Хөгжлийн банкнаас дараагийн ээлжинд САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮД

2022 оны 02 сарын 15

Эрх баригчид ирэх жилүүдэд Монголын эдийн засгийг тэлнэ гэгдэж буй Шинэ сэргэлтийн бодлого дахь Хөгжлийн төслүүдийг  Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлнэ. Түүнчлэн Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг өнгөрсөн сараас эхлэн ил болгосон нь улс төрийн түвшинд өнгөрсөн онд хэдийнэ гарсан шийдвэр болохыг өмнөх бичвэрээрээ хүргэсэн билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын талаарх албан ёсны байр сууриа  өнгөрсөн оны есдүгээр сард илэрхийлсэн бол түүнээс өмнө наймдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд  Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банк болон Төрийн банкны үйл ажиллагааны стратегийн шинэчлэлийн талаар танилцуулж байсан юм.  

Хөгжлийн банкны тухайд, үйл ажиллагааг нь шинэчлэн өөрчилж, ЭКСИМ банкны үүргийг хэрэгжүүлэх талаар тэрбээр мэдэгдсэн байдаг.

Эксим банкны үүргийг хэрэгжүүлж Хөгжлийн банкны шинэчлэлийг хийснээр төслийг цогцоор шийдвэрлэж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран төслийг бойжуулах, Олон улсын Эксим банкуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна экспортын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл өчигдөр /2022.02.14/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхний асуултад хариулахдаа, Хөгжлийн банкны талаар дараах байр суурийг илэрхийллээ.

“Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус банкийг татан буулгахгүй. Бас Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг төлөхгүй. Цаашид Хөгжлийн банк Эксим банк буюу экспортыг дэмждэг, импортыг орлуулахыг дэмждэг банк болж, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь, тус банк яг зорилгоороо ажиллаж чадаагүй. Тодорхойгүй статустай байсан. Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөг Хөгжлийн банкны хүүгийн багцын үлдэгдэл болж, Монголбанкны тогтоосноор 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн. Зээл аваад зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалттай, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан төслүүдийн тасалдсан нөхцөл байдлыг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ. Баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана. Улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалтгүй зээлүүд бий. Мөн шүүхэд шилжиж, маргаан үүсгэсэн асуудал бий. Эдгээр хариуцлагагүй хүмүүсээс үүдэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг унагаж, Хөгжлийн банкийг өнөөдрийн түвшинд хүргэсэн хүмүүстэй Засгийн газар хуулийн дагуу арга хэмжээ авна. Мэдээлэл нээлттэй болох тусам илүү хүчтэй болох тохиолдол байдаг. Хөгжлийн банкийг илүү том түвшинд зээл гаргадаг, арилжааны банк санхүүжүүлж болох төслүүд рүү ордоггүй банк болгох ёстой. УИХ хөгжлийн төсөл гэж үзсэн төслийг санхүүжүүлдэг банк болгож байж манай улс эдийн засгийн хувьд бэхжих боломжтой.

Тус банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргийг, чанаргүй, барьцаа хөрөнгөгүй, зориулалтын бусаар зээл авсан хүмүүст Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий прокурорт гаргасан. Нэг үгээр хэлбэл, зээл түгжигдсэн гэдэг асуудлаар ихэнх нь иргэний хуулиар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар бондын үеэр олон албан тушаалтнууд мултарч үлдэх асуудал бий. Улсын ерөнхий прокурор цохогчоор оролцож, төрийг хохиролгүй болгох бичиг өгсөн. Ингээд зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийг баялаг бүтээгчдэд, бизнес цэвэр өрсөлдөөний төлөө гаргаж байгаа. Нэр бүхий 15 хүрэхгүй хүмүүс Хөгжлийн банктай холбоотой асуудал дээр 1.5 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа юм. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгох ажлыг хийнэ” гэсэн юм.

Тэгэхээр олгосон зээлийнх нь 55 хувь  чанаргүй ангилалд орсон Хөгжлийн банкийг эрх баригчид яадаг ч байсан дампууруулахгүй бөгөөд нэр бүхий зээлдэгчдийг Эрүүгийн хуулийн дагуу шалгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдчихлээ.

Цаашлаад бүрэн бүтэн үлдэх Хөгжлийн банк ирэх жилүүдэд ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ гэдгийг танилцуулж байна.

 

 

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГO”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

 

  • Төмөр замаар холбох төслүүд /Гашуунсухайт-Ганцмод, Тавантолгой-Цогтцэций/

 

  • Төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах төслүүд /Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр зам, Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын төв коридорыг хос замтай болгох төсөл/

 

  •  Шинэ төмөр замын сүлжээг байгуулах төслүүд  /Зүүнбаян-Ханги, Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн/

 

  •  Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд /Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт/

 

  •  “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөж, олон улсын агаарын ачаа тээврийн транзит төв болгох, орон нутгийн онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд

 

  •  Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл /Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Эрээнцав, Арцсуурь, Алтанбулаг, Замын-Үүд/

 

  •  Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд /Дулааны III цахилгаан станц, Дулааны II цахилгаан станц, Чойбалсангийн дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотын дулаан хангамжийн тархмал эх үүсвэр болох Амгалангийн дулааны станц, Дулааны IV цахилгаан станцын зуух болон хийн эх үүсвэрүүд/

 

  •  Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төслүүд /Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Төвийн бүсийн 5 дахь эх үүсвэр, Багануурын дулааны цахилгаан станц/

 

  •  Эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний төслүүд /Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай, Тавантолгойн дулааны цахилгаан станц-Оюутолгой, Сайншанд-Цагаансуварга, Багануур-Өндөрхаан, Багануур-Чойр, Мандалговь-Арвайхээр, Багануур-Налайх-Улаанбаатар/

 

  •  Байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний төслүүд /Цөмийн, ногоон-устөрөгчийн, байгалийн хийн болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд/

 

  •   Газрын тос боловсруулах төслүүд /Газрын тосны нөөц хайгуулын төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой, дагалдах барилга байгууламжийн төсөл/

 

  •  Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүд /Нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн төсөл, ил уурхайн олборлолтын шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, далд уурхайн төсөл/

 

  •  Эрдэнэт, Оюутолгой болон бусад зэсийн ордыг иж бүрнээр нь ашиглаж, зэс боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүд /Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх төсөл/

 

  • Аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолборуудыг барих төслүүд /Гангийн үйлдвэр байгуулах төсөл, уул уурхай-металлурги-химийн үйлдвэрлэлийн төсөл, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл/

 

  • Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүд /Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл хийх төсөл/

 

  • Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төслүүд /Хотын нийтийн тээврийг шинэчлэх болон тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл, Нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” барих төсөл/

 

  •  Төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс, хот байгуулах дэд бүтэц болон барилга байгууламжийн төслүүд /Хөшигийн хөндийд эдийн засгийн бүс байгуулах, Залуус хороолол, боомт болон орон нутагт суурьшлын бүс хөгжүүлэх төслүүд/

 

  •  Байгальд ээлтэй дэвшилтэт технологид суурилан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслүүд /“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, энгийн болон аюултай хог хаягдлын төвлөрсөн эко байгууламж байгуулах төсөл/

 

  • Усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүд /‘‘Хөх морь’’ төсөл/

 

  • Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад ээлтэй төрийн оновчтой бүтцийг тодорхойлох, төрийн үйлчилгээг цахимжуулах төслүүд

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
07(31.10.166.185) 2022 оны 02 сарын 15

Munguu butsaaj olj avaad dahin iim turiin ariljaanii bank hiihgui baih heregtei.ter tumur zamuudaa huviinhnaar,huviin ariljaanii bankuudaasaa zeel avaad hiig.

0  |  0
Иргэн(103.212.116.121) 2022 оны 02 сарын 15

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийн дансыг энэ банкин дээр төвлөрүүлэх нь Эксим банк болоход нь тус дэм болно.

0  |  0
зочин(202.21.104.2) 2022 оны 02 сарын 15

Тэгмээр дээ. Хөгжлийн банк гэдэг чинь угтаа улс орны хөгжлийн гол фундамент бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлж ажлын байр бий болгох зорилготой шүү. Хамгийн гол нь хэн зээлдэгч вэ гэдэгт л учир байна. Улс төрчид нь төсөл хэрэгжүүлэх нэрийн дор хувааж авдаг, намын харьяалал, бүлэглэлээр ямарч цензургүй олгодог, эргэн төлдөггүй, зориулалтын бусаар ашигладаг, цавчаа хийдгийг болиулахгүй бол үнэндээ бол цайчихсан, байж боломгүй үзэгдэл газар авчээ. Жирийн иргэдэд хэрэгжүүлэх санаа, хийх ажил их байхад ямарч санхүүжитийн дэмжлэг үзүүлдэггүй, татаж унагаадаг, улстөрчид монополь эрхтэй

0  |  0
Top