Д.Бердибек: Миний аялгууг хүмүүс хөнгөн хэмнэлтэй, аз жаргал мэдрүүлсэн гэдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч ая зохиогч Д.Бердибектэй ярилцлаа. Тэрбээр “Чин зүрх” анхны хос цомгоо тун саяхан өлгийдөн авсан билээ. “Бидэн хамтдаа”, “Монголоороо аялъя”, “Хайр хаанаас ирнэ вэ” зэрэг хит дууны аяыг зохиосон тэрбээр энэ сарын 06-нд буюу маргааш “Чин зүрх” тоглолтоо хийх гэж байна.

 

-Анхны тоглолтоо яагаад “Чин зүрх” гэж нэрлэсэн бэ. Уран бүтээлийн арвин богцоо задлах гэж байгаа энэ мөчид төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ тухай яриагаа эхэлье?

-Би найрал дууны удирдаач, хөгжмийн багш мэргэжилтэй. СУИС-ийг 2016 онд хүндэт профессор Д.Оюунхишиг багшийн удирдлага дор төгссөн. 2012 оноос дуу бичиж эхэлснээс хойш казак, монгол хэлээр бичигдсэн 100-аад дуутай болжээ. Мөн 50 гаруй уран бүтээлчтэй хамтран ажилласан байна. Монголынхоо олон сайхан дуучин ах, эгч нар, найз нөхөдтэйгөө хамтарч уран бүтээл хийжээ. Тэрийг нь гэж онцолж хэлэх хэцүү. Бүгд л сайхан уран бүтээлийн төлөө зүрх сэтгэл нь шатаж, эгшиг дуугаар хөглөгдөж байдаг хүмүүс. Тэд маань байж миний уран бүтээл түмэнд хүрсэн шүү дээ. Мөн надтай хамтран уран бүтээлээ хийсэн олон сайхан яруу найрагч бий. Яруу найраггүй дуу гэж үгүй. Миний дуунуудыг сонсдог олон түмэндээ, хамтран уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдэдээ чин зүрхнээсээ талархаж явдгаа мянгантаа илэрхийлье.

-Та “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч болж байсан. Тэр он жилүүдээс юуг өөртөө сурч, ухаарч авсан бэ. Хамтран оролцсон шилдэг оролцогчдоос хэн хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан бэ?

-“Авьяаслаг монголчууд” шоу бол миний хувьд үнэхээрийн дурсамжтай цаг мөч байсан. Намайг монгол түмэнд таниулсан, намайг нээж хурцалж өгсөн, надад маш их боломжийг авчирсан, мөн их зүйлийг сургасан тайз байсан. Дэлхийн энтэй контент шоунд оролцсондоо Аллах бурханд талархаж явдаг. Тус шоунд орж байхад монголын ард түмэн намайг хайрлаж, дэмжиж байсан.

Дэргэд минь байнга урам, хүч өгч аав ээж, хань ижил, ах дүү, найз нөхдөдөө бүгдэд нь талархаж явдаг. “Авьяаслаг монголчууд” шоу бол залуу уран бүтээлчдийг таниулах маш том маркетинг  болж чадсан. Оролцогч бид бүх зүйл нь өндөр түвшинд хийгдсэн дэлхийн тайз шиг тийм том тайзан дээрээс их зүйл сурч авсан. Энэ шоуны арын албанд ажилласан бүх хүмүүс, шүүгчид, Монгол HD телевизийн хамт олон бүгд нэг зорилго сэтгэлтэйгээр бидний төлөө өдөр шөнөгүй ажилласан.  Шоуны бүх оролцогч бүгд авьяастай хүмүүс байсан. Бүгд л миний найзууд байсан даа. Тэднийг би өрсөлдөгч гэж хэлэхгүй, би харин өөрөө л өөртөө өрсөлдөгч байх ёстой. Би бусадтай өрсөлдөх гэж биш өөрийгөө бусдад нээж таниулах гэж орсон, шилдэг 10-т үлдсэндээ туйлын их баяртай байдаг.

-Та одоо ая зохиогчоос гадна ямар ажил алба хашиж байна вэ. Хамгийн анхны дууны аялгуу хэзээ хэрхэн төрж байсан бэ?

-Дуу хөгжмийн салбар гэдэг эмзэг, нандин, эрхэм зүйл маань байдаг. Би энэ мэргэжилдээ маш их хайртай. Надаас гарч буй аялгуу бүхэндээ дурлаж, хайрлаж бичдэг. Өөрөөсөө гарч буй мэдрэмжээ хурцалж, сайн аялгуу бичих юмсан гэж үргэлж хичээж явдаг. Өмнө нь 2018-2020 он хүртэл 141 дүгээр сургуульд багшилж байсан. Сургуулийн хамт олон маань намайг маш их дэмждэг байлаа. Хамгийн анхны дуу маань казак дуу байсан. Анх хайрын дуу бичиж байлаа.

 Залуу насны хайр дурлал гэдэг гэгээн сайхан, хүчтэй болохоор аялгуу хөгийг өгсөн юм болов уу, энэ мэдрэмжийг Аллах бурхан надад заяасан юм болов уу гэж боддог. Миний амьсгалж буй хүртэл Аллах бурхны ивээл, миний алхаж байгаа хүртэл Аллах бурхны хүч, би хоол идсэн ч Аллах бурхны бэлэг гэж залбирдаг. Анхны монгол дуу бол нутгийн тухай дуу байсан. Тухайн үед монгол хэлээ сайжруулж монгол дуу их сонсдог байлаа. Нутгийн тухай дуу бол олон сайхан монгол дууг араасаа дагуулсан. Би эх оронч хүн учраас элэг зүрхнээсээ хайрладаг.

“Авьяаслаг монголчууд” шоунд “Хурд” хамтлагийн “Эх орон” дууг дуулж эх оронч хүү гэж олон хүмүүст хайрлуулж байсан. Эх орны тухай дуулахдаа миний ертөнцөд ер бусын давлагаа цалгиад ирдэг. Мөн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайханы шүлэг “Аргамж холын бодол” дуу төрж байсан нь уран бүтээлийн гэгээн эхлэл байлаа. Бид бие биенээ таних­гүй ч гэсэн анх уран бүтээлээрээ тийн нүүр хагарч байлаа. Минжээ ах маань “Миний дүү зөв хүнтэйгээ танилцлаа” гэж хэл­сэн үгийг нь би өнөөг хүртэл санаж явдаг.

-“Чин зүрх” цомгийнхоо нээлтийг саяхан хийсэн. Хос цомогт нь ямар, ямар дуучдын хэдэн багтсан  бэ?

-“Чин зүрх” цомгийнхоо баярыг энэ сарын 23-нд өргөн дэлгэр хийлээ. Цомогт 16, 16 дуу багтаж нийт 32 дуутай болсон. Хос цомогт миний зохиосон монгол дуунууд болон казак дуунууд орсон. Уран бүтээлээ би казак, монгол түмний эв найрамдал, андлалыг илүү ихээр ойртуулан дотносуулахыг хүссэн. Би энэ цомгоо эв найрамдлын цомог гэж чин зүрхнээсээ бодож хийсэн. Нэгэн дээвэр дор байгаа хоёр үндэстнийг би ижил тэнцүү хайрладаг учраас аль алийг нь адилхан дуугаар тэнцүүлсэн. Казак, монгол хоёр маань “Чин зүрх” цомог шиг нэгэн сэтгэлд багтаж явдаг юм шүү. Хоёр хэлтэй хос цомог шиг ард түмэн минь эв нэгдэлтэй байж эх орноо хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Цомгийг маань ивээн тэтгэсэн бүх хүмүүстэй баярлалаа. Турк улсад байгаа ах, эгч хоёртоо онцгойлон талархаж байгаагаа илэрхийлье.

-Багшийнхаа талаар хүндэтгэн ярина уу. Багш нь юу гэж зөвлөж заадаг вэ?

-Би 10 жил, их сургууль гээд олон багштай. Намайг хүн болгосон аав, ээж бол миний амьдралын багш. Дуу хөгжмийн багш, ангийн багш нар маань миний эрдэм номын багш. Энэ хүмүүс намайг зөв зүйтэй хүмүүжүүлсний ачаар өдий зэрэгтэй яваа. Оюутан болоод Д.Оюунхишиг болон СУИС-ийн мэргэжлийн ангийн бүх багш нар урлагийн ертөнцөд нүдийг минь нээсэн багш. Багш нар маань өөрсдийнхөө төлөө л хичээлээ сайн сурах хэрэгтэй гэж хэлдэг байж. Өөрөө багш болоод энэ үг нь байнга бодогддог.

-Нийтийн дууны уран бүтээлийг эвдэж шинэ салхийг сэвэлжүүлсэн уран бүтээлийг та хийж байгаа. Дэлхийн дууны чиг хандлагаас ямар төрлийг илүү сонирхдог вэ, ямар дуучдыг байнга сонсдог вэ?

-Хөгжмийн урлагт цахиур хагалж, домог болсон хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров зэрэг гайхалтай уран бүтээлчдийг бишрэн сүсэглэж, Ц.Чулуунбат, Б.Магсаржав, Л.Балхжав, Т.Сэр-Од шиг болох юмсан гэж мөрөөдөж, өөрийгөө дайчилж хичээж яваа. Нийтийн дууны ай савд олон сайхан шинэ ундарга төрөн гарч байдаг. Тэр ай савд өөрийн гэсэн өнгөтэй эгшгийг цутгах юмсан гэж хичээдэг. Бердибек гэдэг хүн бусдаас өөр агаад даруу төлөв байж үлдэх зүйл хийнэ. Тиймээс би өөрийгөө байнга хөгжүүлэхийг боддог. Дэлхийн болон монголын үндэсний урлагийг сонсож жанр төрөлд баригдалгүй сонирхдог. Салхинаас хүртэл мэдрэмж, таашаал авах хэрэгтэй. Тэгж байж уран бүтээл минь сэргэг, шинэлэг, чин үнэн байх болов уу. Зүрхнээс ундарсан аялгуу зүрхэнд хүрдэг гэдэг биз дээ.

-Казак түмний ёс уламжлал өвөрмөц бас дэг жаягтай шүү дээ. Гэр бүлийн тухайд ч энэ ёс уламжлалаа сахидаг. Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

-Казак, монгол түмэн маань өөр өөрийн гэсэн ёс заншил, хэл соёл, шашин шүтлэгтэй. Энэ бүхэн нь өөр байсан ч бид зуу зуун жилийн өмнө нэгэн дээвэр дор  Их Монгол Улс хэмээн оршин тогтнож ирсэн. Казак түмэн маань Хэрэйд, Найман аймагт багтаж нүүдэллэн амьдарч ирсэн. Чингис хаан аль ч үндэстэн, ястныг алаглан үзэлгүй, өөрийн уламжилж ирсэн хэв маягаар нь хүндэтгэн амьдруулж ирсэн. Энэ уламжлал өдгөө ч хадгалагдаж ирсэнд эх орноороо бахархаж бахдаж явдаг. Домбор хөгжим, морин хуур хоёр адилхан хоёр чавхдастай, хөг эгшиг нь гайхалтай сайхан зохирдог. Хоёр үндэстний хэнийг нь ч ялгалгүй хүндэтгэн дээдэлж явдаг. Манай гэр бүлийн хүн амьдралыг минь хамтдаа бүтээлцэж яваа казак бүсгүй бий. Сайн яваа хүний ард сайн бүсгүй хүн байдаг шүү дээ. Ханьдаа, хоёр сайхан үрдээ хайртай.

