Улсын бүртгэлийн ерөнхий газрын судалгаагаар нийслэлийн хэмжээнд шашны үйл ажиллагаа явуулдаг 253 байгууллага бүртгэлтэй байна.
Үүнд, будда 83, бөө мөргөл 11, христийн 155, бахай нэг, ислам нэг, бусад төрлийн шашны үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллага багтжээ. Эдгээр шашны байгууллагууд нь дэргэдээ шашны сургуульд хүүхэд элсүүлж, дотуур байрт байрлуулдаг гэх бөгөөд эдгээр байгууллагуудыг хуулийн байгууллагаас шалгажээ.
Зөвхөн Налайх дүүргийн тухайд авч үзвэл, шашны үйл ажиллагаа явуулдаг 30 байгууллага байгаа бөгөөд эдгээрийн дэргэд байх шашны сургууль, цуглаанд 200 орчим хүүхэд хамрагддаг гэх тоон мэдээлэл байгаа юм. Мөн эдгээр хүүхдүүдийн 85 хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа аж.
Шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Оюуны орчин” төрийн бус байгууллага нь хаанаас санхүүжилт авдаг нь тодорхойгүй, дотуур байранд байрлаж байгаа 19 хүүхдийн эцэг, эхтэй гэрээ байгуулж 18 хүүхэд байсан, нэг хүүхэд Ховд аймаг руу явсан гэх боловч байрнаас хэзээ гарч явсан, ар гэрт нь хүлээлгэж өгсөн талаар огт бүртгэлгүй.
Дотуур байранд хүүхдүүдийг байрлуулахдаа төлбөр авдаггүй гэх боловч эцэг, эхтэй байгуулсан гэрээнд 300 000 /гурван зуун мянган төгрөг/ тушааснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан.
Гэтэл тухайн мөнгийг хаана, хэрхэн байршуулдаг талаарх мэдээлэл, бүртгэл байхгүй, хандивын мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг гэх боловч иргэдээс ирүүлдэг хандивын бүртгэл байхгүй, хандивын мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх санхүүгийн бүртгэл, мэдээлэл байхгүй.
Тус байгууллагын угтах өрөөнд хутга мэс ил, гурван давхрын тагт шалгүй онгорхой, хүүхдүүдийн унтлагын өрөөний цонхны тавцан дээр отвёрк ил байрлаж байсан, шалны зарим хэсэг цөмөрсөн, гадна орчин төмрийн хог хаягдал ихтэй зэрэг зөрчил нь хүүхэд байрлахад эрсдэл өндөр, хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй зөрчил тус тус илэрчээ.
Мөн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, “Сайн Номуун” хийд, “ Мөнх-Амин ундарга хөгжил, Ел Бирлиги, Оюуны орчин зэрэг төрийн бус байгууллагууд, Есүс христийн “Хожмын үеийн гэгээнтнүүд”, “Мөнхийн магтаал” сүмүүд галын аюулгүй байдлыг хангаагүй байжээ.
Тиймээс, дээрх шашны байгууллагуудад хүүхдийн сурч боловсрох орчны нөхцөл нь стандарт шаардлагад нийцэхгүй байгаа талаарх зөрчлийг арилгах талаар үүрэг өгч, “Сайн Номуун хийд” шашны байгууллагын дэргэдэх “Чандмань Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуульд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
христийн сүмүүдээ сайн шалга, солонгосын балай авгай нар сүм байгуулж газар авах санаатай гөлөгнүүд байна шүү монголоос хөөж гарга