хот, терафлю тасарсан байсан ч багахан нөөц бүрдүүлж чадсанаа зарж байгаа. Замын эсрэг талын болон хажууд байрлах эм ханган нийлүүлэх төвд терафлю бүр худалдаалагдахгүй байгаа юм билээ. Ижил төсөөтэй бүтээгдэхүүнээр орлуулан хүмүүст худалдаалж байгаа” гэв.

ХАНИАД ТОМУУНЫ ЭМ БЭЛДМЭЛ АВАХАД 15-50 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛДАГ

Цар тахал гарснаас хойш эмийн үнэ хамгийн багадаа 400-500 төгрөгөөр нэмэгджээ. Хотын төв болон гэр хорооллын эмийн сангуудад эмийн үнэ харилцан адилгүй үнээр зарагддаг гэдгийг иргэд онцолж байлаа. Улаанбаатар хотын захын хэсгүүд болох гэр хорооллын эмийн үнэ хотын төвөөс өндөр үнэтэй байдаг аж. Түүнчлэн эмийн санчдын хэлж буйгаар иргэд жортой болон жоргүй эм бэлдмэл авахад хамгийн багадаа 15-50 мянган төгрөгийг зарцуулдаг гэнэ.

Энэ талаар эмийн санч Л.Баярмаа “Иргэдэд зарим эмийг авахад хүндрэлтэй байдаг. Мөнгө төгрөг нь хүрэхгүй байх тохиолдол бий. Ханиад, томууны эм, бэлдмэлийг нэг удаа авахад 50 мянган төгрөг хүртэлх үнэтэй болдог. Мөнгөндөө тааруулж авахын тулд заримдаа ширхэглэж өгөхийг гуйх тохиолдол нэг биш нэлээд хэдэн удаа давтагдсан” гэсэн юм

. Хэрэв ханиад хүндэрч хатгалгаа болвол эмч вирусний эсрэг антибиотикийг жороор олгодог. Үнийн дүнгийн хувьд 30-200 мянга хүртэлх төгрөгийн ханштайгаар вирусний эсрэг эмийг эмийн сангуудаар худалдаалж байна. Томуу болон томуу төст өвчний тохиолдол нэмэгдвэл иргэд эмээ худалдан авахад амьжиргааны түвшин хүрэхгүй асуудал үүсээд байгаа юм. Мөн эм, бэлдмэл дундаа хүүхдийн ханиад, томуу төст өвчинд хэрэглэх бүтээгдэхүүнүүд хамгийн худалдаалагдаж байгаа аж.

Энэ оны 45 дахь долоо хоногийн байдлаар томуу төст өвчин улсын хэмжээнд 10 мянган хүн амд 24 тохиолдол ногдож байгааг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн статистик тоон мэдээллээс харах боломжтой. Харин энэ оны 46 дахь долоо хоногийн байдлаар дөрөв хүртэлх насны хүүхдүүд томуу төст өвчнөөр хамгийн их өвджээ. Нярай хүүхдүүд буюу 0-11 сартай хүүхдүүд ч мөн тус өвчнөөр хамгийн их өвчилсөн байна.

 НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТАД 360 МЯНГАН ХҮН ХАМРАГДСАН БАЙНА

Амьсгалын замын халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга зам нь дархлаажуулалт болон дархлаагаа дэмжих хэмээн эрүүл мэндийн салбарынхан зөвлөдөг. Тиймээс ч улирлын вакцинд жил бүр хамрагдахыг уриалсаар ирсэн юм. Өнгөрсөн сарын байдлаар томуугийн дархлаажуулалтад 360 мянган хүнийг хамруулсан байна. Үүний 50 хувь нь 2-11 хүртэлх насны хүүхдүүд ажээ.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувийг дархлаажуулсан байна. Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтайн, сургууль, цэцэрлэгийн багш нар, 65-аас дээш насны иргэд болон жирэмсэн эхчүүд өртөх магадлал хамгийн өндөр байдаг ажээ.

Томуу төст өвчнийг үүсгэгч анхдагч шалтгааны 95 орчим хувь нь вирусний гаралтай байдаг аж. Нийт 200 гаруй нэр төрлийн вирус амьсгалын замын хам шинжээр илрэх өвчин үүсгэдэг байна. Урьдчилан сэргийлэхийн тулд аль болох даарахгүй, дулаан хувцаслах шаардлагатай юм. Хамрын хөндийг өдөрт хоёроос багагүй удаа цэвэрлэх, хоолойгоо давс, содатай уусмалаар зайлж хэвших хэрэгтэй.

Гадуур явахдаа нус, шүлсээ ил хаяхгүй байх, гараа савандаж угаах, шаардлагагүй нөхцөлд олон нийтийн газраар зорчихгүй байх нь чухал юм. Хэрэв 38 хэмээс дээш халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлж, харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвд хандан эмчийн заавраар эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
зөв амьдар(122.201.21.51) 2021 оны 12 сарын 03

яваад байгаа газраас нь аваач хашааны хаалганд чинь бас өлгөх үү

0  |  1
Top