Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин
Өвлийн олимпийн гүйлтийн цанын тэмцээн 1924 оны анхны олимпийн наадмаас л олимпийн хөтөлбөрт багтсан, өвлийн спортын "акул" төрлийн нэг л дээ. Энэ төрөлд Норвеги, ЗХУ-ОХУ, Швед, Финландууд аргагүй "баавартай".
Норвеги Өвлийн олимпоос нийтдээ 129 (52 алт, 43 мөнгө, 34 хүрэл), Швед 84 (32+ 27+25),
ЗХУ-ОХУ 129 (46+41+42), Финланд 86 (22+27+37) медальтай, бусдаасаа тасархай амжилттай. Эдний ард нийтдээ 36 медальтай Италийн цаначид бичигддэг. Өөр 10-аас дээш медальтай (17) ганц улс нь Герман.
Иймээс аль ч олимпийн медалийн төлөө өрсөлдөөн ихэвчлэн дээрхи улсуудын хооронд, гол өрсөлдөөн Норвеги , Оросын хооронд өрнөдөг.
"Бээжин-2022" ч энэ уламжлалаас ангид байсангүй.
Багийн дүнгээр Норвеги 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт найман медальтай, харин Оросууд 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийт 11 медальтай. Финланд 6, Швед 4 медаль хүртсэн. Алтын тоогоор Норвеги, нийт медалийн тоогоор бол Оросын цаначид тэргүүллээ.
Гэхдээ "Бээжин-2022" олимпод Оросын цаначид ноёрхсон гэхэд буруудахгүй. Яагаад гэвэл гүйлтийн цанын хамгийн нэр хүндтэй багийн буухиа уралдаанд Оросууд эрэгтэй, эмэгтэй аль алинд нь түрүүлсэн билээ.
Эмэгтэйчүүдээс Норвегийн Тереза Йохауг 10 км (сонгодог техник), 15 км скиатлон, 30 км (чөлөөт) зайд алтан медаль хүртэн, энэ олимпийн гол баатруудын нэг яах аргагүй боллоо. Йохауг өмнө нь 2010 оны олимпоос багийн буухиад алт, 2014 оны олимпоос мөнгө, хүрэл медаль хүртэж байсан, ДАШТ-ий 14 алтан медальтай энэ цаг үеийн аргагүй л шилдэг тамирчин. 2016-2018 онд допингийн эсрэг дүрмийн зөрчлөөр 18 сар эрхээ хасуулаагүй бол нийт олимп, дэлхийн медалийн тоо нилээд хэдээр нэмэгдэх байсан нь гарцаагүй.
2016 оны 9 дүгээр сард Италид бэлтгэл хийж байсан Йохаугийн уруул наранд түлэгдэж, багийн эмчийн зөвшөөрлөөр уруулдаа хэд хоног трофодермин хэмээх тос түрхэж. Тэр тосонд нь WADA-ийн хориглосон жагсаалтад байдаг клостебол агуулагддаг байж. Йохаугийн шинжилгээнд энэ бодис тун бага хэмжээгээр илэрч. Ингээд л асуудал босч Йохауг ид үедээ "Пёнчан-2018" олимпийг өнжсөн билээ. Уг нь эмчийн бичсэн эмийн хуудас, Италийн эмийн сангаас худалдаж авсан баримт, хориотой бодис урууланд түрхдэг тосоор дамжиж орсон гээд бүгд батлагдсан ч норвеги бүсгүйг 18 сараар шийтгэсэн байдаг. Тэгсэн мөртлөө WADA (Дэлхийн допингийн эсрэг агентлаг) Йохаугийг допингийн зөрчил гаргасан гэж үзээгүй гээд логик холбоогүй шийдвэр гаргасан юм билээ.
За тэгээд шийтгэлээ амссан Йохауг энэ олимпоор хэн гэдгээ хангалттай нотолсон. Эмэгтэй цаначид дотор түүнтэй эн тэнцүү өрсөлдөх хүн одоогоор алга.
Оросын Наталья Непряева, Шведийн Йонна Сундлинг нар тус бүртээ "Бээжин-2022" -оос алт, мөнгө, хүрэл хүртэж бас л сайхан амжилт үзүүлсэн.
Багийн спринт дээр Оросын баг уралдааныг хошуучилж яваад эцсийн мөчид бариан дээр Герман, Шведийн багт дайруулж, алт, мөнгө, хүрэл медаль 0.17 болон 0.71 секундээр шийдэгдсэн тийм олон гоё өрсөлдөөнийг бид, эмэгтэй цаначдын уралдаанаас харсан.
Эрэгтэйчүүдэд цанын ертөнц тэр чигээрээ Норвегийн Йоханнес Хёсфлот Клэбо, Оросын Александр Большунов өнөөгийн цанын хоёр "Мөнх", тоолбол нас чацуу ( хоёулаа 25 настай), төөлбөл бие бараг чацуу( Клэбо 183 см, Большунов 185 см) хоёр залуугийн өрсөлдөөнийг тэсч ядан хүлээсэн.
Дөрвөн жилийн өмнөх олимпоос Клэбо 3 алтан медаль зүүж, хамгийн залуудаа олимпийн аварга болсон эрэгтэй цаначин болж байсан бол Большунов гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ.
"Бээжин-2022" олимпод харин хоёр супер цаначны "дуэль" Большуновын бүрэн ялалтаар өндөрлөв. Тэрбээр скиатлон, 50км-ийн ( цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, 28,4 км (7,1 км урттай тойрог замыг дөрвөн удаа ) уралдсан) зайд болон 4х 10 км буухиа гээд гурван алт, мөн 15 км -т мөнгө, багийн спринтэд хүрэл, нийтдээ 5 медаль зүүн, жавар тачигнаж, цасан шуурга балбасан( эрэгтэй 50 км-ын хүйтэн, салхи , цасан шуурга гээд тамирчдын эрүүл мэндийг бодолцон зайг богиногосон хэрнээ л Финландын цаначин Реми Лидхольм "эмзэг эрхтэнээ" хөлдөөсөн билээ) Жанчхүүгийн цанын замд уралдсан цаначидаа манлайлж, "Бээжин-2022" олимпийн наадамд оролцсон бүх тамирчдын дундаас амжилтаараа хоёрт эрэмбэлэгдлээ.
Большунов мөн Олимпийн наадамд уралдсан зай болгондоо ( нийт 9) медаль хүртсэн анхны, олимпийн зургаан зайд бүгдээс нь медаль авсан цорын ганц, мөн нэг олимпоос таван медаль хүртсэн анхны эрэгтэй цаначин гээд олон рекордын эзэн бас болсон.
Аргагүй л "Большой" Большунов юм даа.
Тэгвэл түүний гол өрсөлдөгч Клэбо энэ удаа хувийн болон багийн спринтэд түрүүлж, багийн буухиад мөнгө, 15 км-т хүрэл, нийт 4 медаль авлаа. Харин цанын " марафон"-д замаас гарч, барианд орж чадсангүй.
Большунов, Клэбо хоёрын амжилтад л дарагдсан болохоос гурван олимп дараалан алт авч байгаа, Бээжинд алт, мөнгө, хүрэл авсан Финландын Йиво Нисканений амжилт ч мөн бахдам.
Мөн Монгол Улсын Олимпийн буухиаг таслаагүй, гүйлтийн цанын спринт, 15 км-ийн (сонгодог ) зайд 97 тамирчнаас 65 байрт орсон Батмөнхийн Ачбадрах, спринт, 10 км-ийн ( сонгодог) зайд 98 тамирчнаас 85 -т орсон Ариунсанаагийн Энхтуул хоёроо харж, дэмжиж, догдолж , бахархаж суух сайхан байсан даа.
Сэтгэгдэл ( 0 )