Засгийн газар мягмар гаригт (2021.12.14) хуралдаж, нийт 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нар мэдээлэл хийснийг тоймлон хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Засгийн газрын хуралдаанд Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж байгаа Ажлын хэсгийн зүгээс хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл өглөө. Мөн хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талаас Монгол Улсын Засгийн газарт тавьж байгаа саналуудын талаарх танилцуулга хийсэн. Ингээд уг танилцуулгатай танилцаж, ирүүлсэн саналын хүрээнд нь дэмжиж, УИХ-ын Түр хороогоор хэлэлцүүлэн, УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулгыг УИХ-д оруулахаар шийдвэр гаргалаа.
Өмнө нь нэг санал ирүүлэхдээ 70 хувийг нь тэглэе гэсэн бол энэ удаад 2.3 тэрбум ам.долларын бодит өрийг тэглэе гэсэн санал ирүүлсэн. Хоёрдугаарт, 2015 онд байгуулагдсан “Дубайн гэрээ” буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг ямар нэгэн болзол нөхцөл тавихгүйгээр цуцлахаар болсон. Бид далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтийг байнга ярьж ирсэн. Харин элдэв төрлийн хардлага, сэрдлэгэд цэг тавихын тулд далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулъя гэсэн манай саналыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Дөрөвдүгээрт, гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцахаар болж, босгосон мөнгө нь “Эрдэнэс Оюу толгой” дээр өр болж үлдэхгүй гэсэн. Тавдугаарт, “Оюу толгой” ХХК-ийн засаглал, гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээг авч, гарах зардлыг хариуцна гэдгээ хөрөнгө оруулагч тал мдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг “Эрдэнэс Оюу толгой”-д өгч байх юм. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын тавдугаар заалтад “Эрдэнэс Оюу толгойг чадавхжуулах” гэсэн өгүүлбэр байсан. Ер нь энэ ирүүлж байгаа саналууд 92 дугаар тогтоолд хариулт өгөх агуулгатай.
Сүүлд нь Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгой төсөл эрчим хүчээ авах гэрээгээ байгуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.
Ойролцоогоор 9.6 центээр 1кВт эрчим хүчнийхээ өртгийг тогтож, тогтвортой байдлын гэрээ байгуулж байгаа. Энэ гэрээний нөгөө нэг давуу тал нь банкнаас мөнгө босгох боломжтой болсноороо бид Тавантолгойн эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох санхүүгийн баталгаа болж байгаа юм.
Засгийн газар эдгээр саналуудыг үндсэндээ хүлээн авч, УИХ-ын Түр хороонд танилцуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулга хийн гэрээ хэлцлийг албажуулах ажлуудыг цаашид хийнэ. Мөн хоёр талаас үүсгэсэн Арбитрын маргаанаа зургаан сарын хугацаатай хойшлуулж, эвийн журмаар хэлэлцээр хийе гэдэг саналыг ирүүлсэн.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоо, аймгийн ЗДТГ-ын бүтэц, аймаг, сумын ИТХ-ын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоолоо.
Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, төрийн данхар бүтцэд орж байна. Тийм учраас цаашдаа төр цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэц рүү чиглүүлж явна. Энэ бүтцийн өөрчлөлтийн ажлууд дундаас дээш түвшинээс эхэлнэ.
Төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээний албаны хүмүүсийг шууд цомхотгоно гэдэг буруу ойлголт явж байгаа. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хамгийн том хязгаарлагч хүчин зүйл бол төрийн бүтээмжийн асуудал юм. Төр өөрөө өрөөсөө шинэчлэлээ эхлүүлнэ. Энэ хүрээнд аймаг, орон нутаг, НИТХ, Засаг даргын Тамгын газрын орон тоог хязгаарлаж тогтоож байна. Ирэх онд болох төрийн албаны шалгалтыг мөн цөөлж, цахимд суурилсан зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүүгээ түргэвчлэх шийдвэр гарч байна.
Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ, Засгийн газрын харьяа байгууллагаас хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтыг 50 хувь цөөлөх шийдвэр гаргалаа. Харин төрөөс төрд чиглэсэн буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарт хийдэг хяналт шалгалт хэвийн үргэлжилнэ. Энэ жил ЭМЯ-наас явуулж байгаа төсвийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийгдсэн. Үүнээс ололттой зүйл ч бий, цаашид засаж залруулах ажил ч байгаа. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалын салбарт хийгдэх нь төсвийн шинэчлэлийн томоохон ажил болох учиртай.
ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн:
-Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоо, аймаг, сумын ЗДТГ-ын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол гаргасан. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлсэн. Энэ бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах асуудал байгаа. Энэ ажлын хүрээнд төвлөрөлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан чиг үүргийг дахин хуваарилах аргачлал гэж бий.
Энэ аргачлал болон чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар гэсэн стандартуудыг баримтлан бүтэц, орон тооны асуудлыг Засгийн газарт оруулж батлууллаа. Энэ нь төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, бүтцийг цомхон, чадварлаг болгож иргэдэд үйлчилгээ үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд томоохон алхам боллоо.
Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны орон тооны хязгаарыг 35-аас хэтрүүлэхгүй бол аймгийнх 8-12, сумынх 3-4, дүүргийн ИТХ-ын Ажлын алба дүүргийнхээ хүн амаас хамаарч 8-21 байхаар тогтоосон. Аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамаарч 34-46 хүртэл байхаар тогтоож өглөө. Аймгуудын төрийн захиргааны байгууллагад чиг үүргийн шинэчлэл хийж, хэлтэс, тасаг хоорондын чиг үүргийн давхардал үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг Засаг дарга нарт даалгалаа.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )