Олон улсын валютын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Юн Сок Хёнтой ярилцлаа.
-Монгол Улс Олон улсын валютын санд гишүүнээр нэгдэн орсны 30 жилийн ой энэ жил тохиосон. Өнгөрсөн хугацаанд манай улс ОУВС-гийн яг хэдэн хөтөлбөрт хамрагдаж, хэрэгжүүлээд байна вэ?
-Монгол Улс ОУВС-гийн гишүүнээр 1991 онд элссэнээс хойш макро эдийн засгийн тогтворжилтын эхний үе шатуудад дэмжлэг үзүүлэх, бодлогын уялдаа холбоог хангах, олон улсын түншүүдтэй хийх хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн макро эдийн засгийн тогтолцоог бий болгох, ОУВС-гийн мэргэшсэн чиглэлээр бодлого боловсруулах, институцын чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх зэргээр Монгол Улстай нягт хамтран ажилласаар ирсэн.
Тодруулбал, ОУВС-гаас Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын дэмжин гадаад цочролын эсрэг үр дүнтэй хамгаалалт бий болгох зорилгоор өнгөрсөн 18 гаруй жилийн хугацаанд долоон удаагийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гурван хөтөлбөр нь төлбөрийн тэнцлийн богино хугацааны хүндрэлийг шийдвэрлэж, санхүүжилтийн гэнэтийн хэрэгцээг хангахад чиглэсэн бол үлдсэн нь Монгол Улсад тулгарсан дунд хугацааны макро эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд түлхүү анхаарсан.
-ОУВС жил бүр гишүүн орнуудынхаа эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдалд үнэлгээ хийх зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрууд болон Төв банкны удирдлагуудтай зохион байгуулдаг. Үүний хүрээнд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг сүүлийн хоёр сар гаруй хугацаанд манай улсад ажиллаж, Сангийн яам болон Монголбанкны удирдлагуудтай зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулсан. Энэ талаар тодруулбал?
-ОУВС-гийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу гишүүн оронд жил бүр зөвлөлцөх хэлэлцүүлэг явуулж, эдийн засгийн бодлогын асуудлуудыг хэлэлцдэг бөгөөд саяхан Монгол Улстай 2021 оны ээлжит хэлэлцүүлгээ явуулж дуусгалаа. Монгол Улсын Засгийн газар хүн амаа КОВИД-19-ийн эсрэг вакцинд амжилттай хамруулсныг хэлэлцүүлгийн үеэр сайшаахын зэрэгцээ экспортоор тэтгэгдсэн эдийн засгийн сэргэлт бий болсон нь эдийн засгийн цаашдын төлөвийг эерэг хэвээр нь хадгалж байна гэж дүгнэсэн.
Гэвч цар тахалтай холбоотойгоор тодорхой бус байдал давамгайлж, Монгол Улсын бодлогын хамгаалалт хязгаарлагдмал, улсын гадаад өрийн хэмжээ өндөр байгаа энэ үед эдийн засгийн өсөлт саарах томоохон эрсдэл байсаар байна. Иймд эдийн засгийн сэргэлтийг сайтар хамгаалахын зэрэгцээ урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хангахын тулд экспортын тэлэлтийг зөв зохистой удирдах нь чухал ач холбогдолтой гэж ОУВС үзэж байна.
-Монгол Улсад ОУВС-ийн хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл хөтөлбөр нь аль нь вэ?
-Аль нэг хөтөлбөрийг онцолж хэлэхэд хэцүү юм байна. 2000-аад оны эхэн үе хүртэл ОУВС-гийн хөтөлбөрүүд ДНБ-ий уналтыг зогсоож, инфляцыг бууруулах, үнийн хяналтыг арилгаж, өмч хувьчлалыг явуулан зах зээлийн эдийн засгийн тогтолцооны институц, бааз суурийг бий болгох, төсвийн сахилга батыг мөрдүүлэн зээлийн илүү үр дүнтэй удирдлага хэрэгжүүлэхийн тулд институцыг бэхжүүлэх зэргээр Монгол Улсад макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээхэд чиглэж байсан.
Сүүлд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээрээ дамжуулан Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн огцом уналт, гадаад цочролын улмаас эдийн засагт үүссэн тэлэлт, агшилтын мөчлөгийн үр нөлөөг арилгахад чиглэсэн дэмжлэг үзүүлсэн. ОУВС-гийн дэмжлэгтэй хөтөлбөрүүдийн хүрээнд санхүүжилтийн ихэнх хэсийг түрүүлж олгон, бодлогын томоохон тохиргоонуудыг хийдэг бөгөөд бусад хандивчлагчдаас мөн санхүүгийн дэмжлэг нэмэгдэж ирдэг. Түүнчлэн эдгээр хөтөлбөрийн хүрээнд бүтцийн томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх замаар ирээдүйд үүсэж болзошгүй цочролыг даван туулах эдийн засгийн чадавхийг бэхжүүлж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн ачаар тодорхой ахиц дэвшил гарсан боловч цар тахлын улмаас хойшлогдож, шийдвэрлэх ёстой томоохон сорилтууд байсаар байна. Бэхжиж амжаагүй бизнесийн орчин, авлигаас болоод эдийн засгийн чадавхын хурдацтай хөгжих боломж нь хумигдаж, ядуурлыг дорвитой бууруулах, ажил эрхлэлтийг дэмжих зорилтоо хангаж чадахгүй байна. Цаашилбал, эдийн засаг тэлэлт, агшилтын мөчлөгт өртөх эмзэг байдал арилаагүй хэвээр байна. Тэгэхлээр төсвийн бодлогыг ухаалаг, тогтвортой байлгах, гадаад цочролд өртөмтхий байдлыг бууруулах, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, институцыг бэхжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ бүх асуудлуудыг энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлгийн үеэр хөндсөн байгаа.
ИЛҮҮ ӨРГӨН УТГААР АВЧ ҮЗВЭЛ, МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЦААШДЫН ТӨЛӨВ САЙН ХЭВЭЭР БАЙНА
-Монгол Улсын энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг хоёр нэгж хувиар өсгөж, 5.2 хувиар тогтоолоо. Бусад олон улсын байгууллагуудтай харьцуулахад ОУВС манай улсын эдийн засгийн өсөлтийн талаар харьцангуй өөдрөг таамаг дэвшүүлээд байна. Хэдийгээр хил гаалийн гацаа арилж, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш ирэх жилүүдэд ч гэсэн өсөхөөр байгаа ч цар тахал намжих эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед хэтэрхий өөдрөг таамаг биш гэж үү?
-ОУВС-гаас 2021 оны аравдугаар сард гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв тайлангийн тооцоо судалгаанд есдүгээр сарын эхэн үеийн байдлаарх төсөөллийг оруулсан бөгөөд уг тайлан гарснаас хойш Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг шинэчилсэн байгаа.
Монгол Улсын 2021 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийн тайлан өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд уг тайланд макро эдийн засгийн төсөөллүүдийг шинэчлэн тусгасан.
Тухайлбал, ДНБ-ий бодит өсөлт 2021 онд 4.5, 2022 онд долоон хувь байна гэж тооцсон нь аравдугаар сард зарласан тооцооллоос бага зэрэг буурсан үзүүлэлт юм. Энэ нь хил гааль хаалттай байх хугацаа илүү удаан үргэлжилснээр экспортын гарц доголдоно гэж тооцсонтой шууд холбоотой. ҮСХ-ноос зарласан энэ оны гуравдугаар улирлын ДНБ-ий бодит өөрчлөлтийг харахад өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар агшсан. Хил хаагдаж, цар тахлын үр нөлөө бидний тооцоолж байснаас илүү удаан хугацаанд үргэлжилж улмаар дотоод эрэлт, экспортод сөргөөр нөлөөлсөн хэвээр байна.
Нааштай өөрчлөлтүүд дөрөвдүгээр улиралд тооцоолсноос давж гардаггүй л юм бол 2021 оны эцэст ДНБ-ий бодит өсөлт 0.5 хувиар багасаж, дөрөв орчим хувьтай гарах болов уу. Илүү өргөн утгаар авч үзвэл, Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв сайн хэвээр байна. 2020 оны дунд үеэс эхлэн экспорт эрчимтэй нэмэгдсэний ачаар хил гаалийн тасагдлаас үл хамааран эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэлсэн. Оюу толгой төслийн уурхайнууд зэсийн үйлдвэрлэлээ гаргаж эхлэхийн зэрэгцээ хил дээрх асуудал удахгүй цэгцэрнэ гэж үзвэл эдийн засгийн сэргэлтийн хурдац цаашдаа улам эрчимжихээр байна.
Үүнтэй зэрэгцээд дэлхийн эдийн засгийн сэргэлт, бодлогын үргэлжилсэн дэмжлэг, суурь үр нөлөө бүгд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжин тэтгэх болно. Гэхдээ энэхүү төлөв муудах эрсдэлүүд байгааг мартаж болохгүй. Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ харьцангуй бага, гадаад өрийн хэмжээ өндөр байгаа нөхцөлд цар тахлын нөхцөл байдал доройтох, хил хаалттай байх хугацаа сунжрах, дэлхийн санхүүгийн зах зээлийн нөхцөл чангарах зэрэг нь томоохон эрсдэл дагуулж байна.
Санхүүгийн салбарын сул талууд цар тахлын үр нөлөөгөөр нэмэгдэж, улсын болон хувийн секторын оролцогчдыг гадаадаас зээл авахад хүргэх замаар Монгол Улсын гадаад цочролд өртөх магадлалыг өсгөх аюултай. Хэрвээ банкуудын активын чанар ихээхэн муудвал өөрийн хөрөнгөнд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн сэргэлтийг хойш татаж болзошгүй. Мөчлөг дагасан бодлогууд макро-санхүүгийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, бусад томоохон эрсдэлийн эсрэг арга хэмжээ авах бодлогын орон зайг хумих эрсдэлтэй.
-АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Энэхүү тайланд Монголд 2017-2020 онд хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусаж чадаагүй талаар дурджээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилтгүй болсон гол шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
-2017 оноос хэрэгжсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эрх баригчид Засгийн газрын өрийн дефолтоос амжилттай зайлсхийж, ард иргэдийн амьжиргааны түвшинг эрчимтэй сэргээх суурийг бий болгож чадсан. Төсвийн алдагдал хэт өндөр болсныг засаж залруулах, төсвөөс гадуурх зарлага санхүүжилтийг зогсоох шийдвэртэй алхам авч хэрэгжүүлэн төсвийн хянамгай бодлого руу шилжилт хийсэн нь энэхүү амжилтын үндэс нь байв.
Ингэснээр Засгийн газрын өрийн хэмжээг гурван жилийн хугацаанд ДНБ-ний 20 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулж, 2019 онд ДНБ-ний 70 хувь орчимд аваачсан. Үр дүнд нь төсвийн эх үүсвэр чөлөөлөгдөж, эдийн засаг, иргэдийн амьдралыг дэмжин тэтгэх нөхцөл боломж бүрдсэн нь цар тахлын үед хамгийн хэрэгтэй зүйл байлаа.
Тэгэхлээр Монгол Улс одоо үүсэж байгаа экспортын үнийн огцом өсөлтийг дорвитой шинэчлэл хийх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах замаар төсвийн нөхцөл байдлаа бэхжүүлэхэд ашиглах нь зүйтэй юм. Нэн ялангуяа, ядуу эмзэг бүлгийг зохистой түвшинд дэмжих хэмжээний нийгмийн халамжийн тогтолцоог зорилтот бүлэгт чиглүүлэн бүрдүүлэх хэрэгтэй.
Өндөр насны тэтгэвэр тогтоох нөхцөлийг хэт хөнгөлсөн байгааг засаж залруулан өсөн нэмэгдэж байгаа төсвийн татаасыг бууруулах, зарцуулсан хөрөнгийн үр өгөөж, үр ашгийг сайжруулах үүднээс төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг шинэчлэлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ирээдүйн өв сангийн санхүүгийн зөв зохистой сахилга батыг хадгалж үлдэх нь зүйтэй.
Мөн хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, татварын удирдлагыг боловсронгуй болгох ажлаа үргэлжлүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. 2017 оноос хэрэгжсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд бага ахиц дэвшил гарсан чиглэл нь банкны салбарын шинэчлэл байсан бөгөөд ОУВС энэ чиглэлээр тодорхой ажлууд нэмж хийх нь зүйтэй гэж үзэж байна.
Арилжааны банкуудын хувьцааг 2023 онд багтаан олон нийтэд санал болгох замаар банкуудын өөрийн хөрөнгийг бэхжүүлж, хувь нийлүүлэгчдийн төвлөрлийг сааруулах Монголбанкны стратегийг бид дэмжиж байгаа.
Гэхдээ энэ хүрээнд хэд хэдэн төвөгтэй шинэчлэлийг маш богино хугацаанд хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Монголбанкны зүгээс өөрийн хөрөнгийн дутагдалтай байж болзошгүй банкуудын хувьд сайн тооцож боловсруулсан, шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн зорилтоо хэрэгжүүлэх ёстой эцсийн хугацааг эргэн харж, зохицуулагч байгууллагуудад урьдчилсан нөхцөлийн шалгуурыг тогтоох, нөөц төлөвлөгөө боловсруулах хугацаа гаргаж өгөх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, 2017 оноос хэрэгжсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа зогсоосон нь удаан яригдсан шинэчлэлийн үр дүн байлаа. Гэвч Цар тахлын эсрэг хуулиар Монголбанканд тодорхой үүрэг хариуцлага хүлээлгэсэн учраас энэ үйл ажиллагаа цар тахлын үед дахин хийж эхэлсэн.
