Хар ямаатын байгалийн нөөц газарт бариулт бүйлс (Amygdalus pedunculata) гэх зүйлийн бүйлс ургадаг.
Анхилам үнэртэй, гоёмсог бүтэцтэй энэхүү ургамал нь Монголын унаган ургамлын нэг бөгөөд дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сарын эхээр цэцэглэнэ.
Цэцэг нь 10-14 хоногийн хугацаанд цэцэглээд унадаг ажээ. Энэ сард Хар ямаатын байгалийн нөөц газрыг зорьж очсон хэн бүхэнд энэхүү гайхалтай ургамлыг үзэх боломж тохиох нь ээ.
Хар ямаат нь Монгол орны дорнод хэсэгт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын зүүн өмнөд, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын баруун хойд нутгийн хилийн заагт оршино. Хамгийн өндөр цэг нь Түмэнцогт уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1358 метр юм.
Нутгийн хойд хагаст багахан ойн төгөл бүхий Дулааны уул, дунд хэсэгт Хар Ямаат уул, өмнөд хэсэгт нь Түмэнцогт уул тус тус оршино. Эдгээр уулын орчим нь хээрийн бүсэд ховор тохиолдох байгалийн өвөрмөц тогтоцтой, өвлийн улиралд цагаан зээрийн гол байршил газар болдог.
Мөн нүүдлийн, усны, эргийн шувуудын байрлан саатах Хэрлэн голын татам орчмын газар юм. Иймээс тус нутгийн биологийн төрөл зүйл, газарзүйн өвөрмөц хэв шинжүүдийн онцлогийг зохицуулан хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх зорилгоор 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар болгон тусгай хамгаалалтанд авчээ.
Энэ нутаг нь байгалийн сонгомол эмзэг экосистем учир 1980-аад оноос эхлэн ШУА-ийн хүрээлэнгүүд суурин судалгаа явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )