Жагарын орон хийгээд Балбын нутагт зорьсон тэмдэглэл

ИНДИРА ГАНДИЙН НЭРЭМЖИТ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД
 

Делид шөнө онгоцноос буулаа. Бас л түм түжигнэж, бум бужигнасан газар. Энд “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь тэргэн дээр түрүүлж” асар том, гэхдээ дээр дурьдсанчлан урсдаг зам харьцангуй багатай урт хонгилуудаар ерөнхийдөө хоёр тийш, эсвэл цахилгаан шатаар дээш доош зүтгэнэ.

Индира Ганди гэж миний үеийнхэн, үүнээс дээш ахмадууд мэддэг, эсвэл дуулж сонсож байсан нэр. Энэтхэгийн анхны Ерөнхийлөгч Жавхарлал Неругийн охин, сүүлд өөрөө нэртэй улстөрч болж Энэтхэг улсынхаа Ерөнхий сайдаар ажиллаж байгаад салан тусгаарлагчдын явуулгаар, өөрийнхөө бие хамгаалагчдад хэрцгийгээр алагдсан нэгэн. Нэг хүү нь онгоцны ослоор, бас нэг хүү Ражив Ганди нь мөн л улсын Ерөнхий сайд байгаад амиа золиослогчийн тэсэлсэн бөмбөгөнд өртөж өнгөрсөн. Ийм л гунигт түүхийг мэдэх юм байна.

Эрэлхэг зоригтой эмэгтэй удирдагчийгаа санан дурсаж, 1986 онд Энэтхэгийн ард түмэн онгоцны буудлаа түүний нэрээр нэрлэж мөнхөлжээ. Энэ буудал Өмнөд Азийн бүс нутгийн олон улсын агаарын тээврийн томоохон зангилаа болдог. Бас Энэтхэгийн дотоодын болон олон улсын  60 гаруй тээвэрлэгчээр  дамжуулан  140 гаруй чиглэлийг санал болгодог, дэлхийн хамгийн их ачаалалтай 20 том буудлын нэг.  2010 онд Airports Council International-аас гаргасан жагсаалтад  дэлхийн хоёр дахь том  нисэх онгоцны буудлаар нэрлэгдсэн байна.

Хэдэн жилийн өмнө Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Олон улсын нисэх буудалд Энэтхэгийн эдийн засгийн сүр хүчийг харуулсан асар том шинэ терминал барьсан бөгөөд  импортоор оруулж ирсэн гранит шалтай, асар том цагаан баганануудтай, 63 лифттэй, цагаачлалын 95 нэвтрэх зурвастай, аюулгүй байдал болон ачаа тээшийг хамгийн орчин үеийн байдлаар зохицуулсан энэхүү есөн давхар шинэ терминал  жилдээ 34 сая зорчигч дамжин өнгөрүүлэх хүчин чадалтай, дэлхийн хамгийн аяллын том төвүүдийн нэг болж байгаа гэж бичсэн байна билээ.

Өмнөх Терминал-3 гэж  техник хэрэгсэл муутай олон улсын терминал байсан гэж танигдахааргүй янзалж, тохижуулсан нь нүдэнд илт байлаа.

Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд шинэ терминал нээж дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, хүчин чадлыг нь  нэмэгдүүлснээр зорчигчдод үйлчлэх шинэ стандартыг бий болгоно гэж найдаж байгаа юм байна. 2020 онд Энэтхэгтээ хөөрөх буух дөрвөн зурвас бүхий анхны нисэх  буудал болж, гурван жилийн дараа нийт зорчигчдын тоо нь 65 саяд хүрсэн гэхээр  тэдэнтэй юу ч ярих вэ дээ...

Ингэж байтал бидэнд зориулан захиалсан унаа ирсэн тул бид гадагш  гарах болж хэдийгээр тэндхийн өвлийн улирал гэж буй боловч өтгөн утаа, бүгчим халуун лүгхийсэн Жагарын орны уур амьсгалд дасан зохицох “их аянд мордох нь тэр”...

Монгол багшийн болон Цамбаа ламын шавь, Өмнөд Энэтхэгийн Гоманд суралцаж байгаа Даваа-Ууган лам маань ер анхнаасаа эргэл мөргөл хийх бидний зам, чиглэл, хоног хугацааны тооцоог гаргалцаж Энэтхэг улс доторх дотоод нислэг, буудал, тэр ч байтугай хөлслөх авто машины захиалга тэргүүтнийг голлон хариуцаж их тус хийсэн юм билээ. Түүний урьдчилан захиалсан буудалд очиж хэдэн цаг амарлаа. 

 

БҮГД НАЙРАМДАХ ХОЛБООНЫ АРДЧИЛСАН НЕПАЛ УЛС

 

"Балба дарханы балбаж хийсэн...” гэж монголчууд эртнээс нэрлэж  хэлэлцэж  ирсэн Балба улсыг одоо албан ёсоор Непал гэж нэрлэдэг болсон. Үүнээс хойш миний бичвэрт Балба, Непал гээд хоёр янзаар ороод байж магадгүй учир урьдчилан уучлал хүсье. Нэг л улсын тухай яриад байгаа хэрэг шүү...

Непал улсыг зорих гэж байгаа тул өглөө эртлэн Энэтхэгийн цагаар 05:00 буюу монголын цагаар 07:30-д сэрээд зочид буудлын WiFi-гаар интернэтэд орлоо. Ухаандаа интернэтийн ачаалал  ихсэхээс өмнө амжуулах гэж тэр. Олон юм хайж цаг алдах хэрэг ч гарсангүй, манай Монголын 24 tsag.mn сайтад “Өдөрт нэг улс: Непал” гээд маш цэгцтэй, сайхан материал байж байна.

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал (Балба) улс нь 147,516 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Өмнөд Азийн бүсэд оршдог, далайд гарцгүй орон. Газар нутгийн ихэнх хэсэг нь Гималайн нурууны бүс нутагт харьяалагддаг ба Непал улс Хятад (хойд талаараа), Энэтхэг (зүүн, урд, баруун талаараа) гэх хоёр том гүрний дунд оршдог.

-Дэлхийн хамгийн өндөр арван уулсын найм нь Непал улсад харьяалагддаг. Мөн дэлхийн дээвэр гэгддэг далайн түвшнээс дээш 8,848 метрийн өндөрт оршдог Эверестийн оргил Непал улсад байдаг.

-Непал улсын нийт хүн амын тоо 28 сая бөгөөд тэдний 81 гаруй хувь нь хинди шашныг шүтдэг. Мөн тус улсын хүн ам олон төрлийн үндэстнүүдээс бүрддэг ба чхетри болон бахун үндэстнүүд бусад үндэстнүүдээсээ харьцангуй их хувийг бүрдүүлдэг. Тус улсын нийслэлийг Катманду гэдэг ба тус хот нь нийт 2.9 сая хүн амтай.

-Катмандугийн хөндийд манай эриний өмнөх VII зууны үед анх хүн төрөлхтөн суурьшсан гэж эрдэмтэд үздэг бөгөөд тус бүс нутагт манай эриний 300-аад оны үед Хойд Энэтхэгийн Кирати үндэстнүүд олноороо шилжин суурьшсанаар Непал улсад анх хинди шашин дэлгэрсэн. Мөн тус улсын албан ёсны хэл нь непал хэл юм.

-Непал улс түүхийн уртад ямар нэгэн орны эрх мэдэлд орж байгаагүй тул тус улсын иргэд тусгаар тогтнолын өдөр гэж баяр тэмдэглэдэггүй. Непалын хаант улс анх 1768 онд үүссэн.

-Парламентын ардчилсан засаглал 1951 онд нэвтэрсэн боловч 1960 болон 2005 онуудад Непалын хаадууд тус засаглалыг түдгэлзүүлж байсан. Гэвч 1900-2000-аад оны эхэн үе хүртэл өрнөсөн Непалын иргэний дайны үр дүнд хинди шашны хамгийн сүүлийн хаант засаглал нуран унасан. Одоогоор тус улс нь Парламентын бүгд найрамдах засаглалтай.

-Непалчууд хоорондоо мэндлэх үедээ энэтхэгчүүдийн адилаар хоёр гарын алгаа нийлүүлэн залбирч буй мэт байрлал аван толгойгоо бөхийлгөж “Намасте” гэж хэлдэг. Непал улсын үндэсний амьтан нь үхэр бөгөөд хинди шашинтай непалчууд холбоотойгоор тус амьтныг ариун амьтан хэмээн дээдэлдэг. Мөн Непал улсад үхэр алах нь гэмт хэрэгт тооцогддог.

-Дэлхий дээрх цорын ганц дөрвөн өнцөгт дүрсгүй төрийн далбаа бол Непал улсынх. Уг далбаа нь хоёр ширхэг гурвалжин дүрсээс бүрддэг ба дээд талынх нь сарны дүрсийг доод талынх нь нарны дүрсийг тус тус багтаасан байдаг. Уг гурвалжин дүрс нь Гималайн нуруунаас гадна хинди болон буддын шашныг илтгэдэг.

-Непал улсад хамгийн алдартай хоол бол “Момо” гэж нэрлэгддэг нэгэн төрлийн банш. Уг баншны дотор мах, тахианы мах, ногоо гэх зэрэг төрөл бүрийн зүйлсийг хийж бэлтгэх боломжтой. Харин тус улсын үндэсний хоол нь Дал-бхат-таркари. Уг хоолыг ихэнх айл өрх өдөр бүр бэлтгэн хэрэглэдэг бөгөөд Дал (буурцаг), бхат (будаа), таркари (хүнсний ногоо) гэсэн утгатай.

-Непал улсад хамгийн алдартай мэргэжлийн спортууд бол крикет болон хөлбөмбөг. Непалын крикетийн шигшээ баг дэлхийн шилдэг 20 багийн эгнээнд багтдаг. Мөн тус улсад зааны поло анх үүссэн ба олон төрлийн хөлөгт тоглоомууд Непал улсад алдартай.

-Непал улсад зөвхөн баруун гараараа хоолоо идэх ёстой. Мөн хүний толгойг непалчууд биеийн ариун хэсэг гэж үздэг тул хэн нэгний толгойд хүрч болохгүй.

-Непал улсын интернэтийн хурд нь дэлхийн дунджаас гурав дахин удаан.

-Тус улсын хүн амын тал хувь нь өдөрт 3,000 төгрөгөөс бага мөнгөөр амь зуудаг. Энэхүү сөрөг баримт нь Непал улсыг дэлхийн хамгийн ядуу орнуудын эгнээнд бичигдэхэд хүргэдэг. Мөн Непалын үндэсний агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны дутагдалд орсон учир  Непал улс руу нисэх онгоцны тасалбар маш үнэтэй зарагддаг гэжээ. /Даваа-Ууган лам маань бидэнд билет яаж шүү олсон юм бол доо? Бүтэн жилийн өмнөөс шахуу ярьж төлөвлөсний хүчинд гайгүй үнээр олсон байж магадгүй л юм./

-Сиддхарта Гуатама буюу Буддаг манай эриний өмнөх 623 онд Непал улсад мэндэлсэн гэж үздэг.

-Мөн Непал улс нь Европын орнуудын мэдэлд орохгүйн тулд 1846 оноос 1950 он хүртэл 100 жилийн турш өөрсдийгөө дэлхийн бүх орнуудаас хязгаарлаж хаалттай улс байсан.