-Таны дууны аялгуунаас казак дууны хөг эгшиг, хэмнэл мэдрэгддэг шүү?

-Надаас гарч буй аялгуунаас казак, монгол үндэсний хэв маягийг шингээсэн аялгууны хослол сонсогдож магадгүй. Сайн сонсвол жинхэнэ монгол аялгуу ч бий шүү. Бүр тэс өөр мэдрэмж төрүүлсэн ч дуунууд бий. Би ямар нэг зүйлд баригдах дургүй. Хүмүүс миний аялгууг хөнгөн хэмнэлтэй, аз жаргал мэдрэгдсэн гэж хэлдэг. Хүн гэдэг төгс биш учраас тухайн сэтгэл зүрхнийхээ мэдрэмжээр л үелзэх байх даа.

-Монголын дуу хөгжмийн салбарт шинэ өнгө төрх нэмэх ямар бүтээлүүд төлөвлөж хийхээр зорьж байна вэ?

-Монголын соёл урлагийн салбарт сайхан уран бүтээл хийх юмсан гэж үргэлж шатаж, шаналж яваа. Урлагийн хүн хэзээд чин зүрхнээсээ байх ёстой. Манай урлагийн салбар цаг минут тутамд хөгжиж яваа. Хөгжлийг дагаж, тэмүүлж яваа залуусын л нэг. Зарим зүйлд шүүмжлэлтэй хандах ч зүйл бий. Ардчилсан нийгэмд хүн бүхэн өөрийн хүссэнээ хийдэг цаг үе шүү дээ. Хамгийн гол нь хүнд өгөөжтэй, гэгээлэг, ухаарлыг, аз жаргалыг, сайхныг түгээсэн уран бүтээл хийгээсэй гэж боддог. Чанаргүй уран бүтээл хийхээс татгалзаж аль болох чанартай бүтээл хийхийг эрмэлздэг. Үг өөрөө шидтэй, аялгуу өөрөө хүчтэй, дуу өөрөө амьтай болохоор төрөх цагтаа төрдөг юм аа.

-Тун удахгүй болох “Чин зүрх” тоглолтын онцгой содон хөтөлбөр юу байх вэ, ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Тавдугаар сарын 06-нд болох “Чин зүрх” тоглолт UB palace-ын концертын их танхимд 19.00 цагаас болох гэж байна. Өдөр хоног ойртох тусам маш их догдолж, сандарч байна. Аллах бурхны ивээлээр тоглолт маань сайхан болох байх. Тоглолтод МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ж.Одмаа, СТА жүжигчин Ж.Баясгалан, Э.Мөнхтуяа, СТА Э.Чулуунчимэг, Э.Төрмандах, П.Баярцэнгэл, Я.Гэрэлчулуун, Б.Чанцалдулам, А.Түмэн-Өлзий гээд ард түмний хайртай уран бүтээлчид оролцох болно.

Мөн урилгаар Казакстан улсын “Воёс” шоуны ялагч нэрт дуучин Х.Муратбек, И.Аугантай нар оролцоно. Тоглолтыг минь ивээн тэтгэсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхнийхээ сэтгэлийн өглөг хишгээр уран бүтээл минь түмэн олондоо хүрч байгаа юм шүү. Дуу хуур гэдэг өөрөө маш сайхан энергитэй юм. Энэ сайхан гэгээн энергийн эрчис цалгианд хамтдаа нэгэн үдшийг халгиж өнгөрүүлээрэй. Тоглолтод маань эгшиг нэмж алс холоос зорьж ирж байгаа бүх хүмүүстээ баярлалаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гантулга(66.181.188.241) 2023 оны 09 сарын 02

Маш их авъяастай мундаг залууд амжилт хүсээе. Аяыг нь зохиосон Бидэн хамтдаа дууг сонсох сайхан шүү.

0  |  0
Top