Өмнөхийг ЭНД дарж унших боломжтой.
ЖАРУН КАШОР СУВАРГЫГ ГОРООЛОН ЗАЛБИРСАН МИНЬ
Оройн сайхан тогтуунд бид дахин гороо хийх, өдөр нь уг суваргын дэргэд залбирал үйлдэж ерөөл уншин үлдсэн Тайванбаатар нөхрийгөө авахаар эргэж очлоо. Ингээд оройн горооны дараа уг суваргын түүхээс Цамбаа ламаар үргэлжлүүлэн яриуллаа.
...Бодьсадвагийн бошгоор ерөөл тавигчдын хүсэл биелсэн тухай бүлэгт ахмад нь болох адуу маллагчийн хүү нь: Энэхүү Суврагыг босгосны буянаар би хойд зүгийн цаст уулын оронд Бурханы шашныг хамгаалан тэтгэгч их хаан болж төрөх болтугай. Цөвүүн цагт уур, шунал, атаархал, мунхаг, омгийн таван хор дэврэх тэр үед Бурхан багшийн шашныг дэлгэрүүлэх болтугай” хэмээн ерөөв.
Удаах хүү “Энэхүү Их суврагыг босголцсоны буянаар ах маань хойд зүгийн оронд бурханы шашныг дэлгэрүүлэгч их хаан болж төрөх цагт би тэрхүү газар хувраг болж төрөөд өөрийн шавь нарыг ном сургаалиар хөтлөх ирээдүйн Архад болох болтугай гэж ерөөл тавилаа.
Гурав дахь хүү “Ах нар маань хойд цастын оронд Бурханы сургаалийг дэлгэрүүлэх тэр цагт би Дандарын их Егүзэр болоод цастын орны лус савдаг, махчин мангасуудыг номхруулж ах нарын дэлгэрүүлэх Бурханы сургаалийг сахин хамгаалагч болох болтугай” гэж ерөөлөө.
Отгон хүү ийн ерөөл тавив: “Энэхүү Суваргыг босгосны буянд ах нар маань хойд цастын оронд бурхан багшийн сургааль дэлгэрүүлэх, хамгаалах үйлсэд хүчин зүтгэх тэр үед би улсын сайд болж тэдний үйл ажлыг зохицуулаж дэмжих болог” гэлээ.
Дөрвөн хөвгүүд ерөөл тавьцгаасны хойно бүх Бурхад Бодьсадва нар нэгэн дуугаар ийн хэлэв: “Буянт хөвгүүд минь ээ. Та нар үнэхээр олны тусад болсон гайхамшигт ерөөл тавилаа. Бурхад та бүгдээр бахархаж байна. Энэхүү залбирал ерөөлөөр та бүгдийн хураасан буян гурван цагийн Бурхадын үйлстэй ч зүйрлэшгүй юм. Ийн өгүүлээд арван зүгийн Бурхад Бодьсадва нарын дүр нэгэн гэрэлд хураагдан Суваргын биед шингэсэн ба Суварга ч “Бүх Бурхадын Нэгдэл” хэмээн ертөнц даяар алдаршжээ гэсэн байдгийг бидэнд ярьж өгсөн юм.
Маргааш өглөө нь эргэл мөргөл, гороо хийж эхлэхийн өмнө бид Цамбаа ламаар Суваргад эргэл мөргөл хийж өргөл өргөсний үр тусын талаар Дэсрэндэнзэн хааны асуултад Ловон багш хэрхэн хариулсан байдаг талаар хэлүүлж авлаа. Үүнд:
Нэгэнт Гурван цагийн Бурхад, Бодьсадва нарын Ариун тааллын гуу сан болсон болохоор энэхүү Суврага нь хүслийг хангагч чандмань эрдэнэ мэт аливаа хүсэл залбирлыг биелүүлэх хүч чадалтай юм. Их Суваргад үнэн зүрхнээс залбиран мөргөж эргэл мөргөл хийсэн амьтан болгонд ирэх ач тус нь Гурван цагийн Бурхадын үйлсээс ч илүү бөгөөд энэ чулуунд хүн төрөлхтөний тусын тулд шингэсэн байдаг.
Энэхүү Алдарт Жарун Хашорын Суварга нь Хүслийг хангагч чандмань эрдэнэ мэт бөгөөд аз жаргалыг авчирна. Суваргад мөргөсөн хүн бүрийн өмнө гурван муу заяанд унах хаалга хаагдах болно, Суваргыг төсөөлөн бодсон хэн бүхэн живэх догшрохоос салж төвлөрсөн бясалгалд орших болно. Түүнд биеэр мөргөн залбирсан хэн боловч Үнэний зам мөрөөр замнах болно.
Мөн Суваргыг гороолсон хэн боловч сайн заяаны долоон шинжийг олох болно. Үүнд: дээд төрөлд төрөх, сайхан бие зүстэй төрөх, өндөр ханамж, хүч чадал төгс эдлэл, өвчингүй урт настай байх болно. Суваргад тавьсан залбирал тухайн хүнд өөрт ч мөн бусдын тулд ч биелэх болно. Суваргад мөргөсөн хэн боловч гурван муу заяанаас зайлж, эд баялаг, эрүүл мэндийг олох болно, ирж мөргөх боломжгүй боловч Суваргын зүгт долоон гишүүнт мөргөл үйлдсэн хэн боловч долоон төрлийн дараа ариун хүний биеийг олж төрөх болно, бусдын төлөө тарни тоолсон хэн боловч Бурхад Бодьсадва бүгдийн хүчийг олох болно.
Их Суваргаас адис авсан хэн боловч арван зүгийн Бурхадын адисыг авах болно, Их Суваргын дүрийг бясалган бодсон хэн боловч Сухаавадын оронд лянхуа цэцгээс хувилж төрнө. Энэхүү Их Суварга нь хүслийг хангагч чандмань эрдэнэ мэт бөгөөд хэн бүхний хүссэн санасан бүхнийг биелүүлэх болно. Суварга нь бүгдийн хүслийг биелүүлэгч Монтам Тамжид Друпа гэж нэрлэгдэх бөлгөө гэснийг гүйцээж мэдэж аваад аян замын хөтөч, бас намтар түүхээс өгүүлэгч Цамбаа ламдаа, номд дурьдсан байдагчлан “ Бурханы номыг сонсоод бусдад тайлбарласан хэн боловч гурван цагийн Бурхан бүгдийн явдлыг үйлдэх болно” хэмээн талархал дэвшүүллээ...
ЖАРУН КАШОР СУВАРГЫН ТУХАЙ АЛБАН ЗАРИМ МЭДЭЭЛЭЛ
Будха суварга буюу төвөдөөр Хасти Чаитиа, эсвэл Жарунг Кашор нь Непал улсын нийслэл Катмандугийн төвд Будханат хотод байрладаг. Буддизмын үүслийг төрүүлсэн Шагжамүни Буддагийн ясны хэсгүүд, дармакаягийн болон номын дурсгалууд, ариун бодис сангаар дүүргэсэн, асар том мандал дэвсгэртэй бөмбөрцөг хэлбэрийн суварга бөгөөд 1979 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн гэж нэгэн танилцуулгад дурджээ.
Төвөдийн бослогын дараа 1959 онд олон тооны дүрвэгч Балба руу нүүн ирж Будханат дахь суваргын эргэн тойронд суурьшжээ. Төвөдийн диаспора нь Будханатын эргэн тойронд 50 гаруй гомпа болон Буддын шашны сүм хийд, зоогийн газар, зочид буудал, зочны байшин, гар урлалын бизнесийг барьж байгуулахад хүргэсэн байдаг. Будха суварга нь Сваямбхунат, Намо Будда зэрэг газруудтай зэрэгцэн Катманду орчимд жуулчдыг асар ихээр татдаг, Буддын шашинтнуудын хамгийн их очдог мөргөлийн орон юм. Энэ суваргын хойд хаалган дээр баригдсан нутгийн Ньюарийн буддистуудын шүтдэг догшин Харити буюу Ажима гэгддэг номын сахиус Маммо Пуккашийн бунхан байдаг ажээ.
Төвөдийн Буддизм үүсэж хөгжсөн нь Будха суваргатай салшгүй холбоотой гэж Падмасамбхавалын Ешэ Цогял, Трисонг Дэцэн хаан /757-797 он/ Самъяа хийдийн хорин таван зүрхэн шавь нарт айлдсан ном сургаалд энэ суваргын түүх, Төвөдийн Буддизмтэй хэрхэн холбогдож байсныг хэсэгчлэн тайлбарласан байгаа гэж миний олж үзсэн тайлбарт тэмдэглэсэн байна. Суварга босгох тухай шувуучин Шамварагийн саналыг сонсоод хаан хүнд хэцүү байхыг нь мэдсэн ч “Жарунг” буюу “үүнийг хийцгээе” гэж хэлсэн бөгөөд дараа нь нутгийн ньюаричууд суварганы хэмжээ, номын болон буяны язгуурын төлөө илүү том дэмжлэг бүтээгээгүй хааны ордны гишүүдэд хэрхэн тусах талаар санаа зовж хаанд айлтгахад тэрээр шийдвэрээ өөрчлөхөөс татгалзаж “Жарунг кашор” гэж хэлсэн нь бас ингэж нэрлэгддэг болоход хүргэсэн гэж бичсэн байна билээ. Нэмэлт мэдээлэл болгоход, 2015 онд болсон газар хөдлөлтийн уршгаар Будханатын суварга эвдэрч зарим газраараа хагарчээ. Үүний ташрамд бөмбөрцөг хэлбэрийнх нь бүх бүтэц, түүнд агуулагдсан ариун нандин дурсгалуудыг шалгаж үзсэн бөгөөд заримыг нь солих, хамгаалах шаардлага гарсан байна. Мөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Лха Баб Дүченд шинэхэн амьдралын мод буюу төв шонг залах зан үйлийг хийж, Их Жарун Кашор суваргыг дахин өргөх ажлыг Тулку Ригдзин Пема, Сэнгдрак Нгаванг Тенгял нар хариуцан хийлгэжээ. Зэс, алт зэрэг ариутгасан дурсгалуудыг амьдралын модны орой дээр болон хажуу тал, таван газар, гурван голд нь байрлуулж, улмаар ирээдүйд ус орж гэмтээхээс сэргийлж хуванцар болон зэсээр бүрээс хийж Сажа, Гэлүг, Кагюү, Нгагюр, Нинмагийн уламжлалын өндөр дээд төлөөлөгч лам хуврагууд 21 хоногийн турш ариутгах тусгай зан үйлийг хийсэн байна. Ингээд суваргыг 2016 оны арваннэгдүгээр сарын 22-нд дахин нээжээ. Засвар, сэргээн босголтыг Будханат бүсийн хөгжлийн хороо зохион байгуулж, бүхэлд нь Буддын шашны бүлгүүд болон сайн дурынхан, хандивлагчдын хөрөнгөөр санхүүжүүлсэн байдаг.
Эцэст нь өгүүлэхэд, Будханат буюу Жарун Кашор суварга нь дэлхийн хамгийн эртний /VI зуун/ суваргад тооцогддог бөгөөд энэ нь Непал дахь Төвөдийн Буддизмын төв юм. Суваргыг залбирлын дарцгаар маш сайхан чимэглэсэн, хэмжээ дамжааны хувьд гайхалтай буюу суваргын диаметр нь 100 м, өндөр нь 40 м, суурийн хагас бөмбөрцөг хэлбэр нь дэлхийг, нуман хаалга нь усыг, 13 гишгүүр нь галыг, шүхэр нь агаарыг бэлгэддэг, орой нь тэнгэр юм байна. Бөмбөрцгийн дээгүүр, суваргын дөрвөн талд Буддагийн бүхнийг хардаг нүдийг дүрсэлсэн нь итгэл бишрэлийг төрүүлэн ширтэх бөлгөө.
...Энэхүү суваргыг бүтээх санаа анх төрсөн, тэгээд энэ суваргыг бүтээсэн хүмүүн нугууд, бүтээхэд нь даган баяссан, оролцсон тэр бүгд, бүтээснээс нь хойш энэ суваргад мөргөсөн, гороолсэн, эргэл мөргөл хийсэн тэдгээр бүгдийн буянд даган баясая аа...
Ж.Эрдэнэцогт
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл ( 2 )
SHUTEH ES SHUTEH N HUNII UURIINH N L ERH SHUUDEE...HET SURTALCHLAAD CH YAHAV..UZSEN HARSAN AA HUVAALTCAJ BGAAD CHINI TALARHII...MONGOL UURUU DIVAAJINSHUUDEE.... BID L UNELEHGUI .......
бурханг хэт шүтээд өөдөлсөн орон бий юу мэдэхгүй л юм