Өнөөдөр /2021.12.08/ Төрийн ордонд Авлигын эсрэг үндэсний чуулган болж байна. Уг чуулганаар авлигатай тэмцэх бодлого, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, олон нийтийн хамтын ажиллагаа, тэдгээрийн үр дүнг хэлэлцэж буй юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд хэлсэн үгэндээ “Төрийн үйлчилгээнд хүний хүчин зүйлийн хамаарлыг бууруулж, цахимжуулах замаар авлига, төрийн хүнд суртлыг халж, ил тод, шуурхай, нээлттэй болгох суурь шинэчлэлүүдийг хийж дуусгана.
2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулан, хүний хүчин зүйлийг багасгана.
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлж, төрийн бүтээмж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна.
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Төрийн албаны ёсзүйн тухай хуулийг батална.
Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчилнэ.
Авлигын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалтыг хийнэ” хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )