Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байдаг. Манай улсын хувьд 2011 оноос хойш тус өдрийг тохиолдуулан дөрөвдүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Улмаар 11 дэх жилдээ тус аяныг зохион байгуулж байгаа юм. Уг аянтай холбоотой болон бусад холбогдох асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхартай ярилцлаа.
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар тохиож байна. Энэхүү аянаар ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?
-Энэ нь сарын аян боловч өдөр болгон хийдэг л ажил гэж битгий ойлгоорой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал бол өдөр болгон ажлын байран дээр зайлшгүй анхаарч байх зүйл юм. Тэгэхээр сарын аян бол онцгойлсон байдлаар төр, хувийн хэвшил, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд, мэргэжлийн сургалтын байгууллагууд, цаашлаад ажилтан өөрөө оролцох байдлаар хамтарч хийж буй ажил.
Нийгэмд энэ чиглэлээр мэдээллийг бүрэн өгөх, түүнээс гадна ажил олгогч болон ажилтнууд өдөр бүр энэ чиглэлээр ажилдаа анхаарах байдлаар нийгмийг соён гэгээрүүлж, мэдээлж буй хэлбэр юм. Бусдаар бол энэ чиглэлийн ажлыг өдөр бүр хийдэг. Аяны хүрээнд нэгдүгээрт, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой шинээр гарсан хууль эрх зүй, дүрэм, журам стандартуудыг олон нийтэд хүргэх ажлыг хийнэ. Хоёрдугаарт, ажил олгогчид маань өөрсдөө ажлын байрны нөхцөл байдлаа бүрэн үнэлж, үүнтэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдлын шинэ ажлуудыг зохион байгуулах юм. Цаашид ажилтан өөрөө үүнээс авсан мэдээллийнхээ дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангахад анхаарах гэх мэт олон ажлуудыг төлөвлөөд байгаа.
-Энэ удаагийн аяныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье уриан дор тэмдэглэж байгаа юм билээ. Эерэг соёл гэх үгийн энэ удаад ашигласан шалтгааныг тайлбарлахгүй юү?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хүнд дадал зуршил болдог юм байна. Хэрэв зөв хэрэглэвэл шүү дээ. Тэгж чадахгүй бол буруу дадал зуршил болдог. Сайн дадал зуршил өөрөө эерэг соёл болно. Эерэг соёлтой хүн өөрөөсөө гадна бусдад нөлөөлж, тэднийг эрсдэлээс хамгаалдаг нөхцөл байдал үүдэг. Энэ жилийн аяны хүрээнд энэ стратегийг чухалчилж байгаа. Цаашдаа эерэг соёлтой, эерэг дадалтай ажил олгогчидтой байя гэх утга бүхий уриа юм.
-Хөдөлмөрийн аюулгүй байдлаас шалтгаалсан осол гэмтэл хэр их гардаг вэ. Эргээд энэ нь өрхийн амьжиргаанд ихээхэн нөлөөлдөг шүү дээ?
-Их чухал асуулт асуулаа. Бид жил бүр статистик мэдээлэл гаргадаг. Жил бүр харилцан адилгүй ослын тоо гардаг боловч жилд 250-350 орчим хүн хөдөлмөрөөс шалтгаалсан осол гэмтэлд өртдөг. Цаашлаад эдгээр хүмүүсээс 40-60 хүртэлх хувь нь жил бүр амь насаараа эрсдэх аюултай. Ялангуяа уул уурхай, барилгын салбарт зарим нөхцөлд осол гэмтэл гарах, түүнээс шалтгаалж хүний амь нас эрсдэх тохиолдол гарсаар байна. Энэ нь сайн зүйл биш. Гэвч үүнээс сэргийлэх чиглэлээр хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлийн мэргэжилтнүүд, хариуцсан байгууллагууд хяналт тавих гэх мэтээр байнгын ажиллаж байгаа. Энэ мэт тохиолдлууд гарахгүй байх ёстой. Ажил дээр гарсан осол дан ганц эдийн засгийн утгаараа дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлөхөөс гадна өрхийн амьжиргаад нөлөөлдөг.
Олон улсын байгууллагын судалгаанаас харах юм бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улмаас үүссэн осол гэмтэл бусад зүйлээс шалтгаалж, дотоодын бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэхүйц эдийн засгийн өртөгтэй байна. Манайд хийсэн судалгаа ч үүнтэй ойролцоо байдлаар гарсан. Гэвч бид тооцоолж чадахгүй нэг зүйл бий. Тухайн өрхийн өөрийнх нь амьжиргаад, эрүүл мэндэд урт хугацаанд хэрхэн нөлөөлж буйг тооцоолох асуудал байна. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал бол зүгээр нэг ажлын байрнаас бусад үед үүссэн, магадгүй эрүүл мэндийн хувьд хохирсон зүйл огт биш юм. Бүхэлдээ бол нийгмээрээ үүнээс шалтгаалсан үр дагаврыг даадаг, ийм л асуудал. Үүнээс ямагт сэргийлэх ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал алдагдсанаас үүдэж, хөдөлмөрийн чадамжаа алдсан хүмүүсийн хөдөлмөрийн чадамжийг сэргээх бас нэгэн зүйл яригдаж байгаа юм.
-Олон улсын байгууллагын судалгаанд хөдөлмөрийн аюулгүй байдал нь дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засагт ихээхэн нөлөөлдөг талаар дурдлаа. Манай улсад хийсэн судалгааных нь талаар ярихгүй юу. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэчнээн хувьтай нь тэнцэж байв?
-Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааг 2019 онд хийж байсан. Тэрхүү судалгаанаас дурдвал жил ирэх тусам осол болон өвчлөлийн зардал нэмэгдсээр байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмжээс гадна осолд өртсөн ажилтнаас эрүүл мэндийн үйлчилгээ авахад гаргаж буй зардал, сэтгэл санааны хохирол, алдагдсан боломж зэрэг асуудлууд нь тухайн осолд өртсөн ажилтны амьдралд урт хугацааны туршид эдийн засаг болон сэтгэл санааны хохирлыг бий болгож байна.
2019 оны байдлаар үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд зарцуулсан нийт зардал 127.8 тэрбум төгрөгт хүрсэн байх жишээтэй. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.4 хувь, нийт төсвийн зардлын 1.1 хувь, нийгмийн даатгалын сангийн зардлын зургаан хувьтай тэнцсэн үзүүлэлт. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах ёсгүй л гэсэн үг.
-Та жилд 250-350 хүн хөдөлмөрөөс шалтгаалсан осолд өртдөг гэлээ. Хэдээс хэдэн насны хүмүүс голчлон бэртэж, гэмтсэн бэ?
-Энэ бол зайлшгүй ярих ёстой зүйл. Бидний судалгаагаар хөдөлмөрийн ид насныхан буюу 40 хүртэлх насныхан голчлон бэртэж, гэмтэж байна. Бүр тодруулан хэлбэл 18-40 насныхан бэртэж, осолд өртөх нь их байгаа юм. Үүнээс сэргийлэхийн тулд хөдөлмөрийн ид насныханд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдээлж, дадлага хийлгэж, сургалтад хамруулах гэх мэт ажлуудыг хийх ёстой.
-Албан байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлын журмаа хяналтын газрынханд зориулан цаасан дээр гаргасан байх жишээтэй. Ердөө л цаасан дээр хэрэгждэг журамтай байна. Үүнийг цаашдаа хэрхэн сайжруулж, ямар арга хэмжээ авч ажиллах бол?
-Мэргэжлийн хяналтын газарт шалгуулах, эсвэл хяналт шалгалтын газрынханд шалгуулдаг цаасан журам батлах, ямар нэгэн стандартыг тогтоох, газар дээр нь зааварчилгаа өгөх гэх мэт нь сайн зүйл биш. Ийм байгууллагууд байгааг үгүйсгэхгүй. Гэвч аль болох ийм байгууллагыг байлгахгүй байх нь зохилтой. Аяны нээлтийн үеэр хэд хэдэн байгууллагууд өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Ажлын байрныхаа эрсдэлийг тухайн байгууллага өөрөө үнэлэх ёстой гэж тооцоолж байгаа юм. Тэрхүү тооцооллыг өөрсдөөр нь үнэлүүлж, мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн үнэлж, газар дээр нь зураглал хийж үзүүлснээр дадлага олгодог.