Засаглалын тогтолцоонд байгаа сул талууд их хэмжээний төсвийн шинжтэй үйл ажиллагаа үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлсэн хэвээр байна. УИХ Төв банкны үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг хадгалахад анхаарч инфляцыг хянах үүргийг нь хэрэгжүүлэх нөхцлөөр хангаж өгөх хэрэгтэй. Цаашид төсвийн шинжтэй үйл ажиллагааг улсын төсөв рүү шилжүүлэх замаар зогсоох шаардлагатай.
МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙГААС ГАДНА ХӨДӨӨ АЖ АХУЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЖ ХӨГЖҮҮЛЭХ АСАР ИХ НӨӨЦ БОЛОМЖТОЙ
-Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтайг та мэдэж байгаа байх. Ялангуяа, аль нэг хөрштэй хилээ хаахад маш том эрсдэл үүсэж байгааг бид харж байна. Тэгэхээр Монгол Улс чухам аль салбараа түшиглэж, өнөөгийн нөхцөлд хөгжлийн ямар чиг баримжаатай байх нь оновчтой бол?
-Монгол Улсын эдийн засаг өсөж хөгжих асар их нөөц боломжтой. Одоогоор цар тахал хэзээ дуусах нь тодорхой бус байгаа учраас дотоод эдийн засгийн сэргэлт сул явагдаж байна. Иймд дотоод эдийн засгийн сэргэлт бүрэн дүүрэн бий болтол тодорхой хэмжээний бодлогын дэмжлэгийг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байж магадгүй. Гэхдээ төсвөөс олгох аливаа дэмжлэг зөвхөн хэрэгцээ шаардлагатай хүмүүст чиглэж, эрүүл мэндийн системийн үйл ажиллагааг дэмжих, хил гаалийг нээлттэй байлгахад түлхүү анхаарах ёстой.
Инфляц сүүлийн үед нэлээд өссөн ч энэхүү үнийн өсөлт удахгүй арилах төлөвтэй учраас мөнгөний бодлогын хувьд одоогоор ямар нэгэн өөрчлөлт, зохицуулалт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Илүү өргөн хүрээнд харвал Монгол Улс уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт эдийн засгаа тэлж хөгжүүлэх асар их нөөц боломжтой.
Монгол Улс бусад орны атаархлыг төрүүлэхүйц олон давуу талтай, тухайлбал, харьцангуй цөөн хүн ам, хөндөгдөөгүй байгалийн нөөц, асар том, хурдацтай хөгжиж байгаа зах зээл бүхий орнуудтай хөрш зэргэлдээ оршиж байна. Тэгэхлээр энэ бүх нөөцөө ашиглахын тулд хөрөнгө оруулалтын орчноо боловсронгуй болгох хэрэгтэй. Тухайлбал, төлбөрийн чадваргүйдлийн тогтолцоог шинэчлэх, авлигын асуудлуудыг шийдвэрлэх, шүүх, засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, экспорт, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах зэрэг асуудлууд байна.
ШАТАХУУН ХОМСДОЛД ОРСОН НЬ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙГААГИЙН ИЛРЭЛ
-ОУВС-гаас шатахууны үнийг чөлөөлөхийг санал болгож байсан. Шатахууны үнэ чөлөөлөхийн давуу болон сул тал юу вэ?
-Монгол Улс түлшний үнэ тооцох аргачлал хэрэглэдэг ч гэсэн үнэ тогтоох үйл явц нь бүрэн гүйцэд ил тод биш байгаагаас гадна түлшний жижиглэнгийн үнэд тэр бүр өөрчлөлт ороод байдаггүй учраас нийлүүлэлтийн талын зардал бүрэн дүүрэн тусгагдаж чаддаггүй. Зарим төрлийн түлшний жижиглэнгийн үнэ бүтээгдэхүүний өртгөөс доогуур байгаа учраас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд алдагдал хүлээдэг.
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид санхүүгийн хувьд хөл дээрээ сайн зогсоогүй байгаагаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өсөх үед тэрхүү өсөлтийг дотоодын үнэд шилжүүлэх боломж хязгаарлагдмал байсан нь энэ оны есдүгээр сарын сүүлээр түлшний хомсдолд хүргэсэн болов уу. Энэ үйл явдал газрын тосны бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх шаардлага байгааг тодорхой харуулсан хэдий ч хувийн хэвшил түлшний үнийг дангаараа тогтоовол жижиглэнгийн үнийг огцом хөдөлгөхөд хүргэж болзошгүй юм.
Нөхцөл байдал ийм байгаа учраас ОУВС-гаас түлшний үнийн автомат тохиргооны механизмыг санал болгосон. Энэ тогтолцоо руу шилжсэнээр түлшний үнийг тойрсон улс төржилтөөс ангижирч, үнэ тогтоох үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтийг бүрэн хэмжээгээр дотоодын үнэд тусгах нь дунд болон урт хугацааны зорилт юм. Гэхдээ шилжилтийн үед дотоодын үнэд огцом, гэнэтийн өөрчлөлт оруулахаас зайлсхийх үүднээс тохиргоог алгуур хийх нь зүйтэй юм.
Ингэснээр түлш нийлүүлэгчид гэнэтийн их ашиг хүртэхгүй байх баталгааг олон нийтэд өгөх юм. Энэ утгаараа газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтийг даган аажмаар хөдлөх боломжийг Засгийн газраас саяхан гаргасан шийдвэрийн хүрээнд олгосныг бид сайшааж байгаа. Ингэснээр түлшний үнэ тогтоох үйл явцад засгийн газар оролцдог байсан явдал арилж байгаа юм.
-Шатахууны үнэ өссөнөөр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх нь дамжиггүй. Ирэх онд бараа үйлчилгээ, шатахууны үнэ ямар байх бол?
-Бид дэлхийн эдийн засгийн идэвхжил бэхжихтэй зэрэгцээд газрын тос, хүнсний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт 2021 онд үргэлжилнэ гэж тооцсон. Түүхий эдийн үнийн өсөлтийн хажуугаар нийлүүлэлтийн суваг дээрх гацаа, хил гаалийн саатлын улмаас дэлхийн хэмжээнд инфляц өсөх хандлагатай байна. Дотоод эдийн засгийн идэвхжил сул байгаа энэ үед ХҮИ-ээр хэмжигдсэн инфляц 2022 онд Монголбанкнаас зарласан зорилтот хэмжээ рүү эргэж буурна гэсэн хүлээлттэй байгаа.
ЗАСГИЙН ГАЗАР ХАВТГАЙРУУЛСАН ХАЛАМЖАА ЗОГСООХГҮЙ БОЛ ӨРИЙН ХЭМЖЭЭ ДНБ-ИЙ 70 ХУВЬД ХҮРЧ МАГАДГҮЙ
-Монгол Улс төдийгүй бусад улс орнуудын хувьд өрийн асуудал тулгамдаж буй. Монгол Улсын хувьд 2020-2024 онд улсын өр 4.6 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа. Хэдийгээр өндөр хүүтэй бондуудыг цар тахлын үеэр дахин санхүүжүүлж, өртгийг бууруулсан ч ирээдүйд төлөгдөх өр өндөр хэвээр байгаа. Манай улс өрийн менежментээ хэрхэн хийх тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Монгол Улсын Засгийн газар 2022-2023 онуудад олон улсын санхүүгийн зах зээл дээр эргэн төлөгдөх ёстой байсан нэг тэрбум ам.долларын бондыг амжилттай дахин санхүүжүүлж томоохон гадаад эрсдэлийг бууруулж чадсан. Монгол Улсын гадаад өр төлбөр өндөр хэвээрээ байгаа энэ үед дэлхийн санхүүгийн зах зээлийн төлөв үлэмж хэмжээгээр муудсан тохиолдолд зээллэгийн өртөг нэмэгдэж, хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байгаа гадаад нөөцөд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн төлөв муудахгүй байсан ч гэсэн Монгол Улсын гадаад өр дунд хугацаанд сорилт дагуулсан хэвээр байх болно. Засгийн газар хавтгайруулан олгож байгаа нийгмийн халамжийн хэмжээг түр зуур нэмэгдүүлсэнийг буцаахгүй, өндөр хэмжээгээр нь үргэлжлүүлэхээр шийдсэн, мөн өндөр насны тэтгэвэрийн санд улсын төсвөөс олгох татаас жилээс жилд нэмэгдэхээр байгаа тул Засгийн газрын өр дунд хугацаанд өндөр түвшинд хадгалагдан ДНБ-ий 70 орчим хувь дээр байх дүр зураг гарч ирж байна.
Эдийн засгийн сэргэлт, экспортын тэлэлтийн үед засаж залруулах арга хэмжээ авахгүй бол Засгийн газрын өрийн төлөв урт хугацаанд удирдах боломжгүй байдалд хүргэж болзошгүй. Өрийн хэмжээг амжилттай, тогтвортой буулгахын тулд Засгийн газар 2022 оны төсвөөс эхлээд төсвийн алдагдлыг бууруулахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Өрийн цаашдын төлөвийг сайжруулахад төсвийн далайцтай шинэчлэл чухал ач холбогдолтой байна. 2022 оны төсвийн хүрээнд тодорхой шинэчлэлүүд тусгагдсан хэдий ч эдийн засгийн дэмжлэг олгох болон илүү том зорилт агуулсан төсвийн шинэчлэл хэрэгжүүлэх гэсэн хоёр зорилтыг илүү сайн тэнцвэржүүлэх ёстой байлаа. Иймд бид дараах арга хэмжээг зөвлөмж болгож байна. Үүнд:
Нэгдүгээрт нийгмийн халамжийг үргэлжлүүлэн олгохдоо зөвхөн цар тахалд нэрвэгдсэн хүмүүст зориулан чиглүүлэх, эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах. Нийгмийн халамжийн хөтөлбөрт өөрчлөлт оруулан зорилтот бүлэгт түлхүү чиглүүлж, эмзэг бүлгийн хамрагдалт, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр ядуурлыг бууруулж, орлогын ялгааг арилгахад тус болох учиртай. Эдийн засгийн өсөлт саарах, эсвэл түүхий эдийн үнэ унах үед хавтгайруулан олгож буй нийгмийн халамжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжүүлэн олгох боломж байхгүй болно. Хүүхдийн мөнгийг 2022 онд Ирээдүйн өв сангийн хөрөнгөөр түр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн ч гэсэн 2023 оноос эхлээд эрх баригчид энэ сангаас зарцуулалт хийхгүй, зөвхөн хуримтлал үүсгээд явах нь зүйтэй юм.
Хоёрдугаарт: 2022 оны төсөвт тусгагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, төсвийн хөрөнгө оруулалт, татварын удирдлагын зардлын үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлийн бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг нэг бүрчлэн гаргах хэрэгтэй байна. Өндөр насны тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлснээр төсвөөс олгогддог татаасын хэмжээг үлэмж бууруулах боломж бүрдэнэ.
Гуравдугаарт: Хөрөнгө, өр төлбөрийн удирдлагыг боловсронгуй болгох, өрийн хөнгөлөлттэй зээлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлуудыг үргэлжлүүлснээр төсвийн орон зайг нэмж чадна. Засгийн газрын гадаад өрийн хэмжээг бууруулах өөр нэг арга нь дотоодын зах зээлээс санхүүжилт босгох, Алсын хараа 2050-д санхүүгийн салбар, засаглалын чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудыг хангахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм.
Дөрөвдүгээрт: Засгийн газрын өрийн зорилтот үзүүлэлтийн одоогоор өнөөгийн цэвэр үнэ цэнээр тодорхойлсон байгаа нь олон нийтэд ойлгомжгүй байгаа бөгөөд үүнийг нэрлэсэн дүнгээр нь ДНБ- харьцуулж тооцож эхэлбэл Засгийн газар төсвийн тогтвортой бодлого хэрэгжүүлж, ил тод байдлаа нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгааг илтгэх сайн дохио болох юм. Хөгжиж буй зах зээлтэй ихэнх орнууд өрийн дунд хугацааны зорилтоо ДНБ-ий 60 хувь дотор барихаар тогтоосон байдаг. Монгол Улс бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад гадаад өр ихтэй учраас арай доогуур буюу ДНБ-ий 50 хувьд барих зорилт тавьж болох юм.
-ОУВС Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк тэргүүтэй бусад олон улсын санхүүгийн байгууллагаас юугаараа онцлог вэ?
-ОУВС бол дэлхийн мөнгө зээлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, бодлогын зөвлөгөө өгөх, чадавх бэхжүүлэх замааар гишүүн орнуудаа дэмжин ажиллаж, дэлхийн макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад туслалцаа үзүүлдэг. Энэ утгаараа ОУВС Монгол Улсад өрийн тогтвортой байдлыг хангах, өрийн зорилтот хэмжээ тогтоох, өрийг удирдах, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын шилдэг туршлагаас хуваалцах боломжтой бөгөөд саяхан болсон зөвлөлдөх хэлэлцүүлгээр эдгээр асуудал мөн хөндөгдсөн. Мөн ОУВС богино болон дунд хугацааны зээл олгож төлбөрийн тэнцлийн хэрэгцээг ханган, гишүүн орон гадаад төлбөр тооцооны үүргээ биелүүлэхэд хангалттай хэмжээний санхүүгийн эх үүсвэр олж авч чадахааргүй бол төлбөрийн тэнцлийн асуудлуудыг нь шийдвэрлэх бодлогын тохируулгын хөтөлбөр боловсруулахад туслалцаа үзүүлдэг. Харин Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон талт хөгжлийн банкууд нь эдийн засгийн хөгжлийн урт хугацааны асуудал, ядуурлыг бууруулахад анхаарлаа хандуулж, техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж, тодорхой салбарт шинэчлэл хийх, тодорхой зорилготой төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Жишээлбэл, сургууль, эмнэлэг барих, ус, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, тодорхой өвчинтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах гэх мэт.
-ОУВС-гаас яг хэчнээн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг вэ?
-ОУВС-гийн зээлийн зорилго бол бодлогын тохиргоог дэс дараа, эмх цэгцтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэлийг хангах боломжийг гаргаж өгөхөд оршино. Бодлогын тохиргоо нь эдийн засаг, өсөлтийг тогтворжуулах нөхцөл суурийг сэргээж өгөх учиртай. ОУВС-гийн дэмжлэг байхгүй бол тухайн оронд хийгдэх бодлогын тохиргоо илүү огцом, сөрөг үр дагавартай байх талтай. Жишээ нь, хөрөнгө оруулагчид санхүүжилт шинээр олгох хүсэлгүй байгаа бол Засгийн газар хүссэн хүсээгүй бодлогын тохиргоо хийхээс өөр арга байхгүй бөгөөд ихэнх тохиолдолд төсвийн зардлыг огцом танаж, зарим нэг зайлшгүй арга хэмжээнээс татгалзах, импорт, эдийн засгийн үйл ажиллагааг хумихад хүрдэг. Үүний зэрэгцээ ОУВС-гийн зээлийн ачаар бодлогын тохиргоог дэс дараатай, тооцоо судалгаатай хийх боломжтой. ОУВС-гийн зээлийг засаж залруулах бодлогын арга хэмжээ дагалддаг учраас зөв зохистой бодлогууд хэрэгжиж байна гэсэн нотолгоо болж өгдөг.
ОУВС-гийн зээлүүд төлбөрийн тэнцлийн болон гишүүн орнуудын онцлог нөхцөл байдлын олон төрлийн хэрэгцээ шаардлагад тохирсон байдаг. Тухайлбал, Стэнд-бай хөтөлбөр нь богино хугацааны дэмжлэг байдаг бол Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь дунд хугацааны асуудлыг хамардаг, харин Түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөр нь онцгой нөхцөл байдлын дэмжлэг юм.
Мөн түүнчлэн, ОУВС-гаас санхүүжилтгүй хөтөлбөр болох “Бодлогын уялдаа холбоог хангах хэрэгсэл”-ийг санал болгодог. Энэ хөтөлбөрийн тусламжтайгаар улс орнууд хандивлагч, олон талт хөгжлийн банкуудад тодорхой дохио өгч чадах эдийн засгийн үр дүнтэй бодлого боловсруулдаг. Үр дүнд нь тухайн гишүүн орны хэрэгжүүлж байгаа бодлогыг ОУВС зөвшөөрч байна гэсэн мэдээ зах зээлд хүрч, бусад эх үүсвэрээс санхүүжилт олж авах боломж нээгддэг.
МОНГОЛ УЛСАД ЗЭЭЛЖИХ ТУСГАЙ ЭРХИЙН ХҮРЭЭНД 98 САЯ АМ.ДОЛЛАР ХУВААРИЛАГДСАН
-ОУВС хөгжиж буй болон бага орлоготой улс орнуудад цар тахлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүн орнууддаа 650 тэрбум ам.доллар олгохоор болсон. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа явж байгаа вэ?
-ОУВС-гаас гишүүн орнууддаа хийх 650 тэрбум ам. доллартай тэнцэх хэмжээний зээлжих тусгай эрх (ЗТЭ)-ийн хуваарилалт 2021 оны наймдугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон. Энэ хуваарилалт КОВИД-19-ийн хямралын үр дагавартай чадан ядан тэмцэж байгаа хамгийн эмзэг гишүүн орнуудад хамгийн их хэрэгтэй дэмжлэг болж байгаа юм. ОУВС-гийн гишүүн орон бүрт тус сан дахь квот буюу одоогийн хувь эзэмшилтэй нь хувь тэнцүүлэн хуваарилалт хийгдсэн.
-Манай улс энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юу?
-Мэдээжийн хэрэг, хамрагдах боломжтой. Монгол Улсад ОУВС дахь 0.015 хувийн эзэмшилд нь ногдох тухайн үеийн ханшаар 98 сая ам. доллар (69.3 сая ЗТЭ-тэй тэнцэх хэмжээ) хуваарилагдсан. ЗТЭ-ийн энэхүү эх үүсвэрийг одоогоор Монголбанкны гадаад валютын нөөцөд байршуулсан байгаа бөгөөд эрх баригчид энэ эх үүсвэрийг цаашид хэрхэн ашиглах шийдвэрээ гаргах учиртай. 2021 оны зөвлөлдөх хэлэлцүүлгийн үеэр бид энэ эх үүсвэрийг хөнгөлөлттэй бус нөхцөлтэй, өндөр өртөгтэй өр төлбөрөөсөө барагдуулахад ашиглаж, гадаад өрийн үзүүлэлтээ сайжруулах боломжтой гэсэн зөвлөмж өгсөн.
МУУ ЗАСАГЛАЛ, ИЛ ТОД БУС БАЙДЛЫН БАЛГААР АВЛИГА ГАЗАР АВАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙСАН
-Монголд ажилласан хоёр жил гаруйн хугацаагаа та хэрхэн дүгнэх вэ?
-Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрдөг шүү. 2019 оны долоодугаар сард намайг Монголд ирээд ажлаа авах үед Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт миний ажлын гол хэсэг байлаа. Удалгүй хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө байгаагүй цар тахалтай бид бүгд нүүр тулсан. Үнэхээр амаргүй үүрэг даалгавартай тулж байсан ч гэсэн маш богино хугацаанд эрх баригчидтай нягт хамтран ажиллах үнэ цэнтэй боломж надад олдсон. Би бараг өдөр бүр Монголын төрийн технократ буюу сор болсон мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцан тэдний ажил, мэргэжлийнхээ төлөө ямар их хичээл зүтгэл гаргадгийг харж бахархаж байлаа. Тэдний хамтын ажиллагаа, найрсаг дотно зан, илэн далангүй байдлын ачаар би Монгол Улсын тухай маш ихийг олж мэдэж, нарийн төвөгтэй асуудлуудыг хурдан ойлгож чадсан.
Монгол Улс нүүрс, зэс, алт гээд маш олон төрлийн ашигт малтмалын арвин их нөөцтэй, энэ нь дэлхийн хамгийн хурдацтай өсөлттэй улс орнуудын нэг болох асар их боломжийг нээж өгч байгаа. Гэхдээ олон орны харьцуулсан судалгааны үр дүнг харахад ашигт малтмалын нөөцтэй байлаа гээд хөгжил дэвшил зүгээр хүрч ирэхгүй гэдэг нь тодорхой байна. Байгалийн нөөц баялаг ихтэй улс орнууд тэлэлт, агшилтын мөчлөгт баригдсан жишээ олон бий. Энэ балаг Монгол Улсыг ч тойрч гараагүй, эдийн засаг нь тогтворгүй байдал, хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унах үед гадаад валютын нөөц шавхагдаж, төрийн сангийн данс улайх эрсдэл тулж, муу засаглал, ил тод бус байдлын балгаар авлига газар авах нөхцөл бүрдэж ирсэн.
Миний бодлоор дүр зураг өөрчлөгдөх боломж одоо нээгдэж байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр эрх баригч намд эрх мэдэл бүрэн төвлөрснөөр чухал ач холбогдолтой шинэчлэлүүдийг хийх боломжийг бүрдүүллээ. Төрийн удирдлагад байгаа бүх хүмүүс зөв зохистой бодлого хэрэгжүүлж, засгийн газар шаардлагатай шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэх хүсэл зориг дүүрэн байгааг харж байна. Жишээлбэл, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (FATF)-аас өгсөн зөвлөмжүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс жил хүрэхгүй хугацаанд саарал жагсаалтаас гарсан. Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтыг богино хугацаанд хийж гүйцэтгэсэн нь дэлхийн хэмжээнд ч онцгойрч байна.
Цар тахлын сорилт арилаагүй байгаа ч гэсэн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа нь эдийн засаг сэргэж, өсөх замдаа орох боломжийг гаргаж өгч байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд байсан тэлэлт, агшилтын мөчлөгийн оронд Монгол Улс макро эдийн засгийн зохистой бодлого хэрэгжүүлж, энэхүү гэнэтийн их орлогыг сайн ашиглаж чадна гэж найдаж байна.
2024 оны дунд хүртэл сонгууль байхгүй байгаа учраас ирэх хоёр жил тулгамдсан сорилтуудаа шийдвэрлэхэд шаардлагатай бат бөх суурь тавих бодлогын далайцтай шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх шийдвэрлэх боломжийг Монгол Улсад олгож байна. ОУВС-гийн хувьд Монгол Улсын эдийн засгийн нөөц бололцоог бодит зүйл болгож, иргэдийн амьдралын түвшинг сайжруулахад чадах чинээгээрээ туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ОУВС нэртэй Долларын эзэд Монголыг 30 тэрбум ам долларын өрөнд унгасан