Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Энэ жилийн Stars on Ice уран гулгалтын шоу, аялан тоглолт өнөөдөр Калифорниа мужийн Сан Хосе хотноо ирлээ. Хоёр жил цар тахлын улмаас өнжсөн "Мөсөн дээрх Одод" шоу энэ жил эргэн ирж, 24 хотод аялан тоглох юм.
Энэ удаагийн шоуд "Бээжин-2022" өвлийн олимпод оролцсон АНУ-ын уран гулгалтын баг бүрэлдэхүүн бараг л тэр чигээрээ ирж.
Тухайлбал олимп, дэлхийн аварга Нэтан Чен, олимпийн болон дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Мэдисон Хаббел-Закари Донохью, олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгө , хүрэл медальт Мэдислн Чок-Эван Бэйтс, олимпийн мөнгө, дэлхийн хүрэл медальт Винсент Жоу , олимпийн мөнгө, хүрэл медальт, 2022 оны дэлхийн шинэхэн аваргууд Алекса Книрим-Брэндон Фрейзер гэх мэт.
Мөн алдарт Кристи Ямагучи,Брайан Бойтано нарын олимп, дэлхийн аваргууд SAP Center-т хүрэлцэн иржээ.
Эдүгээ мөсөн дээрх хамгийн алдартай шоу тоглолт болсон “Мөсөн дээрх одод”-ыг Олимпийн аварга алдарт уран гулгагч Скотт Хэмильтон 1986 онд санаачилсан түүхтэй. Анхны бүрэн хэмжээний аялан тоглолтоо 1988 онд хийсэн бөгөөд энэ шоу тоглолт 31 улирал тасралтгүй (2019 он хүртэл) үргэлжлэхдээ 1500 орчим удаа тогложээ. “Мөсөн дээрх Одод” шоу зөвхөн Америкт ч биш Европ, Канад, Японд бас өөрийн аялан тоглолтын багтай, Бразил, БНСУ, БНХАУ-д аялан тоглолтоо хийж байсан, өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний шоу юм. Манай гаригийн үе үеийн хамгийн шилдэг уран гулгагчид өнгөрсөн жилүүдэд энэ шоуд оролцож байсан бөгөөд Кристи Ямагучи, Катарина Витт, Жэйн Торвилл-Кристофер Дин, Сергей Гриньков-Катя Гордеева, Тара Липински, Илья Кулик, Брайан Орсер, Тисса Виртуа- Скотт Мойр, Евгений Плющенко гээд л маш олон нэр дурьдаж болох нь. Уран гулгалтын одод болох Олимпийн аварга Юзүрү Ханю, Алина Загитова нар ч “Мөсөн дээрх Одод” шоу тоглолтод оролцож байсан гээд л бодохоор аргагүй л үзүүштэй, сонирхолтой шоу гэдэг нь шууд ойлгогдоно. Уралдаан тэмцээн бус шоу тоглолт болохоор уран гулгагчид ч ёстой чөлөөтэй гайхалтай үзүүлбэрүүдийг ганцаарчилсан болон багаараа үзүүлж, мөсөн дээрх гайхамшгийг харуулдаг болохоор тоглолт болгон нь үзэгчдээр пиг дүүрэн байдаг билээ, “Мөсөн дээрх Одод”-ын.
Сэтгэгдэл ( 0 )