Дэлхийн байгаль хамгаалах холбооны /ДБХХ/ Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутагт “ховордсон” зүйл хэмээн үнэлэгдсэн хулан адуу үрэгджээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумыг дайран тавигдаж буй төмөр замын ажлын гүйцэтгэгч компани болох “Бээжин юни констракшн групп” ХХК-ийн хариуцсан талбайгаас гурван тооны хулан адуу үрэгдсэн байхыг олж, аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тухайн компани нь төмөр замын суурь шороо бэлтгэж байхдаа нүх ухаж, ухсан нүхэндээ хаалт хамгаалалт хийгээгүйн улмаас гурван тооны хулан адуу унаж үрэгдсэн болох нь шалгалтаар тогтоогджээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр, дээрх компани нь замын ажил хийж гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаагүй үйл ажиллагаа явуулж байсан гэх бөгөөд дээрх мэдээллийг хэргийн газраас гэрэл зураг авч, гэрчүүдийн яриагаар баталгаажуулан, шалгаж эхэлсэн байна.
Түүнчлэн хэрэг гарах үед компанийн ХААБ хариуцсан ажилтан байгаагүй бөгөөд энэ асуудлыг нуун дарагдуулж өнгөрүүлэхээр үгсэн тохиролцсон байж болзошгүй гэдэг мэдээлэл бий.
Дашрамд сануулахад, тус компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТОСК-ын захирал асан А.Гантулгатай хамааралтай гэх мэдээлэл гарч байсан юм.
А.Гантулга нь албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан болон авлига зэрэг хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс зургаан жилийн хорих ял авсан байдаг. Түүний авлигын хэрэгт хотын дарга асан Э.Бат-Үүл мөн давхар холбогддог бөгөөд тэрбээр өдгөө албан тушаалын хэргээр шалгагдаж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
3 тооны хулан гэсэн орчуулгын модон хэллэгээ болиоч. Монгол хүн 3 толгой хулан гэж ярьдаг.
Yasan muuhai yum bee. Mash undur tilbur..kamer tavih heregtei