Нэг талдаа тухайн ажилтныг эрсдэлээс сэргийлж буй мэт боловч нөгөө талаас ажил олгогчийн хувьд ажлын байрны эрсдэлээ даван туулах арга зам юм. Энэ талаас харвал ажил олгогчдод эерэг, соёл хандлага бий болж байна. Гэхдээ энэ нь хангалттай биш. Хүн бүр адилгүй учраас шинээр бий болсон ажил олгогчид, компаниудад бид байнга мэдээлэл хүргэх, тэднийг сургалтад хамруулах ажлыг хийнэ гэсэн үг.
-Гэр хорооллын захын хэсгээр шим тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүд байдаг. Үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний ханш нэмэгдсэн явдал шим тэжээлийн дутагдалтай хүүхдийн тоог нэмэх вий гэх айдас байна л даа. Шим тэжээлийн дутагдалтай хүүхдийн тоог гаргасан уу. Ер нь яамны зүгээс үүний талаарх мэдээлэлтэй байгаа юу. Байгаа бол ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтраад тодорхой хугацаанд байнгын судалгаанууд хийдэг. Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг бид өөрсдөө бүртгэдэг. Нийгмийн ажилтнууд ч энэхүү ажилд хамтарч ажилладаг юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлого зохицуулалтын хүрээнд Халамжийн үйлчилгээний газруудаар дамжуулан өрхүүдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр хэрэгждэг. Хүнсний талон буюу хүнсний эрхийн бичиг гэвэл илүү сайн мэдэх болов уу. Хүнсний эрхийн бичиг тодорхой иргэдэд /насанд хүрсэн эсвэл хүүхэд эсэх нь хамааралгүй/ шаардлагатай зарим хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хүнс тэжээлийнхээ шим тэжээлийг авах боломжийг олгодог хөтөлбөр.
Өнгөрсөнд хугацаанд боломжийн, амжилттай хэрэгжсэн. Жил гаран хугацааны өмнө 241 мянган хүн хүнсний эрхийн бичигт хамрагддаг гэх тоон мэдээлэл байлаа. Үүнд авах ёсгүй хүмүүс ч байсан гэдгийг бид үнэлгээ хийсний дараа мэдсэн. Хөдөлмөрийн чадвартай иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх байдлаар үнэлсэн юм. Энэ ажлын дагуу дээрх тоон үзүүлэлт багассан. Нийт 78 мянган хүнийг хүнсний эрхийн бичгээс татгалзуулсан байдаг. Хэрэв таны асуусан нөхцөл байдал үүссэн байгаа бол яамны зүгээс анхаарч ажиллана. Үнэхээр л хүүхдүүд хүнс, тэжээлийн шимээ бүрэн гүйцэд авч чадахгүй байгаа бол эрсдэлт нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллах боломжтой.
-Үнийн өсөлт нийгмийн төрөл бүрийн хэсэгт нөлөөлж байна. Үүний нэг нь тэтгэврийн насныхан байна шүү дээ. Тэтгэврийг нэмсэн ч өнөөдрийн үнийн өсөлтөд бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад хаанаа ч хүрэхгүй байна. Ер нь цаашдаа дахин тэтгэврийг нэмэх боломж, бололцоо байгаа юу?
