Ө.Цэрэнчунт: Хүн багш болохоороо шавиасаа их суралцдаг юм билээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтыг урьсан юм. Түүнтэй удахгүй болох бие даасан тоглолт, дуучны замнал, дуурийн дуулаачийн үнэт зүйл тэргүүтэй сэдвийн хүрээнд ярилцлаа.


-Өнөөдрийн ярилцлагаа их холоос эхэлье. Анх яаж, хэрхэн дуулж эхэлж байв. Тэрхүү түүхээсээ хуваалцахгүй юү?

-Би Дундговь аймагт төрсөн. Манай аав жолооч хүн. Ээж минь монгол хэл, уран зохиолын багш. Намайг цэцэрлэгийн насанд байхад ээж маань цэцэрлэгийн багш байсан. Тэр үед надад дуулахыг зааж байлаа. Хоёр нас зургаан сартайдаа уралдаанд оролцож, Монголын пионерийн байгууллагын мөнгөн медалийг хүртэж байсан юм. Шагналын диплом дээр нь он, сар, өдөр нь байдаг болохоор насаа баараггүй мэдээд байгаа юм. Цэцэрлэг, сургуулийн бүхий л баяр, хүүхдийн уралдаанд оролцдог байв. Нутгийнхан маань намайг дуулдаг Чунт гэж дууддаг байсан.

-Дуучин хүмүүсийн олонх нь удмаа дагасан байдаг юм билээ. Танай удамд ч бас дуучин хүмүүс бий юү?

-Аав, ээжийн талаас дуучин хүмүүс байдаг. Ээжийн авга ах нь уртын дуучин хүн байсан. Тэдний саахалт айл нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайнх байсан юм билээ. Н.Норовбанзад гуайд анх дуу зааж өгч, хот руу явуулсан хүн нь ээжийн авга ах гэдэг. Тэр хүн нутагтаа их алдартай, найр наадамд уригдаж дуулдаг нэгэн байсан. Хувцаслалтыг нь хүртэл нутгийн залуучууд дуурайдаг хүн байсан гэж ярьдаг. Ер нь дуучин, уран бүтээлч, бөх гэх мэт бие сэтгэлээ зориулдаг мэргэжил бүр удам дагадаг байх. Гэхдээ хүний генийн багахан хувийг л эзэлдэг юм шиг санагддаг. Хөдөлмөр, боловсрол л илүүтэй нөлөөлдөг мэт санагддаг.

-Тэгэхээр эцэг эх тань ихээхэн дэмждэг байжээ?

-Тэр цаг үе нийгмийн шилжилтийн үе байсан. Социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү шилжсэн үе байх нь байна шүү дээ. Гэхдээ манай эцэг эх үр хүүхдийнхээ авьяас, ирээдүйг маш гоёор харж, түүнд нь цаг зарцуулж, ихээхэн анхаарал хандуулж байж дээ гэж одоо боддог юм. Хүүхдийн мөрөөдөл гээд орхиогүйд баярладаг. Жишээлбэл, цэцэг байлаа гэж бодоход усалж, арчилж, тордож байж гоё сайхан ургана шүү дээ. Түүний адилаар хүүхдийг бага байхад нь хүсэл эрмэлзлийг нь тордсон цагт үр дүнтэй байдаг. Одоо би Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын консерваторийн багш хүний хувьд хэлэхэд балчир байхад эцэг эх минь намайг ойлгож, дэмжээгүй байсан бол энэ хэртэй явах байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тиймээс тэд маань бүхий л зүйлээ надад зориулсанд талархдаг.

-Та СУИС-ийн дуулаачийн ангид анх хэний шавь байсан бэ?

-Би Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гэх эрхэм хүнээс суралцсандаа их баяртай байдаг. Учир нь энэ хүн Монгол Улсын сонгодог урлаг, тэр дундаа дуурийн дуулаачийн урлагийг анхалж, үндэслэж, хөгжүүлсэн хүн юм. Тэр олон дуучныг бий болгох боломж замналын эхлэлийг тавьсан. СУИС, Хөгжим бүжгийн коллежийг үүсгэн байгуулахад өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан хүн. Сонгодог урлагийн чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн замналыг түүчээлсэн хүний шавь учраас би хөдөлмөрлөхгүй байж болохгүй. Урлагийг мартаж, орхиж, хаяж бүр ч болохгүй. Багш маань тийм нандин, чухал зүйлийг шавь нартаа сургаж, эхлүүлж өгөөд өөд болсон юм. Тиймээс өөрийн чадах хэмжээ хүртлээ урлагийн төлөө зүтгэх болно хэмээн боддог.

-ОХУ бол сонгодог урлаг хөгжсөн орон. Та СУИС-д сурсныхаа дараа ОХУ-д сурсан юм билээ. Энэ тухайгаа ярихгүй юү?

-Л.В.Собиновын нэрэмжит Улсын консерватори нь ОХУ-ын Саратов хотод байдаг юм. СУИС төгсөөд өөрт байсан эд хогшлоо зарж, ОХУ-ын Саратов хотын консерваторид суралцаж эхэлсэн юм. Анх очихдоо орос хэл мэдэхгүй, мөн нэг ч монгол хүн байхгүй байсан. Эхэндээ хэцүү байлаа. Л.В.Собиновын нэрэмжит Улсын консерватори бол ОХУ-д гуравдугаарт байгуулсан консерватори юм билээ.

Тухайн газарт жил гаруй хугацаанд суралцсан. Улмаар Санкт-Петербург буюу Оросын соёлын хот руу явж, суралцсан. Дэлхийн сонгодог урлагийг ярихын тулд Оросын сонгодог урлагийг ярихгүй байж болохгүй. Учир нь, XVIII зууны сүүл, XIX зууны эхээр сонгодог урлагийн уналтын үеийг сэргээсэн улс нь ОХУ. Манай улсын мөнхийн хөрш энэхүү улсад очиж боловсрох нь зөвхөн дуулах урлагийг бус хүн байх, цэвэр байх, зөв хандлагатай байхыг ойлгуулсан.

-Санкт-Петербург хотод байх үедээ Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийгийн алдарт Евгений Онегин дуурьт дүр бүтээж байсан гэдэг. Ленскийн дүрийг тайзнаа амилуулж байсан билүү?

-Тийм ээ. Санкт-Петербург хотод шилжиж очоод суралцаж байх хугацаандаа Евгений Онегин дуурийн Ленскийн дүрд анх тоглож байсан. Тэнд гурван удаа Ленскийн дүрийг бүтээж байлаа. Сургуулиа төгсөөд Улаан-Үдийн театрт гоцлол дуучнаар ажилласан. Тэр үед зургаан удаа дуулсан юм. Ингээд бодоод үзвэл миний хамгийн олон удаа тайзан дээр дуулж, амьдруулсан дүр маань Евгений Онегин дуурийн Ленскийн дүр.

-Дуурийн дуулаач хүн атлаа нийтийн дуучин. Нийтийн дууны салбарт хэрхэн хөл тавьж байсан бэ?

-Намайг оюутан байх 2000-аад оны эхээр хүмүүс нийтийн дууг их сонсдог байлаа. Бараг 20 орчим жилийн өмнө гэсэн үг байгаа биз. Хүмүүс тэр бүр дуурь, сонгодог урлагийг сонсохгүй нийтийн дуунд л хошуурдаг байсан. Оюутан хүнд мөнгө төгрөг, ажил их хэрэг болно. Өөрийн мэргэжлээр мөнгө олох нь ирээдүйтэй учраас тухайн үед би нийтийн дуу дуулсан. Миний сонгодог болоод нийтийн дууны төрлөөр дуулсан нийт 146 дуу Монголын радиогийн алтан фондод байгаа. Одоо ч гэсэн ард түмэнд ухаарал өгөх ийм "Гоё дуу байна" хэмээн хүн надад санал тавибал би дуулна. Яагаад гэвэл уран бүтээлч хүн гэдэг уран бүтээлч л байх ёстой. Ард түмнийг урлагийн бүх төрлөөр ухааруулах, сэхээрүүлэх, тайвшруулах ёстой. Түүнээс биш буруу, мунхаг зүйлд уруу татах ёсгүй. Хэт сенсаацлаж, худлаа зүйл хийхгүй л бол болно доо.

-Та Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээл Жанлавцогзолыг дуулж олны хүртээл болгосон юм билээ. Шашны бүтээл бас хийдэг юм уу?

-Би хоёр чиглэлээр өөрийн бүтээлийг туурвидаг. Эхнийх нь сонгодог бүтээл дуулаачийн дуурийн жүжгэлж дуулдаг хэлбэр. Нөгөөх нь шашны хөгжим, шашны дуулал юм. Энэ бол өөрөө том судлагдахуун сэдэв. Шашны бүтээл, маани, тарнийг ая хөгжимтэйгээр дуулах, гэгээн хутагт хүмүүсийн зохиосон дууг дуулж, хүмүүст хүргэнэ гэдэг бол нэг талаасаа уран бүтээл боловч нөгөө талаас тайвшрал өгдөг бясалгалын чанартай болж байгаа юм. Жишээлбэл, миний хөгжимтэй уншсан тарнийг машиндаа тавиад явж байгаа хүн зам дээр хүнтэй хэрэлдээд явахгүй байх. Энэхүү бүтээлийг 11, 12 жилийн өмнө хийж эхлэхдээ би ингэж бодож л хийсэн. Монгол залуус маань тайван, тэвчээртэй байж, хөгжмөөр өөрийгөө хөгжүүлэх ёстой юм.

-Таны гарч үзсэн хамгийн гоё тайз хаана, хэзээ байсан бэ?

-Дуучин хүн үзэгчид болон тайзыг ялгах нь онцгүй байдаг. Би бол энэ талаар нэг их бодож байгаагүй юм байна. Миний хувьд дуулж буй тайз бүр маань үнэ цэнтэй, гоё байдаг. Үзэгч нэг байна уу, 100 байна уу, хамаагүй. Бүгд мөнгөө төлөөд, жаргалыг мэдрэх гэж ирсэн байхад жаргал болон тайвшралыг нь өгөх бол бидний үүрэг. Тэр үйлдлээ л сайн хийх ёстой гэж боддог. Мартагдашгүй тайзны хувьд бол хамгийн анх том хэмжээний дуурьт тоглосон тайз болох Ринский-Горсаковын нэрэмжит театрын тайз юм даа. Монголоос анх удаа Ленскийн дүрд тоглосон явдал давтагдахгүй сайхан мөч.

-Уран бүтээлч хүний үнэ цэн юунд оршдог бол?

-Уран бүтээлч хүний хамгийн их таашаал шагнал бол алга ташилт байдаг. Уран бүтээл нь гоё байсан ч гүйцэтгэл муутай байсан бол алга ташилт сул байх жишээтэй. Сайхан дуулж, хүмүүст хүрч чадсан бол ард түмнээс дүүрэн алга ташилт ирдэг. Энэ бол уран бүтээлч хүний жаргал юм. Энэ жаргалыг авдгаараа уран бүтээлч хүн маш их азтай. Тэгэхээр уран бүтээлч хүн бурхан шүтээн хоёр нэг л зүйлээрээ төстэй байдаг. Олон хүн өөдөөс нь харж, шүтэн биширдэг. Бурхныг гүнгэрваанд залж, урд нь сөхөрч шүтэн биширдэг биз дээ. Тийм олон хүнийг бишрүүлж байна гэдэг нь их өндөр заяа, хувь тавилан байгаа биз. Энэ бишрэлийг олох, дааж явахын тулд маш ухаантай, зөв, хөдөлмөрч, тууштай байх хэрэгтэй. Зөвхөн олны танил болно гэдэг тийм ч чухал зүйл биш. Харин хүн бүр хүндлээд бүтээлд нь хайртай болно гэдэг бол өөр зүйл. Үүний тулд олон жил сурч, хөдөлмөрлөж, боловсорч, тууштай байх хэрэгтэй.

-Хүмүүсийн хүндлэлийн талаар ярихад хариуцлага гэх зүйл ч дурдагдана. Олон улсын тайзнаа гарч үзсэн хүний хувьд хариуцлагын талаар ярихгүй юү?

-Зөвхөн тайз гэхгүйгээр гадаадын оронд сурч буй оюутнууд ч өөрийнхөө нэрээр бараг нэрлэгдэхгүй. Энэ нөгөө Монгол гэж л дуудна. Монгол гэх нэртэй хүн юм шиг л нэрлэгддэг. Тэгэхээр тэр хүн харилцаа, хувцас, үйл хөдлөл, хүн чанар, зөв хандлага дээрээ их анхаарах хэрэгтэй болно. Мэдээжийн хэрэг уран бүтээлч хүн учраас чадвартай байж улсынхаа нэрийг өндөрт өргөнө. Гадаадад амьдарч, ажиллаж байх хугацаанд өөрөөсөө гадна улсынхаа нэрийг өргөж явах үүрэг хариуцлага нэмэгддэг юм билээ.

-Та чинь Монгол Улсын консерваторид багшлаад хэчнээн жил болов. Ер нь хүн багшлаад эхлэхээрээ багшийнхаа зовлон жаргалыг ойлгодог юм шиг ээ?

-Би долоо дахь жилдээ багшилж байна. Багшилна гэдэг нь зөвхөн дуулах аргыг заадаггүй юм билээ. Багш хүн гэдэг шавийгаа сайн хүн болгох гэж хичээдэг юм байна. Эхлээд, баярлаж, гомдож, сайныг хийхийг хичээдэг, зөвийн төлөө зүтгэдэг хүн баймаар байна. Нөгөө талаас монгол хүн байх ёстой. Монгол хүн үндэснийхээ шинж чанарыг агуулсан сэтгэлгээтэй байх ёстой юм. Эр бол эр, эм бол эм хүний өөрийн гэсэн чанартай байх нь зүйтэй. Том жижиг биетэй, бүдүүн нарийн хоолойтой байх эсэх нь огт хамаагүй. Хүмүүсийг тэрхүү өөр өөрийн ертөнц, бурхнаас заяасан өгөгдлийг тодорхой байлгадаг хүн байгаасай гэж хүсдэг. Харин уран бүтээлч хүний хувьд багш нараасаа сурснаа өвлүүлж байгаа учраас сайн дуучин болгож чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Хүн болгохын хувьд маш ихээр хөдөлмөрлөх шаардлагатай болж байгаа.

Хүн багш болохоор шавиасаа их суралцдаг юм билээ. Маш их өөрийгөө цэгнэж, өөрчилдөг. Зарим үед дургүй зүйлдээ дуртай, дуртай зүйлдээ дургүй болох тохиолдол ч бий. Тиймээс хүний хүүхдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж буй хүний хувьд золиос, зориг, тэвчээр шаарддаг юм билээ. Үүнийг мэдэрсний дараа багшийнхаа хөдөлмөрийг их үрж, зовоодог байж дээ гэж бодсон.

-Манай улс олон дуурьтай юу. Бид бүгдийг нь үзэх боломжтой юу?

-Хүмүүс дуурийг Учиртай гурван толгойгоор мэддэг. Гэтэл манай улсад олон авьяаслаг хөгжмийн зохиолчдын сайхан дууриуд бий. Жишээлбэл, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн Хөхөө намжил, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын Хан бүргэд, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн Жаргалын зам, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн Үнэн гэх мэт олон гоё дууриуд байгаа. Цаг хугацааны хувьд жүжиглэлт, хэлмэгдэлт гэх мэт өөр өөр үеийн утга санааг дүрсэлж, харуулсан байдаг. Сонгодог урлагийг бүтээж байгаа театрын уран бүтээлчид үзэгчдэд үзүүлэх гэж бэлтгэлээ хийдэг. Бэлдсэн уран бүтээлээ тайзан дээр толилуулахад олон түмэнд хүргэх нэг гүүр нь хэвлэл мэдээлэлийнхэн та бүхэн шүү дээ.

-Та Дэлхийн сонгодог Монголд гэх тоглолтоо удахгүй хийх юм билээ. Таны хэд дэх тоглолт вэ. Энэ удаагийн тоглолт бусдаасаа ямар ялгаатай бол?

-Би тавдугаар сарын 09-нд 10 дахь тоглолтоо хийх гэж байна. Дэлхийн сонгодог Монголд тоглолтод маань дэлхийн болон монголын алдартай зохиолчдын дуурийн ари болон романсууд дуулагдана. Дэлхийн 200 гаруй оронд дуурийн театр болон дуурь зохиогчгүй зохиогчидгүй орон олон байдаг. Гэтэл манай орон дуурийн театртай, дуурь зохиосон авьяаслаг зохиолчидтой гэдгийг ойлгуулж, тэр авьяаслаг уран бүтээлчдийн дээжийг толилуулах болно. Тоглолтыг маань үзсэн хүмүүс олон дуурийн хэсгийг нэг тоглолтоос үзэх боломжтой. Тайзан дээр 130 гаруй уран бүтээлч ажиллана. Ийм тоглолтыг хийхэд маш өндөр зардал гардаг юм билээ. Сонгодог бүтээлийг тайзнаа толилуулахад санхүүгийн туслалцаа үзүүлсэн "PLC Ultima Mongolia" болон "Korea Outlet Store"-ийн хамт олонд талархаж буйгаа энэ ташрамд хэлье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top