Хойд Солонгос өнгөрсөн онд цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлсээр ирсэн бөгөөд криптовалютын биржүүдэд хийсэн цахим халдлагууд нь Пёньяны хувьд орлогын чухал эх үүсвэр байсан гэж НҮБ-ын нууцын зэрэглэлтэй тайланд дурдсаныг Ройтерс агентлаг нийтэлжээ.
Тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээний хэрэгжилтийг хянах үүрэг бүхий хараат бус ажиглагчдын бэлтгэсэн тайланг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хороонд өнгөрсөн баасан гарагт танилцуулсан байна.
Цөмийн туршилт болон тив алгасах баллистик пуужинг хөөргөсөн тухай мэдээлэл гараагүй ч БНАСАУ нь цөмийн материал үйлдвэрлэх боломжоо хөгжүүлсээр байсан гэж шинжээчид онцолжээ. Түүнчлэн, тус улс цөмийн болон баллистик пуужингийн дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна хилийн чанадад цөмийн материал, технологи, ноу хау-г эрэлхийлж байжээ.
Шинжээчдийн дүгнэснээр, Пёньян пуужингийн туршилтаа мэдэгдэхүйц идэвхжүүлж, цахим халдлагууд, ялангуяа криптовалютын активын эсрэг чиглэсэн халдлагууд нь Хойд Солонгосын орлогын чухал эх үүсвэр байсан хэвээр байна. 2020 оноос 2021 оны дунд үе хүртэлх хугацаанд Хойд Америк, Европ, Ази дахь криптовалютын биржүүдийн эсрэг хийсэн цахим халдлагын үр дүнд тус улс таван сая ам.доллар хулгайлжээ.
Хойд Солонгос дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрсээр байгааг шинжээчид онцолсон байна. Энэ нь коронавирусний цар тахлаас үүдэн тус улс өөрийгөө тусгаарласантай холбоотой гэж үзэж байгаа ч мэдээлэл дутмаг байгаагаас үүдэн НҮБ-ын хориг арга хэмжээ энгийн ард иргэдэд хэр их хохирол учруулж байгааг тодорхойлоход хүнд байгааг шинжээчид онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )