Бид эрх чөлөөт иргэд мөн үү!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

“Чөлөөт хэвлэл гэж чөлөөт ард иргэдийг хэлнэ” гэх үг бий. Үүнээс улбаалаад үзвэл ардчилсан нийгмийн үнэт чанар, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндэс суурь нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд оршдог байх нь. Тэгвэл өдгөө Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө хэр байна вэ. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 180 орноос 68 дугаарт бичигдэж байгаагаас харахад бид тийм ч чөлөөтэй, ардчилсан нийгэмд амьдарч чадахгүй байгаа нь харагдаж байна.

Хамгийн харамсалтай нь, индексийн энэ тоо жилээс жилд ухарч байгааг анзаарах хэрэгтэй. Үнэндээ өдгөө манай улсад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн байгууллагыг төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд шүүх цагдаагаар айлган сүрдүүлэх, дарамтлах, мэргэжлийн үйл ажиллагаанд нь саад болох тохиолдлууд ихэссээр байгааг салбарынхан сануулсаар байгаа.

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцээд, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах нөхцөлийг нь хангах, тэдний эсрэг үйлдсэн халдлагын аливаа хэргийг хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулж, гэм буруутай этгээдэд зохих шийтгэл хүлээлгэх зэрэг зөвлөмжүүдийг өгсөн юм. Гэвч Монгол Улсад дээрх зөвлөмж биелэлээ олоход бэрх байна.

ХЭҮК-ын дэргэдэх Ажлын хэсгээс 81 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд хийсэн судалгаанаас харахад, дийлэнх оролцогчид Монгол дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний нөхцөл байдлыг “дунд” түвшинд байгаа гэж үнэлсэн байна.

Үүнд, хэвлэл мэдээллийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулахад хэд хэдэн саад бэрхшээл тулгарч байгааг онцолжээ. Судалгаанд оролцогсдын 95 хувь нь мэдээлэл олж авахад бэрхшээлтэй тулгардаг гэж хариулсан бөгөөд үүнд төрийн төсөв, санхүүтэй холбоотой мэдээлэл авахад хамгийн их хүндрэлтэй гэж 61.7 хувь үзсэн байна. Тэгвэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн талаар гэж 48.1 хувь нь хариулжээ. Төрийн албаны хүнд суртал хамгийн ихээр саад тотгор болдог бол төрийн албаны хаалттай байдал, тодорхойгүй байдал, нууцын зэрэглэл, хаалтын гэрээ зэрэг асуудал хүндрэл учруулдаг гэжээ. Нөгөөтэйгүүр, мэдээлэл өгөхөөс татгалзсан, эсвэл үл тоосон байгууллагуудын зүгээс “дарга зөвшөөрөөгүй”, “Хувь, төрийн, байгууллагын хувь хүний нууц”, “Энэ мэдээллийг өгөх эрх мэдэл байхгүй” гэх мэтээр хариулт өгдөг гэжээ. Ардчилсан, чөлөөт нийгэмд мэдээлэл бол хүчил төрөгч юм.

Мэдээлэл олж авах нь aрдчилсан нийгэмд амьдарч буй иргэн таны үндсэн эрхийн нэг бөгөөд иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах нь ардчилсан төрийн үүрэг. Иргэдийн мэдэх эрхийн төлөө мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлч нарын хууль ёсны эрх зөрчигдөж, мэдээлэл олж авах боломж нь хязгаарлагдмал байгааг анхаарах цаг болжээ.

Манай улсад өнгөн дээрээ хэвлэлийн эрх чөлөө гэж ярьдаг ч үнэн чанартаа Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар сэтгүүлчийг яллах, торгох хэд, хэдэн зүйл заалтыг тусгасан байдаг. Түүгээр ч зогсохгүй цар тахлын хөл хорионы үед иргэдийн мэрэх эрхийн зөрчил ихээр гарч байсныг санах хэрэгтэй. Засгийн газар ковид-19 цар тахалтай тэмцэх нэрийдлээр Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, нийгмийн сүлжээний идэвхтэнүүдийн аюулгүй байдалд халдах, тэднийг сүрдүүлэх, заналхийлэх, эх сурвалжийг нь илчлэхээр байцаах, дарамтлах, олон нийтийн эрх ашгийг хөндсөн мэдээ, сурвалжилга бэлтгэсний төлөө шүүхэд дуудах зэрэг зөрчил гарсаар байгааг хэвлэлийн мониторингийн үр дүн илтгэж байна. Энэ бүх зөрчлүүд нь ардчиллын мөн чанарт харшилж буй бөгөөд иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд саад тотгор болсоор байгаа юм.
 

ХУУЛИЙН ЗААЛТААР ХАВЧИН ШАХАХ ҮЗЭГДЭЛ
 

Манай улс гүтгэх, доромжлох гэсэн заалтуудыг Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиас нааш, цааш нь татаж байгаа нь магадгүй дэлхийд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ байр ухрах шалтгаан болж байгааг ч үгүйсгэхгүй.

