Төсвийн тодотголоос тогтож харах ГУРВАН ЗҮЙЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Тахлаар айлгаад хоёр жил түрийвчээрээ тоглосон Монгол Улсад ах нарын зодоон тоосоороо шавхуурдаж эхэллээ. Бүтээлч үйлдвэрийн дүрс битгий хэл үнэр ч байхгүй манайх шиг улс одоо геополитикийн зодооноос шалтгаалсан инфляцын шанаатай нүүр тулав. Хацар хорсгосон шанаанаас гарахын тулд төсвөө заавал тодотго гэж учир мэдэх гаднынхан сануулсан тул төсвийн тодотголыг хэлэлцээд баталчихлаа. Төсвийн тодотголыг бүтнээр нь харъя гэвэл хэвлэлийн хэдэн хуудас цаас болох тул тогтож харах, анхаарч үзэх ёстой хэдэн зүйлийг товч дурдъя.


 

ХЭМНЭЕ

 

Хэмнэе. Хачин гоё үг. Маргааш сонгууль болох байсан бол оноо авах үг. Эсэргүү­цэгчдийн амыг өнөөдөртөө л дарах “шид”-тэй үг. Засгийн хувь заяагаа бодож байгаа бол гал манах үг. Ер нь л гоё үг. Төв талбай дээр залуус жагссаны маргаашаас л хэмнэ, хэмнэлт гэдэг үг дом болчихсон. Дом болсон энэ л үг төсвийн тодотголд тусгалаа оллоо. Юунд туслаад байгаа нь мэдэг­дэхгүй туслахуудын тоог цөөлж, үнэтэй бэлэг солилцож, зардлаа төсвөөс гаргадагаа болиулж, гар утасны төлбөрөө тануулж, том машинуудаа түлхээд, өндөр зардалтай 33 төслийг хасаад хаячихлаа.

Төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирд­лагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана гэж хэлсэн юм.

Хэмнэ гэдгийг өнөөдөр л гол болгоод байгаа хэрэг биш. Үүнээс ч өмнө гаднын олон экспертүүд төсвөө хэмнээчээ гэдэг ганцхан шаардлага тавьсаар ирсэн. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн тайланд ч төсвөө хэмнэ, сахилга баттай бай гэж дүгнэлт хэсэгтээ тод өнгөөр, толгой үсгээр бичиж байв шүү. Тахлын шанаа, ах нарын зодооны тоосонд даруулаад одоо л ойлгож байгаа болохоос аль эрт хэмнээд, сахилга баттай байсаар ирсэн бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсээч үү үгүй ч үү.

УИХ болон Засгийн газрын харьяа агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглов. Нийслэлийн Засаг дарга хоёр,  аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогчтой байхыг хориглов. Том оврын автомашин хэрэглэх, орон нутгийн томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагч төсвийн зардлаар албан тушаалын машин гаргахыг хориглов. Төсөв байгууллагын автомашины нэгдсэн удирдлагыг цахим болгож 9800 машиныг 60 хувиар бууруулахаар тусгав.

Төрийн тусгай алба хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас өмсөхөөргүй болов. Сургалт нэрээр мөнгө идэхийг болиулж, утасны төлбөрөө ч өөрөө төлдөг болов. Дурдаад байвал олон зүйл төсвийн тодотголд тусгажээ.

Төсвийн байгууллагын алба хаагчдыг цомхотгож, чаддаг ажилтанд нь ахиу цалин олгодог байхаар зорьж байна. Одоогоос хоёр жилийн өмнө Дэлхийн банкны тайланд дурдсанаар “Төсвийн бодлогын хувьд төсвийн дүрмийг хялбарчилж, өрийг бууруулах, болон Төсвийн тогтворжуулалтын сан (ТТС)-гийн үйл ажиллагааг жигдрүүлэх ажлыг нэгдүгээрт тавих, мөн өрийн менежментийг бэхжүүлэх шаардлагатай байна” гэжээ.

 

БАРЬЯ 

 

Чухам юуг барих юм бэ гэж үү, товчхондоо үнийн өсөлтийг барья аа л гэсэн санаа. Цар тахал гээд хоёр жил түрийвчээрээ тоголсон Монгол Улсын эдийн засаг агшсан гэдгийг олон улсын байгууллагуудын судалгаа хангалттай харуулдаг. Арай гэж сэргэх нь үү гэтэл Орос-Украины хооронд үүссэн хямрал улам туйлдуулж дэлхий даяар инфляцын өсөлт гаарсаар байна.

Европын топ гурван улсын инфляц 30 жилийн дээд цэгтээ хүрсэн бол дэлхийн номер нэг гүрэн гэгдэх АНУ-ын инфляц 40 жилийн дээд хэмжээнд хүрч өссөн.

