DJ Гэзэг: DJ бол хөгжмөөр дамжуулж соёлыг түгээдэг урлаг

2022 оны 04 сарын 05

Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бий болгож чадсан Dj Б.Анхбаярыг хүмүүс Гэзэг хэмээх нэрээр нь сайн мэднэ. Zindaa.mn түүнийг зочноор урьж, ярилцлаа. 


-Удахгүй та томоохон шоу хийхээр төлөвлөсөн талаар сонссон. Энэ тухай яриагаа эхлүүлье. Сонирхолтой санагдаж байна?

-“DJ Gezeg Special Party”-аа удахгүй хийхээр төлөвлөөд байгаа. Энэ салбарт ороод 12 жил болох гэж байна. Энэ хугацаанд олон хүмүүстэй хамтарч уран бүтээл хийсэн. Скрач байдлаар мөн хамтарч ажилласан. Соло болон рэп дуунууд ч хийж байлаа. Энэ бүхнээ нийлүүлээд DJ, артист гэдэг үүднээсээ хамтарч ажилласан хүмүүстэйгээ хамт Special party хийхээр бэлтгэж байна. 

-Тоглолтынх нь тов гарсан болов уу?

-Ирэх тавдугаар сарын сүүлээр гэж товлож байна. Өдрөө бол тогтоогүй. Бэлтгэл ажил, оролцох артистуудын нэр гарчихсан байгаа.

-Ойролцоогоор хэчнээн уран бүтээлч оролцох вэ?

-Залуусын дунд хит болоод байгаа 7, 8 артист оролцоно.

-Клабдаа түлхүү тоглож байна уу, эсвэл бусад эвентүүдэд илүү оролцож байгаа юу?

-Үндсэн гэрээтэй клаб дээрээ тоглож байгаа. Арга хэмжээнүүдэд ч урилгаар тоглож байна. Янз янз л байна даа.

 

 

-Хэдэн жилийн өмнө хүмүүс DJ гэхээр зөвхөн ая сольдог хүн гэж ойлгодог байсан. Одоо харьцангуй сайн ойлголттой болж байх шиг байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Сүүлийн гурван жилийн хугацаанд бүх зүйлд DJ хэрэгтэй юм байна гэдгийг хүмүүс сайн ойлгож байх шиг байна. Пультны ард зогсоод, юүтүбээс дуу тавьж байгаа хүнийг DJ гэж ойлгодог байсан үе саяхан. Гэтэл аливаа арга хэмжээн дээр мэргэжлийн тоног төхөөрөмж, хөгжимтэй, тухайн болж буй үйл явдалд нь тааруулаад ая дэвсээд өгдөг, ерөнхий уур амьсгалыг сайн мэдэрдэг, мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй байдаг. Урьд нь ая л тавьдаг гэж ойлгодог байсан. Одоо харьцангуй өөр болсон. DJ-тэй арга хэмжээнүүд харьцангуй амьд болдог.

-Хүмүүсийн хөгжмийн мэдрэмж аль зүг рүү чиглэж байна гэж харж байгаа вэ?

-Ер нь насныхаа ангиллаар сонсож байгаа санагддаг. Дийлэнх нь хип, хоп урсгал сонсож байх шиг байна. Сүүлийн үед техно, андерграунд, хаус хөгжмүүдийг бас түлхүү сонсож байна.

-Өөрийн тань хувьд?

-Би нэг чиглэлээрээ л дагнаж сонсож байна гэх үү дээ. Хип хоп голчлон сонсдог, бас тоглодог. Техно, андерграунд, комершл ч мөн тоглож байгаа. Тийм болохоор бүх насны хүмүүсийг мэдэрч, бүжиглүүлж чадна. Маневр сайтай гэж боддог шүү.

 

НЭГ ҮЕЭ БОДВОЛ ЗАЛУУС СОЁЛТОЙ БОЛСОН
 

 

-Клабд байгаа хүмүүсийн нийт уур амьсгалд юу хамгийн их нөлөө үзүүлдэг гэж боддог вэ?

