ОХУ-ын уран гулгагч, олимпын аварга, татар охин Камила Валиева өнөөдөр 16 нас хүрлээ.Камила өнгөрсөн Бээжин олимпын үеэр допингийн “там”, хэвлэл мэдээллийн дарамт шахалт гээд томчууд ч даахын аргагүй сэтгэлийн шаналал амссан, даваад гарсан билээ. Жинхэнэ спорт сонирхогчид түүний уран сайхан үзүүлбэрт уяран нулимс дусааж, шүүмжлэлийн давалгаатай тэмцэж байхад нь өрөвдөн уйлж байсан.
Өнөөдөр тэр 16 нас хүрлээ. Төрсөн өдрөөс нь өмнөхөн "Космополитан" сэтгүүлийн сурвалжлагч Камилатай ярилцжээ.
-Камила, Бээжингийн олимп өндөрлөөд удлаа. Чиний хувьд ямар сургамж авав? Магадгүй шинэ зүйл өөртөө нээсэн байж болох юм.
-Олимпын наадам бол өөр ямар ч тэмцээнээс онцгой зүйл. Жирийн тэмцээн 2-3 хоног үргэлжилдэг бол бид Бээжинд уралдаанаас 14 хоногийн өмнө очсон. Байнга хийдэг бэлтгэлтэй харьцуулах зүйлгүй, бэлтгэл хийх мөсөн талбай өдөрт 30-40 минут л олдож байлаа. Энэ хугацаанд бүх үсрэлт, эргэлтээ давтах шаардлагатай. Багийн болон хувийн тэмцээнтэй. Ийм бага бэлтгэл хийж, формоо хадгалах нь хэцүү байсан. Хариуцлага өндөр. Ялангуяа багийн тэмцээнд алдчихвал бусад таван гишүүнийхээ хөдөлмөрийг баллах аюултай.
-Олимпын уур амьсгал ямар байв? Чамд юу дутагдаж байв?
-Миний анхны олимп байсан болохоор өмнөх олимпуудтай харьцуулж мэдэхгүй юм. Харин ихэнх тамирчин урьд өмнөх шиг баяр наадмын уур амьсгал байхгүй байна гэж ярьцгааж байлаа. Ковидийн журам хатуу, өдөр бүр шинжилгээ өгнө. Гэхдээ бид Бээжин олимпод оролцож байгаадаа баяртай байсан. Миний хувьд олимп Допингийн асуудлын өмнөх, дараах гэж хоёр хуваагдсан даа. Дараах үед нь ээжийгээ их санасан, ээжийн дэмжлэг үгүйлэгдээд.
-Том тэмцээний дараа хэрхэн сэргэлт авдаг вэ? Хэсэг амардаг уу?
-Тэмцээн яаж дууссанаас хамаардаг. Амжилттай дууссан бол амралт хэрэггүй, дахиад л уралдаад баймаар санагддаг. Хэрэв амжилт тааруу бол сэтгэл зүй хэцүү байдаг. Ялангуяа цаг наргүй бэлтгэл хийгээд ялагдсан бол хэцүү. Гэхдээ энэ үеийг хэн нэгэнд хэлж, ярилгүй, дотроо бодоод өнгөрөөхийг хичээдэг. Бэлтгэлээ улам сайн хийх ёстой гэж ойлгож байгаа болохоор ажиллана даа.
-Спортод ялалт гол нь биш оролцох нь чухал гэж ярьдаг. Чиний хувьд?
-Спортод ялах нь чухал. Гэхдээ ялалт болгон адилгүй. Алтан медаль авлаа гэдэг өрсөлдөгчдөө яллаа гэсэн үг. Шинэ элемент сурлаа, энэ бол тэр дасгалыг ялж байгаа хэрэг. Зарим тамирчны хувьд мөсөн дээр гараад үзэгчдэд хөтөлбөрөө үзүүлэх нь л ялалт байдаг. Энэ бол өөрийгөө яллаа гэсэн үг. Мөн нөхцөл байдлыг ялах гээд олон төрлийн ялалт бий. Ялахыг хүсдэг хүн л спортоор хичээллэдэг.
-Тамирчин хүн ялж, ялагдаж сурах ёстой гэдэг.
-Хэн ч ялж, ялагдаад сурчихсан төрдөггүй. Үүнд суралцах шаардлагатай. Би ч гэсэн ялж, ялагдахад суралцаад явж байна. Харин чадаж байгаа эсэхийг үзэгчид сайн мэдэх байх.
-Тэмцээнд гулгахын өмнөх хэдэн минутад юу хийдэг вэ?
-Их догдолдог.
-Формоо барих хэцүү юу? Хоол ундны дэглэм барьдаг уу?
-Ямар ч хүнд формоо хадгалахад хэцүү байдаг байх. Хоолны дэглэм барих үе бий ч би бүр өлсөөд байдаггүй. Дуртай юмаа иднэ, гэхдээ бага багаар. Мөхөөлдөс, шоколадад маш их дуртай.
-Чи одоо л 16 нас хүрэх гэж байна. Гэтэл чамайг дэлхий тэр чигээрээ мэддэг.
-Би өөрчлөгдөөгүй. Даруухан, эелдэг хэвээр байхыг хичээдэг. Алдар нэр амьдралд минь саад болдоггүй. Харин ч одоо энэ хүнд үеийг даван туулахад тус болж байгаа.
-Чиний олон нийтийн сүлжээг үзлээ. Нэг ч муулсан сэтгэгдэл алга. Чамд үнэхээр нэг ч үзэн ядагч байхгүй гэж үү?
-Надад сүлжээнд байх цаг их хомс. Үзэн ядагч нарыг би хайхардаггүй болохоор тэд муулсан сэтгэгдэл бичдэггүй юм болов уу? Мэдэхгүй юм.
-Удахгүй чи 16 нас хүрнэ. Төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна? Ер нь төрсөн өдөрт хэрхэн ханддаг вэ?
-Би төрсөн өдөрт дуртай, гэрбүлийн баяр гэж үздэг. Тэмдэглэх төлөвлөгөө мэдээж гаргасан байгаа. Миний хувьд онцгой өдөр байх болно.
-Чамайг юу аз жаргалтай болгодог, байлгадаг вэ?
-Ойр дотны хүмүүс минь эрүүл энх байхад би аз жаргалтай.
-Үзэгч бид та нарын үзүүлбэрийг үзээд шүтэн биширдэг. Эсрэгээр нь, магадгүй тамирчдад жирийн хүмүүст атаархдаг зүйл байдаг болов уу?
-Тамирчин ч гэсэн адилхан жирийн хүн шүү дээ. Миний хувьд хэн нэгэнд атаархдаг зүйл байхгүй.
-Эцэст нь “Гунигтай байх үедээ би” гэсэн мөрийг үргэлжлүүлэн хэлбэл...
-Гунигтай байх үедээ би
...ээжтэйгээ зугаалж, ярилцахаар явдаг.
...найзуудтайгаа уулздаг.
...дуу хөгжим сонсдог.
...мөрөөддөг.
Сэтгэгдэл ( 6 )
Дэлхийг бишрүүлсэн ,гайхамшигтай охин шүү! Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Дэлхийг бишрүүлсэн ,гайхамшигтай охин шүү! Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Дэлхийг бишрүүлсэн ,гайхамшигтай охин шүү! Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
ирээдүйн чинь хүсэл нь пүтингын 3 хүүхэдийг төрүүлэх
Хүн төрлөхтөнд илгээсэн бурханы бэлэг , аз жаргалтай яваарай
үнэхээр уран гулгалтын гайхамшиг гэж юу байдагыг дэлхийд мэрүүлсэн орос охин доо