Гадаад өрийн дарамтаа улс бүр өсгөж, өрийг өрөөр санхүүжилж буйгаа л байнга ярьж буй манай улсын эрх баригчид хийгээд төрийн эрхийг сонголтоороо дамжуулан барьдаг ард иргэд Шри Ланка улсын дампуурлаас ямар сургамжийг авах вэ гэдгийн хөндсөн мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ.
Гол нь Монгол Улс өрийн удирдлагыг хэрэгжүүлж буй ч өрийн бодит хэмжээ нэмэгдсээр байгааг олон улсын байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм. Түүнчлэн улсынхаа нийт ДНБ-ээс бараг 2.5 дахин их хэмжээний гадаад өртэй болчихоод буй энэ үед УИХ-аас “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын өр сүүлийн хоёр жилийн жилийн хугацаанд огцом нэмэгдсэн гэж Дэлхийн банк сүүлд мэдээлсэн.
Засгийн газрын өр 2016-2019 оны хооронд ДНБ-ий 20 нэгж хувиар буурч байсан бол 2020 онд 10 нэгж хувиар нэмэгдэж ДНБ-ий 79.5 хувьд хүрчээ. Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсвийн болон төсөвтэй адилтгах арга хэмжээний улмаас Засгийн газрын өр 2021 онд ДНБ-ий 81 хувьд хүрсэн байх тооцоололтой.
Хятадын Ардын Банктай хийсэн 1.8 тэрбум ам.доллартой тэнцэх своп хэлцлийг оруулан тооцвол нийт өр 2021 оны эцсийн тооцооллоор улам нэмэгдэж ДНБ-ий 92 хувьд хүрч байна. Төсвийн нийт алдагдал 2022 онд тэлснээр өр цаашид нэмэгдэхээр төлөвтэй байгааг тус байгууллагаас мэдээлсэн.
Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2023 онд барагдуулах 800 сая ам.долларын өр зэрэг төсөвт дарамт учруулж болзошгүй өр төлбөрүүд нь өрийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй. Үүгээр зогсохгүй Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөжийн зөрүү сүүлийн зургаан сарын хугацаанд өсөх хандлагатай байгаа нь гадаад зах зээлээс эх үүсвэр татах зардал нэмэгдэж байгааг харуулж байна гэж Дэлхийн банкнаас мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар, “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр спикерийн өгсөн мэдээллээс онцлоход:
Монгол Улсын өрийн нөхцөл байдалтай холбоотой сүүлийн мэдээллээс тодотгон хүргэхэд, Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш Олон талт болон Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд 24 зээлдүүлэгчээс санхүүжилт авч 306 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Эдгээр хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 5.8 тэрбум долларт хүрсэн байна.
Засгийн газар долоон удаагийн гадаад үнэт цаас гаргасан бөгөөд үүнээс Чингис бондыг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор, Дим сам, Мазаалай бондыг төсвийн алдагдлыг нөхөхөд, Хуралдай, Гэрэгэ, Номадс, Century бондуудыг өмнө гаргасан Засгийн газрын болон Хөгжлийн банкны үнэт цааснуудыг дахин санхүүжүүлэх зорилготой арилжаалжээ.
Мөн 2012 онд гаргасан 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн бөгөөд эргэн төлөлт нь хангалтгүй байгаа нь үр өгөөж хангалтгүй гэж үзэж болохоор байгааг УИХ-ын дарга хэлсэн юм. Түүнчлэн 2023-2024 онуудад Засгийн газрын гадаад бондын төлөлтийн хувьд өндөр ачаалалтай жилүүд болохоор байгааг онцоллоо.
Мөн тэрбээр “Өнгөрсөн 6 жилийн хугацаанд бид зээллэгийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, төсвийн сахилга батыг сахих бодлогыг баримталсны үр дүнд Засгийн газрын өрийн хэмжээг өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 50.7 хувьд хүргэн, үе шаттайгаар бууруулж чадсан боловч Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 240 хувьтай тэнцэхээр байгаа нь өрийн асуудал Монгол Улсыг эмзэг хэвээр үлдээж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )