А.Баярцэцэг: Монгол уран бүтээлчид олон улсад танигдаж байгаагаар бахархдаг

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 08

Саяхан нээлтээ хийгээд буй “Хөх тавилан” киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Баярцэцэгтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ. Тэрбээр Английн Лондонгийн их сургуулийн харьяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн юм. "Дэлхийн мисс" тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан мисс бүсгүй  “Хөхөө”, “Ээж хадны домог”, "Явуулын хүн", "Хөх тавилан", “Хайр  зэрэг уран сайхны хэд хэдэн кинонд тогложээ. Мөн  2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл "Марко Поло" кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч дүрээ мөнхөлсөн билээ.


-“Хөх тавилан” уран сайхны киног үзэгчдийн зүгээс эмэгтэй хүний хат тэвчээр, үр хүүхэдтэй болох үнэн халуун сэтгэлийг гайхалтай харуулжээ гэж сэтгэгдлээ янз бүрээр хуваалцсан байсан л даа. Таны хувьд ямар дотоод сэтгэлийг харуулъя гэж тоглосон бэ?

-Д.Норов хэмээх гайхалтай зохиолчийн “Хөх тавилан” туужийг уншиж байхад нэг удаа уншаад ойлгохооргүй далд санааг агуулсан бүтээл байсан. Хоёр, гурав уншиж байж шигтгэж нуусан санаанууд нь гялалзаад гарч ирдэг. Унших бүрийд өөр мэдрэмж авдаг л даа, аймшгийн, трейллер, драм, мелодрама ч юм шиг өөр өөр санагдаж байсан. Т.Алтантуяа найруулагчаас кинонд тоглох саналыг аваад зохиолыг уншиж байхад жүжигчин хүний хувьд надаас маш их ур чадвар шаардах юм байна даа гэж бодогдсон. Нэг кинонд тоглож байгаа хэр нь олон төрөл жанрын кинонд тоглоод байгаа юм шиг мэдрэмж авсан.

Өөрийнхөө 60, 90 настай дүрд хувирсан минь хэд хэдэн хүний дүрд тоглож байгаа юм шиг их сонирхолтой санагдсан. Үзэгчдийн зүгээс ямар сэтгэгдэлтэй байгааг хараахан уншиж амжаагүй байна. Өөрийнхөө зүгээс эх хүний, эмэгтэй хүний сэтгэлийг л бясалгаж дүрдээ шингээхийг хичээсэн. Үзэгчдийн зүгээс сайхан сэтгэгдэлтэй байсан. Мэргэжлийн уран бүтээлч, шүүмжлэгч хүмүүсээс дүгнэлт, сэтгэгдэл сонсохыг хүсэж байгаа.

-“Хөх тавилан” кино нь цар тахлаас өмнө Италийн Флоренц хотод болсон 41 дэх удаагийн Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас “Шилдэг жүжигчин” шагналыг хүртсэн. Европчууд уг киноноос монгол амьдралын хэв маяг, монгол сэтгэхүйг хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ кино маань анх арай өөр хувилбараар хийгдсэн. Тууж нь том бүтээл учир түүнийг базаад хоёр цагийн кино болгоход учир дутагдалтай. Найруулагч маань туужийнхаа тодорхой хэсгийг барьж хийсэн хувилбараа тус наадамд явуулснаар хоёр ч шагналыг хүртсэн. Миний бие шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч, зураачдын баг маань шилдэг зургийн ажиллагаагаараа шагнал хүртсэн. Энэ бол надад анхны шагнал байсан учраас үнэхээр сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй, бэлгэшээлтэй мөч байсан.

Гаднын үзэгчид Монгол орны Алтайн ноёлог өндөрлөг уулсыг хараад гайхан биширч Монголд очиж үзэх юм сан гэж байсан. Ээж хайрхан, Театрын суудал, Ламын агуй гээд өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнтэй байгальд зураг авсан учраас хүмүүс бодитоор нь үзэхийг хүсэж байсан. Олон улсын үзэгчид Төвдийн өндөрлөг уулстай адилхан байгальтай юм, бас сүнслэг байдал нь гүн сэтгэгдэл төрүүлж байна гэж хэлсэн нь маш сайхан санагдсан. Хүн ард нь тэнгэр хангайдаа итгээд мөргөөд, залбираад л байгаа нь тийм мэдрэмж төрүүлсэн байх л даа.

-Таны тоглосон кино  “Хөхөө”, “Ээж хадны домог”, “Хайр” кинонууд шил дараалан үзэгчдийн хүртээл болж байна. кинонд тоглохдоо зохиолыг нь харах уу, дүрийнх нь онцлогийг харах уу?

-Эхлээд зохиолыг нь хардаг. Баг уран бүтээлчдийг нь харна. Хэн найруулж, хэн зургийг нь авах вэ, ямар жүжигчидтэй хамтарч тоглох вэ гэдгээ ч бас харна шүү дээ. Зохиол сайн байсан ч эцсийн бүтээл нь санаанд хүрэх ч тохиолдол байна, хүрэхгүй ч үе гарна. Бүгд л туршлага болоод үлддэг.

Кинонууд маань шил дараалан гарч байгаа ч бүгд ковидоос болоод хоёр жил хураагдчихсан бүтээлүүд, тийм учраас кинонууд маань ар араасаа гараад байж магадгүй.

-“Хөхөө” кинонд нүүдэлчин монголчуудын сэтгэлгээ, эгэл боргил, минимал амьдралыг харуулдаг. Та тэр кинонд эгэл жирийн малчин айлын эзэгтэйн дүрийг бүтээдэг. Та ер нь хөдөө ахуйд хэр ойр өссөн бэ?

-Би чинь унаган хотын хүүхэд. Хөдөөний ахуйтай кинонд ихэвчлэн тоглож байгаа учир жүжигчин мэргэжлийнхээ дагуу юм юмыг сурах хэрэгцээ гардаг. 2015 онд морь унахыг сурсан. Ажил мэргэжлийнхээ үүднээс олон янзын зүйл сурч, олон газраар явж байгаа нь маш сайхан санагддаг шүү. Миний монгол дүр төрх маань монгол ахуйтайгаа наалдаж өгдөг юм байна гэж хүмүүс хэлж байсан юм байна.

-Англид кино жүжигчний мэргэжлээр сураад ирлээ. Монголын кино урлагт ямар орон зай дутагдаж байна вэ. Өөрийн гэсэн продакшнаа байгуулаад кино бүтээе гэж зорьж байгаа юу?

-Английн Лондон хотноо жүжигчний агентлагтай хамтарч ажиллаж байгаа. Тэрхүү агентлагт шалгаруултанд орж, олон улсад бүтээлээ сойдог. Старт ап хийж кино жүжигчдийг дэмжиж ажиллах эхлэлийг тавьж байгаа. Ер нь бол энэ утгаараа өөрийн продакшнаа Англи улсад байгуулаад явж байгаа гэхэд болно.

-“Мулан” киноны сонгон шалгаруулалтанд орж байсан. Тэр шалгаруулалтын хариу нь яаж гарлаа?

-“Мулан” кинонд шалгуулж байхад кастинг директор Попинг Аувеун гэж хүн “Гол дүрд нь хятад хүн авна, туслах дүрүүд  байхгүй учраас энэ удаа боломжгүй” гэж хэлж байсан.

Хэдийгээр би “Мулан”-д тэнцээгүй ч 2019 онд “Холливуд Монголд” хэмээх олон улсын кино уран бүтээлчдийн наадмын үеэр Попингийг урьж Монголын кино урлагийнханд мастер класс хичээл орсон. Дараа дараагийн киноны төсөлдөө ази дүр гарвал Монголоос дүр асуудаг болсон нь маш том ахиц гэж харж байгаа.

-"Зэрлэгүүдийг хүлээхүй" киноны жүжигчин Б.Ганчимэг, "Ингэн нулимс" киноны найруулагч Д.Бямбасүрэн нартай хэр холбоотой вэ. Тэдний талаар ямар бодолтой явдаг вэ?

-Тэд маань маш гайхалтай уран бүтээлчид. Өөрийнхөө хийж буй зүйлд эзэн нь болж чаддаг, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа хүмүүс. Д.Бямбасүрэн эгч “Ингэн нулимс”-аар Оскарт Монголоос төлөөлөн нэр дэвшсэн анхны бөгөөд цорын ганц уран бүтээлч юм. Мөн П.Лхагвадулам гэж найруулагч Каннын кино наадамд “Шилүүс” гэж богино хэмжээний киногоороо оролцсон. Монгол бүсгүйчүүд маань хаа ч чадварлаг, бие даасан, хүчирхэг байж чаддагаар нь бахархдаг.

Германд кино жүжигчнээр ажилладаг Г.Арианаг маш хөдөлмөрч, чадварлаг бүсгүй гэж боддог. Г.Ариана “Хохирогч” олон ангит киноны гол дүр Гэрлээд тоглосон. Бид хоёр илүү дотно харилцаатай байдаг. Кастингдаа тэнцэх, тэнцэхгүйн зовлон гээд бүх зүйлээ хуваалцдаг найзууд. Цааш цаашдаа олон уран бүтээлчид дэлхийн хэмжээнд чансаа ахиж гарах байх аа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажилласан бэ?

-Дөнгөж сая Лондон хотод Амазоны “Хүчдэл” гэдэг нэртэй 10 ангит сериал кинонд тоглоод ирсэн.

-Хүүхэд байхдаа сансрын нисгэгч болохыг мөрөөддөг гэж байсан. Тэгвэл яг амьдрал дээр биелж буй бодитой мөрөөдлөөсөө хуваалцвал?

-Сансарт нисэхийг ч би бодитой мөрөөдөл гэж боддог шүү. Техник технологи хөгжөөд биелэхгүй зүйл үгүй болжээ. Дөнгөж сая Амазоны захирал сансарт нисчихлээ шүү дээ. Хүн мөнгөтэй, мэдлэгтэй бол хүссэн зүйлээ хийх боломжтой болж байна. Хөгжлийн хурд улам эрчимжиж байгаа энэ үед өөрийнхөө амьдралд магадгүй би сансрын аялал жуулчлалыг харах байх. Бас мөрөөдлөө цаасан дээр буулгаж биелүүлэхийг хичээдэг. Асуултын тухайд би “Interstellar” шиг кинонд дүр бүтээхийг мөрөөддөг. Энэ мөрөөдөл маань тун удахгүй биелнэ байх аа.

-Дэлхийн чансаатай миссийн тэмцээнд үндэсний өв соёлоо гайхуулсан үзүүлбэр тань онцгой санагдсан. Тухайн үед энэ санааг хэн гаргасан бэ?

-Дэлхийд топ дөрөвт багтдаг хоёр тэрбум үздэг тэмцээн учраас эх орноо сурталчлах маш том боломж юм байна гэж харсан. Дэлхийн 120 орны соёлын төлөөлөгч миссүүд ирж намайг харж байгаа учраас Монголынхоо зан заншил, соёл урлаг, үндэсний хувцас гээд бүх зүйл дээр төгс байхыг хичээсэн. Монгол гэдэг нэрийг гаргана гэдэг маш том үүрэг гэж бодсоноос байр эзлэх гэхээсээ илүүтэй том зорилго байсан.

-Дэлхийн олон орноор явж байхад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн ямар хот байдаг вэ?

-Ямар гоё асуулт вэ. Ром хот. Яагаад ч сүнсээрээ холбогдсон шиг сонин мэдрэмж төрдөг. Магадгүй би урьд насандаа Ромын эзэнт гүрний үед амьдарч байсан ч юм билүү. Ром хотод 2010 онд хамгийн анх очиж байхдаа л анхны харцаар дурлана гээч нь болсон. Усан оргилуурт нь нуруугаа харуулж байгаад зоос шидээд Ромд дахиад намайг дахин авчраач гэж хүссэн. Тэрнээс хойш долоон ч удаа Ромд очжээ. Очих бүрийд цаг хугацаагаар аялж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. 2000 оны өмнөх гайхалтай түүхийн олдворууд сүндэрлээд байж байна гэдэг үлгэр домог амилах шиг л санагддаг.

-Тэгвэл Улаанбаатар хотдоо ирэхэд юу бухимдуулж, юу баярлуулж байна даа?

-Хүн бүхний хэлдэг утаа, түгжрэл хоёр яах аргагүй бухимдуулдаг. Хэдийгээр болохгүй бүтэхгүй юмтай ч миний унаган хот, миний хайртай хүмүүс амьдардаг газар учраас өөриймсөг дотно санагддаг.

-Хамгийн анх хилийн чанадыг зорих болсон зорилго, шалтгаан юу байв?

-10 жилээ “Сант” сургуульд сурч төгссөн. 2005 онд 15 настайдаа хилийн дээс алхаж байлаа. Индонейз улсад болсон дэлхийн олон улсын өсвөр насны сурагчдын дунд шинжлэх ухааны олимпиадад оролцож байлаа. Тэр аялал нүд тайлсан анхны том аялал байсан. 2010 онд хоёрдугаар курст байхдаа Европын холбооны тэтгэлэгт тэнцэж Испани улсад ганцаараа бие дааж амьдарч сурсан. Залуу хүн хилийн дээс алхаж улс орны хөгжил, хандлага, харилцаа, хэл, соёл гээд бүх зүйлийг сурах нь цаашид өсөх хөгжих боломжийг нээж өгдөг асар том хичээл болдог гэж боддог.

-Үлгэр жишээ авдаг найруулагч, жүжигчдээ нэрлээч гэвэл?

-Кристофер Нолан найруулагчийн шийдэл, мэдрэмж, чадвар маш их таалагддаг. Ноланы оршихуйн гүн гүнзгий философи, сүнслэг, амьдралын утга учрыг эрэлхийлсэн кинонууд нь гайхалтай санагддаг. Мөн жүжигчдээс гэвэл манай сургуулийг төгссөн “Жемс Бонд”-ын бүх цувралд тоглосон жүжигчид байдаг. Миний сурч байсан школоор сурч, төгсөөд амжилттай явж буй тэднээр бахархаж, маш их урам зориг ордог.

-Монголын кино урлагийн түвшин ямар түвшинд явж байна гэж боддог вэ?

-Кино урлагийн хөгжил сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байна. Өрсөлдөөн маш их байна. Өрсөлдөөний хуулиараа ч сайн уран бүтээл нь шигшигдэж үлддэг шүү дээ. Манай уран бүтээлчид хэлтэй, устай болчихоосой гэж хүсдэг. Тэдэнд чадвар нь байгаа учраас олон улсын продакшнтай хамтрах боломж маш их бий.

Кино урлагтай холбоотой мэргэжлийн ном орчуулахыг эрмэлздэг. Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” номыг нь орчуулсан.  “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн наадамд энэхүү номыг нь авчирч танилцуулж байсан. Дараагийн орчуулах номоороо хоёр зохиол бэлдэж байна. нэг нь Стори буюу кино зохиол хэрхэн бичих тухай, нөгөө нь нийгмийн кино зохиолыг хэрхэн бичих талаарх номыг орчуулна гэсэн зорилготой байна. Энэ бол миний амьдрах, ашиг олох зүйл биш салбартаа хөрөнгө оруулж буй хэрэг л дээ.

-Аз гэдэг хөдөлмөрийн үр шим гэж та нэгэн ярилцлагадаа хэлжээ. Тэгвэл аз жаргал таны хувьд гэж юу вэ?

-Аз жаргал гэдэг мөрөөдөлдөө хүрчихээд, мөнгөтэй болчихоод, эсвэл нөхөртэй, хүүхэдтэй болчихоод аз жаргалтай болно гэсэн үг биш. Аз жаргал гэдэг эцсийн зогсоол биш байх. Аз жаргал гэдэг аялал өөрөө байх. Хүн юунд ч зорьж тэмүүлж байсан зовж байсан ч аз жаргалыг хүн мэдэрч болно шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(159.196.80.247) 2023 оны 04 сарын 07

SAIN OHIN...ULAM IHIIG BUTEEGEEREI.AMJILT HUSEI.

1  |  0
чимэддорж(124.158.64.156) 2023 оны 04 сарын 07

сүрхий охин байна. зөв явж байгаа юм байна. амжилт хүсье

1  |  0
зочин(66.181.188.23) 2022 оны 05 сарын 08

сайхан охин амжилт хүсье монгол залуусаа дэлхийн хэмжээнд гаргах л хэрэгтэй банйа манайхан ч авьяастай шүү

1  |  1
Top