Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Сарын өмнө ОХУ-ын Сочи хотноо болсон уран гулгалтын гран-при тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлэхдээ дэлхийн рекордыг шинэчилсэн Камила Валиевагийн тухай ХААНААС ИРСЭН ОХИН БЭ? КАМИЛА, ЧИ! хэмээн бичиж байлаа. Тэгвэл өнөөдөр энэ асуултынхаа хариуг оллоо. Тиймээ, тийм. Камила охин минь чи "Харь гаригаас" иржээ. Өнөөдөр өндөрлөсөн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд 15 настай татар охин Камила Валиева тасархай түрүүллээ. Чөлөөт үзүүлбэртээ Камила 4 эргэлттэй үсрэлт гурвыг ( 4 сальхов, 4 тулуп-3 тулуп, 4 тулуп-ойлер-3 сальхов), мөн З аксель амжилттай гүйцэтгэсэн. Хамгийн хүнд хэцүүд тооцогддог, "ультра си" гэж нэрлэгддэг техникийг төгс гүйцэтгэж, мөсөн дээр "Болеро" -г амилуулж, испани бүжгийн хэм хэмнэл, давтамж, эрч хүч, эмоциг утгаар нь харуулж, Санкт-Петербургийн "Юбилейный" ордонд хуран цугласан, "цэнхэр дэлгэцээр" үзэн суугаа сая сая хүмүүсийг уран тансаг гулгалтаараа ховсдож, тэр гээд бичихийн аргагүй тийм сайхан мэдрэмжийг тэшүүрийнхээ ирээр сийллээ. Гоёл чимэглэлээ зүүсэн сүлд мод, цэцэг чихмэл тоглоомоор "булах" үзэгчид улам ч сэтгэл хөдөлгөж, хөөргөж, баясал авчирч, бахархал төрүүлэх ажгуу.
Хамгийн гол нь "Quad Queen" Трусова, дэлхийн аварга Анна Щербакова, дэлхийн аварга Елизабета Туктамышева, маргаашийн уран гулгалтын гол дүрүүд болох 14 настангууд ( Софья Самоделкина, Аделия Петросян) нарын хэн нь ч өрсөлдөх бүү хэл дөхөж очиход ч хэцүү тийм л үзүүлбэр, гулгалт, гүйцэтгэлээрээ Камила өөрийгөө "өөр ертөнцийнх" гэдгээ харуулж, ёстой л "галав юүлэхгүй л бол" гарцаагүй Бээжингийн олимпийн алтан медаль "минийхээ" хэмээн тунхаглачихлаа.
Нийт 283,48 оноогоор Камила Валиева сүүлийн гурван жил Оросын аваргаар шалгарсан Аннагийн "ноёрхолыг" таслав. Мөнгөн медалийг гэмтлээс эргэн ирсэн Александра Трусова 248,65 оноогоор( богино хөтөлбөрт 3А -аас унаж 5-д бичигдсэн ч чөлөөт үзүүлбэртээ 4 эргэлттэй гурван үсрэлт,3Аксель амжилттай гүйцэтгэсний ачаар Европын АШТ, Олимпийн наадамд оролцох эрхээ халааслав), харин хүрэл медалийг 239,56 оноогоор дэлхийн аварга Анна Щербакова хүртлээ. Мөн л Европ, Олимпод оролцох нь. Анна чөлөөт үзүүлбэрт ганцхан удаа 4 эргэлттэй үсрэлт ганцыг (4 флип) хийсэн нь амжилтгүй болсон. Ийм хөтөлбөрөөр Алиева, Трусова нартай өрсөлдөх боломжгүй л дээ. Чөлөөт үзүүлбэртээ доор хаяж 4 эргэлттэй үсрэлт 3-ыг амжилттай гүйцэтгэж байж л тэднийг оноогоор гүйцэх магадлалтай юм. Туктамышева бол угаасаа 3 аксель гэсэн ганц "хөзрөөр" цаашид тоглох боломжгүй, шахагдаж байна даа.
Эмэгтэйчүүдийн уран гулгалтын түүхэнд анх удаа 4 риттбергер амжилттай гүйцэтгэсэн 14 настай Аделия Петросян, 4 сальхов, 4 лутц гүйцэтгэж буй мөн л 14 настай Софья Самоделкина , 4 тулуп, 4 сальхов гүйцэтгэж буй Майя Хромых нар гээд "ээлжээ" хүлээж буй олон авьяастнууд ч байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медалийн тавцанд дан Этери Тутберизигийн шавь нар зогслоо. Аргагүй л энэ цаг үеийг эзэгнэсэн дасжалжуулагч юм аа.
Этери гэснээс түүний охин Диана Дэвис хослон гулгагч Глеб Смолкиний хамтаар бүжгийн хос төрөлд мөнгөн медаль хүртэж, Олимпийн багт багтсан нь бөөн хэл ам дагуулж байгаа. Этериг шүүгчдийн оноонд "нөлөөлсөн" гэж үзэж буй цөөнгүй хүмүүс байгаа бол Диана, Глеб нар бидний ээж, аав олны танил( Глебийн аав нь жүжигчин Борис Смолкин) болохоор ийм хэл ам гарч буй хэмээн тайлбар өгч байгаа.
Бүжгийн хосод Европын АШТ-ий 3 хүрэл, нэг мөнгөн медальт Александра Степанова/Иван Букин нар хоёр жил дараалан Оросын аварга болсон. Олимпод бол гол өрсөлдөгчид нь
дэлхийн аварга Виктория Синицина/ Никита Кацалапов нар байх болноо.
Харин Диана /Глеб нар "татуулсан" , үнэхээр гэнэт ийм сайжирсан уу гэдгээ тайлагнах биз ээ.
Спорт хосод дэлхийн аварга Анастасия Мишина/ Александр Галлямов нар алт, ДАШТ-ий хүрэл медальт Александра Бойкова/ Дмитрий Козловский нар мөнгө, Европын хошой аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт Евгений Тарасова/ Владимир Морозов нар хүрэл медаль хүртсэн. Олимпоор ч энэ гурван хос эхний гуравт зогсож байхыг үгүйсгэж боломгүй.
Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд оросууд олимпийн медаль тун хэцүү. Оросын аварга анх удаа болсон Марк Кондратюк, мөнгө зүүсэн Михаил Колядо, хүрэл медалийн эзэн болсон Андрей Мозалев нар удахгүй болох Европын АШТ, улмаар Бээжинд гулгах боллоо доо.
Сэтгэгдэл ( 5 )
Олимпод Валиева туруулэх нь тодорхой байгаа, харин 2,3т хэн гэдэг нь шируун орсолдоон болно
Орос гүрэн уран гулгалтын спортын дэлхийн 1 номер, аугаа школтой, супер гүрэн шүү
Би чамд хайртай
Yag ali garig uim bol. Huuhedee tend surgiya.
Хэн нь ч түрүүлж мэднэ. Хар хэл амнаас болгоомжилоорой