БНЭУ-ын 1 тэрбум 236 сая ам.долларын зээлээр барьж буй Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөл өчигдөр /2022.03.24/ Шадар сайд С.Амарсайхан уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцахдаа, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгааг хэлсэн. Түүнчлэн үнийн дүн дээр хоёр тал нэгдсэн тохиролцоонд хүрэх шаардлагатай байна гэсэн байр суурийг илэрхийлжээ.
“Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн зүгээс тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.
Шадар сайд С.Амарсайханы зүгээс төслийн дараагийн шатны асуудлын тухайд санал нэг байгаагаа илэрхийлээд хамгийн боломжит хувилбараар гарц гаргалгааг шийдвэрлэж, ажлыг түргэн шуурхай эхлүүлж, төлөвлөсөн хугацаандаа дуусгах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Тэгэхээр хил гаалийн нөхцөл байдлаас үүдэн төслийн барилга бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж буй асуудал дээр талууд тун удахгүй нэгдсэн шийдэлд хүрэх төлөвтэй байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНЭУ-д айлчлал хийх үеэр яригдсан үндсэн сэдвүүдийн нэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар байсан. Энэтхэгийн талаас тус үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад дэмжин ажиллана гэсэн байр суурийг илэрхийлээд, манай спикерийг буцаасан юм.
Энэтхэгийн тал зээлийн санхүүжилтийг шийдвэрлэхэд хүндрэл чирэгдэл манайд эхнээсээ учруулаагүй. Эсрэгээрээ бидний тухайд тус үйлдвэрт боловсруулах түүхий тосныхоо эх үүсвэрийг, нөөцийн тасалдалгүй байдлыг шийдвэрлэх гол ажилдаа анхаарал хандуулах, илүү үндэслэлтэй тооцооллуудыг гаргаж ирэх шаардлагатайг хэлэх талууд байдаг. Дорнодын Тосон-Уул, Тамсаг, Дорноговийн Цагаан-Элс гэсэн ордуудаас түүхий тосоо татан авна гэсэн мэдээллийг өгч буй ч, хэрэгжүүлэх шатанд шийдвэрлэх олон асуудлууд байгаа хэвээрээ юм.
Сануулахад, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үедээ найман жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэдгээ мэдэгдээд буцаж байсан түүхтэй. Модигийн айлчлалаас арван сарын дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголын Засгийн газрын төлөөлөгчид Дели хотноо очицгоож, 1 тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцээ хийсэн байдаг. Улмаар зээлийн хүүг жилийн 1,75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг долоон жил байхаар тохиролцсон байдаг.
Түүнчлэн Дорноговь аймаг дахь Газрын тосны үйлдвэрийг уг зээлээр барьж, байгуулж байгаа юм. Манай улс анх зээлсэн 1 тэрбум ам.доллар дээр нэмээд 236 сая ам.долларын зээл авсан бөгөөд үндсэн төлбөрийн төлөлт 2025 оноос хийгдэж эхлэх ёстой.
Тус үйлдвэрийн гаднах дэд бүтцийг 2019 оны аравдугаар сарын 8-ны өдөр ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлснийг, цаашлаад 2023 онд үйлдвэрийг ашиглалтад хүлээн авна гэх мэдээллийг Засгийн газраас өгч байсан. Тэгвэл энэ хугацаа хойшилсон. Сүүлд УУХҮ-ийн сайдын өгсөн мэдээллээр үйлдвэр ашиглалтад орох хугацаа 2024 он болж, нэг жилээр хойшилсон. Ковидын нөхцөл байдлаас үүдэн дахиад хойшилж болзошгүй талаар ч яригдаж буй. Анх бол 2022 онд ашиглалтад орно гэх мэдээллийг ч албаныхан өгч байсан удаатайг сануулахад илүүдэхгүй байх.
Энэ үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”, Засгийн газраас 2021 оны наймдугаар сард “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг тус тус баталсан.
УУХҮЯ-ны Газрын тосны үйлдвэрийн барилгын ажлын явцын талаар энэ оны нэгдүгээр сард мэдээлэл өгөхдөө:
Төслийн лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны 12 дугаар сарын 30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна. Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтын тендерийг 2021 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна гэсэн юм.
Сэтгэгдэл ( 6 )
ТЭЗҮ хэтрүүлнэ гэдэг манай цаьчаачдын ганц чаддаг юм хойно доо. Манай бүдүүн дарга нар үүнийг л чадна.
barhuu 1 neg altani uurhaitai geel ongirdog baila ene shono bi bas hailast oboo ged uurhain esen boljih shigel bian daa
2030 онд л ашиглалтанд орно гэсэнш дээ. энэтхэгийн тал -Mонголын тал амласан ажилдаа тун хойрго хийж байгаа шүү гэж удаа дараа эелдэгээр сануулаад байгаа.
Alivaa tusuld mongol hun nohoi 2 iig buu oirtuul. Yadaj managementiin tuvshind!!
За яах вэ? Үнэ нэмэгдэх нь тодорхой. Гэхдээ л ажил нь явж байгаад баяртай байна аа. Дотооддоо нэг ч гэсэн нефтийн үйлдвэртэй болох юмсан. Харин тэр Дачин тамсагаа л нэг анхаарч үзээч ээ. Болохгүй бол хаагаач ээ.
Үлгэр