Д.Зүмбэрэллхам: Шударга ажиллаарай гэсэн анхааруулгыг хүлээж авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн томилох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, 72.5 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сул орон тоонд Д.Зүмбэрэллхам томилогдлоо.


Шүүгч бус гишүүний томилгоотой холбогдуулан УИХ-ын зарим гишүүн эрх бүхий албан тушаалтны санал болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлснийг тоймлон хүргэе. Сануулахад, өнгөрсөн сард УИХ-аас Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилоод байсан билээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

-Шүүхийн тухай хууль шинэчлэгдэж, шүүгч нарыг хэн нэгэн хүн томилдог бус Шүүхийн ерөнхий зөвлөлөөс томилдог болсон. Мөн Шүүхийн сахилгын хороо байгуулагдаж, хэрвээ шүүгч нар буруу шүүлт хийвэл хариуцлага тооцдог систем рүү шилжсэн. Энэ бол нийгэмд шударга ёс тогтох үндэс болно хэмээн үзсэн нь шүүхийн хуулийн шинэчлэлийн гол зарчим болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг нийтийн сонсголоор сонгосон. Өмнө нь таван эмэгтэй нэр дэвшээд, нэг нэр дэвшигч унасан. Тэр сонгогдоогүй нэр дэвшигчийн оронд нэг эрэгтэй гишүүн орж ирэх асуудал яригдаж байсан. Тэр нь Д.Зүмбэрэллхам байсан эсэхийг мэдэхгүй.

Хууль зүйн байнгын хорооны зарим гишүүн ч асууж байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан хүмүүсийг шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхгүй гэсэн журам байгаа. Гэтэл Д.Зүмбэрэллхам дарга ШЕЗ-д өмнө нь байсан гэсэн. Та үнэхээр тэнд ажиллаж байсан уу. Томилогдлоо гэхэд шударга ажиллаж чадах баталгаагаа хэлж өгнө үү. Хэн нэгэн дарга, даамлын захиалгаар хүн томилдог бус, шударга, боловсролтой шүүгчийг томилоход хатуу анхаарах ёстой.

-Д.Зүмбэрэллхам

-Таны асуулт байнгын хороо, хэлэлцүүлэг дээр ч яригдсан. Сонгон шалгаруулах журамд “ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн шалгуур орсон байна лээ. Энэ шалгуур 2021 онд шинэчилж найруулсан Шүүхийн тухай хуульд орсон заалт.

2019 онд Үндсэн хуульд шүүхийн эрх мэдлийн хэсгийг шинэчилж найруулсантай холбоотойгоор орсон заалт гэж ойлгосон. Учир нь өмнөх хуулиудад “ШЕЗ-ийн гишүүнээр нэг удаа ажиллана” гэсэн заалт байгаагүй.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг өргөтгөөд, дөрвөн жилийн хугацаатай нэг удаа томилно” гэсэн заалт Үндсэн хуульд орж ирсэн.

Энэ заалтыг 2021 оны Шүүхийн тухай хуулиар баталгаажуулсан. Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн шинээр заасан нэг удаа ажиллах заалт одоогоор дөрвөн жилийн хугацаанд томилогдох гишүүдэд үйлчлэх юм байна гэж ойлгосон. Тэр нь ч тодорхой. Шударга ажиллах тухай зөвлөмж, анхааруулгыг хүлээн авч байна. Шүүхийн шинэтгэл нь үндэсний шударга ёсыг бий болгох, түүнийг соёлын хэмжээнд төлөвшүүлэхэд чиглэсэн томоохон үйл явц учраас энэ тал дээр зарчимтай, шударга ажиллах талаар ШЕЗ-ийн бусад гишүүнтэй хамтарч зүтгэнэ гэсэн итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат

-Шүүгч бус гишүүн нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу явагдаж байгаа томилгоо юм. Шүүх нь хуулийн дагуу хараат бусаар ажиллаж чадвал улсын хөгжилд ихээхэн үүрэгтэй гэдэг. Гэхдээ Хууль зүйн байнгын хороо, ажлын хэсэг, чуулган яаж ажиллаад байгаа учрыг олохгүй байна. Нэг хүнийг хоёр удаа оруулах юм. Өмнө нь хэлэлцээд, санал хураагаад шийдсэн асуудлыг дахин хэлэлцэж байна. Өмнө нь таван эмэгтэй гишүүн орж ирэхэд яагаад ч нэгийг нь унагаачихдаг юм. Ямар ч байсан энэ байгууллагаа бүтэн болгоод ажилд нь оруулмаар байна шүү дээ. Ажлын хэсэг, мэргэжлийн байнгын хороо нь шийдээд оруулаад ирсэн саналд эргэж буцаад байх нь парламентын нэр хүндийг унагаж байна.