-Непалчууд бол согтууруулах ундааг маш бага хэрэглэдэг ард түмэн. Нийт Непал эмэгтэйчүүдийн 75.3 хувь нь, эрэгтэйчүүдийн 52.9 хувь нь амьдралдаа нэг ч удаа согтууруулах ундаа хэрэглэж үзээгүй...

Би ийм л өргөн гэмээр мэдээлэл авч амжаад Энэтхэгийн Индиго компанийн онгоцонд суухаар явцгаах зуурт багийн хэддээ дуулгаж сонирхуулж байлаа.  

...Цамбаа лам маань  нислэгийн бүртгэлийн хүүхэнд  намайг заагаад нэг юм яриад байсан чинь онгоцны наран талын цонхны суудлыг гуйж авсан хэрэг байж.

-За таны хэр зурагчин болохыг одоо л  харъя, Эверэст яг харагдах талын цонх шүү, аппаратаа бэлэн авч яваарай гэчихээд нөгөө хэдтэйгээ онгоцны дунд хавьцаа  бөөнөөрөө сууж, харин би сүүл хэсгийн зүүн гар талын цонхонд наалдаад авав.

 Онгоц хөөрлөө. Яг сайхан тэгшрээд хурдаа авч буй бололтой жигдхэн нүргэлж байх тэрхэн үед хурган цагаан үүлсийн дундаас мөнх цас нь гялалзан цайвалзсан урт гээчийн уул нурууд гараад ирэх нь тэр...  Хималайн  оргилуудаас  зургаа нь харагддаг гэдгийг дуулаад нэрүүдийг нь цээжилж авсан боловч тийм их сүр бараа, үзэсгэлэн төгөлдөрийг хараад бараг л ухаан алдчих шахаж,  ...Канченжунга, Лхоцэ, Макалу, Чо Оюу,  Дхаулагари... Жомолунгма- Эверест...Эверест гэж энд тэнд нь оруулан үглэсээр,  далайн түвшнээс дээш 8000 м-ээс өндөр уулсын оргилууд руу аппарат шагайн зай завсаргүй шархийлгэж явлаа шүү дээ.

 

КАТМАНДУ ХОТЫН ТУХАЙ ОЛЖ СОНССОН, БАС ҮЗСЭН ЗҮЙЛС

 

Онгоцноос буухад Непалын буюу хил, гаалийн ажилтнуудын найрсаг шуурхай, хүнд сурталгүй байдал гайхаш төрүүлж эхэллээ. Онгоцны хойд урд хоёр хаалгыг зэрэг нээгээд дугуйтай, бас саравчтай шатнууд түрж ирээд зорчигчдыг зэрэг буулгаад авчихна. Тэндээс автобусаар төв буудалдаа аваад ирнэ. Зочид орж очингуутаа зэрэгцээ олон автомат төхөөрөмжөөс  бэлэн хүснэгт татан авч бөглөөд шалганыхан дээр очно. Цаадуул нь гэж нэг харахад энэтхэг ч юм шиг, нэг харахад төвөд, эсвэл бүр монголчууд ч юм шиг харагдах туяат бор царайтай улсууд бөгөөд, энд байх хоногоос нь  шалтгаалан зорчигчдоос  30-90 ам.доллар хурааж аваад, үнэн сэтгэлээсээ гэмээр инээмсэглэн байж “Велком тү Непаали” хэмээн хэл хазан хэлээд нэвтрүүлээд байх юм. Арга ч үгүй биз, нэг минутад л хоёр зочин бүртгээд, дор хаяж 60 ам.доллар улсынх нь сан руу урсаад орж байхад малилзаад л байхаас өөр яах билээ гэж...   

Тус улсын эдийн засгийн ихэнх хэсгийг аялал жуулчлалын салбар бүрдүүлдэг. Эверестийн оргилыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон тооны жуулчид Непал улсыг зорьдог байх нь мэдээжийн хэрэг. Тус улсын Засгийн газар нь аялал жуулчлалын салбараас олсон ашгийнхаа тэн хагасыг улсынхаа зэрлэг байгалийг хамгаалж, дахин сэргээх ажлуудад зарцуулдаг гэсэн. Аялал жуулчлал Балбын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх ба Гималайн өндөр оргилд авирах, үзэх хүсэлтэй жуулчид дэлхийн олон орноос ирдэг бол Балбын нийслэлд, Рупандехи дүүрэгт, Лумбинид байх Бурхан багшийн төрсөн газар буюу  мөргөлийн ариун дагшин газрыг зорьсон мөргөлчид тэднээс хамаагүй олон ирдэг юм билээ.

Катманду хот бол Балбын нийслэл, хамгийн том хот бөгөөд нэг сая орчим хүн амтай. Ариун сүмүүдийн хот гэгддэг энэ хот Балбын төв хэсэгт байрлах аяга хэлбэртэй Катмандугийн хөндийд далайн төвшнээс дээш 1400 метрийн өндөрт байрладаг. Энэ хөндийг түүхэндээ “Балба Мандала” гэж нэрлэдэг байсан бөгөөд “хот мандал” гэсэн шууд утгатай гэгдэх Катманду хот нь Балбын Вант улсын хааны нийслэл байсан бөгөөд Непалын язгууртнуудын ордон, харш, цэцэрлэгүүдийг байрлуулдаг байсан байна.

Катманду бол Балбын түүх, урлаг, соёл, эдийн засгийн төв бөгөөд Дурбарын талбай, Свейамбхунат, Будханат, Пашупатинат зэрэг дэлхийн өв соёлд бүртгэгдсэн хэд хэдэн дурсгалт газартай  юм. Энд Хинду болон Буддын шашинтнууд дийлэнх, олон үндэстний хүн амтай учир Катманду хотод амьдардаг хүмүүсийн амьдралын гол хэсгийг шашин, соёлын баярууд, эргэл мөргөлийг дагалдан олох орлого бүрдүүлдэг ажээ.

 

ЖАРУН КАШОРЫН СУВАРГЫГ ГОРООЛСОН ХИЙГЭЭД ОЛЖ СОНССОН ТҮҮХ

 

Тоолшгүй галавын тэртээ Махасадва бодьсадва Жанрайсаг вээр өөрийн багш Аминдаваа бурханы өлмийд сөгдөн амьтан бүгдийг энэхүү гаслант орчонгоос гэтэлгэх тангараг тавьжээ. Тоолшгүй олон амьтныг орчонгоос гэтэлгээд одоо орчлон хоосров хэмээн бодож Будалын ордны дээр гарав. Тийн гараад амьтны зургаан орныг хартал олон амьтан доод төрөлд бөөнөөр байх нь үзэгдэв. Хамаг амьтныг энэхүү гаслант орчонгоос гэтлэх нь боломжгүй юм байна хэмээн бодсоноор тэрээр уйлаад долоовор хуруугаараа нүднээсээ хоёр дусал нулимсыг арчаад ядаж энэ нулимс маань амьтны тус хүргэхэд тус болог хэмээн залбирлаа. Ийнхүү залбирсаны хүчээр энэхүү хоёр дусал нулимс нь 33 тэнгэрийн орны Индра хааны хоёр охинд хувилжээ. Тэдгээр охидыг Пурна (бүрэн), Апурна (бүрэн бус) хэмээн нэрлэдэг байв.

Апурна нэг удаа цэцэг хулгайлаад тэнгэрийн хуулийг зөрчсөний тул шийтгэгдэн хүний ертөнцөд Непал орны Магута дүүрэгт шувуучин Ансу болон эхнэр Пурна хоёрын охин болж төржээ. Түүнийг шувуу хариулагч эм Шамвара хэмээдэг байв. Өсч том болоод доод зиндааны дөрвөн өөр эртэй нөхцөж тус бүрээс нэг хүү төрүүлсэн нь: эхнийх нь адуу маллагчийн, удаах нь гахайчны, гурав дахь нохойчны, сүүлийнх нь шувуучны хүү ажээ. Хөвгүүдээ эрдэмтэй, чинээлэг өсгөж хүмүүжүүлэхийн төлөө шувуучин эм их хөдөлмөрлөж орлого олжээ. Их орлого олсон тэрээр ийн боджээ: “Шувуу хариулж би их орлого оллоо.Түүний хүчинд хөвгүүдээ нэр хүндтэй хүмүүс болгон өсгөлөө. Цаашид хуримтлах энэ баялгаас бусад хүмүүс ч хувь хүртэх ёстой. Иймд би Хамаг бурхадын зарлиг тааллын гуу сан болсон Суврага босгоё. Үүгээр эртний мөрөөдөл маань биелж амьтан бүгдийн тусын тулд босгосон Бурханы номын сан хөмрөг болог. Гэхдээ би эхлээд хаанаас зөвшөөрөл авах хэрэгтэй”

Дотроо ийн бодсоор тэрээр хаанд очиж өмнө нь сөхрөн сууж алга хавсраад ийн өгүүлэв: “Их хаан минь ээ. Би болвоос ядуу нэгэн шувуучин эмэгтэй бөгөөд дөрвөн өөр эрээс тус бүр хүү олж тэднийгээ өсгөж өдий зэрэгт хүргэлээ. Хамаг бурхадын зарлиг тааллын гуу сан, Бурханы номын сан хөмрөг болох суврага босгохыг надад зөвшөөрнө үү. Хөвгүүдээ бие дааснаас хойш хуримтлуулсан өөрийн хөрөнгөөр би босгох болно.”

Их хаан хэзээ ч яарч шийд гаргадаггүй билээ. Тэрээр хэсэг хугацаанд дотроо бодолхийлэв: “Энэ шувуучин эм хууль бус дөрвөн хүүгээ өсгөх гэж хөдөлмөрлөж эд баялаг хураажээ. Тэгээд одоо тэр Суврага босгохыг хүсч байна. Гайхалтай, гайхамшигтай хэрэг бус уу” Тэгээд хаан зөвшөөрчээ.

Шувуучин эм Шамвара ихэд баярлан хаанд ахин дахин мөргөж талархсаар гэртээ харьжээ. Шамвара дөрвөн хүүгийн хамт нэг заан, шарын хүчээр Суврагыг барьж эхлэв. Шороо зөөж суурийг тавьснаар ханыг өрөн гурав дахь үе хүртэл босгов. Тэр цагт Непалын хүмүүс шувуучин эмийн бүтээж буй суврагыг хараад өөрсдөдөө ичгүүр төрж хэрвээ нэгэн шувуучин эм ийм том суврага босгох ахул бусад хаад ноёд сайд, эрхэм хүмүүс ямар суврага босгох болж байна хэмээн хоорондоо ярилцав. Тэдгээр хүмүүс хаанд бараалхан уг ажлыг зогсоох тухай хүсэлт гаргалаа. Тэд хаанд ийн хэлэв: “Их хаан минь ээ. Та алдаа хийж байна. Хэрвээ ядуу шувуучин эм ийм том суврага босгох ахул бусад хаад ноёд сайд, эрхэм хүмүүс ямар суврага босгох болж байна. Хэрвээ энэ суврагыг босгохыг зөвшөөрвөл бид бүгд доромжлол хүлээнэ гэсэн үг. Буцаан нурааж шороог байранд нь зөөх хэрэгтэй. Тэр эмд ийм суврага босгох эрх өгсөн нь яав ч зөв биш болжээ”