Олон улсын валютын сангийн тайланд дурдсанаар хөгжиж буй эдийн засагтай улс орнууд инфляцын өсөлтийг бууруулах чиглэлд анхаарч бодлогодоо тусгахыг уриалаад удаагүй байна. Тус сангийн тооцоолсноор Монгол Улсын хувььд хэрэглээний үнийн өсөлт 15.5 хувьд хүрчээ цаашид ч энэ тоо өсөх магадлалтай. Монголчууд бид төсвийн тодотголдоо энэ агуулгыг тусгажээ. Нэн тэргүүнд бид үнийн өсөлтийг мөнгөжиж барья гэж ойлгосон байна.

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор болжээ. Дараа нь бид үйлдвэрлэгчээ дэмжинэ. Төсвийн тодотголд тооцсоноор дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах зоорь барихад нэг их наяд төгрөгийн гурван хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Импортлогч орон учраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортын гаалийн татвараас чөлөөллөө.

Тэнд өсөж байгаа инфляцыг бид уламжлалт аргаар барихаар тооцсон нь анхаарахгүй байхын аргагүй хүчин зүйл юм. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд мянга мөнгөтэй байгаад, даатгалын шимтгэлээ буцаан аваад, хөнгөлөлттэй зээл олгоод, хүүхдийн мөнгөө тараагаад тэмцэнэ гэж байхгүй. Бэлэн мөнгөтэй байх тухай ойлголт бус инфляцад илүүтэй өртөх магадлалтай дундаж давхаргаа яаж анхаарах вэ гэдэг асуудал чухал юм.

Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох, хүүхдийн мөнгийг бэлнээр тараах зэргийг л дундаж давхаргаа хамгаалж байна гэж ойлгохгүй бол энэ удаагийн Төсвийн тодотголд дундаж давхаргатай холбоотой үг өгүүлбэр нэгээхэн ч алга. Шинэ биш ч хуучирч амжаагүй байгаа түүхээс харахад байгалийн баялаг ихтэй, үнийн цочролд өртөмтгий манайх шиг улс орнууд инфляцын эсрэг яг ийм л бодлого баримталдаг байна. Төсөвтөө ч, хуульдаа ч, бодлогодоо ч хүнээ бус үүсээд байгаа асуудлаа, том салбараа л хардаг болохоос биш тухайн салбарыг хөдөлгөж байгаа хүнээ мартсанаас болж өнөөгийн асуудал үүссэн гэдгийг сануулах нь илүүц биз.

 

СААРЪЯ 

 

Төсвийн тодотголд лоозонгийн шинж чанартай нэг зүйл орж ирсэн нь төвлөрлийг сааруулах тухай ойлголт байв. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 18 дугаарт, далайд гарцгүй улс орнууд дундаа хоёрдугаарт ордог Монгол Улс газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотдоо нийт хүн амын 50 хувь нь аж төрж байна. Анх социалист техникийн баазыг бэлтгэн нийлүүлэх тосгоны зохион байгуулалтаар байгуулагдсан нийслэл хот өдгөө түгжрэл бухимдлын "үүр" болжээ. Үүнийг сааруулахын тулд дараах ажлуудыг хийхээр болсон байна.

Цэцэрлэгйн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авч биуй иргэдийн ипотекийн зээлийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлнэ. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даана. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогыг илүү өргөжүүлнэ. 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар орлогын албан татвараас чөлөөлнө.

Түгжрэл бухимдал бол бод­ло­гогүй төрийн илрэл байсан. Хэрэв бид Улаанбаатар руу чадах л юм бол хүрээд ир гээд алгаа дэлгэж угтаагүй бол энэ хэт төвлөрөл гарахгүй байх байсан. Төрийн зарим байгууллага, их дээд сургуулиа хотоос гаргасан бол ийм зүйлтэй нүүр тулахгүй байв. Жолооны буруу хүрдтэй машиныг зах замбараагүй оруулаагүй бол түгжрэл гэдэг зүйл арай саарч болох байв.

 

ТУНГААЯ

 

Төсвийн тодотголоос тогтож харах гурван зүйл гэвэл энэ байна. Тодотгууштай нэг зүйл байгаа нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах шийдвэр байлаа. Шийдвэрийн дагуу  “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, “Үндэсний давхар даатгал” компаниуд олон нийтийн хяналт тогтоохоор болов.

Дээрх компаниудыг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байхаар болов. Улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлаж, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгохоор болов.

Гэхдээ бид нэг зүйлийг тунгаах хэрэгтэй төсвөө хэм­нээд, үнийн өсөлтөө бариад, түгжрэлээ сааруулахын тулд шат, шатандаа сахилга хариуцлагатай байх ёстой. Төсөв гэдгээ төсөөлөл гэж ойл­гоод энд тэнд цацаад байх биш, намын бүлэглэл хоорондоо өнөө маргаашийн ашиг хонжооны төлөө эрх мэдэл рүү шунаад байх биш дараагийн сонгуулийн цикл хүртэл сахилга хариуцлагаа чангаруулж байж хэмнэх, барих, саарах тухай ойлголт амьдрал дээр хэрэгжих нь төдий чинээ нэмэгдэнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top