Энэ талаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхмийн эрхлэгч Б.Наранбаатар “Гүтгэх, доромжлох гэсэн заалтад хамаарах зүйлсийг зөвхөн сэтгүүлч хийдэггүй юм гэдгийг шийдэх гэсэн үүднээс Эрүүгийн тухай хуульд оруулсан. Ардчилсан тогтолцоонд шилжсэн орнууд хамгийн түрүүнд  гүтгэх, доромжлох гэсэн асуудлыг иргэний хуулиар шийддэг. Иргэн хүн гүтгүүлж, доромжлуулсан бол иргэний хууль болон торгуулын зарчмаар, хувь хүний гаргасан нэхэмжлэлээр шийдэж түүнийг нь шүүхээр нотолдог тогтолцоонд орсон. Үүнийг манайхан дагаж Эрүүгийн тухай хуулиас энэ заалтуудыг авч Иргэний хууль руу оруулсан. Гэтэл 2017 оноос Зөрчлийн тухай хуулийг баталсан. Хэрэв иргэн хүн аль нэг сэтгүүлчид гомдол гаргавал Зөрчлийн тухай хуулиар зохицуулж байсан. Харин одоо энэ заалтуудыг Эрүүгийн хууль руу буцаагаад оруулчихлаа. Мөнгө төл, төлөхгүй бол шоронд суу гэсэн хатуу зарчим үйлчилж байна.

Эрүүгийн тухай хуулиар үүнийг зохицуулж буй нь хүнийг ялладаг, заавал хорих гэсэн насан туршид нь ялтан гэсэн шошго зүүж өгч байгаа мэт. Гүтгэх, доромжлох гэдэг нь угтаа бол ёс зүйн үйлдэл юм. Ёс зүйн үйлдлийг эрүүгийн хариуцлагаар шүүх ёсгүй. Тэгэхээр энэ салбарынхны хийх ёстой зүйл нь давхар давхар зүйл заалт, хуулиар далимдуулж сэтгүүлчийн өдөр тутмын ажилд төвөг учруулж буй үйдлийг зогсоох. Шийтгэлээ хүлээх асуудал ондоо.

Наана нь тухайн сэтгүүлчийг байнга байцааж дууддаг, ажлыг нь хийлгэдэггүй гэх мэт далд хэлбэрийн дарамт шахалт үзүүлдэг нь асар их төвөг учруулдаг. Энэ бол цаад утгаараа мэргэжлийн редакци, сэтгүүлчийн ажилд дөнгө, саад болж буй үзэгдэл юм. Түүнээс биш сэтгүүлч хүн би гүтгэх, доромжлох эрхтэй гэж өөрийгөө хаацайлаад байгаа хэрэг биш. Тэгж ойлгуулдаг улстөрчид больцгоо, хэрэглэгч болон уншигчид ч больцгоох хэрэгтэй” гэжээ. Монголын сэтгүүл зүйд өдгөө нүүрлээд буй гол саад тотгорын нэг нь дээрх асуудал гэдэгтэй маргах хүн цөөхөн биз ээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тун удахгүй  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүд хийхэд бэлэн болсон талаар мэдээллэгдээд буй. Тэгвэл эл хуулийн төсөлд "доромжлох" заалт шинээр оруулжээ. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг доромжилсон бол эрүүгийн хариуцлага хүлээж, хэрэгтэн болно гэсэн үг. Тодруулбал хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд зааснаар “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ. Энэ заалт хэдийгээр хэвлэл мэдээллийнхнийг  гэж онцлоогүй ч “олон нийтэд” гэсэн агуулга нь өөрөө энэ салбарт хамаарахаас өөр аргагүй юм. Монгол Улс “Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт протоколд нэгдэн үүрэг хүлээсэн” байдаг. Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Эрүүгийн хууль гэх мэт хуулиар дээрх үүрэг баталгаажсан байдгийг бид мэднэ. Гэвч өдгөө хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад тодорхой хэмжээний саад бэрхшээл байсаар байна. Энэ мэт ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд саад тээг болох, хавчин шахах  үзэгдэл бодитоор оршин тогтнож байгааг нуух аргагүй. Иймээс дөрөв дэхь засаглал гэгддэг хэвлэл мэдээллийнхэн бид өөрсдөө хэрсүү байж, эрх чөлөөгөө хааж боогдуулахын эсрэгдуу хоолойгоо нэгтгэх нь чухал болоод байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Russel(154.66.132.133) 2022 оны 05 сарын 04

Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 0033 7 55 40 49 85

0  |  0
Russel(154.66.132.133) 2022 оны 05 сарын 04

Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 0033 7 55 40 49 85

0  |  0
Top