Тэгэхэд нь Их хаан тэдэнд ийн хариулжээ: “Намайг анхааралтай сонсоцгоо. Энэ ядуу шувуучин эм хууль бус дөрвөн хүүгээ өсгөж тэжээх гэж хөрөнгө хуримтлуулжээ. Мөн Суврага босгохын тулд хангалтай хөрөнгө хураасан байна. Миний бодлоор энэ бол гайхамшигт ололт мөн. Би уг ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг хэдийнэ өгсөн. Би хаан хүн тул хэлсэн үгэндээ хүрэх ёстой. Бусад зарим хүмүүс суварга босгох ажилд саад болох гэж оролдсон боловч бүтэлгүйтжээ. Нэгэнт барих зөвшөөрөл өгөгдсөн тул бүх тотгор саадыг давна гэсэн утга бүхий Жарун Хашор хэмээн суврага нэрлэгдэв. Суврага барих ажил өвөл зунгүй дөрвөн жил зогсоо зайгүй үргэлжилсээр Суврагын хүзүүнд тулж очив.

Энэ үед ядуу шувуучин эм үхэх болж дөрвөн хүү болон зарц нарыг дуудаад ийн өгүүлэв: “Бурханы тааллаар бүтээгдэж буй, хүн болон хүн бусуудын мөргөлийн орон болох энэхүү Агуу их Суваргыг гүйцээж барь. Түүнд Бурханы сургаал номыг гүн хүндэтгэлтэйгээр залж хадгал. Энэ бол миний эцсийн хүсэл бөгөөд гурван цагийн бурхадын таалал юм шүү. Энэхүү хүслийг биелүүлсэнээр хөвгүүд минь энэ болон хойдын амьдралын зорилго чинь ч бүтэж байгаа юм шүү“ гэж хэлээд нас барав. Тэр үед тэнгэрийн хөгжим дуугарч, цэцэгсийн бороо орж, солонгон гэрэл тэнгэрт туяарч байв гэнэ.

Ядуу шувуучин эм ч Суврага босгосны буянаар хойд төрөлдөө Чамси Лхам Прамша хэмээх бурхан болж төржээ.

Дөрвөн хүү нь эхийн гэрээслэлд үнэнч байж ачийг нь хариулан, буян үйлдэхийн тулд Суваргыг гүйцээн барихаар шийджээ. Заан болон илжгэнд тоосгыг ачин урьдын адил ажлаа үргэлжүүлэв. Ийнхүү гурван жилийн дараа буюу  нийт долоон жилийн хугацаанд Суваргыг босгон гүйцээжээ. Суваргын дотоодод Махашава Бурханы сургаал номыг лацдан хадгалсан байна. Суваргыг аравнайлан тахил болон цэцэгс өргөхөд Махашава Бурхан бодьсадва нараар хүрээлүүлэн Суварганы өмнөх огторгуйд залрав. Арван зүгийн Бурхан Бодьсадва бүхэн тоолшгүй олон Архадуудаар хүрээлүүлэн, гурван ертөнцийн хаад болон тоолшгүй олон догшин болон амарлингуй дүрт сахиусууд цэцэг өргөн байв. Хөгжим дуугарч тэнгэрүүд цэцэгсийн хур оруулж, анхилуун үнэр арц хүж үнэртэн байлаа. Мөн газар гурван удаа доргилон хөдлөв. Олон Бурхадаас цацрах гэрэл нарны гэрлийг ч дарж таван өдрийн турш шөнө бололгүй гэрэлтэй байв. Самьяа жа жа жа гурван давхар тамгаар тамгалав гэжээ... Энэ бол Цамбаа ламаас мөргөлчин биднийг дагуулан Жарун хашор суваргыг гороолохын өмнө ярьж өгсөн түүх билээ.

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.124) 4 цагийн өмнө

Энэ суврагыг бас Bouddhanath гэж нэрлэдэг үү?

0  |  0
Зочин(202.179.25.124) 4 цагийн өмнө

Энэ суврагыг бас Bouddhanath гэж гэрлэдэг үү?

0  |  0
Top