-Бүх зүйл л хамааралтай. Гоё эвент зарлаад, гоё хүмүүс урьж авчраад, дуугаралт муу байвал наана нь мянга гоё сэт тавиад нэмэргүй байдаг. Хүмүүс авах ёстой мэдрэмжээ авч чаддаггүй. Бас гэрэл, хөгжим, дуугаралт сайн байсан ч DJ өөрөө муу байвал утгагүй. Бүх зүйл байгаа ч орчин муухай бол бас л онцгүй сэтгэгдэл төрүүлнэ. Тэгэхээр бүх зүйл зохицсон, аль аль талдаа л сайн байх хэрэгтэй. Үйлчлүүлж байгаа залуус маань ч мөн соёлтой, боловсон байх хэрэгтэй гэж боддог.

-Сүүлийн үед клабын соёл харьцангуй дээшилсэн гэж харж байгаа. Энэ тухайд?

-Тийм шүү. Нэг үеэ бодвол залуус соёлтой болсон. Хоорондоо зодолдоод байхгүй, хэрүүл өдөөд байхааргүй болж. Гэхдээ огт байхгүй болсон гэсэн үг биш л дээ. Боловсролын түвшин гэх юм уу, эсвэл хөгжмийн боловсролтой холбож тайлбарлах байх л даа. Түүнээсээ хамаараад өөр өөр байна. Сүүлийн үед нээгдсэн томдоо тооцогдож байгаа клабуудад соёлгүй загнаж байгаа хүмүүс бараг л харагдахаа больсон.

-Ер нь хэзээнээс DJ болох хүсэл төрж эхэлсэн бэ?

-Анх Gee ахын ард хоолой хийдэг байсан. 2011 оны үед Эрдэнэт рүү тоглолтоор явах үедээ Заяа ахтай танилцаж байсан. Түүнээс хойш сонирхолтой болж эхэлсэн. Тэгээд л Заяа ах “Чи ер нь DJ болох уу, заагаад бэлдээд өгье” гэсэн. Тэр үеэс л DJ болох хүсэл эрмэлзэлтэй болж, ажилдаа дурласан. Тухайн үедээ ямар гоё мэдрэмж вэ гэж бодож, мэргэжилдээ дуртай болж байсан.

-DJ Гэзэгийг хүмүүс Click click boom-тэй холбож ойлгох нь бий. Одоо хамааралтай байгаа юу?

-Хамт дуулах тухай бодол бол байхгүй. Бид хуурай ах дүүгийн холбоотой хүмүүс. Төрснөөс ялгаагүй ах дүү нар гэж хэлж болно. Одоогоор ямар нэгэн бүлэгт харьяалагдсан зүйл байхгүй. Хувь уран бүтээлч гэдгээрээ явж байгаа.

 

ЖИЛИЙН ТУРШ "ГЭЖЭГ" ГЭДЭГ ХОЧТОЙ ЯВСАН 
 

 

-Одоог хүртэл мартагддаггүй тод үлдсэн шоу, эвентээсээ дурдвал. Ямар шоун дээр тоглох хамгийн гоё байдаг вэ?

-Томоохон хэмжээний арга хэмжээнүүд дээр тоглох илүү таалагддаг. “XX Show” хип хоп шоуг анх зохион байгуулагдаж эхэлсэн цагаас нь эхлэн “Төв цэнгэлдэх”-д тоглосон. Мөн реппэр Gee-гийн бие даасан тоглолт гээд л том хэмжээний задгай талбайд тоглох үнэхээр гоё байдаг. Өвөр Монгол руу фестивальд бас хэд хэдэн удаа явж байсан нь ердөө мартагддаггүй.

-Өвөр монголчуудын үзэгчдийн уур амьсгалыг манайхантай харьцуулахад хэр байсан бэ? 

-Уур амьсгал дажгүй шүү. Тэдний хувьд ичиж санаа зовох асуудал ердөөсөө байдаггүй. Нэг удаа Алшан аймагт болсон фестивальд очиж тоглосон юм. Хөтлөгч нь гарч ирээд “Та бүхний өмнө Ар Монголын алдарт DJ Гэжэгийг урья” гэж зарлаж байсан удаатай. Хажууд байсан Gee ах, Desant ах нар бүгд нирхийтэл инээгээд эхэлсэн. Зритл өөдөөс Гэжэг, Гэжэг гээд орилоод байдаг. Түүнээс хойш жил шахам Гэжэг гэдэг хочтой явсан. Тиймэрхүү хөгжилтэй явдал зөндөө болж байсан. Таван хүний өмнө ч тоглож байлаа. 40, 50 мянган хүний ч өмнө тоглож л байлаа.

 

 

-Дан ганц клаб, эвент гэлтгүй нэвтрүүлгүүд ч мөн адил DJ-тэй болжээ?

-Одоо л яг DJ байх хэрэгтэй гэдгийг мэдэрч эхэлж байна. Нэвтрүүлэг, контент хийж байгаа хүмүүс, ялангуяа. Гаднын бүх зүйл DJ-тэй байгаа. Дээд лиг дээр дөрвөн жил тасралтгүй DJ хийсэн. Хүмүүс бүр дасчихсан байдаг. Хөдөө ажилтай явж байх үед дээд лигийн тоглогч нар яриад “Чамайг байхгүйд халаалт хийж чадахгүй байна” гэж байсан тохиолдлууд бий. Тэр хүмүүс чинь адреналин ялгаруулахын тулд дуртай дуугаа сонсоод халаалт хийдэг. Чихэвчээрээ сонсож болно л доо. Гэхдээ заал дүүрэн сонсох мэдрэмж өөр шүү дээ. “Чамайг байхгүйд ордон уйтгартай байна, байхгүй болохоор чинь хожигдчихлоо” гэх зэрэг сэтгэгдэл олон авч байсан.

Би одоо “Sanjaa’s show” дээр DJ, туслах хөтлөгч хийгээд явж байгаа. Хүмүүс хүлээн зөвшөөрдөг болж. DJ гэхээр Гэзэг гээд л, эсвэл Гэзэг гэвэл DJ гэх мэтээр.

Хоёр жилийн өмнө ТВ8 телевизтэй хамтарсан “Airag house” төслийг бид амжилттай хэрэгжүүлсэн. Хүмүүс их ам сайтай байсан. П.Адарсүрэн гуайн дууг хип хоп болгож, скрач хийсэн нь таалагдсан тухай олон хүн дурдсан. Эндээс юуг харж болох вэ гэхээр аливаа нэвтрүүлэг, контент дээр DJ байх нь бүтээлч, шинэлэг болгож өгдөг гэдгийг харж болно.

 

 

-Ковидын үеийг хэрхэн даван туулсан бэ. Хамгийн түрүүнд хязгаарлагдсан салбаруудын нэг нь урлагийн салбар шүү дээ?

-Эвент болохгүй, баарнууд ажиллахгүй болсон. Машины лизингтэй байлаа. Зардлуудаа нөхөхийн тулд есөн шидийн л ажил хийлээ.

-Залуу жүжигчидтэй их ойр, нэгнээ дэмжиж ажиллаж байгаа харагддаг?

-Тийм ээ. Бид үргэлж нэгнээ дэмжиж ажилладаг. Киноны нээлт боллоо,  тоглоод өгөөч гэвэл асуудалгүй очоод тоглоод өгнө. Мөнгө нэхээд байх зүйл байдаггүй. Бүх сошл хаягаараа дэмжинэ. Бид чинь нэг үеийн адилхан уран бүтээлч залуус шүү дээ. Эргээд тэр хэд маань арга хэмжээн дээр ирвэл пост, стори оруулаад дэмжээд өгдөг. Хэрэгтэй хүмүүстэй нь холбох зэргээр нэгэндээ тустай явдаг. Бэлэн мөнгө гэхээсээ илүү харилцан дэмжих асуудал их байдаг.

 

ТАВАН ЖИЛ ТОГООЧ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАСАН 

 

-Та урлагийн сургууль төгссөн үү?

-Миний үндсэн мэргэжил тогооч. Би ХҮДС-ийг төгссөн. Таван жил тогооч хийсэн. Өвөл нь DJ, зун нь  тогоочоо хийдэг байсан. Зун эгчийнхээ жуулчны бааз дээр очоод тогооч хийдэг байж байгаад яалт ч үгүй DJ-дээ татагдаад урлагт нэг мөр орсон. Үүнээс хойш тасралтгүй 11 жил DJ хийж байна.

-Dj байхаа больё гэж бодож байсан удаа бий юу?

-Сая ковидын үеэр л тэгж бодсон. Юун DJ, юун баар сав. Бүтэхгүй юм байна. Өөр юу хийж болох вэ л гэж бодсон. Би наймдугаар ангиасаа хойш ажил хийсэн болохоор ээж, ааваасаа мөнгө авч үзээгүй. Ажилгүй байж чаддаггүй болохоор ерөөсөө байж чаддаггүй юм билээ. Наад захын хэрэглээгээ авах хэрэгтэй байдаг. Юу хийх вэ гэж нэлээн бодсон. Энд байдаг хувцас зардаг нэг ахаасаа тусламж гуйгаад хувцаснуудаа урд байдаг үнээр нь бодож өгөхийг хүссэн. Эрдэнэт явж зарж ирээд тооцоог нь хийе гэж гуйж байгаа юм. Бэлэн мөнгөгүй болчихсон хүн чинь өгөх гэхээр мөнгө байдаггүй. Жил гаран ажилгүй байсан хүн чинь үнэхээр хэцүү байдалд орсон. Ах маань аз болж зөвшөөрсөн. Тэгээд л бараагаа авч, вагонд суугаад Эрдэнэт явж байгаа юм. Очоод тэнд байдаг ахаасаа дахиад л гуйсан. Танилын хүрээний хүмүүстээ хэлээд зар тавиад өгөөч гээд л. Өөрөө гадуур явж зарахаас жаахан ичээд байгаа юм. Ямартай ч бараагаа зарж дуусаад, бараа зээлсэн ахдаа мөнгийг нь буцааж өгөөд, нэг сарынхаа лизингийг төлж байлаа.

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Өмнө нь тоглолтоор явж байхдаа тансаг буудалд буугаад, таксинд суугаад л, үнэтэй хоол идээд явдаг байсан. Тэр үед ямар ч тийм юм байгаагүй. Тамхиа гамнаж татаад л, айлын хоол буудаад л, ахындаа очиж унтаж байгаад л ирсэн. Гэх мэтчилэн олон л зүйл хийж явлаа.

 

 

-Гэр бүлтэй болсон уу. Гэр бүлээ хэрхэн төлөвлөж байгаа вэ?

-Албан ёсоор гэр бүл болоогүй байгаа. Найз охин бий.

-DJ хүний хувьд зохиохыг хүсдэг шоу байгаа байх. Энэ тухайд?

-Энэ салбарт 11, 12 жил болж байна. Энэ хугацаанд бодож, мөрөөдөж байсан шоугаа удахгүй хийхээр төлөвлөөд байна.

Найз нөхөд, ах нар дэмжээд хамтран зохион байгуулж байгаа. Бэлтгэл ажилдаа орчихсон явж байгаа. Яваандаа үүнийгээ цуврал болгоод улиралд нэг удаа хийхээр төлөвлөж байна.

-Энэ удаагийн шоугаа задгай талбайд хийх үү, эсвэл дотор хийхээр төлөвлөж байгаа юу?

-Цаг агаарын байдлаас болоод дотор хийхээр төлөвлөсөн. Дараагийн шоугаа зун задгай талбайд хийх байх. Энэ удаагийнхыг “UG palace"-д хийхээр төлөвлөж байгаа.

-Тайзнаас үзэгчдийг харахад хамгийн их анзаарагддаг зүйл юу байдаг бол?

-Ер нь их ичимхий юм шиг санагддаг. Хөгжим яваад эхлэхээр бие биенээ хараад л эхэлдэг. Хүмүүс жаахан гараад эхлэхээр босъё гэж бодоод суугаад л байдаг. Мэргэжлийн онцлог гэх юм уу даа. Бүх хүмүүсийг ажиглаж байдаг болохоор тийм байдал илэрхий харагддаг. Бүгд суугаад л байдаг. DJ наана нь яагаад босохгүй байна гээд л үйлээ үзэж байдаг.

DJ хүний үүрэг чинь гол нь бүжиглүүлэх шүү дээ. Хүмүүсийн нас, хүйс, тухайн арга хэмжээ зэргээс шалтгаалж энэ байдал өөр өөр л дөө. Гэхдээ дийлэнх нь л ичимхий талдаа байдаг.

