“Таван толгой түлш” үйлдвэрийн хүчин чадлыг нэмнэ

2021 оны 12 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, зарим асуудлыг хэлэлцсэн байна. Хуралд агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулжээ. Тус танилцуулгатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал, агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлсон дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ.

Мөн 2022 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын усан халаалтын зуух, технологийн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуухны эх үүсвэр тус бүрт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар судалж, дүнг танилцуулахыг даалгасан аж.

Түүнчлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг нэмэхтэй холбогдуулан 2022 онд “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болсон байна. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн байна. Тиймээс халаалтын зуухыг буулгаж, 2022 онд төвлөрсөн дулаан хангамж, цахилгаан болон хийн халаалтад шилжүүлснээр 120 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоох тооцоо гарчээ. Ингэснээр агаарт хаягдах PM10 тоосонцрын хэмжээ 1900 тонн, хүхэрлэг хийн хэмжээ 570 тонноор буурах гэнэ.

Мөн хуралдаанаар Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажлыг шуурхайлахыг төсөл боловсруулах Ажлын хэсэгт даалгаж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгосон байна. Төрийн бүтээмж, боомт, эрчим хүч, Улаанбаатар хотын автозамын түгжрэл, аж үйлдвэржилт, байгалийн нөөц гэсэн асуудлууд өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлс болж байгаа.

Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд шийдвэрлэж сүүлийн 10 жилд тасралтгүй буурсан ажиллах хүчний оролцоо болон бүтээмжийг сайжруулах цогц арга хэмжээнүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлснээр эдийн засаг сэргэж, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоно гэж үзэж байгаа аж. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх багц хуулийн төслийг боловсруулах ажил нь “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн арга хэрэгслийн нэг гэж тодорхойлжээ.

Ж.САЙХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top