Танихгүй хүнээс илгээмж хүлээн авахгүй байхыг АНХААРУУЛЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 939 гэмт хэрэгт 1173 сэжигтэн бүртгэгдснээс 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байгаа бол нийт холбогдогчдын 92.2 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгч, донтогч нарын насны байдал залуужиж, 13-25 насны хүүхэд залуучууд ихээр гэмт хэрэгт холбогдох хандлагатай байгааг албаныхан мэдээллээ.

Тиймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл сурталчилгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх "5-ГҮЙ" уриалгыг цагдаагийн байгууллагаас гаргалаа.

1. Тааламжгүй, тохиромжгүй газраар аль болох үйлчлүүлэх-ГҮЙ байх:

Үүнд; Интернет кафе, PC тоглоомын газар, баар, караоке, шөнийн цэнгээний газрууд, мансууруулах бодис хэрэглэх, амархан өртөж болзошгүй бусад газруудаас хол байх, өөрөөр хэлбэл буруу зуршилтай хүмүүс болон гэмт этгээдүүдэд танд ойртох боломжийг олгохгүй байх явдал юм.

2. Хүнээс юу нь үл мэдэгдэх эд зүйл авах-ГҮЙ байх:

Өөрөөр хэлбэл, Нүдэнд дулаахан хүн байна гэж хөнгөмсгөөр хандаж найдалгүй, танихгүй хүнээс уух зүйлс, янжуур тамхи бусад эд зүйлсийг санаандгүй болгоомжгүй байдлаар авахгүй байх, аливаад анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байх.

3. Гэнэн цайлган сэтгэлээр бусдад туслах-ГҮЙ байх.

Тодруулбал, Танихгүй хүнээс ирсэн илгээмжийг шалгах, ачаа тээш авч явах, хүлээн авахад нь туслахгүй байх, аялалаар явахдаа гэмт этгээдүүдэд боломж олгохгүйн тулд  ачаа тээшээ бусдад түр үлдээхгүй байх, эд зүйл шургуулах боломж олгохгүй байхад анхаарах.

4. Сэтгэл санаагаа түгшээж, сэтгэл гутралд орох-ГҮЙ байх:

Сониуч зандаа хөтлөгдөн хар тамхи мансууруулах зүйлийг өөрийн биеэр туршиж хэрэглэхгүй байх, уурлаж бухимдсан, сэтгэл түгшсэн байдлаа арилгахын тулд хэрэглэхгүй байхад анхаараарай.

5. Мансууруулах бодис хэрэглэгч, донтогч хүмүүсийг "найз нөхөд"-өөрөө сонгох-ГҮЙ байх.

Энэ ташрамд анхааруулахад, Таны эргэн тойронд энэ төрлийн хууль бус наймаа хийж байгаа хүн, эсхүл хэрэглэгч таарвал юуны өмнө тэднийг ятгаж болиулах, хоёрдугаарт, тэднээс та аль болох зайгаа авч хол байх, гуравдугаарт холбогдох хуулийн болон мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг хүсэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top