Туркийн байр суурь НАТО-г занганд оруулж, эвслийг сулруулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Турк улсын Швед, Финландын НАТО-д элсэх чиглэлээр баримталж буй байр суурь эвслийг занганд оруулж, ирэх хэдэн арван жилд сулруулах эрсдэлтэй гэж “The National Interest” хэвлэлийн тоймч Марк Эпископос үзэж байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бууж өгөхөөсөө илүү бооцоогоо хоёр дахин нэмэгдүүлэхийг илүүд үзнэ. Тэрбээр Оросын пуужингийн цохилтоос эсэргүүцэн хамгаалах “C-400” систем худалдан авсны төлөө Туркийн эсрэг тавьсан өрнөдийн хориг арга хэмжээнд зохих хариу барьж байсан. Анкарагийн байр суурийг өөрчлөхийн тулд эвслийн бусад гишүүн орон дарамт, шахалт үзүүлж болох ч ийм алхам таагүй үр дагавар авчирна. Туркт үзүүлэх дарамт, шахалт НАТО дахь эв нэгдлийг үгүй хийнэ гэж тоймч үзэж байна.

НАТО-д гишүүнчлэлээс хасах механизм байдаггүй. Эрдоган эвслээс сайн дураар гарах магадлал бага. Гомдол тээсэн Туркийн энэ байр суурь эвслийг урт хугацаанд сулруулна гэж Эпископос сэрэмжлүүлжээ.

Түүний бодлоор, өрнөд Швед, Финландын гишүүнчлэлийг Европ дахь хурцадмал байдал гүнзгийрч буй энэ нөхцөлд эвслийг бэхжүүлэх алхам хэмээн тайлбарлаж байна. Гэвч эсрэгээр НАТО өрнөдийн нэгдмэл байдалд урт хугацааны туршид ноцтой үр дагавар авчрах үйл явцыг эхлүүллээ гэж тоймч үзэж байна.

АНУ-д Анкараг Умард Атлантын эвслээс хасах уриалга гарсан тухай олон улсын хэвлэлүүд бичиж эхэлсэн. Турк улс Финлданд, Шведийг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрснийхөө төлөө өөртөө давуу эрх олж авахын тулд наймаалцахыг оролдож буй нь Вашингтоны тэвчээрийг барж байна.

Анкара тус хоёр улсыг эвсэлд элсүүлэхийг зөвшөөрөхгүй гэж Эрдоган өмнө нь мэдэгдэж байсан билээ. Тэрбээр тус хоёр улс курдуудын террорист байгууллагуудтай холбоотой этгээдүүдийг шилжүүлэх хүсэлтээс татгалзсан, Турк улсын эсрэг зэвсгийн хориг тавьсантай холбоотой гэж байр сууриа тайлбарлаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top