-Тэтгэврийг нэмээд хоёр сар өнгөрсөн байна. Тэтгэврийн дундаж 425 мянган төгрөг байсан шүү дээ. Одоо бол 547 мянган төгрөг боллоо. Харьцангуй өндөр үнээр нэмэгдсэн гэж хэлэх боломжтой. Гэвч тэтгэвэр нэмэх, бусад нийгмийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг нь манай эдийн засаг, төсвийн боломж, бололцоотой шууд холбоотой юм. Хэрэв эдийн засаг өсөлттэй байгаад, төсөв сайн байх аваас аливаа улс орон нийгмийн хамгааллын ажлыг илүү сайн хийж чаддаг. Энэ талаас нь ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь тэтгэврийн зөрүүнүүд юм. Тэтгэврийн зөрүүнүүдийг арилгах чиглэлээр бидний шинэ бодлого, зохицуулалтууд байгаа. УИХ-аар хэлэлцсэнээр шинэ бодлого, зохицуулалтаа хэрэгжүүлэх эсэх нь тодорхой болох юм. Мөн богино, дунд, урт хугацаанд шийдэх асуудлууд байгаа.
-Хоёуланг нь тэтгэврийг нэмэх, хүнсний эрхийн бичиг гэх мэт зүйлсийн талаар яриад эхлэхээр хүмүүс нийгмийн халамжаа багасга гээд эхлэнэ шүү дээ. Үүнээс нэг асуулт гарч байна л даа. Нийгмийн халамж хавтгайрсан учраас ажиллах хүн олдохгүй байна хэмээн яриад байна. Үнэхээр хүмүүсийн хэлсэн шиг нийгмийн халамж хавтгайрсан юм уу. Та үүнд өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юү?
-Зарим нэг тоон мэдээллийг хэлэх нь зүйтэй. Цар тахлын улмаас хоёр жил хямрал амслаа. Үүнээс үүдэж олон байгууллагууд тодорхой хугацаанд ажлаа зогсоосон. Үүнийг дагаад ажилгүйдэл тодорхой түвшинд байлаа. Улмаар өрхийн орлого тасалдсан. Нийгмийг бүхэлд нь хамарсан асуудалд нийгмийн хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэх, хүн бүрд 300 мянган төгрөг олгосон. Хүмүүсийн амьжиргааг дэмжих, цаашилбал эдийн засгаа хадгалах гэсэн зохицуулалт юм. Мөнгөн дүнгээр нь авч үзвэл халамж хавтгайрсан гэх шүүмжид өртсөн.
Гэвч тухайн цаг үед гарцаагүй ийм зохицуулалт, ажлыг хийх шаардлагатай байсан юм. Энэ жилийн хувьд 497 тэрбум төгрөгийн төсөвтэй. Халамжийн зарим хөтөлбөр, зохицуулалтыг хязгаарласан. Гэхдээ халамж зайлшгүй шаардлагатай хэсгийг мартахгүй. Тэднийг хаябал нийгмийн хамгаалал алдагдсан, ядуурал нэмэгдэх, амьжиргаа нь доройтсон бүлэг хэд дахин өсөх юм. Мөн ажил хийж чаддаг хүн байвал халамж авахгүй. Хөдөлмөрийн чадамж бүрэн байгаа хүмүүсийг ажлын байртай болгох үйл ажиллагааг түлхүү хийх юм.
-Та хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа шүү дээ. Сая ярилцлагын үеэр ч дурдлаа. Яг ямар чиглэлээр хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан бэ?
-Маш чухал асуулт асуулаа. Бид Нийгмийн даатгалын талаарх хуулийн багцыг УИХ-д өргөн барьсан. УИХ энэхүү хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх юм билээ. Энэ жилийн хувьд багц хуулийн хүрээнд бусад хуулиудын талаар ч яригдана. Үүний нэг бол Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах даатгалын сангийн хууль юм. Даатгалын сангийн хуулийг бид шинэчилж байгаа. Нэгдүгээрт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бусад байдлаас үүссэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай зардлуудыг гаргана. Үүнтэй уялдуулж, хэрэв хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадварыг эргэн сэргээх зардлуудыг гаргах зохицуулалтыг хийсэн.
Энэ бол бид эрх зүйн хувьд шинэ алхам болж буй хэрэг. Шинэ алхам гэдэг нь олон улсын туршлага өөрөө ийм байдаг. Тухайн хүн гэмтэл, осолд орлоо ч цаашдаа ажиллаж болохгүй гэсэн үг биш. Хөдөлмөрийн чадварыг нь сэргээхэд анхаарна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор аяны нээлтийн үеэр сайн мэдээ хэлсэн. Хөдөлмөрийн болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан мэргэжлийн өвчлөлийн эмнэлэг байдаг. Уг эмнэлгийн шинэ барилгын ажил тавдугаар сараас эхэлж байгаа.
-Яамны зүгээс энэ жилийн хувьд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?
-Энэ жилийн хувьд нийгмийн даатгалын шинэчлэлүүдийг хийнэ. Холбогдох хуулиудыг шинэчлэх юм. Түүнээс гадна бидний чухалчилж буй ажил бол хөдөлмөр эрхлэлт. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэх чиглэлээр хийх ажлуудаа төлөвлөсөн, зохицуулалтыг ч хийнэ. Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хамтраад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Өнгөрсөн онд таван хөтөлбөр, 17 үйл ажиллагаа байсан бол энэ жил долоон хөтөлбөр 28 үйл ажиллагааг хийхээр бэлдэж байна. Хүмүүсийг ажилтай болгох замаар нийгмийн хамгаалал өөрөө хариуцах чиглэл рүү орж байгаа гэсэн үг. Мөн ахмад настан болон хүүхдийн хамгааллын асуудал байна. Бид юуг ч орхигдуулахгүйгээр ажиллана. Нэг ч үйл ажиллагааг нь орхигдуулж болохгүйгээрээ манай салбар ихээхэн онцлогтой.
-Хөдөлмөр эрхлэхийг хүссэн хэсэг бүлэг хүмүүс байна. Нөгөө талд ажил олгогчид байгаа. Гэтэл үүнээс үүсэж буй том асуудал нь ажил олгогчдын хүсдэг хүний нөөц байхгүй байна шүү дээ. Энэ нь эргээд манай улсад ажилгүйдэл үүссэн, хүний нөөцийн хомсдол бий болсон зэрэг үзүүлэлтийг гаргаж, харуулаад байна л даа?
-Их чухал асуултыг асуулаа. Ажил олгогчидтой уулзах үед ажлын байр хангалттай байгаа гэх мэдээллийг өгдөг. Ажлын байр хангалттай байгаа боловч ажиллах хүчний хомсдолд орсон улс болоод байна шүү дээ. Өнгөрсөн онд 36 мянган ажлын байр байгаа гэх тоон мэдээлэл бий. Товчхондоо 36 мянган ажиллах хүчний хомсдолд орсон гэсэн үг. Таны хэлсэнчлэн ажиллах хүн байгаа боловч тухайн ажлын шаардлагад нийцэхгүй гэх том асуудал үүссэн. Мөн хэдийгээр ажлын байранд гарсан боловч ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Бидний хувьд ажлын байрыг бий болгоно гэх стратегийг нэгдүгээрт тавьж байсан бол одоо эсрэгээрээ тухайн хүмүүсийг мэргэжилтэй болгож, бэлдэх стратегид илүү ач холбогдол өгч байгаа. Өмнө дурдсан долоо хөтөлбөрийн нэг нь энэ. Мэргэжлийн чиг баримжаа олгох, дадлагажуулах, бусад сургалтад хамруулах, ажлын нөхцөл байдалд үүсэх эрсдэлээс сэргийлэх, асуудлыг хэрхэн шийдвэрлэх, нийгмийн харилцаанд хэрхэн оролцох, цалин хөлс, хууль эрх зүйн талаар гэх мэт олон төрлөөр сургах юм. Энэ мэт шаардлагатай сургалтуудыг сургалтын байгууллагаар дамжуулан хийхээс гадна ажил олгогчид өөрсдөө ч оролцох юм. Ажил олгогчид өөрсдөө хүний нөөцөө бэлдэж авна гэсэн үг. Төр бүх хүнийг сургаж чадахгүй шүү дээ. Төр, хувийн хувшил, сургалтын байгууллагууд хамтарч байж хүний нөөцийн хомсдолоос гарах боломжтой.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )