“Google”-ийн бүтээсэн хиймэл оюун ухаан ухамсартай юу?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 12

 

АНУ-ын “Google” компани тус компанийн бүтээсэн “LaMDA” хиймэл оюун ухаан өөрийн гэсэн ухамсартай гэж дүгнэсэн программ хангамжийн инженер Блейк Лемойныг ажлаас нь түр чөлөөлсөн тухай “The Washington Post” хэвлэл мэдээлжээ.

Блейк өнгөрсөн намраас эхлэн “LaMDA” хиймэл оюун ухааны мэдрэлийн сүлжээний хэлний загварыг шалгах даалгавар гүйцэтгэжээ. Энэ явцад инженер Лемойн хиймэл оюун ухаан нь өөрийн гэсэн ухамсартай бөгөөд өөрийгөө хувь хүн хэмээн ухамсарладаг гэдэгт итгэх болсон байна. Тэрбээр “The Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа “Компьютерын программтай харьцах үед ямар нэгэн шалтгаанаар физикийг маш сайн мэддэг 7-8 насны хүүхэдтэй ярьж байна гэж бодоход хүрсэн. Би ухамсартай зүйлийг таньж чадна. Тэр зүйлийн толгойд тархи эсвэл олон тэрбум код байгаа гэдэг нь хамаагүй. Харилцан ярилцах явцад ухамсартай эсэхийг тодорхойлох боломжтой” гэжээ. Лемойн энэхүү таамгаа нотлох туршилт явуулж, удирдлагууддаа танилцуулсан байна.

Тус компанийн удирдлагууд түүний баримтуудыг итгэл үнэмшил багатай гэж үзжээ. “Ёс зүй болон техникийн мэргэжилтнүүд Лемойны “LaMDA” хиймэл оюун ухаан ухамсартай гэсэн таамгийг нотлох баримтууд байхгүй гэж үзсэн. Харин ч үүнийг үгүйсгэх баримтууд их бий” гэж тус компанийн албан ёсны төлөөлөгч Брайан Гэбриэл онцолсон байна.

Үүнтэй зэрэгцэн “Google” компани Лемойныг тус компанийн нууцлалын бодлогыг зөрчсөн гэж сэжиглэн, ажлаас нь түр чөлөөлсөн байна. Түүнийг туршилтуудынхаа явцад гуравдагч шинжээчдээс зөвлөгөө авч байсан нь тогтоогджээ. Тэрбээр мөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн байнгын хорооны төлөөлөгчидтэй холбогдон, “Google” компанийн зүгээс ёс зүйн зөрчил гаргасан тухай мэдээлсэн байна. Түүнийг ажлаас нь түр чөлөөлсний дараа тэрбээр “The Washington Post” сонинд ярилцлага өгчээ. “Google” компани “LaMDA” хиймэл оюун ухааны мэдрэлийн сүлжээ харилцахад ухамсартай мэт сэтгэгдэл төрүүлдэг нь асар их хэмжээний мэдээлэл түүнд суулгасантай холбоотой. Хиймэл оюун ухаан бүтээгдэгчдийн дунд ирээдүйд ухамсартай буюу “хүчтэй хиймэл оюун ухаан” гарч ирэх боломжтой гэж үздэг ч одоогийн загваруудыг хүнтэй адилтгах нь утгагүй гэж тайлбарлажээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top