Сайн DJ бол яаж ийж байгаад л бүжиглүүлдэг. Би ямар ч байсан 15-70 насны хооронд бүжиглүүлнэ л гэж үздэг.

 

ШАТАР ТОГЛОЖ БАЙГАА МЭТ БҮХ НҮҮДЛИЙГ БОДОЖ СУУДАГ
 


-Таны бусад DJ нараас ялгарах онцлог давуу талаа дурдвал?

-Би микрофоноо өөрөө барьчихдаг болохоор хүмүүсээ удирдаад явчихдаг. Тэр нь миний давуу тал болдог. Гадаадын клабууд DJ болон MC нь тусдаа байдаг л даа. Тэрийг би ганцаараа хийчихдэг гэх үү дээ. Тийм болохоор хүмүүсийн хүлээж авах байдал ч өөр байдаг.

-Хүмүүс ерөөсөө босож бүжиглэхгүй байх тохиолдол байсан уу?

-Байлгүй яахав. Эхний хоёр жил туршлага байхгүй болохоор хэцүү байсан. Хүмүүсээ мэдрэхгүй, гар хуруу салгалаад л. Ядаж байхад Заяа ах ард ирээд зогсчихно. Одоо хүртэл Заяа ах тайзны хойно зогсоод байвал би салгалдаг хэвээрээ л байна. Чаддаг юмаа чаддаггүй болчихдог. Жил гаран болсон ч хараад л байж байдаг байлаа. Яг хүмүүсийн урд гардаг болж эхлээд Заяа ахын дундуур тоглохоор хүмүүс суучихна. Заяа ахыг гараад ирэхээр л бүгд суудлаасаа босоод, орилолдоод ирнэ. Яг адилхан дуу тавьж байхад л минийх дээр суучихдаг байсан. Хамаг хөлс чийхраад л, гар салгалаад эхэлнэ. Хүмүүс ч бүжиглэхгүй болохоороо муухай хараад эхэлнэ. Заяа ах хамаг хүн суулгачихлаа гээд хөөгөөд л буулгадаг байсан. Бага багаар туршлагажаад, өөрөө шавьтай болоод ирэхээр хүмүүсийн байдлыг ажиглаад ямар төрлийн хөгжим хүсээд байгааг нь төвөггүй мэддэг болсон. Клабд хүмүүс мэддэг дуун дээрээ л бүжиглэдэг. Сонирхдог төрлийнх нь мэддэг дууг олж тавина гэдэг багагүй туршлага шаарддаг зүйл. Заалны буланд байгаа хүмүүсийг хүртэл ажиглаад тохирох дууг олж тавьдаг. Ямар ч байсан тухайн зааланд байгаа бүх хүнийг л бүжиглүүлэх гэж үздэг. Тийм л DJ болох хэрэгтэй гэж дүү нартаа хэлдэг. Бүгдийг ажиглаж, хөгжмөөр дамжуулан хүмүүсийн сэтгэлзүйгээр нь тоглодог гэж хэлж болно. Нэг дуу тавиад л зритлээ бүгдийг нь ажиглана. Хэн суув, хэн босож ирсэн гээд л бүгд хяналт доор байдаг. Харамсалтай нь, хүмүүсийн дийлэнх нь зүгээр л хөгжимний ард зогсож байдаг хүн гэж ойлгодог. Тийм биш. Шатар тоглож байгаа мэт л бүх нүүдлийг бодож суудаг.

-DJ хүний хувьд гадуур явахдаа ямар ажиглалт хийдэг бол?

-Маш бүтээлч байх шаардлагатай болдог. Хүмүүс түгжирч байхдаа машиндаа ямар дуу сонсож байна вэ, уулзсан хүмүүсийнхээ утсан дээр ямар дуу байгаа бол гэж бодох нь энгийн асуудал. Уйтгартай үедээ ямар дуу сонсдог бол гээд л. Эхэндээ хүмүүсээс “Чи ямар дуу сонсож байна” гэж их асуудаг байсан. Одоо бол хүмүүс надаас асуудаг болсон. “Гэзэг ээ, чи ямар дуу сонсож байна. Сэтдээ оруулсан энэ дуу чинь ямар дуу юм” гэх зэргээр.

10 жилийн өмнө зритлдээ тааруулж тоглодог байсан бол сүүлийн үед DJ-ийн тавьсан сэт дээр хүмүүс бүжиглэж, түүнийг сонирхдог болсон байна. Энэ бол маш том ололт. Зарим хүмүүс 20 жилийн өмнөх дуу нэхээд байдаг. Tupac-аа тавиач, “I will be missing you” сонсъё гээд л. Тусгай эвент дээр бол болно. Гэхдээ нийтийн арга хэмжээн дээр тэгж болохгүй. Орчин үеийн залуус “Гэзэг чинь аль 20 жилийн өмнөх дуу л тавиад байдаг юм байна лээ ш д” гэнэ шүү дээ. Аль болох сэтдээ дэлхийн хөгжмийн зах зээл дээр сайн үнэлгээ авч байгаа шинэ дуунууд оруулахыг хичээдэг. Сонссон хүмүүс эргээд надаас энэ ямар дуу вэ гээд асуудаг. Үүгээрээ бас соёл түгээж байгаа юм болов уу гэж боддог. Намайг зориод ирдэг хүмүүс олон болсонд талархалтай хандаж байгаа.

 

 

-Сэтд тань монгол дуунууд хэр багтсан байдаг вэ?

-Солонгос клабд Солонгос дуу л явдаг. Мэдээж Америкийн хөгжмийн зах зээл дээр байгаа дэлхийн хэмжээний хит дуунууд явна. Гэхдээ л Солонгос дуу л давамгай явдаг. Америкт бол Америк дуу л явж байгаа, Бразилд мөн л Бразил дуу л явж байгаа. Харин манайд бол бүгд шахуу гадаад дуу явуулдаг. Би үүний эсрэг байдаг. “Монголдоо монгол тракаа сонсоцгооё8 залуус аа. Монгол улс мандтугай, ура” гэж би хаана ч очсон хэлдэг. Миний хоёр цаг тоглогдох сэтний цагаас цаг хорин минут нь монгол дуунууд байгаа. Үүгээрээ монгол артистууддаа ч хөрөнгө оруулж байна гэж боддог. Жишээ нь, The C гээд монгол артистын “Efil” гэдэг дууны юүтүб дэх хандалт тийм ч их биш. Гэхдээ залуусын дунд хит болчихсон. Тэр дууг би сэтдээ байнга оруулдаг. Миний сэтийг сонссон хүнд тэр дуу таалагдвал The C-ийн тухай хайгаад мэддэг болдог гэдэг ч юм уу. Энэ бол залуу артистуудаа дэмжиж ажиллаж байгаа нэг хэлбэр гэж боддог. Монгол дуу тавихад хүмүүс ч гэсэн харьцангуй дуртай байдаг болсон. Микрофоноороо ярьдгийн давуу тал бас энд гардаг. “Монголдоо монгол тракаа сонсоцгооё, залуус аа. Монгол Улс мандтугай, ура” гэж хэлсний дараа дуунуудаа тавьж эхлэхэд хүмүүс таатайгаар хүлээж авдаг.

-Аль ч клабд очсон бүх хүмүүс босдог хит дуунуудаас нэрлэвэл?

-Аль ч клабд очсон хүмүүс орилолдоод л босоод ирдэг хэдэн дуу бий. Nelly & Kelly-ийн “Dilemma”, DMX-ийн “Party Up”, Cardi B “No limit”, Гинжингийн “Ganbei”, The C-ийн дуунууд байна. Миний хувьд эдгээр дуунуудаа тавихад хүмүүс ууж байсан юмаа тавиад бүгд босоод ирдэг. Оргил үед тавьдаг дуунуудаа эрт тавьж болохгүй. Бас нэг дууг сэтдээ нэг л удаа оруулдаг. Тэр өдөр дахиж тэр дуу явахгүй гэсэн үг. Заяа ах надад үүнийг сургасан. Одоо би дүү нартаа ч бас үүнийг байнга хэлдэг.

-Дүү нар гэснээс таниас суралцаж байгаа залуус бий юу?

