Жагарын орон хийгээд Балбын нутагт зорьсон тэмдэглэл - 2

Өмнөх хэсгийг ЭНД дарж унших боломжтой.

Найгарын их аяллаас намтар түүхийг олж мэдэв, би...

 

Бидний хэсэг нөхөд Сүхбаатар аймгийн БШТ-Эрдэнэмандал хийдийн дэд хамба, шашны сургалттай "Баян-Эрхт" сургуулийн захирал Н.Цамбанүрдэв ламтанг дагалдан Непал, Энэтхэг улсуудад аялж Бурхан багшийн Найчин буюу ариун хийгээд дурсгалт газар орноор эргэл  мөргөл хийж дүүргэлээ. Эргэлчин мөргөлчний хувьд  залбирал сэтгэлээ өвөрлөн ирсэн бол сэтгүүлч аялагчийн хувьд олон сайхан бодол  сэтгэгдлээ  тээн буцаж байна.

 Хамт аялсан нөхөд болоод аяллыг зохион байгуулж, удирдаж хөтөлсөн  Цамбаа лам,  Эрдэмбилэг лам, Даваа-Ууган лам нартаа, мөн тэднийхээ гэр бүлийнхэнд талархал илэрхийлье,  буянд нь даган баясая...

 

АЯЛАЛ МӨРГӨЛ ХИЙХ БОЛСОН ТУХАЙ ЭХЛЭЛ

 

...Хэд хоногийн өмнө Энэтхэгээс Хонконгоор дамжин эх орон руугаа буцаж явах үедээ ийм нэгэн товчхон зүйл оруулснаас хойш бас ч үгүй хэд хоночихжээ.  Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот манайхаас хоёр цаг хагасын зөрүүтэй болохоор хүмүүсийн ярьдаг шиг “цагийн зөрүү”-нд орсон юм бол байхгүй л баймаар, харин нас хэвийсэн, тэгээд бие нэлээд лагс болчихсон хүн хагас сарын хугацаанд  онгоцоор хэд хэд ойрхон нисэж буугаад, эхэндээ аяны хайрцаг, цүнх сав чирээд нэлээд явчихсан, бас өндөр уулын бартаа ихтэй замаар машинаар аялж  огцом эргэлт, өөд урууд нүдээ аньж амьсгаа түгжсээр  даралтаа ихэсгэчихсэн хэрэг юм уу, аян замын ядаргаа гаргах гэж гурав хонолоо шүү. Яг үнэндээн бол  багийн гишүүн Ханджав дүүд, дараа нь  Непал улс  буюу монголчуудын дээр үеэс нэрлэж ирснээр Балбад Өмнөд Энэтхэгээс бидэнтэй ирж нэгдсэн Цамбанүрдэвийн  Эрдэмбилэг лам хүүд ачаа тээш зөөх үүргийг оноочихоод өөрөө зургийн аппарат  шагайж, энд тэнд  танилцуулга юм хайсан шиг тэнэж шогшиж явсандаа л ядарсан хэрэг... Энэ тэмдэглэл маань гайгүй сайн болж сонирхолтой байх аваас энэ хоёр залуугийн, тэгээд Цамбаа лам, V Егүзэр хутагт нарын  ярьж өгсөн  түүх домог, мэдлэг мэдээлэл,  хань С.Нарантуяа, багийн бусад нөхдийн дэмжлэг туслалцааны үр дүн даруй мөн билээ.

...Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдийн дэд хамба, шашны сургалттай “Баян- Эрхт” сургуулийн захирал Н.Цамбанүрдэв бид хоёр эхлээд  Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш дээдэс Егүзэр хутагтын V дүрийг тодруулж Батламж олгоход, дараа нь Монгол багшийг Өмнөд Энэтхэгийн Гоманд анги данбын лхаарамба цол хүртэж хурал хуруулахад хамт очиж  оролцох завшаан эдэлсэн улс. Ингэхдээ миний хувьд  Хубли, Гоман, Бангалор, Дарамсала, Агра, Гоа зэрэг газруудад очиж байсан атлаа Бурхан багшийн амьдрал, үйлс зохионгуй, түүх намтартай нь  холбоотой  ариун газруудаар очих боломж таараагүйн учир  монгол багшийн айлдсан ёсоор Бурхан багшийн найгар буюу дөрвөн чухал газарт очих ерөөл тавьж билээ. “Санаж явбал бүтнэ” гэдгийн үлгэрээр, багш дээдсийн ач ивгээл, сүсэг бишрэлийн буян хишгээр ийнхүү учрал завшаан бүрдэж Улаанбаатар- Шинэ Дели-Катманду-Лүмбини-Кушнигар-Бодгаяа-Патна-Шинэ Дели- Дармасала-Агра-Шинэ Дели- Улаанбаатар гэсэн уртхан маршрутаар 14 хоногт багтаан  эргэл мөргөл хийхээр арваннэгдүгээр сарын 10-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Онгоцны буудал дээр эртхэн цугларлаа. Учир нь олон улсын нислэгт нэг зорчигчид 23 кг ачаа үнэгүй тээвэрлэхийг зөвшөөрөх учир өөрсдийн тохирох хоол хүнсний зүйлээс гадна Энэтхэгт суралцаж байгаа хувраг хүүхдүүдэд атга шууз мах, годгор хиам, уут чихэр хүргэчих санаатай л аяны саваа жинлэж, нааш цааш нь гүйлгэж, тэнцүүлж тааруулах гээд бөөн “ажиллагаа” болдог юм байна л даа.

-Ачаанд өгч болдоггүй юм байдаг шүү гэж нэг нь хэлэхэд, бас гар тээшинд авч болдоггүй зүйл ч бий гэж нэг маань анхааруулав.

-Ам.доллараа  зүгээр л түрийвчиндээ хийгээд гарч болох юм уу гэж нэг маань асуухад их зузаан болоод байгаа бол хэд хувааж хармаалах тухай нөгөө нь зөвлөгөө хайрлаж, нэг хэсэг инээдэм наргиа боллоо. Ярилцаад үзэхэд мань мэтийн хэд нь тэтгэврийн зээл, ажил албатай нэг нь цалингийн зээл авсан нь илрээд ирэв, үр хүүхэд,  ах дүүс  хандив өргөсөн, компанитай нэг нь ашиг орлогоосоо хэдийг шилжүүлж авсан нь ч байгаа бололтой... гэхдээ л ер нь   хэд хувааж авч гарах олон ам. доллартай  “амьтан” бидний дотор алга гэлцэв. Харин бид бүгдийн танил нэгэн залуугийн зөвлөж  тусалснаар очих буцах  онгоцны тийзээ  эрт захиалсны хүчинд харьцангуй хямдаар олж авсанаа мэдэж баярлав. Ингээд  эргэл мөргөлийн үед  байр буудал, унаа машинд зарцуулах, бас Энэтхэгийн бэлэг дурсгалын зүйл авна гэсэн цөөн хэдэн “ногоон”-оо түрийвчиндээ санаа амар шургуулчихаад  бишрэл сүсэгтэй улс сэтгэл цадаад явчих нь тэр...

 

МИАТ-ЫН ОНГОЦООР НИСЛЭЭ

 

Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар чиглэлд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн нислэгийн давтамж 2023 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдэж зуны улиралд долоо хоногийн бүх өдрүүдэд нислэг үйлдэж байгаа, харин өвлийн хуваарьт ороод долоо хоногт гурван удаа нислэгтэй байх юм билээ.

 Mongolian airlines гэсэн бичигтэй хормогч өмсөж үсэндээ онгоцны дүрстэй хавчаар  хатгасан залуу сайхан бүсгүйчүүл, мөн тийм тэмдэг энгэртээ хавчуулсан хоёр залуу тосон авч эелдэг найрсаг үйлчилж байна. Онгоц хөөрч өндрөө аван тэгширсний дараа танхмийн гэрлүүд асахад зарим хүн зөөврийн компьютер төхөөрөмжөө гаргаж ирээд өмнөх суудлын арын түшлэг дээрх  QR кодыг уншуулаад  WiFi  тохиргоонд орж чихэвч зүүгээд таг болцгоож эхлэв.

Миний хувьд бол сурсан зангаараа унших юм хайж, суудлын түшлэгний хармаанаас “Mongolica” гэсэн нэртэй сэтгүүл гаргаж аваад  гарчиглалаа. Эхнээсээ ямар  нэгэн дээд зэрэглэлийн бололтой хотхоны тухай 10 нүүр сурталчилгааны хуудсыг эргүүлж явтал гэнэт залхуу хүрэх шиг болж, буцаагаад хамхичихмаар болсон ч тэвчээр гаргасны хүчинд уг сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн зурвас тавигдсан 12 дугаар нүүрнээ хүрч очиж байж л сая нэг уужирлаа.

 -Монголын  цэлмэг хөх тэнгэр дор онгоцны буудлаас дөнгөж хөөрсөн, эсвэл хэзээ мөдгүй газардахаар яаран буй зорчигч Танд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна...гэж бичсэнийг нь  уншаад сэтгэл жаахан баясав. Ерөнхийдөө, Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд, эх орноор маань аялан жуулчилсан гаднын зочдын сэтгэгдэл, үнэлэл дүгнэлт, Монголын орчин үеийн хөгжил дэвшлийг бүтээлцэж яваа  салбар салбарын удирдагчдын  үзэл бодол, зочид буудал, зоогийн газрууд, худалдаа үйлчилгээний төвийн тухай танилцуулга, өнгө зүс, зохиомж сайтай гэрэл зургууд гээд аятайхан л сэтгүүл байна. Мөнөөх хотхоны тухай 10 хуудас сурталчилгааны хувьд бол яахав дээ, сэтгүүл хэвлүүлэх зардлыг гаргасан томоохон захиалагчийнх нь  нэг биз, тэгээд л эхний хэсгийг эзлэнэ гэж мундагдаа биз. Гэхдээ л арай л томдож, арай л оновчтой биш дэглэж гэх ухааны юм бодогдлоо, нуугаад яахав...Бүхээгийн ажилтан буюу хэлж заншснаар бол Онгоцны үйлчлэгч /стюардесса/-ийн тарааж  өгсөн, Монголд аялах жилийн бэлгэдэл тэмдэгтэй,  HushKhan monGOlia  гэсэн бичигтэй, цөмөж цэвэрлэсэн сайхан самарнаас амандаа хийж цэвэр ус балгангаа сэтгүүлийг цааш эргүүллээ. 

Энэ үед харин нэг сайхан зүйл олж уншсан шүү. Энэ нь аугаа их эзэн Чингис хаантай  уулзахаар гурван жилийн урт замыг туулж түүнийгээ түүхэн тэмдэглэл болгон үлдээсэн Хятадын гүн ухаантан Чанчунь бомбын аяллын тухай өгүүлэл байлаа. Монголын эзэнт гүрнийг төвхнүүлж,  алдар сууг олсны дараа Чингис хаан Чанчунь бомбыг урин залж захидал илгээхдээ, -Өдгөө би дөрвөн зүг, найман зовхисын таван өнгө, дөрвөн харийн улс орныг нэгтгэн хураагаад нэгэн төрийн жолоонд оруулав. Хэдий тийм боловч надад оногдсон үйлс агуу, үүрэг хүнд учраас тэр бүхнийг тэгшлэн засахуйд алдас гаргахаас нэн ч сэргийлэн хичээнгүйлнэм. Завь онгоц үйлдэж залуур сэлүүрийг урлах нь гол мөрнийг гатлахын тулд билээ...гэхчилэн өгүүлснийг уншиж бахдахын сацуу энэ мэт бичсэнийг манай төрийн түшээд, дарга сайдууд  олж уншдаг л  баймаар юм. Даан ч тэдний маань чадал ухаан нь хүрдэггүй, эсвэл ердөө л хүсэл сэтгэл нь асдаггүй байх аа даа гэсэн гунигт бодол төрөөд хажуугийн хоёр хүний  цаана харагдах онгоцны цонхоор үүл ч юмуу олоод харчих санаатай жаал өлөлзөв...

Тун удалгүй, түрүүнээс хойш  “Бүхээгийн ажилтан нар” хэмээн  чихэнд нэлээн эвгүй дуулдахаар зарлагдаад  байсан “Бүхээгийн ажилтнууд” нарийхан хавчиг тэргэнцэр түрсээр урагш эгнээнд хүрснээр тэндээс сайхан хоолны үнэр ханхлаад явчихлаа. 

-Манай МИАТ-ын хоол зууш сүүлийн үед үнэхээр сайжраад байгаа. Хятад, Энэтхэгийн нисэхийн компанийн хоол гэж ярихгүй, ялангуяа буцаж яваа үед бол бүүр  аятайхан  харагддаг болсон шүү гэж  гадаадад нэлээд явдаг миний нэг найз  биднийг гаргаж өгөхдөө ярьж байсан нь санаанд орж ирмэгц би  бушуухан тавцан буулгаж бэлтгэлээ.

Гадаадад нэлээд хэд хонох хүн эртхэн дасаж байх нь хэрэг юм уу гэсэн инээдэмтэй ч юм шиг бодол орж ирэхээр нь  тахианы махтай хоол захихаар шийдлээ.  “Жимсний жүүс литрээр нь аваад залгилчихна гэдэг нэг хэрэг, харин 10 мянган метрийн өндөрт нисэх онгоцны бүхээгт 100 грамм жүүс  сонгож  аягалуулаад бага багаар балгаж уухад л жинхэнэ амт нь мэдрэгддэг гэж нөгөө яриасаг найзын  ярьж байсныг санав бололтой, эхнэр маань над руу жуумалзаад, дэргэдээ ирсэн үйлчлэгч бүсгүйд “Улаан лоолийн жүүс” гэж хэлж сонсогдов...

 

ХОНКОНГИЙН НИСЭХ  ОНГОЦНЫ БУУДАЛД

 

Hong Kong International Airport (HKG) нь  дэлхийн тав дахь хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал бөгөөд 24 цагаар ажилладаг юм байна. Энэ буудал 120 гаруй авиа компаниудын, 220 чиглэлийн онгоцуудыг хүлээн авдаг бөгөөд өдөрт  1140 онгоц хөөрч бууж байдаг нь бараг нэг минутанд нэг онгоц  гэсэн үг юм.

Энд дараагийн онгоцонд шилжин суух гэж найман цагийг өнгөрөөх болсон бид нэг хэсэгтээ хөөрч бууж буй онгоц тоолж цаг нөхцөөлөө. 45-60 секунд тутамд нэг онгоц гэхээр дээрх тоо үнэн байна. Дараалан  газраас тасарч буй онгоцнууд дунд бидний хөлөглөн ирсэн манай МИАТ-ын Боинг онгоц бас харагдаад нисч одлоо.

Терминал хооронд жолоочгүй галт тэргээр, эсвэл  алхаад ч явах боломжтой. Олон төрлийн дэлгүүр, хоолны газар, үзвэр үйлчилгээний газрууд байдаг бөгөөд  FREE WIFI  болон утсаа цэнэглэх боломжтой хэсгүүд олон байдаг гэхээр нь ашиглахаар шийдэж даруй интернэтэд ороод энэ буудлын тухай юу гэж бичсэн байдгийг сонирхлоо, гадарладаг орос хэлээр л шүү дээ. Ер нь бол “Хэлтэй бол хөлтэй” гэдэг гэдэг үг хэчнээн үнэн болохыг, англи хэл мэдэхгүй л бол одоо цагт хөлгүй байтугай, хоолгүй болж байгаа тухай өөрт тохиолдсон явдлаар өгүүлж бичих тул түр хойш тавья...

Төлбөрийг нь төлөөд үйлчлүүлэх боломжтой 24 цагийн лоунжууд ажилладаг боловч тэр нь мань мэтэд хүртээлгүй гэмээр дээгүүр ангиллынх,  эндхийн зоогийн газруудад оръё гэхэд  үйлчилгээний өртөг үнэ өндөр,  дээр нь  коронагийн үеэр өссөн  таваг хоолны үнэ зуу зуун ам.долларын үнэтэй хэвээрээ байгаа тул бидний хэсэг нөхөд  Монголд чанасан үхрийн махыг Хонконгийн халуун усанд дэвтээн идэж суулаа л даа.  Дамжин өнгөрөх гэхээр ч тэр үү, хил гаальд хүний гар тээшнээс хоол хүнсний зүйл  хураах гэж мэрийгээд байхгүй, зохих хэмжээ, хэлбэрт савлагдсан л байвал чөлөөтэй нэвтрүүлнэ, тэгээд онгоцны  буудалд  нийт 50 хэсэгт үнэгүй  халуун, хүйтэн ус авч болдог цэгтэй, нэг удаагийн аягатай учир ингэж хооллоход ямар ч асуудалгүй байна билээ.

"Чхеклапок” гэдэг нь жилд 74,7 сая хүн зорчдог дэлхийн хамгийн ачаалал ихтэй  нисэх буудлуудын нэг бөгөөд Хонконгийн “Cathay Pacific” иргэний агаарын тээврийн компанийн үндсэн хөрөнгө гэж нэгэн танилцуулгад бичжээ. Нэлээд хэдэн жилийн өмнөх жагсаалтаар  Хонконгийн нисэх буудал нийт зорчигчийн урсгалаараа дэлхийд нйамдугаарт, олон улсын зорчигчийн тоогоор гуравдугаар байрт ордог байсан гэж байна. Харин  коронагийн үе, Орос-Украины дайн байлдаанаас болоод нислэгийн замууд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор энэ байдал өөрчлөгдөж эзлэх байр нь  урагшилсан ч байж болох юм гэж санагдав.

Энэ завсарт  буудлын яригч хоолойгоор олон чиглэлийн онгоцны бүртгэл, гарцыг зарлах бөгөөд Хонконг-Бээжин, Хонконг-Сингапур, Хонконг-Сөүл Инчон, Хонконг-Шанхай Пүдунг, Хонконг-Тайпэй /Тайвань/ гэдэг нэр олонтаа гарна. Энэ нь дэлхийн хамгийн их хүн зорчдог чиглэлүүдийг эзэмшиж байгааг баталж байлаа.

Олон баримтаар Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал нь үйл ажиллагааны уян хатан байдал, онцгой байдлын үр дүнтэй менежменттэй, хүчирхэг дэд бүтэцтэй гэдгийг  онцолсон байна. HKIA бол зорчигчид зөвхөн ухаалаг гар утас болон царай таних технологийг ашиглан хөөрөх бүх процедурыг гүйцэтгэх боломжтой дэлхийн цорын ганц нисэх онгоцны буудал юм байна. Үүнд онлайнаар бүртгүүлэх, аяллын бичиг баримтыг баталгаажуулах, цүнх буулгах, хамгаалалтын бүсэд нэвтрэх, өөрөө өөртөө үйлчлэх зэрэг орно гэжээ.

Энд би бас өөрийн олж харсан дэвшилтэй гэхээр зүйлийн талаар өгүүлье гэж саналаа. Олон газар явж, их юм үзсэн нөхдүүдэд бол “энийг юуг нь гайхаад, магтаж бичээд байгаа юм бэ” гэх маягийн уур цухал төрж магадгүй юм. Тэгвэл тийм хүмүүс элдэв сөрөг юм бичилгүй, нэг удаа  “хэлээ хазаад” өнгөрнө биз дээ...Би өөрийнхөө түвшний хүмүүст аян замын сонин сайхныг дуулгаж санал бодлоо хуваалцаж байгаа хэрэг шүү.

Хонконгийн онгоцны буудал маш урт урсдаг замтай. Сүүлд Энэтхэгийн Делид очиход  И.Гандийн нэрэмжит олон улсын онгоцны буудалд ч ийм урт зам байгаагүй. Урсдаг зам цүнх сав чирсэн түрсэн хүмүүст амсхийх зав өгнө, нөгөө талаар  зорчигч яарсан тохиолдолд урсдаг зам дээр гараад дээгүүр нь шогшиход л хоёр хурдны нийлбэрээр цаг хэмнэнэ.

 Мөн энд өндөр настан, хэрэгцээ шаардлагатай хүмүүсийг тээвэрлэх тэрэг, ялангуяа цахилгаан тэрэг олон. Захиалгаа л урьдчилан өгчихвөл хангалттай тооны тэрэгнүүд гараад ирнэ. Энэтхэгийнх шиг хуруугаа имэрсэн тээвэрлэгч нар дайраад байхгүй... Энд ариун цэврийн өрөө, хүүхэд саатуулах, хуурайлах газар жинхэнэ дээд түвшинд ажилладаг. Хүний төлөө үйлчилгээг энд тахир дутуу, өөрөөр хэлбэл “хөгжлийн бэрхшээлтэй” хүнд зориулсан 00-ийн өрөөний хаяг, тусгай тасалгаа, тусгай төхөөрөмжөөс харж болно. Аргагүй бахархах сэтгэл төрөөд хүнгүй байх үед нь зургийг нь дарсан. Тэр буудлын олон зуун мянган хавтгай ам метр шалыг хулдсан хивс хивсэнцэрийн өнгө зүс, цэвэр цэмцгэр байдлыг яаж сахиж байгаа нь ч бас л гайхамшиг гэхээр зүйл байна билээ дээ...   

 

КАТЭЙ ПАСИФИК ЭЙРВЭЙС-ИЙН ОНГОЦООР НИСЭВ

 

Хонконгийн “Cathay Pacific” иргэний агаарын тээврийн компанийн онгоцоор Хонконгоос Энэтхэгийн Шинэ Дели хотыг зорин нислээ. “Cathay Pacific” бол олон улсын зэрэглэлээр таван одтой, дэлхийн зургаан нисэх компанийн нэг гэж байна. “Нэг дэлхий” нэртэй холбооны гишүүн бөгөөд Swire гэдэг групп удирддаг.

Онгоц эхлээд зүүн хойш чиглэлд хөөрснийхөө дараа эргэж баруун зүгт хэсэг нисээд Тонкины булангийн олон улсын далайн бүс нутгаар дамжин Вьетнамын дээгүүр хөндлөн нисэж байгааг дэлгэцнээ харж байлаа. Энэ завсар тус компанийнх нь талаар юу олж уншсанаа санахыг хичээж эхлэв. 

1946 онд буюу дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Хималайн хавьд цэргийн албаа дуусгасан Америк нисгэгч нэгэн Австрали найзынхаа хамт нисэхийн жижигхэн компани байгуулж Шанхайд бүртгүүлжээ. Катэй гэдэг үг нь эртний Хятад улсын нэгэн нэрээс үүдэлтэй гэж байгаа бол Пэсифик гэдэг нь Номхон далай дээгүүр даван ниснэ гэсэн мөрөөдлийг нь илэрхийлсэн учиртай юм байна. “Агуу их, амар амгалангийн улс” болгох гэсэн хүсэл зорилгоор 1948 онд байгуулсан энэ компани  анхнаасаа л “Хонконг эйрвэйз”, дараа нь “Кантас” зэрэг нисэхийн компаниудтай өрсөлдөөнд орж, “Драгон эйр” гэдэг компанийг өөртөө нэгтгэж, бас Азийн эдийн засгийн  хямралд өртөж, нэлээн хожим буюу  2009 онд  Бээжин хотод төвтэй БНХАУ-ын төрийн өмчит агаарын тээврийн компани Air China  тэдний   30 хувийг нь эзэмших болж, ерөнхийдөө юм юм л үзжээ.

1990 оноос “Чхеклапок” хэмээх шинэ буудлаа байгуулж агаарын хөлгүүдээ шинэчлэх зоримог төсөл хэрэгжүүлснээр  дэлхийн хамгийн шинэ залуу онгоцтой  агаарын компанийн нэгд орох болов.

2019 онд HK Express компанийг 4,93 тэрбум хонконг доллараар худалдан авсан яг тэр үед коронавирусын дэгдэлт, мөн Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбогдуулсан хөл хорионы улмаас  Cathay Pacific-ийн орлогын гуравны хоёрыг бүрдүүлдэг байсан зорчигч тээврийн орлого нь бараг зогсож, “Драгон эйр” хэмээх охин компани нь татан буугдахад хүрэв. Хонконгийн Засгийн газар Cathay Pacific компанийг аврахын тулд 19,5 тэрбум хонконг долларын хувьцааг нь худалдан авч, нэмэлт 7,8 тэрбумыг олгосон байдаг.

Одоо энэ компани 35 улс орны 109 чиглэлд зорчигч болон ачаа тээвэрлэж олон улсын зорчигч тээврийн хэмжээгээрээ дэлхийд ес, ачаа тээврээр хоёрдугаар байрыг эзлэж байгаа юм билээ. Компани нисэх бүрэлдхүүний эзэмшилдээ Аэробус, Боинг голдуу  222 онгоцтой, тэднийх нь  нэг-Боинг 777 онгоцоор  нь ийнхүү бид алдарт Хималайн уулсын зүүн өмнөд талаас орж төв Энэтхэгийг зорин нисэж явна.

Ж.Эрдэнэцогт

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top