Сахлаараа хорт хавдрын эсрэг хандив цуглуулсан тамирчин

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Бээжин олимпын наадам олон сайхан түүх хүн төрөлхтөнд бэлэглэсэн билээ. Үүний нэг нь 33 настай Мэтт Хэмилтоны түүх юм.

Керлингийн тэмцээн үзсэн хүмүүс Америкийн багийн урт үстэй, наяад оны стилийн сахалтай тамирчныг сайн санаж байгаа байх.

“Минйи харцыг та нар сайн хараарай. Өөртөө итгэлтэй, шулуун харц. Ийм сайхан сахалтай байхад та өөртөө 100 хувь итгэлтэй байна. Дэлхийн бүх сахалтнуудыг би Бээжинд төлөөлж байна гэж бодоход сайхан шүү” гэж Мэтт ярьж байна.

Хэмилтон сахал, үснээс гадна ганган хээнцэр гуталд дуртай. Жирийн нэг пүүзийг урлагийн бүтээл болгон хувиргадаг. “Над шиг сайхан залууд ийм л гутал хэрэгтэй”

Дээр нь оймс. “Рик, Морти” хүүхэлдэйн киноны зурагтай.

Малгай ч бас чухал.

2018 оны Пёнчаны олимпод Хэмилтон түрүүлж, алтан медаль авсан. Харин энэ удаа медаль авч чадсангүй.

Гэхдээ тэр өөр чухал зорилгоо биелүүлж чадсан юм. Хэмилтон Бээжинд хандивын мөнгө цуглуулах гэж ирсэн. Түүний хурц дүр төрх энэ ажилд нь их тус болсон юм. Урт үс, сахал нь түүний зүгээр нэг гангараа биш олны анхаарлыг татах гэсэн нэг арга нь.

Үүнийхээ ачаар тэр тархины хорт хавдрын судалгаанд хандив цуглуулж чадсан. Түүний хамтран ажилладаг Stache Strong байгууллага хорт хавдартай хүмүүст тусладаг. Мэттийн авга ах нь энэ өвчнөөр өвдсөн тул тэр ийм өвчтэй хүмүүсийн зовлонг маш сайн ойлгодог.

Гэхдээ урт үстэй байлаа гээд л мөнгө цуглуулж чадна гэж үү? Хэмилтон олимпын дараа сахал, үсээ хусуулж, хүүхдийн хиймэл үс хийдэг газарт хандивлана гэдгээ зарласан. 2021 оны ДАШТ-ий үеэр тэр мөн үсээ тайруулж, хандивлаж байлаа. “Энэ олимпын дараа би үсээ хүүхдүүдэд өгнө. Хорт хавдар бол аймшигтай өвчин. Хэрэв миний үс энэ өвчтэй тэмцэх үйл хэрэгт бага ч гэсэн тус дэм болж байвал би баярлана” гэж тэр хэлсэн юм.

Бээжинд тэр хорт хавдрын эсрэг 5000 ам.доллар цуглуулах хандивын ажил эхлүүлсэн. Олимпын үеэр түүний онцгой төрхийг харсан хүмүүс хандивын ажилд нь нэгдсээр олимп дуусахад 10 мянган ам.доллар болсон байлаа. Их биш ч гол нь тархины хорт хавдар гэж юу болохыг спорт сонирхогч нарт танилцуулж чадсан нь том ололт.

2006 оны Миланы олимпод ч гэсэн Мэтт хорт хавдрын эсрэг ажлаа хийсээр байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top