Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийж байгаа дээд хэмжээний айлчлалаар шийдсэн гол асуудал, тэдгээрийн эдийн засгийн үр өгөөжийн талаар эдийн засагч, судлаач Б.Энх-Амгалантай ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Энэ үеэрээ талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар санал нэгдсэн гэсэн мэдээллийг манай Засгийн газраас өгч байна. Та эдийн засагчийн хувиар энэхүү “шинэ түвшин”-ий цаана хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд ямар ямар боломж, гарцууд бий болох боломжтой гэж үзэж байна вэ?
-Энэ утгаар нь аваад үзвэл гурван зүйл дээр онцолж ярьмаар байна. Нэгдүгээрт, боомтын асуудлууд байна. Шинээр гарцууд нээх талаар яригдаж байгаа. Энэ бол хамгийн чухалд тооцогдож байгаа юм. Ялангуяа манайх БНХАУ руу экспортынхоо 70-аас дээш хувийг хийдэг улс шүү дээ. Өнгөрсөн 2018 онд хамгийн дээд хэмжээнд буюу 93 хувь хүрч байсан. Харин сүүлийн гурван жил тогтмол буураад 72-73 хувь орчим болчихоод байгаа.
Өөрөөр хэлбэл экспортын гол түншийн хувьд боомтууд дээр өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, хос төмөр зам барих явдал. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяанд байгаа Зам-Үүдээс Алтанбулаг хүртэлх төмөр замыг хос болгох асуудал маш чухал.Хэрвээ айлчлалын үеийн мэдэгдлийн дагуу хос төмөр замаа барьж чадвал манай улсын ачаа эргэлт одоогийн байгаагаасаа огцом нэмэгдэнэ.
Дараагийн чухал гэж харж байгаа зүйл маань мөн адил Зам-Үүд-Алтанбулаг хоорондын өндөр хурдны автозам барих асуудал. Өндөр хурдны автозам гэдэг маань одоогийн байгаа зам биш. Үүний хажуугаар зэрэгцүүлэн шинээр тавих юм билээ. Манай улс бол уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай. Хэрвээ бид дээрх гурван асуудлыг бүрэн шийдэж, бүтээн байгуулалтыг нь хурдан хийгээд ашиглалтад оруулчих юм бол бараа тээврийн дамжин өнгөрөлтөөс их хэмжээний орлого олох боломжтой болно.
-Манай гадаад худалдааны, экспортын үндсэн гол гарц болох БНХАУ халдварын улмаас хилийн боомтууд дахь хяналтаа чангатгасны нөлөөлөл манай эдийн засагт өнгөрсөн хугацаанд тодорхой нөлөөллийг үзүүлсээр ирлээ. Түүнчлэн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд дунд болон урт хугацааны макро асуудлуудаас гадна яг өнөөгийн байдлаар цар тахлын улмаас тулгамдаад буй хил гаалийн асуудлыг шийдвэрлэх тал дээр бодитой алхмууд хийгдэх болов уу гэсэн хүлээлт байна. Ер нь хил, гааль хааснаас үүдэн манай улсын эдийн засагт хэр нөлөө үзүүлсэн бэ?
-Эдийн засгийн үүднээс нь аваад үзэхээр боомтын хорио цээр, хяналт гэдэг маань шууд нөлөө үзүүлнэ. Яагаад гэхээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний урсгалыг шууд хаачихдаг. Ингэснээр үүнтэй холбоотой тээврийн зардлыг өсгөчихөж байгаа юм. Өөрөөр хэлбэл хил дээр бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр бөөгнөрөөд ирэхээр түүнийгээ дагаад тээврүүд хүлээлттэй болж, алдагдалд орж, түүнийгээ нөхөхийн тулд үнэ, өртгөө нэмэхээс өөр аргагүй болдог ч юм уу олон хүчин зүйл бий л дээ. Нэг талаараа нийлүүлэлтийн гаралтай инфляц буюу бараа бүтээгдэхүүнийг хүргэхтэй холбоотой инфляциын асуудал үүсчихээд байгаа юм.
