Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путины урилгаар тус улсад айлчилж буй энэ үед хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд анхаарал хандуулсан мэдээллийг цувралаар хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сард Дорнын эдийн засгийн чуулганд цахимаар оролцохдоо ирэх олон жилүүдэд баримтлах Монгол Улсын хөгжлийн бодлого хийгээд гадаад харилцааны бодлогын уялдаа, харилцан хамаарал чухал байгааг тодотгосон. Газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг тавьж байгаа талаараа албан ёсоор илэрхийлсэн билээ.
Тэрбээр Алс Дорнодын эдийн засгийн харилцааны чиглэлээр Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах тухай хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто замын коридорыг шинэчлэх, шинээр барьж байгуулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж байгаагаа илэрхийлж байв.
Гурван улсын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тээврийн бүх төрлөөр, түүний дотор төмөр замын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх харилцан уялдаатай төлөвлөлтийн тухай тохиролцсон байдгийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов мөн тодотгож байсан. Түүнчлэн Ази-Европ болон ОХУ-БНХАУ хоорондын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхийн тулд гурван улсын тээврийн дэд бүтцийн харилцан уялдааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ, Монгол Улсыг бид үргэлж дамжин өнгөрүүлэгч маш чухал улс гэж харсаар ирсэн хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа байр сууриа илэрхийлсэн байдаг. Мөн тэрбээр Монгол Улсын төмөр замын сүлжээний өргөтгөлд тус дэм болоход хэзээд бэлэн, энэ бүх үйл явц, хамтын ажиллагааны тулгуур, зүтгүүр нь УБТЗ гэж хэлсэн байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2019 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай улс ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах асуудал яригдсан. 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.доллароор Зүүнбаян-Ханги чиглэлийн 281 километр төмөр зам, Овоот-Эрдэнэтийн 560 километр төмөр зам барих, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэхэд зарцуулах талаар ярилцсан байдаг. Эдгээр төмөр зам баригдвал ач холбогдол их юм.
Тодотгоход, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-ын Төмөр замын ерөнхий захирал О.В.Белозёровтой төмөр замын асуудлаар яриа, хэлэлцээр хийх юм.
Сэтгэгдэл ( 0 )