МАН дүрмээ шинэчилж, авлигачдад ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ авдаг боллоо

2021 оны 12 сарын 08

МАН-ын 30 дахь Их хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ үеэр олон нийтийн анхаарлыг татсан нэг асуудал нь тус нам үндсэн дүрэмдээ тодорхой шинэчлэл хийж, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүддээ хариуцлага тооцдог болох заалт оруулсан явдал юм. Энэ эрх баригч намын нөлөө бүхий хүмүүс хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна. 

Д.АМАРБАЯСГАЛАН: МАН ХЭН НЭГНИЙ АШИГ ХОНЖОО ОЛОХ, АЛБАН ТУШААЛД ХҮРЭХ ШАТ БАЙХ ЁСГҮЙ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Монгол Ардын Нам дэвшилтэт нам болохын хувьд намаас сонгогдон, томилогдож, төрийн болон улс төрийн алба хашиж буй гишүүдэд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээдэг улс төрийн соёлыг хэвшүүлэх ёстой.Үүний тулд намын ардчилалын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, Монгол Ардын намын үнэт зүйлийг сэвтээж буй ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлдэггүй, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх, төрийн болон улс төрийн албан тушаалд томилоход дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг, Намын хяналтын ерөнхий хороо болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэс болгон хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Улс төрийн нам бол ард түмний улс төрийн хүсэл зориг, үзэл бодлыг илэрхийлж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн институт мөн. Түүнээс биш хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш юм.

Д.ТОГТОХСҮРЭН: НАМААС АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДСОН  2000 ГАРУЙ ХҮНИЙГ ХАРИУЦЛАГАЖУУЛНА

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-МАН-ын 30 дахь Их хурал хэд, хэдэн чухал тогтоол баталлаа. Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлтэй холбогдуулан намаас томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлагыг дээшлүүлэх тогтоол гарсан. Манай намаас нэр дэвшиж, албан тушаалд ажиллаж байгаа 2000 гаруй хүн бий. Тэдний хариуцлагыг дээшлүүлэх асуудал бий. Тэдгээр гишүүдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүднээс авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдтэй хэрхэн яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудлыг намын дүрэмд тодорхой болгож тусгасан. Намын дүрмийн өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзэнэ. Шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно. Ингэснээр авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг МАН дүрэмдээ томоохон шинэчлэл хийж чадлаа.

Б.БАЯРБААТАР: МАН-ЫН ГИШҮҮД ҮГ, ҮЙЛДЭЛ НЭГ БАЙЛГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА

МАН-ын хяналтын хорооны дарга Б.Баярбаатар:

-Ердөө хэдхэн хоногийн өмнө МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар МАН авлигатай тэмцэх  үйл ажиллагааг эрчимжүүлэх болно гэдгээ олон нийтийн хэвлэл мэдээллээр олон түмэнд мэдэгдээд байгаа билээ. Олон улсын Транспаренси интернэшнл байгууллагын мэдээллээр 2020 оны байдлаар авлигын индексээр Монгол улс 35 оноогоор дэлхийн 180 орноос 111-т оржээ. Уг нь дөрвөн жилийн өмнө 2016 онд 37 оноогоор 87-д орж байсан бол одоо 35 байраар ухраад байгаа юм. Жилээс жилд авлига нэмэгдээд байна уу эсвэл бусад улс орон биднээс илүү авлигыг арилгаж чадаад байна уу гэсэн асуулт аяндаа урган гарч байна.

Авлига ихтэй улс оронд ард иргэд нь өвчин зовлонд нэрвэгдэж, мэргэжил боловсрол эзэмшиж чадахгүй, ажилгүй, орлогогүй болж ядуурдаг. Хүний дайтай амьдрах эрхээ эдэлж чаддаггүй. Бараг гурван хүний нэг нь ядуу амьдарч байгаа өнөө цагт жинхэнэ нүдээ олсон, улс төрийн эр зориг гаргасан энэ шийдвэрийг Монголын ард түмэн чих тавин сонсож, хүлээж авсан.  Намын удирдлагын улс төрийн энэ шийдвэрийг ажил хэрэг болгох эсэх нь гагцхүү бид бүгдийн хамтын хүчин чармайлт, хичээл зүтгэлээс шалтгаалах болно.

Шат шатны намын байгууллага үйл ажиллагаандаа социалдемократ үзэл баримтлалаа мөрдөж, авлигатай тэмцэж, шударга, ил тод байх, хүний эрхийг дээдлэх зарчмыг мөрдлөг болгох ажиллах үүрэг хүлээж байна. Монголын ард түмний өмнө МАН-ын гишүүд үг, үйлдэл нэг байлгах үүрэг хүлээж байна.

Д.ДОРЖ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
о(59.153.113.33) 2021 оны 12 сарын 08

торгодог

0  |  0
ша а на а биз(192.82.76.132) 2021 оны 12 сарын 08

Д.АМАРБАЯСГАЛАН: МАН ХЭН НЭГНИЙ АШИГ ХОНЖОО ОЛОХ, АЛБАН ТУШААЛД ХҮРЭХ ШАТ БАЙХ ЁСГҮЙ

0  |  0
durem(103.26.193.88) 2021 оны 12 сарын 08

odoo oboo neg bossod irlee gesen shigel 3 menelegt dotor ulzere yarisar baina.

0  |  0
durem(103.26.193.88) 2021 оны 12 сарын 08

odoo hurtel uzlere chnag yarigcahr radio stanar yarisara baina.chi ah heldeg ug aab oboo hedleg ug bodol doo. geel.

0  |  0
дүрэм(103.111.68.3) 2021 оны 12 сарын 08

энэ намын дүрэмд байхгүй болохоор л авлига аваад бсан юм уу

0  |  0
Top