2021 оны инфляцыг аваад үзэхэд зах зээлд шилжиж байх үеийг эс тооцвол 13.4 хувь буюу маш өндөр гарсан. Үүний гол шалтгаан нь боомт дээрх хорио цээрийн дэглэмтэй холбоотой. Үнийн өсөлтийг бий болгож байгаа гол зүйл нь хэрэглээний үнийн индекс дотроо хүнсний бараа бүтээгдэхүүн, зочид буудал, зоогийн үйлчилгээ, тээвэр, агуулахын аж ахуй гээд өндөр нөлөө үзүүлчихэж байгаа учраас инфляц ингэж өндөр гараад байгаа юм. Одоо бол нэг үеэ бодвол харьцангуй нээлттэй болж байна.
Дээрээс нь төрөөс тодорхой хугацаанд арга хэмжээ авсны хүчинд тээврийн зардал ч багасч байгаа. Ерөнхий сайдын өмнөд хөршид хийж байгаа дээд түвшний айлчлалын үр дүнгээр хорио цээрийн дэглэм буурч, цаашдаа байдал хэвийн болоод ердийнх шигээ болчихвол байдал харьцангуй сайжрах байх гэж харж байна. Эдийн засаг ингэж хэвийн байдалдаа орсон тохиолдолд инфляц ч гэсэн буурч бага түвшиндээ орох нөхцөл байдлууд бий болно.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Хятадын талын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилга зэрэг хөгжлийн бодлоготой уялдаж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байсан. Та үүн дээр эдийн засагч, судлаачийн хувиар байр сууриа илэрхийлээч?
-Хятадын хувьд “Бүс ба Зам” санаачилгыг хэрэгжүүлээд, энэ санаачилгыг олон улсууд дэмжиж, нэгдээд явж байгаа. Манай улс ч гэсэн энэ санаачилгыг нь хүлээн авч анхлан дэмжигч улсуудын нэг. “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго-2030” гэж гаргаж байсан. Үүнтэй холбогдуулан манай улс 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэж гаргаж байсан. Харин сүүлд “Алсын хараа-2050”-ыг батлахдаа түүнийгээ хүчингүй болгосон.
Хүчингүй болгохдоо өмнөх “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” дээр орж байсан үзэл баримтлалууд “Алсын хараа-2050” дээр шингэж орсон гэдэг үүднээс хүчингүй болгосон юм. Тэгэхээр “Алсын хараа-2050” маань өөрөө дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, тэдгээрийн хэрэгжүүлж байгаа бодлоготой уялдуулах боломжтой уян хатан хийгдсэн. Тийм болохоор Хятад улсын “Бүс ба Зам” санаачилга зэрэгтэй нягт холбоотой байгаа. “Бүс ба Зам” санаачилгыг аваад үзэхэд манай улсын хувьд Монгол, БНХАУ, ОХУ гэсэн гурван улсын эдийн засгийн коридороор дамжиж хэрэгжихээр байгаа юм. Эдийн засгийн коридорын хүрээнд манайх 32 төслийг хэрэгжүүлэхээр ярьсны 13 нь дэд бүтэцтэй холбоотой. Эдгээрт өмнө нь хэлсэн гурван асуудал бүгд тусгагдсан. Өөрөөр хэлбэл боомт, хил гааль, хос төмөр зам, өндөр хурдны автозам барих зэрэг асуудлууд бүгд орсон.
Тэгэхээр Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд яригдаад байгаа эдийн засгийн асуудлууд маань угаасаа хоёр улсын эдийн засгийн бодлогуудад тусгагдсан гэсэн үг. Одоо үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга замаа шийдээд явж байгаа гэж ойлгож байгаа. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс хос төмөр замыг, ЗТХЯ-наас өндөр хурдны автозамын ТЭЗҮ-ийг аль хэдийнэ боловсруулаад гаргачихсан. Автозам нь л гэхэд нийт 987 километр урттай, найман аймгийн 22 сумаар дамжуулан хийхээр зураг, төсөл нь гарсан. Хөрөнгө оруулалтууд шийдэгдээд бүтээн байгуулалтаа хийчихээр долоон жилийн дотор зардлаа бүрэн нөхнө гэсэн тооцоололтой.
-Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын хамтын зорилтын талаар албаныхан өмнө нь байр сууриа удаа дараа илэрхийлж байсан. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр сарын 17-нд танилцуулсан мэдээллээр, Монгол Улс 2021 онд БНХАУ-тай 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн байна. Нэг ёсондоо олон жилийн турш яригдсан 10 тэрбум ам.доллар гэх хэмжээнд цар тахлын үед талууд хүрсэн. Нөгөө талаас нь харвал нэг улсаас хамаарах гадаад худалдааны хамаарал улам нэмэгдэх нь сул талтай юу. Та хоёр талын худалдаа хамтын ажиллагааны цаашдын төлөвийг хэрхэн харж байна вэ?
-Манай улсын хувьд нэг онцлог байгаа нь хоёр том хөрштэй. Тэгэхээр яалт ч байхгүй энэ хоёр том хөршөөсөө өндөр хамааралтай болчихоод байдаг. Энэ хамаарлыг дунд, урт хугацаандаа багасгах бодлого баримтлах ёстой л доо. Өмнө нь социалист системийн үед бараг зуун хувь хойд хөршөөсөө хамаарч байсан бол зах зээл чөлөөтэй болоод ирэхээр БНХАУ-аас өндөр хамааралтай болсон. Тэгэхээр бид эдийн засгаа хэдий хэмжээнд даяаршуулж чадна төдий хэмжээгээр хамаарлыг багасгах боломж бүрдэнэ. Манайх чинь уул уурхай дээр тулгуурласан эдийн засагтай, гаргаж байгаа уул уурхайн бараа, бүтээгдэхүүний үндсэн худалдан авагч нь БНХАУ байгаа тохиолдолд ямар ч арга байхгүй болчихоод байгаа юм.
Дотооддоо эдийн засгаа хөгжүүлээд олон улсад өрсөлдөх чадвартай экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг ихээр байгуулж чадаад, хүний нөөцөө энэ чиглэлдээ бэлдээд явсан тохиолдолд цаашдаа нэг улс гэхгүй, зөвхөн түүхий эд биш боловсруулсан, зах зээл дээр өндөр эрэлттэй бүтээгдэхүүний экспортыг бүрдүүлэх учиртай. Нэг үгээр одоогийн эдийн засгийн суурь нөхцөл байдлыг өөрчлөх шаардлага байгаа. Гэхдээ худалдан авагч байгаа тохиолдолд эрдэс, түүхий эдээ боломжийнхоо хэмжээнд гаргаж л байх ёстой.
Яагаад гэхээр манай эдийн засаг жижигхэн, үйлдвэрлэлийн нөхцөл байдал тийм ч сайн хөгжиж чадаагүй байгаа учраас гол орлогынхоо эх үүсвэрийг уул уурхайгаас харсан хэвээрээ л байна. Харин дунд болон урт хугацаандаа эрдэс бүтээгдэхүүний экспортыг багасгаж, оюуны болон боловсруулсан бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах бодлогыг барьж явах хэрэгтэй л дээ.
-Манай улсаар дайран өнгөрөх хийн хоолойн асуудал яригдаж байгаа. Ингэж өөрийн нутаг дэвсгэрээрээ уг хоолойг дайран өнгөрүүлснийхээ ашгийг бид хэрхэн хүртэх юм бэ?
-Засгийн газраас хийн хоолойн ТЭЗҮ-ийг нь харьцангуй сайн боловсруулаад явсан гэж байсан. Уулзалтын хүрээнд харж байхад илүү Алс Дорнод чиглэл дээр хийн хоолойн авах чиглэл дээр илүү анхаарлаа хандуулаад гэрээ зурагдчихав уу гэж ойлгосон. Гэхдээ “Сибирийн хүч-2” гэж нэрлэгдсэн хийн хоолой үргэлжлээд явах байх гэж харж байна. Энэ хэрвээ ороод ирэх юм бол манай улсын хийн хэрэглээг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Аюулгүй байдлаа сайтар хангаж чадавх юм бол байгаль орчинд хамгийн ээлтэй, зардал бага байна. Утааг багасгаж, нүүрсний хэрэглээг багасгах сайн талтай. Мөн эдийн засаг талаасаа гэвэл дамжин өнгөрөхтэй холбоотой татвар хураамж орж ирнэ. ТЭЗҮ-ийг нь хараагүй учраас хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, эдийн засагт хэр нөлөө үзүүлэх вэ гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Татвар, хураамжтай холбоотой үр ашгийн хувьд холбогдох хүмүүсийн хэлж байгаагаар 2-3 орчим тэрбум ам.долларын татвар жилдээ орж ирэх боломжтой юм билээ. Энэ бол эцэслэгдсэн тоо баримт биш ч гэсэн хийн хоолойг дамжин өнгөрүүлснээр Монголын эдийн засагт өндөр дүнтэй нөлөө үзүүлэх нь тодорхой. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгээд явж байсан нь дээр гэж миний хувьд харж байгаа.
-Засгийн газраас 14 жил гацсан нүүрс тээврийн гацааг гаргалаа гэж байна. Гацаа гэж яг юуг хэлээд байна. Мөн гацаанаас гарсан энэ үед нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ханш хэр тогтвортой байх төлөвтэй байгаа вэ?
-Мэргэжлийн хүн биш учраас сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ гацаа гэдэг дээр төмөр замын царигийн асуудал л яригдаж байгаа байх гэж ойлгож байна. Яагаад гэхээр манайх өргөн, БНХАУ нарийн царигийн төмөр замтай. Үүнийгээ хэрхэн уулзуулах вэ, яаж тээвэрлэлтээ хийх вэ гэдгийг шийдэж, асуудлаа тодорхой болгосон байх. Царигийн асуудал ингэж шийдэгдсэнээр манай хийх экспорт саадгүй явах боломж нь бүрдэнэ. Төмөр замаар нүүрсээ тээвэрлээд эхэлвэл авто тээврээ бодоход байгаль орчиндоо ч гэсэн ээлтэй болно. Зардлын хувьд хэмнэлттэй байх учраас эдийн засагт сайн нөлөөтэй. Өнгөрсөн онд манайх хамгийн бага түвшиндээ буюу 16.7 сая тонныг гаргасан.
Өмнө нь бид 30 орчим сая тонныг гаргадаг байсан бол сүүлийн гурван жил дарааллан буурсан. Харин гаргасан тоо хэмжээ буурсан ч орлого буураагүй. Шалтгаан нь нүүрс, түүхий эдийн үнэ өндөр байсантай холбоотой. Үнэ өндөр байгаа энэ үед нь уул уурхайн бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Дотооддоо сайн анхаарах зүйл нь хил хүртэлх төмөр замынхаа бүтээн байгуулалтыг яаралтай хийж дуусгах шаардлагатай. Жишээлбэл Гашуунсухайтын хилийн боомт руу хүрэх төмөр замын бүтээн байгуулалт Засгийн газрын төлөвлөснөөр энэ оны долоодугаар сард дуусах ёстой. Гэтэл одоогийн нөхцөл байдлаар энэ хугацаандаа дуусгаж амжих нь эргэлзээтэй байна.
Хэрэв яаж ийгээд төлөвлөсөн хугацаандаа дуусгаж чадах юм бол оны төгсгөл рүү экспортын хэмжээ харьцангуй их болно. Дэлхийн улс орнууд одоо цар тахлын хязгаарлалтын улмаас агшсан эдийн засгаа тэлэх, үйлдвэр үйлчилгээгээ хэвийн болгохыг зорьж байгаа учраас эрэлт нэмэгдэж байгаа. Ингээд огцом эрэлт нэмэгдэхээр нийлүүлэлт огцом өсч чадахгүй учраас үнэ нь нэмэгдэж таарна. Үнийн энэ өсөлт тодорхой хугацаанд үргэлжлэх боломжтой. Гэхдээ ойрын 1-2 жилийн хугацаанд л ийм байх болов уу гэж харж байна. Харин яг л энэ үед нь экспортын хэмжээгээ нэмэгдүүлж чадвал одоогийн олж байгаа орлогоосоо хамаагүй ихийг олж болох боломж харагдаад байгаа.
-Сар шинийн өмнөхөн төсөвт тодотгол хийж тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэр бүтээн байгуулалтуудад хэр сөрөг нөлөө үзүүлэх бол?
-Богино хугацаанд үр өгөөжөө өгөхгүй, урт хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөр, эдийн засаг хүндрэлтэй байгаа нөхцөл байдалд заавал байх шаардлага байхгүй хөрөнгө оруулалтуудыг танаж, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмж байгаа гэж ойлгож байгаа. Түүнээс биш эдийн засагт үр өгөөжөө өгөх, экспортыг сайжруулахтай холбоотой дэд бүтцэд зарцуулах хөрөнгө оруулалтад хязгаарлалт хийхгүй байх. Тэгэхээр бүтээн байгуулалтуудаа энэ эрчээр нь явуулаад товлосон хугацаандаа ашиглалтад оруулах нь л хамгийн чухал. Энэ тохиолдолд бид экспортоос олох орлогоо нэмэгдүүлж чадна. Ингэж өндөр орлогуудаа бий болгож чадвал нийгмийн хөгжил, сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийх нь нээлттэй болно.
-Манай улс мөнхийн хоёр том хөрштэй. Гэтэл нэгтэй нь хос төмөр зам барих зэргээр тохиролцоонд хүрчихээр нөгөөх нь эсэргүүцэх хандлага гаргах, үл ойлголцол үүсэх вий гэсэн болгоомжлолыг зарим хүмүүс ярьж байна л даа?
-Орос-Монгол-Хятад гэсэн гурван улсын эдийн засгийн коридор дээр багтаж байгаа 32 төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой ГХЯ дээр “Хөрөнгө оруулалтын судалгааны төв”-ийг байгуулчихсан байгаа. Энэ судалгааны төв маань хоёр хөршийнхөө хууль, тогтоомжуудыг судлах, бидний хэрэгжүүлэх гэж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад тотгор үүсвэл түүнийг хоёр улсын холбогдох албаны хүмүүстэй нь ярилцаж, гурвалсан уулзалтуудыг хийж учирсан бэрхшээлийг арилгах чиглэлийн ажлыг явуулж байгаа газар.
Тийм болохоор ингэж харилцан ярилцаад явж байгаа болохоор аль нэг талын ярьж байгаа зүйлийг гуравдагч тал үгүйсгэх нь харьцангуй бага болчихно. Нэг жишээ нь бол хос төмөр замын ТЭЗҮ-ийг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хийсэн учраас ямар нэгэн буруу, зөрүү ойлголцол гарахгүйгээр зохицуулагдаж байгаа гэж ойлгож болно.
-Бүтээн байгуулалтуудаа л бид хийж чадах юм бол ямар нэгэн бэрхшээл үүсэхгүй юм байна, тийм үү?
-Хоорондоо учраа анхнаасаа ололцоод явж байгаа учраас бэрхшээл бага байна. Хамгийн том бэрхшээлтэй асуудал юу байж болох вэ гэхээр хөрөнгө оруулалт буюу бүтээн байгуулахтай холбоотой гарах зардлыг аль тал нь гаргах вэ гэдэг байж болно. Манай талын зүгээс энэ тал дээр Хятадын талд л илүү найдахаас өөр арга байхгүй. Учир нь Хятадын үйлдвэрлэлийн хэмжээ, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил бүр нэмэгдэж байна. ОХУ-руу гаргах экспорт, тус улсаас авах түүхийн эдийн хэмжээ ч гэсэн өсөж байгаа.
Тэгэхээр энэ их эрэлт хэрэгцээг аль болох бага зардлаар хурдан хугацаанд бий болгохын тулд дэд бүтцээ сайжруулах зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд Хятадын талаас хөрөнгө оруулалтаа авчих юм бол бүтээн байгуулалт хурдан дуусна. Тэр хэрээрээ тээврийн зардал хямдрах учраас манай хоёр хөршийн хувьд ч, дамжин өнгөрүүлж байгаа манай улсын хувьд ч ашигтай тусахаар харагдаж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
204.11 км замыг 4 жил барьж чадахгүй байж хурдны зам гэж гуцаад хэрэггүй МАН