Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 02 -ны өдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нарыг оролцуулан хянан хэлэлцжээ.

Улмаар “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар буюу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэжээ.

Сануулахад, Б.Баасанцогтыг экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан гэх таван хүнд галт зэвсэг нийлүүлсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top