Жагарын орон хийгээд Балбын нутагт зорьсон тэмдэглэл - 6

2025 оны 01 сарын 19

БАЛБЫН ШОРООН ЗАМААР ХИМАЛАЙН НУРУУНЫ БЭЛ РҮҮ БУУСАН НЬ

 

Балбын нийслэл Катмандугаас хоёр машин хөлсөлж Кушнигар хэмээх газарт хүрэхээр болов. Уг нь тэр өдрийн өглөө Цамбаа лам, Каанаа хоёртой хамт явж Непалын урчууд бурхан хийгээд сахиусуудыг хэрхэн нарийн хэв гаргаж цутгаж урлаж байгааг үзэж, энэ завсарт нөгөө хоёр маань дэлгүүрийн болон хүмүүсийн захиалсан бурхдыг авч каргоны компаниар илгээх ажил амжуулахаар тохиролцсон байсан юм. Гэвч би тэргүүтэй хэсэг хүмүүс халуурч бүлээрээд шөнөжин нэвт хөлөрч хоносон тул ярьсан ёсоор хамт явж Балбын дархчуул бурхан яаж бүтээдгийг үзэж чадсангүй. Бас тэр хоёр бидний авсан жаал жуул зүйлээс болон Улаанбаатар дахь дэлгүүрийн захиалгат бараанаас Хятадын нутаг дэвсгэр дээгүүр галт тэргээр зөөхийг зөвшөөрөгдөх хэсгийг нь каргод хүлээлгэж өгөхөөр эртлэн яваад өгчээ. 

Непалаас Хятад руу, тэндээс бусад улс руу ачаа тээвэрлэх ажлыг хятад иргэд гартаа авсан байдаг бөгөөд хэдийгээр дамжин өнгөрөх ачаа байлаа ч хатуу хяналттай, модон эдлэл гэх мэт зүйлийг зөвшөөрдөггүй, тийм болохоор зарим барааг  агаараар тээвэрлэхээс аргагүй байдаг юм байна. Цамбаа лам маань нэлээд хэдэн жил хариуцаж байсан шашны эд зүйлсийн дэлгүүрт бараа татан авах үүргийг өөрийн ажил амьдралын цаашдын төлөвлөлттэй холбогдуулан өөр ламд хүлээлгэн өгч байгаа бөгөөд тэр хүнээ дагуулан явж танил найз нөхөд, түншүүдтэйгээ холбож өгсөн болохоор Улаанбаатарт, Гандангийн зүүн талд байдаг мөнөөх дэлгүүрийн худалдан авагч, хэрэглэгчид жинхэнэ Непал, Энэтхэг шашны эд бараа, бурхан тахилын зүйлээр хангагдсан хэвээр байх нь...

Бид өглөөний цай ууж, эм тангаа хүртчихээд нөгөө хоёрыгоо хүлээж байлаа. Нэлээн болсны эцэст  тэд маань хөлсний тэргээр хөлсөө гоожуулчихсан, бөөн амьсгаа болсон улс хүрч ирээд дөнгөж нэг усанд орж аваад л “хөдлөе, хөдлөе” болцгоов.

“Уг нь гурван зуу гаруй л км гээ биз дээ, уулнаас буухад эргэлт тойролт ихтэй ч гэсэн, саатахгүй бол гайгүй эртхэн оччих байлгүй” гээтэхсэн чинь, Цамбаа, Каанаа, Тайванбаатар гээд өмнө нь үүгээр явж байсан нөхөд “ зам гэж ёстой хэцүү, шөнөдөө л очвол их юм болно” гэцгээв.  “За хэцүү хэцүү гэхэд манай хотын Гүнтийн давааны замаас л бэрх байв гэж...” ухааны юм бодогдож байлаа. Гэхдээ тун удалгүй “үгээ хэлсээн, хэлсэн”

-Ачаагаа ачуулахаар хүлээлгээд өгчихлөө, ачааны үнэ бас л нэмэгдчихэж... гэсээр манай хоёр хүн бүрд Монголд ачаагаа авах тасалбар тарааж байна.

-Ачааныхаа үнээс болоод түнштэйгээ эгээ л барилцаж авсангүй гэж Цамбаа нуг нуг хөхөрч байна. Үүнээс өмнө цухас дурьдсанчлан Цамбаа лам Непалд дархан урчууд, Энэтхэгт торго дурдан, бусад барааны наймаачин, нийлүүлэгчид, тэр ч байтугай замын буудлуудын эзэд, Дели болон Катмандуд авто тээврийн үйлчилгээ эрхэлдэг найз нар, Мажнука гэдэг Төвөд хороололд Хималайн жинхэнэ бүтээгдхүүн худалдаалдаг түнштэй.

Машин хөдөлсөн хойно би хөндөгдсөн сэдвийг сэргээн хөндөж “Та өөрийн бүх харилцаа холбоогоо ашиглаад жуулчид аялуулбал ашиг их олох юм биш үү” гэж асуугаатхасан чинь  “Юм хэмжээтэй нь дээр. Монголынхоо хэрэглэгчдэд эндэх тэндэхийн хуурамч бараа бус, харин жинхэнэ, чанартай шашны эд зүйлс хэрэглэх боломж олгох гэж, ашиг орлогоор нь шашны үйл хэргийг дэмжихэд хувь нэмэр болох гэж хэдэн жил зүтгэлээ. Одоо нэгэнт тогтсон сүлжээтэй болсон, энэ тал дээр миний үүрэг нэгэнт биелсэн. Ажлаа хүлээлгээд өгчихсөн...

Аялал жуулчлал гэдэг түвэгтэй, нарийн ажил. Мэргэшсэн газрууд нь хийнэ биз. Миний энэ хэдэн найзууд, түнш нөхөд яахав ээ, хүний хувьд бие биедээ уулзаж, туслаад л явна. Та нарыг бол би энэ удаад олон жил нөхөрлөсөн ах дүүсийн хувьд, бас Найгар газруудаар аялахсан, Далай багшид мөргөхсөн гэсэн чин хүсэлтэй байдлыг нь харгалзаад хамтын эргэл мөргөлд урьсан хэрэг. Энэ бол зохион байгуулалттай ийм аяллын хувьд сүүлчийнх нь шүү”... Ингэж хэлээд Цамбаа лам цааш эргэн сандлаа жаахан тэнийлгээд хөл жийх нь жаахан нойр авъя гэсэн дохио байлаа. Цамбаа лам гол захиалгаа хийж, бараагаа сонгож, үнэнч шавь, сүсэгтэй түшигтэй Ханджавтай /Каанаа/ хамтран ачаа бараагаа хайрцаглуулж, зөөж боож явсаар ядарсан байлгүй дээ.

Ташрамд өгүүлэхэд, өчигдөр орой нь ярьж тохирсон гээд  түүний найз Балба нөхөр хар үүрээр биечлэн гүйж ирчихээд, бөгс эргэх зайгүй гэмээр нарийхан гудамжинд, зочид буудлын үүдэнд дунд оврын автобус авчирч зогсоох гэж жолоочийг нь загнаад, бөөн юм болгосон. Биднийг хөдлөхөд савтай ус, замын хүнс тавьж өгөөд “одоо болох уу, босс оо” гэж Цамбаад илтгэл өгөөд, манай лам хариуд нь “баярлалаа, босс оо” гээд зан зангаа авалцсан л бол хаа газрын эрчүүл ялгаагүй сайхан нөхөрлөхийн жишээг харуулж байлаа. За за, ингээд больё, аягүй бол Цамбаа лам “миний тухай хэт их юм бичлээ”” гэж зэмлэх байх, гэхдээ яахав, энэ миний л аян замын тэмдэглэл юм чинь юугаа бичих нь миний л хэрэг...

Балба улс дэлхийн тээврийн томоохон замуудаас тусгаарлагдсан хэвээр байна. Тус улсын нутгийн  гуравны хоёр нь уулархаг газартай тул зам барих, засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй, зардал ихтэй байдаг ажээ. 10 гаруй жилийн өмнөх байдлаар тус улсын асфальтан замын урт 10142 км, шороон зам 7140 км байсан бөгөөд саяхнаас л засаг захиргааны бүх төвөө  нийслэл Катмандутай авто замаар холбож дуусгасан, одоо ч замын ажил нэлээд хурдацтай хийгдэж байгаа харагдана.

Балбын нийт хүн амын гуравны нэг нь бүх улирлын чанартай замаас дор хаяж хоёр цаг алхах зайд амьдардаг, борооны улиралд зорчих боломжгүй байдаг учраас иргэдэд хүнс, барааны зах, сургууль, эмнэлгүүдэд хүрэхэд хүндрэл учруулсан хэвээр байна.

“Байгаль орчин гэж үнэхээр сүрлэг л дээ. Бид чинь ерөнхийдөө Хималайн нурууны дунд, зүүн урд хавийн уулсаас алгуур доошилж, их сайхан хөндий рүү л бууж очих юм шүү дээ. Зам нэлээн хэцүү  байгаа биз, Гүнтийн давааныхаас ямар байна” гэж Тайванбаатар надаас асуулаа. Манай Тайван бол залуу халуун насандаа хилийн цэргийн офицер явсан, цагдаад ч ажилласан, ёстой л “галзуу барын аманд гараа хийж” явсан эр. Одоо нас явж намба суугаад, түүнээс гадна урьдын ерөөл зохиолоор сүсэг бишрэлийн зам мөрийг дагаж буян номын үйлсэд шамдаж яваа хүн. “Бодисадвын явдалд орохуй” номыг бүтэн цээжилж түүнээсээ хэн хүссэн хүнд уншиж дуулгаж, өөрийн ухаарснаар хэлж тайлбарлаж өгдөг энэ нөхөр маань Хутагтуудын орон Энэтхэг, мөн Бурхан багшийн мэндэлсэн ариун орныг агуулагч Непал улсад хэдэнтээ ирж мөргөл залбирал үйлдэж байгаа хүн гэдгийг энэ далимд хэлэх нь зүйтэй байх.

Би “Гүнтийн даваа энэний хажууд бараг л “толь шиг” замтай юм байна аа. Хөөрхий манай дарга нар чинь “ажил сайтай” л улс юм” гэхэд бид хоёрын яриаг сонссон хэсэг нь сүрхий инээлдсэн. Бодвол 200 км явж байж хөндий рүү буух зам яагаа ч үгүй, хэдэн км яваад л нуранги гулсалт үүсээд хад чулуу овоолоод хаячихсан зам чөлөөлөхийг хүлээх, өөдөөс ирэх машинтайгаа дохио зангаар, эсвэл жолооч бууж очиж, хэн нь түрүүлж гарахаа тохиролцох, уулын оройн ус, горхи булаг урсаж хаалт хашлагыг нь нурааж, эсвэл доогуур нь идээд шинээр ганга жалга үүсгэчихсэн байгааг харж балмагдах, нэгээс тойрч нөгөө урсгал дээр гарах маягаар сүлжээд явна гэсэн ойлголт байхгүй нэлдээ үргэлжлэх нүх, хонхор, хагарсан чулууны хурц ирмэг үйрмэг дайруулж, шажигнуулан дэвхцүүлэн явахаас аргагүй байдлаа харж “манай дарга нар бол нусаа хацартаа наана даа” гэж жиших бодол төрж, үнэн хэрэгтээ дарга нарын сайнд биш, харин өлзий буянт Монгол сайхан нутагтаа, аврал өршөөлт уул давааныхаа тогтоц  бүтцэд залбирсан нь дээр юм байна гэсэн санааг дам ойлгуулсан хэрэг байсан буй заа...

Цэрмаа байсхийгээд л Катмандугийн мухлагаас худалдаж авсан амттан, боорцог, жимсээр дайлна. Хол газар машинд сэгсчүүлж яваа бидэнд, ядарч нүд анилдвал хажуу шилээ түн түн мөргөж үүрэглэх  надад бол энэ нь нэг ёсны түр сэргэлт, ярьж хөөрөх далим болж байлаа. Цамбаа лам бол яахав, энд тэнд явсаар байгаад ачаалал даадаг болчихсон, унтлаа гээд хэвтэх, эсвэл толгой духайлгаад арагш налах төдийдөө л шууд л “давсанд явж” байдаг, машин барьж яваад нойр хүрэхтэйгээ зэрэг замын хажуу руу зогсоод арав, хорин минут унтаад л сэвхийгээд сэргээд ирдэг хүн л дээ. Ямар сайндаа Монгол Улсын гавьяат багш, гавьж Цэрмаа гуай түүнтэй хамт Энэтхэгээр эргэл мөргөл хийж явж ирээд “Энэ Цамбаа лам өөрийн нойрыг эрхшээж чадсан хүн юм аа” гэсэн гэдэг.

Харин энэ завсарт, манай багийн гишүүн Цэрмаа гэдэг эмэгтэйн тухай жаахан ярьчихмаар санагдлаа. Зууны шилдэг онигоочин Тэгшээ гэж нэг налгар атлаа онигоо яриад ирэхээрээ хошуу нь шөмбийж  хацар нь хонхойж ирээд, нуг нуг инээж нам нам авдаг нэг нөхөр байлаа, хөөрхий талийгч болоод бас хэдэн жил болчихож. Тэр хүний эхнэр нь Цэрмаа гэж энэ  нүүж яваа мэт намуухан хөдөлгөөнтэй, амандаа маань залбирал гүвтнэж явдаг  нэгэн байгаа юм.

“Муу ханиасаа хойш буян номд шамдаж эргэл мөргөл их хийж байгаа. Охид хүүхдүүд маань туслаж боломж бололцоо олгодог болохоор ийм сайхан газарт, та нартайгаа хамт явах завшаан таарлаа” гэж байн байн  хэлнэ. Нэг удаа “Та аян замын тэмдэглэл бичнэ гэсэн үү. Манай хүн чинь тэмдэглэл сайн хөтөлдөг  байсан юм шүү дээ... Тэрийг нь эмхэтгэж янзлаад ном гаргаж болох болов уу” гэж асуусанд  би “Болно, болно, туслана аа” л гэсэн. Бусдын сайн сайхан талыг олж харж, санан дурсах гэдэг сайхан биз дээ...       

Ингэж зүтгэсээр бид 350 км замыг чилийсэн 14 цагийн эцэст туулаад, шөнө орой болсон хойно замын буудалд орж нуруу тэнийлгэж нойр авах завшаанд золголоо.

/Үргэлжлэл бий/

Ж.Эрдэнэцогт

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 20

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 20

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0
ZOCHIN(58.160.64.25) 2025 оны 01 сарын 19

AMDRAL BAS SAIHANSHUU...SAIN AMRAAD BOSOHOD.......HUN CHI...

0  |  0
Top