ДАРМАСАЛАД СААДГҮЙ ХҮРЧ ДАЛАЙ БАГШИД МӨРГӨЛӨӨ...
Элдэв барцад саадгүй давхисаар өглөө нарны гэрэл туяарч байх үед Доод Дарамсалагийн төв зам руу орж очлоо.
Дарамсала нь Энэтхэг улсын Химачал-Прадеш мужийн Кангра дүүрэгт, цаст Гималайн нурууны өвөрт буюу Дауладхар уулын яг энгэр дээр оршдог учраас ердөө л 8,5 км талбай бүхий хот. Тэгсэн атлаа ажил хэргийн болон засаг захиргааны төв болох доод Дарамсала, Маклеодганж буюу дээд Дарамсала гэж хоёр хуваагддаг юм байна. Дээрхийн гэгээнтэн Далай ламын өргөө дээд хэсэгт Маклеодганжид байрладаг.
Дээд доод хоёр хэсэг нь хоорондоо нарийн, эгц замаар холбогдоно, мотоцикль болон жижиг оврын автомашинаар л хүрдэг. Дээшээ гарах, доош буух зам нь тусдаа буюу ганц ганцхан урсгалтай. Манай жолооч өмнө нь олон ирж байсан учир дээшээ гарчихаж чадна гэж байна. Гэхдээ бид доод хэсэгт, нэг шатахуун түгээврийн дэргэд хоёр машинаа цувуулж зогсоож байгаад савтай усаар нүүр амаа угааж, ёслол хүндэтгэлийн дээл хувцсаа гаргаж өмсөөд, аяны голдуу өмд гутлаа “иннова”-гийнхаа арын зай руу буюу “хонины хонхор” руу нь /Энэтхэгт хонь гэж байхгүй тул ямааны хонхор гэж нэрлэдэг ч байж магадгүй, хэ хэ/ шидэлж хаячихаад л бушуухан дээш өгсүүлж эхэллээ. Ингээд 8:00 цагаас жаахан хоцорсхийгээд Далай багшийн өргөөний хавьцаа буугаад төв хаалга руу нь шогшиж явлаа шүү дээ...
Мөргөлчид түрүүчээсээ хамгаалалтын албаныханд шалгуулаад эхэлчихсэн байна. Дэлхийд хамгийн нягт бат хамгаалалттай байдаг хүмүүсийн нэг нь Далай багш юм гэдэг.
Арга ч үгүй биз. Гадна талаар нь автомат буутай Энэтхэг цэргүүд, тэгээд энгийн хувцастай энэтхэг хамгаалалтын албаныхан ажиллаж, урьдчилан гаргасан хуваарийн дагуу зочид сүсэгтнүүдийн нэрсийг дуудан хашаан дотор оруулмагц төвөд залуучууд угтан авч шалгалт хяналт явуулна. Зургийн аппаратыг ажиллуулж товхыг нь дарж үзэхээс эхлээд дээдэст өргөх хадгийг ч сэгсэрч, шувтарч үзэх юм. Биеийг бас шалгана. Эцэст нь нэгэн том танхимд оруулаад нэрсийг дахин дуудаад жирийтэл эгнүүлэн тавьсан сандлууд дээр суухыг уриад байна. Ингээд суудал яг дүүрэхтэй зэрэгцэн нэр уншиж дуусч байгаа нь нарийн тоогоор яг таг зохион байгуулсныг, бас гадаад дотоодын тэр олон хүн яаж ийгээд л Далай багшид бараалхах хуваарьт өдөр цагтаа амжиж ирэхийг хэчнээн их зорьж зүтгэдэг болохыг харуулж байна гэж бодогдсон...
Нэгэнт дотор орж ирээд бүртгэл юманд орчихсон хойно сэтгэл амрах шиг болж, уужим өрөөний өнцөг булангуудад тавьсан халуун хүйтэн ус, цай кофеноос хийж уух сөхөө сая төрөв. Ёстой л “дөрвөн хэлний, таван зүсний” хүмүүс ирчихсэн байхыг тогтоон харж суутал дахин нэг хаалга онгойгоод зочид, мөргөлчид суусан дарааллаараа дан эгнээгээр цувж цаад тал руугаа орж эхлэв.
Бидний орж хүлээж сууснаас арай багахан танхмийн дээд талд өндөр сэнтийтэй боловч, намхавтар суудал дээр Далай багш морилж байна. Бодвол саяхан хөлөндөө багахан мэс ажилбар хийлгэсэн дээдсийн хүмүүст адис хүртээхэд хялбар байх талыг нь бодолцсон байх.
