МАХАСАТВА НЭРТ ХАН ХӨВҮҮН ӨЛСГӨЛӨН БАРНАА БИЕЭ ӨГСӨН ТҮҮХ
Цамбаа лам маань биднийг Саямбу уулнаас шууд цааш явж Бурхан багш өөрийн биеэр өлсгөлөн бар тэжээж аварсан түүхт уулнаа очихыг зөвлөсөн юм. Тэрээр бидэнд нэгэн домгийг ярьж өгснийг нь би дуу хураагуурт бичиж авснаа одоо сийрүүлэн буулгаж, бас холбогдох түүх намтрыг олж баяжуулан авлаа.
...Бурхан багш өдгөөгөөс 2500 гаруй жилийн тэртээ хутагтын орноо заларч сургаал номоо айлдан, олон амьд бодгалын их багш, хөтөч замч болсон билээ. Бурханы гэгээн бээр Очирт сууринд гэгээрлийн чинадад хүрэхээсээ өмнө тоолшгүй галбад амьтны тусыг үйлдэж явжээ. Чухам ийн залрах нэгэн төрөлдөө их нигүүлсэхүй сэтгэл, энэрэл хайр, оюун ухаан, буян заяа төгөлдөр хааны хүүгийн төрлийг таалсан түүхтэй гэнэ.
Нэгэн удаа ханхүү Махасатва хоёр ахын хамт ой цэцэрлэгт зугаалах ахуйд өлсөж туйлдсан, олон зулзагатай эмэгчин барс тааралдахад нь энэрэл нигүүслээр биеэ өглөг болгон өргөжээ.
Эрт тоо томшгүй нөгчсөн галвын урьд Замбуутивд Их тэрэг нэрт хаан буй бөлгөө. Тэр хааны харьяат мянган тоот өчүүхэн хаад ч байх аж. Тэр хаанд гурван хөвүүн буй.
Их хөвгүүн нь Маханада нэрт буюу.
Дунд хөвгүүн нь Махадэва нэрт буюу.
Отгон хөвгүүн нь Махасатва нэрт буюу.
Тэр отгон хөвгүүн нь бага наснаасаа асрахуй, нигүүлсэхүй сэтгэл лугаа төгөлдөр болоод хамаг амьтныг ганц хөвгүүн лүгээ адил сэтгэмүй.
Тэр цагт тэр хаан, ноёд түшмэд, хатад сэлтээр ой ууланд зугаалахаар одох бүхийд гурван хөвгүүн бээр ой дотор зугаалан ахуйд нэгэн барс зулзагалсан бөгөөд машид өлсөж ундаассаны эрхээр өөрийн зулзагаа идэхээр завдахыг үзэв.
Тэрхүү отгон хөвүүн хоёр ахдаа ийн өгүүлрүүн:-Аяа хоёр ах минь! Энэ өлөгчин барс өлгүй болсноор зулзагаа идмүй?” хэмээн асуусанд хоёр ах нь: “Энэ барс маш өлссөнөөр магад зулзагаа идмүй за” хэмээн өгүүлсэнд бас отгон хөвүүн хоёр ахдаа мөн өгүүлрүүн:
“Энэ барсын идэш нь юун?” хэмээн асуусанд хоёр ах нь “аливаа шинэ алсан амьтны нойтон мах цус бөгөөс барсын идэш буюу за?” хэмээн өгүүлсэнд бас отгон хөвүүн ийн өгүүлэв.
“Хэн өөрийн мах цусаар үүний амийг авран чадмуй?” хэмээн асуусанд хоёр ах нь “тийм
маш бэрх үйлээр үүний амийг хэн авран чадмуй” хэмээн өгүүлвээс төдий отгон хөвүүн нь ийн хэмээн сэтгэмүй.
“Би бээр өнө орчлонд орчиж, тоолшгүй олон төрлийг авлаа. Заримд нь шунал хүслийн эрхээр, заримд нь уурын, заримд нь мунхагийн тулд шим үгүй өнгөрөөсөн буй за.
Номын тулд өглөг өгөх орон лугаа эс учирч бөлгөө. Өдгөө амьтнаа тус үйлдэхийн тулд биеэ үүнд өгсүгэй!» хэмээн сэтгэв.
Төд удалгүй гурвуулаа гэртээ харьж ирэхүй зуур отгон хөвүүн нь хоёр ахдаа ийн хэмээн өгүүлэв.
-Та хоёр урьдханаа явтугай. Би өөрийн нэгэн үйлийн тул ойд одоод хэргээ бүтээж үтэр ирсүгэй хэмээн өгүүлээд тэр мөрөөр өлөгчин барс хаана бүхий тэр зүгт хүрээд барсын өмнө хэвтсэнд барс ам нь зуурч идэж эс чадав.
Төдий хан хөвгүүн нь нэгэн хугархай модоор биеэ хатгаж цус гаргасанд барс бээр цусыг нь долоогоод амаа нээн чадаад бие дэхь махыг нь бартал идэв.
...Чингэж өнө удсанд хоёр ах нар нь дүү маань удав. Юуны шалтгаан болов? хэмээн хэлэлцээд мөнхүү тэр мөрөөр эрэн одох зуураа дүү минь магад биеэ өлссөн барсад өгөхийн тул одсон буй за хэмээж тэр барсын дэргэд хүрсэнд хөвүүний биеийг барс идэж яс нь цайж бүхийг үзээд биеэ хөсөр дэлдэн үхэтхийв. Хэсэг зуур болоод амьдарч их дуунаар өгүүлэн хөсөр хөрвөн басхүү үхэтхийв.
Тэр цагт их хатан нь ийн зүүдлэв. Гурван хүүрзгэнэ нь хотол наадаж нисэн явтал нэгэн өчүүхнийг нь харцага барьсныг зүүдлээд цочиж сэрмэгц машид айн эмээж хаанд өчив.
“Ай их хаан! Хуучин үгэнд хүүрзгэнэ шувуу хөвүүний сүнс буй хэмээн сонслоо. Би хоромхон унтсанд зүүдэнд минь гурван хүүрзгэнэ наадаж яван атал нэгэн өчүүхэн хүүрзгэнийг харцага авч одсоныг зүүдлэв. Магад отгон хөвгүүнд минь муу болов за” хэмээн өгүүлээд хамаг бүгдийг эрэхээр илгээсэнд хором нэгэн болсонд хоёр ах нь ирээд отгон нь эс ирэв.
Махасатва яав? хэмээн асуусанд хоёр ах нь юу ч өгүүлэн ядаж хором агаад:
“Барсад идэгдэв” хэмээн өгүүлвээс төдий хатан эх нь тийм муу үгсийг сонсоод хөсөр унан үхэтхийв.
Хором нэгэн болоод сэргэн босож хамаг нөхөд сэлт бүгдээр хөвүүнээ нирваан болсон тэр оронд одвоос барс хөвгүүний махыг цөмийг идэж цус нь газарт дусаж, яс нь цайж бүхийг үзээд төдий хатан эх тэргүүнээс нь бариад, хаан нь гараас барьж их дуугаар уйлаад үхэтхийн унав.
Тэр Махасатва хөвүүн үхээд сац Төгс баясгалангийн оронд тэнгэрийн хөвгүүн болон төрөв. Тэр тэнгэрийн хөвгүүн би ямар сайн үйл үйлдсэнээр энд төрөв хэмээн сэтгээд тэнгэрсийн нүдээр таван заяанд шинжлэн үзвээс өөрийн үхсэн яс нь нэгэн ойн дотор байх бөгөөд эцэг эх тэргүүлэн хамаг нөхдөөр хүрээлж их дуунаар энэлэн гаслахыг үзээд тэр тэнгэрийн хөвүүн ийн сэтгэв.
Миний тэр эцэг эх хоёр нь миний тул маш их зовбоос бие насанд нь тотгор болмуй за. Тэдний сэтгэлийг сэргээхийн тулд одсугай би хэмээн сэтгэж төдий огторгуйд байж элдэв зүйл сайн үгсээр эцэг эх хоёрын сэтгэлийг сэргээв.
Эцэг эх хоёр нь огторгуйд дээш үзээд:
“Ай тэнгэр чи хэн бэ? Бидэнд зарлиг болтугай!” хэмээн өгүүлсэнд тэр тэнгэрийн хөвүүн өгүүлрүүн:
-Би таны хөвгүүн Махасатва буюу за. Би өөрийн биеэ өлөгчин барсад өгсөн, өглөгийн буянаар Төгс баясгалант орноо тэнгэрийн хөвгүүн болон төрөв.
Ай хаан эцэг, хатан эх минь, та бүгд сонс! Төрсний эцэст магад эвдэрмүй за. Төрвөөс магад үхэх буй. Нүгэлт хилэнц үйлдвээс амьтан тамд унаюу. Буян үйлдвээс дээд сайн төрөлд төрьюү. Ер төрөх ба үхэх нь хамаг бүгдэд буй атал ганцхан би бээр энэ мэт болсон мэт та бүгдээр маш ихэд бүү зовтугай. Би энэ мэт сайн төрөл олсонд та нар ч даган баясалцаад буяны зүгт хичээтүгэй! Өөгүй гашуун зовлон юун хэрэг” хэмээн өгүүлсэнд эцэг эх хоёр ийн өгүүлэв.
-Ай хөвгүүн чи! Их нигүүлсэхүй сэтгэлээр биеэ барсад өгөөд хамаг бүгдийг нигүүлсэхүй буй л бөгөөс өдгөө биднийг тэвчээд үгүй болсонд бид чамайг санаж махаа огтлосон мэт зовох атал, аяа их нигүүлсэгч чи биднийг юуны тул ийн зовлонд унагав хэмээв.
Төдий бас тэр тэнгэрийн хөвүүн элдэв сайн үгээр эцэг эх тэргүүтэн бүгдийг сэргээсэнд эцэг эхийн сэтгэл өчүүхэн сэргээд долоон зүйл эрдэнэсээр авдар хийж ясыг нь тэр авдар дотор оруулж газарт дараад дээр нь суварга босгов.
Тэнгэрийн хөвүүн ч орондоо харив. Хаан хатан нөхөд сэлт бүгдээр орд харшдаа ирэв.
Ялж төгс нөгчсөн Бурхан Анандад ийн зарлиг болруун:
“Ананд аа! Чи тэднийг юун хэмээн сэтгэмүй. Тэр цагт тэр учир дахь Их тэрэг нэрт тэр хаан нь өдгөө дэх миний эцэг Судадана хаан, хатан нь Махамаяа хатан, их хөвгүүн Маханада нь Майдар, дунд хөвгүүн Махадэва нь хэмээвээс Васумитра, отгон хөвгүүн Махасатва нь өдгөө би буюу... гэхүйд Ананда ба олон нөхөд бээр ялж төгс нөгчсөн бурханы зарлигийг сайшаан бишрээд илт баясав...гэжээ.
Манай багийнхан Эрдэмбилэг ламыгаа даган ДАДЪЯАТА УМ МҮНИ МҮНИ МАХА МҮНИ ШАГЖА МҮНИЕЭ СУУХАА хэмээн залбирахын сацуу өлөгчин барсад биеэ өгсөн Махасатвагийн буянд даган баясаж түүний зарлигласны дагуу олон амьтан, түүний дотор би ч багтан Буяны зүгт хичээх болтугай гэж чин сэтгэлээс хүсэж энэ учралыг санаж явахын үүднээс зураг хөрөг татуулсан билээ.
Мөн үүний дараа энэ өндөр уулан дээрээс нөгөө онгоцны цонхоор олж харж байсан Хималайн алдарт оргилуудаас дөрвийг нь дахин олж харав. Олон мянган км-ийн өндөрт нисэж явдаг орчин үеийн хүчирхэг хөлөг онгоцууд ч дээгүүр нь эгцлэн давахаас зүрхшээн тойрч нисдэг тийм сүрлэг, сүрдэм уулсын оройг хараад зураг авах сэр сүр салхитай тавцан дээр гэж нөгөөдүүлээсээ илүү удсаных уу, харьцангуй өндөр уулын орой дахь чулуун шатаар нимгэн оймстой явсаных уу, эсвэл бага хүүхэд шиг сэтгэл хөөрөөд одоо бидний гарчихаад байгаа уул тэр оргилуудаас хамаагүй намхан байлгүй яахав гэж ам гарч бурсных уу, юутай ч доош буух замын дундаас бие эвгүйцэн чичирсээр машинд суумагц эм тан болж байж арай дээрдэв.
Катмандуд ирсний дараа Цамбаа ламыг гуйж жаахан бариа хийлгээд дахин нэг тан хүртээд нам унтсан. Гэтэл би ганцаараа ч биш, манай багийн Бямбаа, Энхжаргал, Байгалаа гурав ч шөнө нь халуурч хоножээ. Ийнхүү бид “уулын сүрд дарагдах”, бас манай говийнхны ярьдгаар “жин цохих” гэдэг шиг айхавтар юм байдгийг мэдэж авлаа. Үүнийг өгүүлсний учир гэвэл, Балба, Энэтхэгт аялах үед ариун газар, сүм хийд, уулан дээрх агуй, суварга дацанд мөргөх үед заавал гутал тайлахыг шаарддаг болохоор ийм тохиолдолд өмсөх зузаан оймс бэлтгэх хэрэгтэй байдгийг хэлэх гэсэн юм. Уг нь Цамбаа лам анхааруулсан л даа, даанч бид авсан оймсоо тээшиндээ хийгээд буудалд орхиж хэнэггүйтсэн л болохоос...
Үргэлжлэл бий.
Ж.Эрдэнэцогт
Сэтгэгдэл ( 0 )