БУДДЫН ШАШНЫ СВАЯМБУНАТ ЦОГЦОЛБОР БУЮУ ОЛНЫ НЭРЛЭСЭНЧЛЭН “САРМАГЧНЫ СҮМ”
Тэр орой нь Өмнөд Энэтхэгийн Гоман дацангаас тэнд 13 дахь жилдээ Бурхны гүн ухааны сургуульд суралцаж байгаа хувраг Эрдэмбилэг Чойрын таван ботийн эхний гурвыг нь үзэж амжилттай дүүргээд шалгалт шүүлгээ өгчихөөд аавдаа тусалж хэлмэрч, бас хөтөч болох, манай багт яваа ээж, эмээтэйгээ уулзах, өөрөө бас Дорждан буюу Бурхан багшийн ариун газруудад эргэл мөргөл хийхээр Катмандугийн Дурбарт ирж бидэнтэй нийллээ.
Цамбаа лам маргааш нь өөрийн шавь, Сүхбаатар аймгийнхан бол Каанаа гэхээр андахгүй мэддэг Ханджавтайгаа хамт шашны дэлгүүрийн захиалгат эд зүйлс, бараа сэлтийг цуглуулах, боох, карго ачаанд өгөх, бас жинхэнэ “Балба дархны балбаж хийсэн” ур хийц өндөр Бурхан багш, бусад сахиус бурхдын захиалга өгөх ажилтай тул Эрдэмбилэг хүү мөргөлчин биднийг дагуулан хоёр ч газарт хүргэхээр шийдвэр гарлаа. Цамбаа лам Монголын Гандантэгчэнлин хийдийн зүүн хаалганы харалдаа баруунаас хоёрт байх Энэтхэг, Непал шашны эд барааны дэлгүүрт худалдаалдаг юмыг олон жил зөөж энэ хавь нутагт олон нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй танил түнш болсныг нь бид зах зухаас нь харж мэдэж яваа юм. Худалдаа наймаа дэлгэсэн нарийн гудамжинд манай ламыг харсан Жагар, Балба, Төвөд хүмүүс түүн рүү гар даллан дуудаад, ойртмогц нь алга хавсран чанга дуугаар мэндэлцгээнэ. Жинхэнэ ориг хадаг тэндээс, эрхийг эндээс авна, сайн торгыг бол Варанасигаас авч болно гэж завсар хооронд нь бидэнд хэлж амжих бөгөөд хөөрхий дөө, энэ хүн Бурхан шашны эд зүйлсийг чанартай, жинхэнийг нь олж таньж, монголын хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлэх, тэр завсар багахан ашиг гарвал шашны сургуулийнхаа хэдэн хүүхдүүдийн хоол байр, хувцас хэрэглэлд, лам хуврагуудын зэд, энгийн ажилчдынхаа цалин хөлсөд зарцуулах гэж ингэж хол газар хөлсөө урсгаж явдаг юм байна. Зарим хүн муулдаг ч байж мэднэ, гэвч явахаас өөр аргагүй, олохоос өөр учиргүй л юм билээ.
Ингээд өглөө нь Билгээ хүүг дагаад хоёр машин хөлслөөд гараад өглөө дөө... Гараад өгөх ч гэж дээ, Катмандугийн төв зам мөнхөд түгжрээтэй байдаг тул зам хожих гэж манай хоёр жолооч хороолол дундуурх нарийн замаар чихэж ороод гацаачихав. Харин Балба, Жагар хүмүүс уур уцаар багатай, маш хурдан ойлголцоод, дохио сигналаараа ярилцах мэт зохицоод, тэр ч байтугай Ото гэх бүхээгтэй мотоцикльд сууж яваа хүн хүртэл гараар дохин манай жолоочид тусласаар байгаад бөглөөнөөс гаргачих юм. Улаанбаатарт ингэсэн бол гэж төсөөлөн бодохоос ч сэтгэлд түгшүүр төрж эвгүй дүр зураг нүдэнд буух шиг. Нэг нэгнээсээ өрсөх гэж зүтгэсээр нам гацааж хаячихаад, П.... минь, ална аа чамайг, гөлөг болгоно оо, амьтан болгоно оо, чи юу юм бэ, би бол... гэлцээд л, салаавч гаргацгаагаад, яах л бол гэж бодогдлоо. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн төгс төгөлдөр нутаг орон, ариун сүмд мөргөх гэж яваа хүн чинь элдэв таагүй бодлыг энэ хавьд нь орхихыг хичээсэн нь дээр биз дээ... Одоо бид Хималайн нурууны урд үзүүрийн өндөр уулсын орой дээр байх цогцолбор руу мацуулж явна.
Катманду хотоос баруун тийш толгод дээр байрладаг Сваямбунат бол Катмандугийн хөндийд Будханатын дараа орох хамгийн чухал сүмийн цогцолбор юм. Ариун сүмийн зарим хэсэгт амьдардаг суурин сармагчингуудаас болж Сармагчны сүм гэж нэрлэдэг. Энэ суварга Төвөдийн Буддизмын хамгийн чухал бөгөөд эртний төв. Сваямбу гэдэг нь ”өөрөө үүсдэг” гэсэн утгатай үг бөгөөд хэдэн мянган жилийн өмнө Катмандугийн хөндий нь уулсаар хүрээлэгдсэн асар том нуур байсан гэж домогт өгүүлжээ. Анхны Будда энэ газарт очиж үзээд бадамлянхуан үрийг усанд унагасан, үүнээс нь мянган дэлбээт гайхамшигт цэцэг ургаж, анхны гэрэл гэгээ цацарсан болор суварга босож эшийг үзүүлсэн, түүний ором дээр баригдсан сүм хийдийн цогцолбор нь гэгээрсэн олон хүний оюун санааны диваажин болсон гэж үздэг юм байна. Гаруда болон ариун амьтдын баримлаар чимэглэгдсэн 365 гишгүүр бүхий шатаар өгсөх бөгөөд энэ нь жилийн турш үйлдсэн нүглээсээ ангижрах боломж олгоно гэж үздэг тул нутгийн оршин суугчид бас гаднын жуулчин аялагч, мөргөлчин сүсэгтнүүдтэй дараалал хуваалцан явж байдаг ажээ. Чулуун бичээсээс үзэхэд суварга нь МЭ V зууны үед Буддын шашинтны мөргөлийн газар байсан нь тодорхой байгаа бөгөөд түүнээс урагш хэдий үед ч бий болсон нь тодорхойгүй л байна.
Гол суваргын дөрвөн талд тус бүр хоёр том нүдтэй, энэ нь Бурхан бүхнийг харж болгоож байна гэсэн утгыг агуулдаг. Харин нүдний хооронд хамрын зураас үгүй, гурав дахь нүдийг дүрсэлсэн байна. Суваргыг тойрсон сүм хийд, бурхадын дүрс,шашны бусад зүйлсийн худалдаа дүүрэн. Энд тарнийн болон бөө, бурхдын баримал, Төвөдийн Буддын шашинтнуудад зориулсан мөргөлийн хүрд бүхий жижиг дуган олон бий. Чухам ийм сүмийн ойролцоо бид монголынхоо эргэлчин мөргөлчид, бас Буриадын Анинскийн дацангийн ширээт ламтай тааралдаж зургаа дарууллаа, хэрэг зоригийг нь асуувал зарим нь Катмандуд болж байгаа Сажийн ёсны нэгэн хувилгааны айлдаж буй номд, нөгөө хэсэг нь Буддийн рэнбүүчийгийн хүртээж буй эш лүнд сууж залбирч яваа гэнэ. Бурхан багшаас өмнө буюу Одсүрэн бурхны үед бүтээгдсэн гэж үздэг энэ суваргын өмнө “зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд машид түргэнээр туулсан бурхны хутгийг олъё, тэр тусмаа Одсүрэн бурхны хутгийг түргэн ольё” хэмээн залбирлаа.
Сваямбхунат толгодын орой дахь энэ цогцолборын гол суваргын хажууд нэгэн хаалттай сүм байх агаад Эрдэмбилэг лам тэндхийн лам нараас учрыг нь асууж, дараа нь бид нар хаалганых нь сараалжин хээний нүхээр шагайж үзэхэд ямар нэгэн бурхны дүрс, өмнө нь зул барьсан чулуун тавцан, тэгээд доош орсон шатны үзүүр харагдсан. Бурхан нь бол Дэмчог бурхан байна гэх бөгөөд VIII зууны үед амьдарч байсан нууц тарнич Шантикар Ачириягийн үргэлж хаалттай, нууц амьдарч байсан Шантипур буюу “Амар амгалангийн газар” юм гэж лам нар хэлжээ. Катмандугийн хөндийд ган гачиг болох аюул тулгарахад Балбын хаан Шантикараас нууц мандал авахын тулд газар доорхи танхимд орох ёстой. Мандлыг гаргаж тэнгэрт үзүүлэхэд удалгүй бороо ордог гэсэн тайлбар, бас нууцлаг, хаалттай дүр төрх нь бага зэрэг айдас төрүүлснийг нуух хэрэг юун... Уулын орой дээрээс Катмандугийн хөндийн гайхалтай сайхан үзэмжит байдлыг харж, амар амгаланг мэдрэх нь бас нэгэн завшаан болов.
Сваямбу нь Хойд Балба, Төвөдийн Важраяна буддистуудын, ялангуяа Катмандугийн хөндийн Ньюари буддистуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж байна. 2015 оны газар хөдлөлт нь Сваямбхунатын сүмийн цогцолборт тодорхой хэмжээний хохирол учруулсан хэдий ч одоо засварлаж дуусаад, сүм анхны байдалдаа орсон байна. За, сармагчингуудын хувьд бол энэ толгой, мод цэцэрлэг, тэр ч байтугай сүм, бунхнууд нь хүртэл тэдний ёстой л “жаргалын орон” нь болсон бөгөөд аялагч мөргөлчдөөс хишиг хүртэж, сэрэмж санамсар алдсан нэгийнх нь юмыг булааж, бүр эцэстээ тулахад тэндхийн ажилчид, үйлчлэгч нарын гараас нормын жимс ногооны хангалт авсан шиг ээ хаа сайгүй дүүлж, хааяа тэнд цайны газар, дэлгүүр ажиллуулдаг наймаачдын урт савааны амт үзсэн шиг ээ л амьдарч байна билээ.
БАДАМЛЯНХУА БУЮУ БУРХАН БАГШИЙН АРИУН ЦЭЦГИЙН ТУХАЙД
Бадамлянхуа нь халуун оронд ургадаг усны олон наст ургамал, нуур цөөрөм, намгархаг газарт ургадаг цэцэг бөгөөд цагаан, ягаан өнгөтэй голоо тойрсон уран гоё хумбан дэлбээтэй цэмцгэр ногоон навчтай, дороо 70 см хүртэл урт иштэй байдаг. Нуур цөөрөм, намхавтар газрын усны мандал дээр хөвж ургадаг. Бадамлянхуа цэцэг дэлгэрэх үед усны эвгүй үнэр дарагддаг аж. Тиймээс Энэтхэгчүүд энэ цэцгийг ертөнцийн ариун сайхны манлай хэмээн үзэж бэлгэшээж иржээ.
Дэлхийд ховорт тооцогддог энэхүү цэцэг тогтуун цэнгэг устай нуур, голын тохой татуургад ургадаг бөгөөд өглөө дэлгэрч, шөнө дэлбээгээ хумина. Бүрхэг өдөр дэлбээгээ нээдэггүй байна. Лянхуа нь замагтай булингартай тогтуун цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан, ягаан, усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг.
Цагаан Лянхуа
Оюун билэг төгөлдөр, ухаан бодол төгс ариуссан боди төлвийг илэрхийлнэ. Цагаан дарь эхийн төгс төгөлдөр чанарыг илтгэдэг цэцэг.
Ягаан Лянхуа
Энэ бол дээдийн дээд бурханыг бэлгэдэх оройн дээд Лянхуа, Бурхан багшийн Лянхуа мөн .
Улаан лянхуа
Зүрх сэтгэлийн ариун гэгээн мөн чанарыг илтгэнэ. Энэ бол хайр, нигүүсэл зэрэг зүрх сэтгэлийн бусад бүх эрдмийг бэлгэдэх лянхуа. Асрал нигүүслийн Бодхисадва Аволекитешварагийн цэцэг юм.
Хөх Лянхуа
Сэрэл мэдрэхүйг оюун ухаан ялан дийлсний тэмдэг. Иймээс оюун ухааны бодисадва Манзуширийн цэцэг мөн хэмээн ном сударт тэмдэглэжээ...
Өмнө нь “Анхны Будда энэ газарт очиж үзээд бадамлянхуан үрийг усанд унагасан, үүнээс нь мянган дэлбээт гайхамшигт цэцэг ургаж...” хэмээн өгүүлсэн дээ, Бурхан багш, энэхүү цэцгийн навч дэлбээ нь өөртөө наалдсан хир тоосыг усан дуслаар өөрөө угааж цэвэрлэдэг зохилдлогоог, гэгээрсэн төрөлхтний хорвоогийн дур хүсэл, буртагт огтхон ч үл автан орших чадвартай зүйрлэсэн байдаг юм байна. Үүнээс үзэхэд бадамлянхуа нь мунхаглал, шунал хүсэлтэй энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших гэгээрсэн хүмүүс оршин байдгийн бэлгэдэл ажээ. Бадамлянхуа цэцэг бол буддын шашны урлаг, дорно дахины урлаг соёлын дурсгалд өргөн хэрэглэгддэг эрхэм дээд бэлгэдлийн нэг юм.
Үргэлжлэл бий.
Сэтгэгдэл ( 0 )