МАН-ын олонх болсон нөхдөөс л хамаг юм шалтгаалдаг. Өмнө нь ч гэсэн 60 гаруй гишүүнтэй байхдаа ЖДҮ, 60 тэрбумаараа барьцаалагдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүх эрхийг авч, 16 шүүгчийг түдгэлзүүлээд, шүүхийн хараат байдлаараа дэлхийд 120 дугаар байрт орж байлаа. Энэ байдалдаа анхаар. Цагдан хорих 461 дүгээр ангид намайг явж байхад 2016-2020 онд гавьяат хуульч тэтгэвэрт гарсан шүүгч амиа хорлосон асуудал гарсан байсан. Ийм явдал байж болохгүй. ШЕЗ энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Хууль зүйн байнгын хорооноос асууя. Яагаад бусад нь нэг удаа санал хураалгаж дэмжигддэг, ямар хүн нь хоёр саналаар дэмжигддэг юм бэ. Үүнийг л давхар стандарт гэж яриад байгаа юм биш үү.

-Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан

-ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Хууль зүйн байнгын хороо баталсан. Энэ журмын 13 дугаар зүйлд байнгын хорооны олонхын санал авсан нэр дэвшигчдыг сул орон тооны тоогоор эрэмбэлж, УИХ-д танилцуулахаар заасан. Тэгэхээр ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний таван орон тоон дээр зургаан нэр дэвшигч ажлын хэсгийн олонхын санал авч, шалгарсан.

Эдгээрээс хамгийн өндөр санал авсан таван нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороо эхний удаад чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Таван нэр дэвшигчийн нэг нь олонхын санал авч чадаагүй учраас дараагийн олонхын санал авсан нэр дэвшигчийг санал болгох журмын заалт болох Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн дагуу дараагийн нэр дэвшигч орж ирж байгаа.

-Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил

-Энд давхар стандарт байхгүй ээ. Д.Зүмбэрэллхам нэр дэвшигчийн асуудлыг өмнө нь байнгын хороогоор хэлэлцсэн. Гэхдээ дүгнэлт гараагүй. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар нэгдсэн хуралдаанд зөвхөн байнгын хороогоор хэлэлцэж, дүгнэлт гаргасан асуудлыг оруулах ёстой. Тэгэхээр энэ хүний талаар бид хэлэлцсэн боловч дүгнэлт гаргаагүй, харин нөгөө таван хүний асуудлаар дүгнэлт гаргаад танилцуулсан. Тиймээс Дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хороогоор дахин хэлэлцэж, дүгнэлт гаргуулж оруулж ирсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

-Монгол Улсын шүүх шударга болоосой гэсэндээ шүүхийн шинэчлэлд, Шүүхийн тухай хуулийн ажлын хэсэгт мөр зэрэгцэн ажилласан олон гишүүний нэг нь би. Би тэр үед гэнэдэж, ганц, хоёр үг үсгийг тоохгүй өнгөрөөсөн байна.

Гэтэл ноёны бөх унаж болдоггүй гэгчээр хуулийг бичсэн байна. “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй” гэдгийг хуулийн анхны концепц дээр бид ярьсан. Гэтэл энэ асуудал хаанаа засагдсан юм бэ. “Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаагүй” гэсэн агуулгатай болгочихжээ. Ингэж хулгай хийдэг, хуулийн үг үсгийг өөрчилдөг юм байна. Хуулийн үг, үсгээр хөөцөлдөх нь УИХ-ын гишүүний ажил биш.

УИХ-ын гишүүний ажил бол хуулийг зөв тогтоох, концепцыг нь зөв гаргаж, Монгол Улсыг шударга болгох ёстой.

Гэтэл МАН дотор мөнгөтэй том бүлэглэл байна, тэднийгээ дотроо дийлэхгүй байна. Та нар дийлэхгүй бол Монгол Улс дийлэхгүй, Монгол Улс мөхөхөд хүрнэ. Одоо тэгээд ичихгүй юм. Яахаараа хэдэн эмэгтэйчүүд орж ирж болдоггүй юм. Тэр унасан эмэгтэйг би дэмжиж санал өгсөн. Д.Зүмбэрэллхамыг хувь хүнийх нь хувьд мэдэхгүй.

Гэхдээ Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр байхад зөвлөхийг нь хийгээд явж байсан. Та нар захиалга биелүүлж байна, хэний захиалгыг харин би мэдэхгүй, гэхдээ ерөнхийдөө мөнгө үнэртэж байгаа. Ингэж шинэчлэгдвэл Шүүхийн ерөнхий зөвлөлд итгэх итгэл надад алга. Шүүхийн шинэчлэл явахгүй юм байна, Монгол Улсад шударга ёс тогтохгүй юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
w(64.119.23.230) 2021 оны 12 сарын 05

Yag haragdaach

0  |  0
Мөнх(64.119.24.125) 2021 оны 12 сарын 04

Энэний шудрага ажиллана гэдэг худлаа.

0  |  0
Зочин(103.57.95.131) 2021 оны 12 сарын 04

МАНАН бүлэглэлийг дарах хэрэгтэй. Тэд байнга л толгойгоо өндийлгөх юм даа. Болохгүй бол толгойг нь таслаад байх хэрэгтэй.

0  |  0
Top