Миний бие өмнө нь V Егүзэр хутагтыг хувилгаан дүрийн Батламжаа гардан авахад Монгол багш, хэргийн тухайд алдрыг нь дурьдахад Д.Жавзандорж багштай хамт, дараа нь багшийг лхаарамба цол хүртээд Далай багшид бараалхахад мөн өөрийг нь дагалдан очиж мөргөх их завшаан тохиож байсан юм. Тэр үед Дээрхийн гэгээнтэн монголын лам хувраг, тэднийг дагалдан очсон хүмүүсийг мөргөлийн өргөөндөө тусгайлан хүлээн авч цай, идээ хүртээж багагүй цаг хугацаанд ярьж хөөрч, Монгол багшийг сайн таньдаг, мэддэг, их итгэл найдвар хүлээлгэж байгаа гэдгээ хэлсэн үг, үйл хөдлөлөөрөө харуулж байсныг санаж байна. Ер нь Далай багш эртнээс хөх нударгатай дээлтэй монголын лам нарыг, бас хөх хадагтай монголын мөргөлчдийг олж харахад онцгой байдаг хэмээн айлддаг, тэдэнтэй аль болох мэндэлж, адис хүртээхийг эрмэлздэг гэж өгүүлсэн байдаг билээ.
Энэ удаад Далай багшийн нас сүүдэр дээр гарсан, мөн өвдөгний мэс засал эмчилгээ хийлгээд удаагүй байгаа гэж дуулдсантай холбоотой байх гэмээр урьдчилан тусгай хуваарь гаргуулж байгаад гадаадын улс орноос ирсэн хийгээд төвөдийн мөргөлчдийг хамтад нь хүлээн авсан. Зочид мөргөлчдийг Дээрхийн гэгээнтэнд дөхөж очих үед хоёр лам хадгийг эргүүлэн мөргөлчний хүзүүн дээр тохож өгөөд, зөвхөн алга хавсран очуулж, Далай багш хүн бүрийн толгой дээр адис хүртээж, хааяа зарим хүний залбирсан гар дээр гараараа атгаж байгаа харагдсан. Ер нь Далай багшийн яг дэргэд нь очих үед сүрд нь автан сандарч, бараг л хаана гишгэж яваагаа мэдэхгүй, нүүр царайг нь харж ширтээд байж чадахгүй тийм бишрэл хүндлэлд автад явчихдаг тул би энэ удаад дараалалд урагшилж явах зуураа дээдсийн бараа төрхийг жаахан тогтоон ажиглахыг хичээж байлаа. Царай зүс нь тун чиг гэгээтэй, бага хүүхдийнх шиг булбарай гэмээр туяарч харагдах бөгөөд таних хүн таарч буй бололтой, зарим үед юм асууж, нэлээн хөнгөн шингэн үзэгдэнэ. Ингээд Далай багшид мөргөхөд дээдэстэн миний залбирсан гар дээр дарж атган адис хүртээхүй жаахан удлаа гэж санагдсан уу, бараа бологчид нь ташаанаас минь эвтэйхэн түрээд хажуу тийш гаргалаа.
Цааш явах үед дахин хоёр лам шар дугтуйтай юм, рашаан утлага хайрласан, гарч ирээд үзэхэд шар дугтуйд нь Далай багшийн хоёр янзын зураг байна. Сүүлд бараалхал мөргөл дууссаны дараа бидний Далай багшаар үлээлгэж адислуулахаар авч орсон хадаг, зураг, эрих, зангиа тэргүүтнийг равнайлуулаад гаргаж ирж дугаараар нь тарааж өгсөн. Мөн тийм нэртэй мэйл хаягнаас зургаа татаж аваарай гэхчилэн бараа бологчид нь мөргөл болон хамгаалалтын ажлыг маш өндөр хэмжээнд зохион байгуулж байна билээ. Ингээд бид хажуугийн байшинд байх Далай ламын хийд дацан руу нь орж эх болсон зургаан зүйл, хамаг амьтан, монгол түмэн, аймаг хошуу, үр хүүхэд, төрөл төрөгсөд, танил нөхөд бүгдийг багтаан ном бичүүлж, рашаан утлага базааж авсан бөлгөө...
Ингээд гол чухал ажлаа бүтээж, Дээрхийн гэгээнтэнд бараалхаж амжсан улс ёстой нэг уужирлаа даа. Далай багшийнхаа орд өргөөг тойрон гороо хийх, Төвөд хоолны газар орж, хавтгай гурилтай, үхрийн махтай шөл уух, шашны эд зүйлс худалдаж авах, аялал жуулчдад зориулсан гарын авлага, зураг тайлбар олж авах гээд өндөр уулын оргил дээрх багахан зайд шавааралдуулан барьсан байшин, нарийн гудамжаар шургаж ороод тарцгаалаа...Төөрөх аюул байх ч үгүй, уруудаж явсан бол өгсөөд, өгсөж хөдөлсөн бол уруудаад явахад л төв талбайд руу нь буугаад ирнэ, асуудалгүй...
...Дарамсала гэдэг нэрийн тухайд бол санскрит хэлний дхарма ба шала гэсэн үгнээс гаралтай, “сүнслэг орон байр, ариун газар” гэсэн утгатай. Хинди хэлээр энэ нь ихэвчлэн “мөргөлчдийн хоргодох газар, зочны байр” гэж буй үг гэнэ.
Дарамсала нийтдээ, уугуул 60 мянган хүн амтай, далайн түвшнээс дээш 1250 метрээс 1982 метрийн өндөрт байрлана. Дээд Дарамсалад цас ордог мөртлөө тэр нь дооддоо ордоггүй нь хачирхалтай. Дарамсалагийн түүхээс үзэхэд 1848 онд тус бүс нутгийг Британид нэгтгэж, дараа жил нь цэргийн гарнизон болгожээ. 1852 онд Кангра дүүргийн засаг захиргааны төв болж, Британчуудын дунд “Толгодын буудал” нэртэй болсон байна. 1905 онд хүчтэй газар хөдлөлтийн үеэр 20 мянга орчим хүн амь үрэгдсэн бөгөөд энэ хот зэргэлдээх Кангра хоттойгоо адил бараг бүтэн сүйрчээ.
Дарм бол британчуудын хувьд зуны амралтын газар байсан гэхээр хэр зэрэг үзэсгэлэн төгс газар болох нь ойлгомжтой, харин газар шилгээснээс хойш тэд энд суурьшихаа больжээ. Энэтхэг улс 1960 онд Далай ламд улс төрийн орогнол олгож Дээд Дарамсала дахь Маклеодганж /Толгодын буудал/ сууринд үлдэхийг зөвшөөрснөөс хойш Далай багш олон лам нарын хамт дээр үед газар хөдлөлт болж нурсан, англичуудын цэргийн бааз байсан газарт очиж олон хоног ном уншиж залбирал хийсэн гэх бөгөөд түүнээс хойш газар лус номхорсон гэж эндхийн оршин суугчид ярьдаг, тэгж ч итгэж энд одоо тайван амгалан сууршин аж төрж байгаа бөлгөө.
Далай ламын ордон өргөө нь харьцангуй энгийн, хоёр давхар чулуун бетонон “бунгало” загварын байшин юм. Байшин нь харин сайн хамгаалалттай.
Америкийн нэгэн сэтгүүлч “Далай ламын байр байшин яагаад ийм энгийн байдаг юм бэ гэж асуухад “оюун санааны удирдагч дотоод засал чимэглэл гэхээсээ илүү боловсрол, буяны үйлсэд мөнгө зарцуулахыг илүүд үздэг” гэж хариулжээ.
Мөн энэ ярилцлагаас үзэхэд Далай багш өглөө маш эрт буюу үүрээр 03:30 минутад нойроос дээшилдэг, тэгээд залбирал, мөргөл хийгээд тусгай тарни уншдаг, дараа нь дахин залбирал мөргөл, өдөр нь Бурхны шашны болон Төвөдийн гүн ухааны бусад зохиолуудыг уншиж судлах, орой бясалгал байнга хийдэг гэж хэлсэн байна лээ. Ер нь бол бүх биеэрээ мөргөж, өдөр тутам хэдэн цагаар бясалгал хийдэг, үүнийг нь асуухад “Учир нь надад өөрийгөө сайжруулах маш их хэрэгтэй байна. Лам бол миний ажил шүү дээ” гэсэн утгатай хариулт өгчээ. Тэрээр дэлхий нийтийн хэмжээний хүн, нийгмийн зүтгэлтнийхээ хувиар өдөрт маш олон уулзалтууд хийдэг, олон нийтэд зориулсан лекц яриа, хувраг лам нарт зориулсан ном айлдах маш шахуу хуваарьтай байдаг. Тэгсэн атлаа орой бүр 2 цагийн туршид бясалгал хийдэг учир чухам хэдэн цагт унтдаг болох нь мэдэгдэхгүй байгаа юм... гэж бичсэн байна...
Ж.Эрдэнэцогт
Түрүүч нь № 022 дугаарт
/Үргэлжлэл бий/
Сэтгэгдэл ( 0 )