Цагаан олимпын түүхээс: САНКТ МОРИЦ-1928

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

“Бээжин-2022” өвлийн олимп эхлэх мөч ойртсонтой холбогдуулан цагаан олимпын түүхийг цувралаар хүргэж байна.

                            ***            ***           ***

Шамонид болсон анхны цагаан олимп “Олон улсын өвлийн спортын долоо хоног” нэрийн дор явагдсан бол 1928 оноос эхлэн албан ёсоор өвлийн олимп хэмээн нэрших болжээ.

Швейцарт болсон өвлийн олимпод Европ тивийнхэн түлхүү орсон нь мэдээж. Бусад  тивүүдээс АНУ, Канад, Аргентин, Мексик, Японы багууд хүрэлцэн ирэв. Энэ удаагийн наадамд скелетоны төрөл нэмэгдэн оржээ. Нийт 25 орны 464 тамирчин (үүнээс 26 нь эмэгтэй) зургаан спортын 14 төрөлд 14 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Скелетоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хурд сорьсон Америкийн Женнисон Хитон “Санкт Мориц 1928”-ын анхны алтан медалийг авлаа. Тэрбээр дараа нь таван хүнтэй бобслейн төрөлд мөнгөн медаль зүүсэн юм.

Багийн дүнгээр өмнөх олимпын адил норвегичууд өнгөллөө. Өмнө нь алтынхаа тоогоор Финландтай тэнцэж, мөнгөн медалийн чанараар илүүрхэж байсан тэд энэ удаа хол тасархай түрүүлсэн юм. Норвегичууд Санкт Морицод 25 тамирчны бүрэлдэхүүнтэй ирж, зургаан алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай буцжээ.

Нийт 12 орон медаль авсан нь “Шамони 1924”-өөс хоёроор нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт медалийн 58.5 хувь буюу 24-ийг нь Скандинавын хойгийн гурван улс болох Норвеги, Швед, Финланд хүртэж, өвлийн спортын төрөлд аргагүй сайн гэдгээ нотлон харуулсан. Тус бүр хоёр алтан медаль эх орондоо авчирсан Финландын Клас Тунберг, Норвегийн Юхан Греттумсброттен нар энэхүү олимпын гол баатрууд байв.

Финланд залуугийн хувьд Шамонигаас гурван алттай ирсэн бол энэ удаа хоёрыг нэмж, өвлийн олимпын таван алтан медальтай болжээ. Түүнчлэн Норвегийн Бернд Эвенсен гүйлтийн тэшүүрийн бүх төрөлд (500, 1500, 5000 метр) медаль зүүж, нэгэн өвөрмөц амжилтын эзэн болов. Уг нь 10000 метрийн уралдаан болох байсан ч мөс хайлсны улмаас цуцлагджээ.

Норвегийн уран гулгагч Соня Хени анхны алтан медалиа Швейцарын талбайгаас авсан. Тэрбээр нээлтийн өдөр 15 нас, 316 хоногтой байсан бөгөөд хамгийн залуу олимпын аварга гэсэн рекордыг олон жилийн турш эзэмшсэн юм. Сүүлд 1998 оны Наганогийн олимпод Америкийн Тара Липински түүний рекордыг (олимп эхлэх үед Тара 15 нас, 242 хоногтой байжээ) эвдсэн түүхтэй.

Зохион байгуулагч швейцарчууд хамгийн нүсэр буюу 44 тамирчинтай оролцсон ч хоккейгоор ганц хүрэл медаль хүртжээ. Энэ нь тус улсын түүхэнд хамгийн тааруу оролцсон өвлийн олимп болсон байна.

Хоккейн тэмцээнд урьдын адил Канадын шигшээ илт давуу түрүүллээ. Торонтогийн их сургуулийн тус баг гурван тоглолт дараалан хожихдоо нэг ч шайб алдаагүйн дээр өрсөлдөгчийнхөө хаалганд 38 гоол хийсэн юм. Тэмцээний мэргэн буучаар Канадын довтлогч Давид Троттье 15 оноотойгоор (12+3) тодорчээ.

Медаль авсан орнууд

Улс                        Алт  Мөнгө   Хүрэл     Нийт

1.Норвеги             6         4            5            15

2.АНУ                    2         2            2            6

3.Швед                  2         2            1            5

4.Финланд             2        1             1            4

5-6.Канад              1         -             -             1

5-6.Франц             1         -             -            1

7.Австри                -         3             1           4

8-12.Бельги           -         -              1           1

8-12.Их Британи   -         -              1           1

8-12.Герман          -         -              1           1

8-12.Чехословак   -         -              1           1

8-12.Швейцар       -         -              1           1

Нийт                      14      12           15         41

МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top