НАСА агентлаг Ангараг гарагаас дээж авчрах пуужин бүтээх гэрээ байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг тус улсын нисэх онгоц үйлдвэрлэлийн “Lockheed Martin” корпорацтай Ангараг гарагаас хөрс болон агаарын дээжийг Дэлхийд авчрах “Mars Ascent Vehicle (MAV)” тусгай пуужин бүтээх тухай 194 сая ам.долларын гэрээ байгуулжээ.

“MAV” нь өөр гарагаас хөөргөх анхны пуужин болохоос гадна НАСА агентлагийн “NASA Perseverance” сансрын аппаратын цуглуулсан дээжийг Дэлхий рүү авчрах чухал үүрэг гүйцэтгэх юм. 194 сая ам.доллар өртөг бүхий гэрээ зургаан жилийн хугацаанд хэрэгжинэ.

Ангараг гарагийн хөрсний дээжийг авчрахад гурван тусдаа сансрын хөлөг шаардагдах аж. Эхний хөлөг нь 2021 оны хоёрдугаар сарын 19-нд Улаан нүдэн гарагийн Эзеро тогоо орчим буулт хийсэн “Perseverance” аппарат юм. “Perseverance” 2.1 м урт алсын удирдлагын тусламжтай тус гарагийн хөрсний дээж цуглуулах даалгавартай. Европын сансар судлалын ЕКА агентлагаас хөөргөсөн хоёр дахь аппарат эдгээр дээжийг авч, “Mars Ascent Vehicle” пуужинд байрлуулж, тойрог замд хүргэнэ.

Төгсгөлийн шатанд ЕКА агентлагийн “Earth Return Orbiter” хөлөг дээжүүдийг Улаан нүдэн гарагийн тойрог замаас авч, 2030-аад онд Дэлхий рүү авчрах юм. Эдгээр дээжийг судалснаар Ангараг гараг дээр амьдрал бий эсэх тухай асуултын хариултыг өгөх боломжтой болно гэж эрдэмтэд үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top