-Зааж байсан хүмүүс бол зөндөө бий. Тууштай ажиллаад явж байгаа нь DJ Баяраа гээд залуу байгаа. Бид хоёр одоо хамт ажиллаж байгаа. Сураад гурав, дөрвөн жил болж байна. Одоо хүртэл надаас асуугаад сураад л явж байгаа. Би ч гэсэн одоог хүртэл Заяа ахаас суралцаад л явж байна. Ханаад оргилд нь гарна гэж байхгүй шүү дээ.

 

 

-Нэг үеэ бодвол DJ нарын үнэлэмж нэмэгдсэн байх. Үнэлгээ хэр байдаг вэ?

-Зарим клабын эзэд DJ болон зөөгч хоёрын цалинг ижилхэн тогтоосон байдаг байсан. Одоо бол өөр.  DJ нарын ранк, ажиллаж байгаа газрын орчин зэргээс хамаараад цалингийн хэмжээ өөр өөр байгаа. DJ-гүй баар ажиллах уу, зөөгчгүйгээр сайн DJ ажиллуулах уу гэвэл DJ-г сонгож магадгүй төвшинд ирээд байна. Хүмүүс бааранд бүжиглэх гэж л ордог шүү дээ. Одоо бол Монголын клабуудад DJ нар хангалттай цалин авч байгаа гэж бодож байна. Тогтмол цалин бол өөр. Нэг удаа эвентэд ханш бас өөр байдаг. Эвентэд сая төгрөгөөр хэдэн цаг тоглодог байлаа гээд сарын цалингаа үүгээрээ үржүүлээд авна гэж мэдээж байхгүй. Ур чадвар сайтай клабын DJ нар дээд тал нь таван сая орчим авч байгаа байх гэж бодож байна.

Өмнө нь дөнгөж сурч байхдаа хүмүүс тоглоод өгөөч 200, 300-г өгье гээд гуйхад нь тэгье гээд тоглоод өгдөг байсан. Цалин голохгүй ажилладаг байсан. Одоо бол өөр хэрэг. Би энэ хүртэл ур чадвар суух гэж зөндөө хөдөлмөрлөсөн. Одоо тэр хүмүүст ханшаа хэлэхээр “Чи хэзээ ийм болчихсон юм” гэдэг. Тэгж болохгүй. Ханшаа унагаахгүйн тулд нэг эвент дээр доод тал нь нэг саяар тоглож байгаа. Ямар DJ авах нь тухайн хүмүүсийн л сонголт.

-Одоо аль клабд тоглож байгаа вэ?

-Би нэг найзтайгаа хамтраад “Elements” гээд клабыг ажиллуулж байгаа гэх үү дээ. Гэрээтэй учраас ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа клабуудад мэдээж тоглохгүй. Харин эвентүүдэд бол очиж байгаа.

-Гэзгээ авахуулчихсан юм уу. Харагдахгүй байх чинь?

-Байгаа шүү дээ. Гэзэггүй бол хэнээ болчихно шүү дээ. 31 жил ургуулж байна. Мэдээж тайрч богиносгодог. Тэр чигээр нь ургуулсан бол “Танглед” болчихсон байхгүй юу.

 

 

-Тоглоход хамгийн тухтай, техник хэрэгсэл сайтай байдаг клабаа нэрлэхгүй юу?

-Сүүлийн үед клаб ажиллуулж байгаа эздүүд дуугаралт тал дээр маш сайн анхаардаг болсон. “Omni”, “ZU”, “Mint” зэрэг клабууд дуугаралтаараа номер нэг гэж хэлж болно.

-Сүүлийн үед ямар артистуудтай хамтарч ажиллаж байгаа вэ?

-Сүүлд O.G Mob-ийн “Original” гээд дуун дээр хамтарч ажилласан. Тэрний өмнө “No Rules” гээд олон ангит киноны дууг Wolfizm-той хамтарч хийсэн. 

-Сонсох дуртай Монгол Dj-ээ нэрлэхээр бол хэнийг нэрлэх вэ?

-Мэдээж Заяа ахыгаа л нэрлэнэ дээ. Заяа ах маань миний багш. Яг гарынх нь шавь болохоор одоог хүртэл суралцаж явдаг.

-Ярилцсанд баярлалаа

-Танай хамт олонд ч мөн баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top