ДЭМБ Умард Солонгост тусламж үзүүлэхэд бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНАСАУ-д коронавирусний халдвар тархсанд сэтгэл зовниж байгаа бөгөөд цар тахалтай тэмцэх, ард иргэдийнх нь амь насыг аврахад нь тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж ДЭМБ-ын Зүүн өмнөд Азийн бүс нутгийн захирал Пунам Хетрапал Сингх мэдэгджээ.

ДЭМБ тус улсад ковидын шинжилгээний хүрээг өргөжүүлэх, өвчтөнүүдэд шаардлагатай эмчилгээ хийхэд нь зориулж техникийн тусламж үзүүлэхээс гадна шаардлагатай эм, хэрэгсэл нийлүүлэхэд бэлэн байна. Тус улс нь олон улсын “COVAX” механизмын хүрээнд коронавирусний эсрэг вакцин авах бүрэн эрхтэй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн 24 цагт тус улсад ковидоос үүдэлтэй зургаан нас баралт бүртгэгдэж, 269510 хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Умард Солонгосын тус улсын эмийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлж, эм хэрэгслийг хот, алс бөглүү тосгон, уулархаг болон цэрэггүй бүс дагуух суурин сууринд тэгш хүргэх арга хэмжээ авч байна.

Түүнчлэн, 11 мянга орчим эмнэлгийн салбарын албан хаагч, анагаах ухааны сургуулиудын багш, оюутныг ард иргэдийг шинжилгээнд хамруулах ажилд дайчилсан тухай KCNA агентлаг мэдээлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, 1.48 сая гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрснээс, 819090 нь бүрэн эдгэрч, 663910 хүн эмчилгээ хийлгэж байна.

Хоёр гаруй жилийн турш ковидгүй байсан Умард Солонгос энэ сарын 12-нд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top