Л.Төр-Од: Шүгэл үлээгчийг урамшуулах тогтолцоог хуульчлах шаардлагатай

2022 оны 01 сарын 31

Монгол Улс авлигын индексээрээ 180 улсаас 110-д жагссан. Энэ нь манай улс авлигын индексээрээ нэг байр урагшилсан үзүүлэлт ажээ. Улс орнуудын авлигын индексийн судалгааг Трансперенси интернэшнл олон улсын байгууллагаас энэ сарын 25-ны өдөр зарласан юм. Үүний талаар Транспаренси интернэшнл-Монгол ТББ-ын тэргүүн Л.Төр-Одоос тодрууллаа.


-Дэлхийн улс орнуудын авлигын индексийг хэрхэн, яаж тооцоолон гаргадаг вэ?

-Транспаренси интернэшнл олон улсын авлигын эсрэг иргэний нийгмийн эвсэл нь нийт 120 гаруй улсад салбартай байгууллага юм. Монгол Улсад 1999 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улмаар 2003 оноос хойш ТББ болж эрх зүйн статустай болсон. Авлигын төсөөллийн индексийг олон улсад 1995 оноос хойш судалгааг нэгтгэн гаргаж, олон нийтэд танилцуулж, багц зөвлөмжүүдийг улс орны төр засгийн тэргүүнүүдэд уламжилдаг. Манай улсын хувьд 1998 оноос хойш авлигын төсөөллийн индексэд хамрагдаж байгаа. Монгол Улсын индексийг гаргахдаа жил бүр 8-9 эх сурвалжид тулгуурлаж гаргадаг.

Бусад улс орнууд 3-12 эх сурвалжийн нийлбэр дүнгээр авлигын төсөөллийн индексээ гаргадаг юм. Энэхүү судалгаанд 180 улс сүүлийн 3-4 жилийн турш хамрагдаж байна. Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, Өрсөлдөх чадварын олон улсын төв гэх мэт байгуллагуудаас жил бүр судалгаа хийдэг. Үүний үндсэн дээр судалгааг нэгтгэж, шинжээчдийн оноог дундажлан авлигын төсөөллийн индексийг гаргадаг.

-Нийт 100 оноогоор дүгнэдэг юм билээ. Хамгийн бага оноог авах тусмаа авлигын хэмжээ өндөр гэж ойлгож болох уу?

-Гол асуудал бол зэрэглэл, эрэмбэдээ биш. Үнэлж дүгнэхдээ өгөх оноо нь уг индексийн гол зүйл гэж хэлж болно. 100 оноо руу дөхөх тусмаа авлига хамгийн бага гэсэн үг. Тухайлбал, Ази номхойн далайн бүс нутгаас Сингапур, Шинэ Зеланд зэрэг улсууд хамгийн бага авлигатай улс болсон. Шинэ Зеланд улс 100-гаас 88 оноо авсан.

Тиймээс хамгийн бага оноо авах тусам авлига нэмэгдсэн, өссөн гэсэн үг. Жишээлбэл, БНАСАУ хамгийн бага оноо авсан. Тэгэхээр авлига ихтэй улс гэсэн үг юм. Үүнд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Авлигыг Транспаренси интернэшнл байгууллагаас мөнгөн хээл хахууль өгөх, авах, зуучлах хэлбэр бүхий явцуу утгаар авч үздэггүй. Нийтийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо явцуу байдлаар урвуулан ашиглахыг авлига хэмээн тодорхойлж байгаа.

-Манай улсын хувьд авлигын төсөөллийн индекст хамгийн өндөр оноог хэдэн онд авч байсан бэ?

-Дэлхийн улс орнууд авлигын төсөөллийн индексийг сүүлийн 10 жилийн хугацаанд ямар ахиц дэвшил, уналт бууралттай байгаа талаар харьцуулан судалгаа дүгнэлт гаргадаг онцлогтой. Манай улс авлигын төсөөллийн индексээрээ хамгийн дээд тал нь 39 оноог 2012 онд авч байсан. Сүүлийн гурван жилийн туршид 35 оноотойгоор эрэмбэлэгдсэн. Товчхондоо авлигын түвшин зогсонги байдалд орсон гэсэн үг. Гэхдээ буураагүй.

-Монгол Улсын авлигын төсөөлийн индексийг тооцоолон гаргахдаа 8-9 эх сурвалжид тулгуурладаг гэлээ. Авлигын төсөөллийн индекст оноо алдсан ямар эх сурвалжууд байгаа бол?

-Манай улсын авлигын төсөөллийн индексийг гаргахад нөлөөлсөн эх сурвалжууд бий. Монгол Улсын оноо алдсан хоёр эх сурвалж нь Дэлхийн эдийн засгийн форум болон Швейцарь төвтэй Олон улсын өрсөлдөх чадварын судалгааны төвийн үнэлгээнүүд юм. Энэ хоёр байгууллагын судалгаанд оноо буурсан шалтгаан нь цар тахлын үеийн эдийн засгийн тогтолцооны уналттай холбоотой. Мөн эдийн засгийн өсөлт, хөгжил саарснаас үүдэн энэхүү салбарын нээлттэй, ил тод байдал буурсан гэсэн дүгнэлт гаргасан. Энгийн үгээр тайлбарлан хэлвэл бизнес эрхлэхэд авлигын эрсдэл нэмэгдсэн гэсэн үг.

-Нээлттэй, ил тод байдал буурсан шалтгаан нь юу вэ?

-Төр засгаас эдийн засагт оролцох оролцоо нэмэгдсэн. Оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ улсын төсөв давамгайлж байна. Үүнтэй холбогдуулан төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авалт хаалттай, олон нийтэд нээлттэй бус хэлбэр рүү орж байгаа нь авлигын эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж дүгнэсэн. Харин эсрэгээрээ хоёр эх сурвалжаар манай үнэлгээ нэмэгдсэн.

-Ямар эх сурвалжаар манай үнэлгээнүүд нэмэгдсэн талаараа ярихгүй юу?

-Нэгдүгээрт, олон улсын шударга ёсны байгууллага гэж бий. Хууль дээдлэх эрх зүйт ёсны үнэлгээгээр манай улсын оноо нэмэгдсэн. Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэх, АТГ-ын үйл ажиллагаатай шууд холбоотой. Ямартай ч анзаарагдаж буй эерэг чиг хандлага нь авлигаас гарч буй оффшор, илүү гарсан хөрөнгийг буцаан авч буй явдал юм.

Нөгөөтэйгүүр тодорхой хэмжээний өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт татагдаж, буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоод, ялаа эдэлж буй нь эерэг чиг хандлагыг харуулж эхэлж байна. Дунд болон урт хугацаанд, багадаа хоёр жилийн дотор хууль дээдлэх эрхт зүйт ёсны үнэлгээний үр дүн нь харагдах боломжтой хэмээн үзэж байгаа.

-Трансперенси интернэшнл байгууллагаас манай улсын Засгийн газарт ямар зөвлөмж өгсөн бэ?

-Манай улсад авлигын эсрэг хуулийг 1995 онд баталсан. Харин Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод 2005 онд нэгдсэн байдаг. Авлигыг мэдээлэгч буюу шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоо, эрх зүйн орчинг өнөөдрийг хүртэл бүрдүүлээгүй. Жишээ нь, би хувь иргэний хувьд авлигын талаар мэдээлэхэд мэдээллийн нууцыг хадгалах, мэдээлэгчийг шахалт дарамтаас хамгаалах тогтолцоо, бүтэц нь байхгүй байна гэсэн үг.

Тийм учраас Монгол Улсын Засгийн газарт Трансперенси интернэшнл байгууллагаас шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчныг нэн тэргүүнд бүрдүүлэхийг зөвлөсөн. Одоогийн эрүүгийн эрх зүйн орчноор авлигыг өгсөн, авсан, зуучилсан гурван этгээд гурвуулаа эрүүгийн хариуцлага хүлээдэг. Ингэхээр авлигын хэрэг илрэх магадлал бага байдаг. Нөгөөтэйгүүр улс төрийн ашиг сонирхол, АТГ-аас улс төрийн зорилгоор гэх мэт явцуу байдлаар илэрч байна.

Манай нийгэм тогтолцооны хувьд нээлттэй, ил тод болох, мөн шүгэл үлээгч буюу авлигыг мэдээлэгчийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэхийн тулд зайлшгүй хуульчлах шаардлага тулгараад байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baas(66.181.161.31) 2022 оны 01 сарын 31

Iimerhuu lalruudiig horiod albadan ajil hiilgeh umsan

0  |  0
иргэн(64.119.22.33) 2022 оны 01 сарын 29

энэ ямар сонин хүн бэ?

0  |  0
Top