ЯЛАЛТЫН ХААЛГАНЫ ДЭРГЭД ДАХИН НЭГ ОЧЛОО
Энэтхэгийн нийслэлд Монгол багштайгаа нэг, V Егүзэр хутагт хутагтай бас нэг, ингээд хоёр удаа ирж байсан хүн юм байна би. Нэгэнд нь Энэтхэгийн хамгийн алдартай дурсгалт газрын нэг болох Шинэ Дели дэх Энэтхэгийн хаалгыг үзэж сонирхох завшаан тохиож, энэ том ёслолын хаалганы дэргэд харуулд гардаг сүрлэг гоё хувцастай, чилгэр өндөр нуруутай хүндэт харуулын цэргүүдийн хамт зургаа авахуулсан санагдана, тэрийгээ архивтаа нэг хайя байз...
Энэ удаа бид Цамбаа ламын найз, дээхнэ аль дугаарт өгүүллээ дээ, Жету гэдэг жагар нөхөрт захиалан дунд оврын автобус гаргуулаад Айнамаркет гэдэг торгоны зах, Яшвант гэж европчууд их очдог гэсэн хоёр ч захаар худалдаа наймаа хийхээр хөдлөв. Жолоочийн хажуу суудалд суугаад ийш тийш зураг дарж Ражпатын өргөн чөлөө гэдгээр ороод явж байтал, Парламентын ордон, Ерөнхийлөгчийн ордон нь харагдаад явчихлаа. Тэгвэл Ялалтын хаалга ойрхон байх учиртай гээд харц тойруулбал их холгүй гараад ирэх нь тэр .
Тэгэхээр нь би аяллын хөтөч Цамбаа руугаа хандаж байгаа маягтай-Делид ирснийх Ялалтын хаалганы дэргэд зургаа авахуулахгүй бол хүнд юугаа үзүүлж батлах юм бэ? Ойрхон байна шүү дээ, энүүгээр ороод гаръя л даа... гэж чангаар хэлэхэд лам дор нь дэмжиж “ Уг нь замын элдэв эргэлт хийхгүй, гарын зөв талд таарч байгаа юм байна” гэснээ урагш босч ирж жолоочтой хэсэг ярилцаад, “машины зогсоол нь нэлээн өндөр төлбөртэй байдаг, тэрийг нь та нар төлбөл болно” гэж байна гэлээ. -Өө, тэр яах вэ, би төлчихнө. Хэдэн рупий яахав, зураг л чухал шдээ гэж би бараг л хашгирч, торгоны дэлгүүр лүү явж байсан эмэгтэйчүүд гэхэд манайхан тун уян хатан хандаж, түүхийн дурсгалт газар үзэх саналыг дэмжсэнээр асуудал амархан шийдэгдэв.
Гадна төрхөөрөө Парисын Ялалтын хаалгыг санагдуулам энэ байгууламжийг архитекторч Эдвин Лютиенс гэдэг хүн /бас нэг Турк хүний нэр гарч байдаг/ урилгаар ирж зохион бүтээсэн бөгөөд ойролцоо байгаа Засгийн газрын барилгуудын зураг загварыг ч бас гаргасан юм гэнэ билээ.
1931 онд нээлтээ хийсэн дурсгалын энэ хөшөөг Энэтхэгийн улаан элсэн чулуугаар урлаж, дэлхийн 1-р дайнд амь үрэгдсэн Энэтхэг, Британы 13300 цэргийн нэрийг бичжээ. 1921 онд Лютиенсийн зохион бүтээсэн уг хөшөө нь тус улсын хамгийн хүндэтгэлтэй урлагийн бүтээлүүдийн нэг болж, жуулчдын гэрэл зураг, архивын баримтад ч онцгой байр суурь эзэлдэг.
Нуман хаалганы дээвэр дээр ёслолын үед тос дүүргэж гал асаах зориулалттай өргөн, гүехэн аяга хийгдсэн байдаг боловч сүүлийн үед энд гал асаахаа больж, хаалганы сууринд хийсэн дөрвөн мөнхийн гал асдаг болжээ.
Энэ том аркны өндөр нь 42 метр. Парадууд эндээс эхэлж цэцэг өргөдөг бөгөөд чухал үйл явдлууд тохиолдоогүй байлаа ч гэсэн Энэтхэгчүүд энд олноороо цугаж сүр жавхлант барилга архитектурыг нь биширч, амарч зугаалдаг, ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд нь янз бүрийн баяр наадам зохион байгуулдаг юм байна. Харанхуй болоход Энэтхэгийн хаалга өнгө өнгөөр туяаран гэрэлтэх тул шөнийн цагаар үзэх гэсэн хүмүүс битүү байдаг гэнэ.
Жил бүрийн 1-р сарын 26 буюу Энэтхэгийн Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх үеэр энэ хаалганы хажуугаар өнгөлөг, ёслол төгөлдөр цэргийн парад болдлг уламжлалтай. Энэхүү аварга хаалганы зүүн талд тусгай цэцэрлэгт хүрээлэнд баатруудын цээж баримлууд байна.
1971 онд Ерөнхий сайд хатагтай Индира Гандийн санаачилгаар Энэтхэг-Пакистаны III дайны дараа нэр үл мэдэгдэх цэргийн шарил бүхий тусгай хөшөөг дайны дурсгалын цогцолбортой хамтатган байгуулжээ. Тэнд гүркхүүд /дээр миний өгүүлсэн цэргүүд/ хүндэт харуулд гардаг.
Энэтхэгийн Ялалтын хаалганд цэцэг өргүүлэхийг гадаадын төр-засгийн төлөөлөгчдийн хөтөлбөрт хүртэл тусгадаг гэж байна.
ТАЖ МАХАЛЫН ДЭРГЭД ХАНЬТАЙГАА ЗУРАГ ТАТУУЛАВ
Таж Махал гэдэг бол Энэтхэг улсын Агра хотод орших сүм бунхан бөгөөд / Хайрын бунхан ч гэдэг/ их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулсан гэдгийг олон хүмүүс мэддэг болсон доо. Ийм болохоор би жаахан тодруулаад, зарим нэг мэдээллийг шинээр хүргэх зорилго тавилаа.
Шах Жахан 22 настай, Мумтаз Махал 20 настайдаа гэр бүл болж 14 хүүхэд төрүүлжээ. Гэвч хатан нь 1631 онд буюу 38 насандаа 14 дэх хүүхэдээ төрүүлж өгөөд цус багадах өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хатан нь өөд болохоосоо өмнө “надад зориулж сайхан бунхан бариулж өгөөрэй” хэмээн захиж байсан гэнэ билээ.
Ингээд Шах Жаханы зарлигаар Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури гэдэг хүн удирдан 1632 онд Энэтхэгийн хойд хэсгийн Ямуна голын эрэг дээр барилгын ажил эхэлжээ.
1632-1653 оны хооронд буюу 21 жилийг зарцуулсан бөгөөд 20,000 ажилчин, 1000 зааны хүч хөдөлмөрөөр уг гайхамшигт байгууламж бүтжээ.
Энэтхэгийн бэлгэ тэмдгийн нэг болох Таж Махал сүмийг 1983 онд ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэсэн байна.
Энэ үзэсгэлэнт сүм Дели хотоос 204 км-ын алсад орших Агра хотод байдаг. Таж Махал сүм нь энэтхэг, перс лалын шашинтай орнуудын уран барилгын хэв шинжийг өөртөө нэгтгэсэн өвөрмөц барилга байгууламж гэж судлаачид үздэг.
Таж Махал сүмийн ханыг гартаам, оюу, ногоолин, мана зэрэг чулуу хийсэн болох нь шууд танигдаж байгаа, гантиг чулуун хана нь өдрийн хурц гэрэлтэй үед цагаан өнгөөр гялалзан байна. Харин өглөө нар мандах үед ягаан, сартай шөнө мөнгөлөг өнгөтэй болж харагддаг гэж дууллаа.
Сурвалжид тэмдэглэснийг үзэхэд, Агра хотоос 400 км зайд орших Макран дахь ордоос цасан цагаан гантиг, Хятадаас хаш чулуу, Төвөдөөс оюу, Афганистанаас номин чулуу, Шри Ланкаас индранил зэрэг чулуу авчирсан гэжээ. Үндсэн барилгыг барих ажлыг 12 жилийн дотор дуусгасан боловч чулуу шигтгэх, чимэглэх ажлыг дахиад 10 жилийн турш хийсэн байна.
Таж Махал сүм бунхны төвд нь саруул том зайтай тасалгаа бий. Энд хаан, хатан хоёр мөнх нойрсож байгаа. Цогцолборын гол хаалга руу орох зам нь захаар дамжин өнгөрнө. Хаалганаас цэцэрлэг, бунхан харагдах бөгөөд хоёр талд нь ижил төстэй хоёр барилга барьж тэгш хэмийг хадгалсан байдаг.
74 м өндөртэй бунхан цэцэгсийн хээгээр чимэглэсэн дөрвөлжин тавцан индэр дээр байрлаж, дөрвөн талд нь минарет байгуулжээ. Бунхан нь орой дээрээ алтадмал хавирган сар бүхий титэмтэй, хажуу талд нь дөрвөн жижиг бөмбөгөр байна.
Таж Махалын цэцэрлэг нь үнэхээр сайхан. Усан оргилуур бүхий сувгууд нь цэцэрлэгийг дөрвөн тэгш өнцөгт болгон хуваах агаад цэцэрлэгийн голд бадамлянхуа хэлбэртэй цөөрөм байна. Энэ цөөрөмд Таж Махал бунханы дүрс бүтнээр тусан байхыг харах гэдэг эгэлгүй сайхан юм билээ...
Зөвхөн бунхан гэлтгүй, цогцолборын хана туурга ч гэсэн гайхалтай хийц загвартай болох нь ажиглагдаж байлаа. Гурван талаараа улаан элсэн чулуугаар байгуулсан ханатай, бөмбөлөг бүхий, хажуудаа цамхагтай гол хаалга нь шууд л хараа булаана. Ийм болохоор Эрдэмбилэг лам бид хоёр тэр хэсгийн зургийг авах гэж нэлээн удаан шагайж зогсоход хүрсэн билээ.
Бунханы дотоод танхммийн тухай хэдэн үг хэлье. Танхим нь нуман хаалгатай, найман өнцөгт хэлбэртэй. Таазны өндөр нь 25 м гэсэн, хана нь цэцэг, жимс, усан үзмийн ороонго хэлбэртэй хагас үнэт чулуун шигтгээтэй. Харин шал нь гантиг чулуугаар хийсэн, геометрийн гэмээр дүрс хэлбэрээр чимэглэгджээ.
Эцэст нь сонирхуулж хэлэхэд:
-Хэрвээ одоо үед Таж Махалыг барина гэвэл нэг тэрбум доллар хэрэгтэй болно гэсэн тооцоо гарчээ.
-Цасан цагаан гантиг нь зөвхөн бүрээс бөгөөд бунханыг улаан элсэн чулуугаар барьж байгуулсан.
-Таж Махалаас 500 м-ийн дотор авто тээврийн хэрэгсэл, машин зорчихыг хориглосон тул зөвхөн цахилгаан жижиг оврын зөөгч болон рикша, морин тэрэг л явна.
-Таж Махалын бунхан доторх цуурай нь 28 секунд үргэлжилнэ гэжээ.
Ийнхүү бид Хайр сэтгэлийн нандин дурсгал болсон, дэлхийн гайхамшигт, үнэт зүйлсийн нэгэн өв болсон Таж Махалаас буурал түүхийн өлгий нутаг , нөгөө талаар орчин цагийн хөгжил дэвшлийн нэг манлайлагч болон болон эрчимтэй хөгжиж байгаа Энэтхэг хэмээх их гүрэн улсад, түүний эзэн болсон тэрбум хол илүү хүн амтай Энэтхэгчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсээд нутаг буцах болж байна. Шинэ Делигийн нисэх онгоцны буудал руу урагшаа... Тэмдэглэлийн төгсгөлд нэгэн аялалд нэгдэж холыг туулсан багийн гишүүд, хөтөч лам нартаа баярласнаа хэлье.
Хань Нарантуяа маань олон жил Монголын харилцаа холбооны салбарт ажилласан эрдэм чадвар, хэл усаараа аяллыг зохион байгуулахад зохих хувь нэмэр оруулахын сацуу намайгаа асарч халамжлах, бас зарим зураг хөрөг авч, материал баримт олж цуглуулж өгч явсныг хэлэлгүй өнгөрч боломгүй...
Та бүхнийхээ буянд даган баясаж байна аа...
Ж.Эрдэнэцогт
Сэтгэгдэл ( 0 )