У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

2021 оны 12 сарын 13

Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд өнгөрсөн баасан гарагт боллоо. “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулж байгаа форумаар “Эрх зүйн шинэчлэл-Хүний эрх”, “Тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх, асуудал-шийдэл”, “Хууль тогтоох эрх мэдэл ба хүний эрх”, “Хүний эрхийн төлөв байдал,” “Хүний эрх ба шүүх эрх мэдэл”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө” зэргийн талаар илтгэл сонсож хэлэлцүүлсэн юм.

Форумын нээлт дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Хүний эрх, эрх чөлөө бол нэг өдрийн, нэг жилийн, нэг Засгийн газрын үйл хэрэг, хөдөлгөөн огтоос биш. Харин амьсгалах агаар мэт хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ шаардлага гэдгийг байнга санах учиртай. Хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, баталгаажуулах асуудал нь Үндсэн хуульд зааснаар төрийн бүхий л институцийн бодлогын төвд ямагт байх асуудал юм. Хүний эрхийг баталгаатай эдлүүлэх үйлсэд хүн бүрийн хичээл зүтгэл онцгой чухал билээ.

Төрийн тэргүүний хувьд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалах” үүргийнхээ хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах зөв зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжин ямагт хамтран ажиллах болно. Хүн бүр хүний эрхэм чанарыг дээдэлж, хүнлэг ёс суртахуун, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хүндтэй үүргээ хором мөч бүрт сахин биелүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна” гэсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top